Энэ алдарт үгийг одоогоос
70 гаруй жилийн өмнө Ерөнхий сайд А.Амар Москва хотод болсон Шүүх хурал дээр
буудан алах ял авахын өмнө хэлж байсан байдаг. Тэр хурлын тэмдэглэлийг би
харсан юм. Эрдэм мэдлэгтэй тэр агуу хүн, судар бичгийн хүрээлэнгийн захирал,
одоогийнхоор бол Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч байсан эрдэмтэн эрт
эдүүгээгийн олон үйл явдлыг мэдэж байсан болоод тэгж хэлсэн буй заа.
Би түүхч хүн биш. Гэхдээ
улс орныхоо түүх шаштирийг ойлгож мэдэхийг мэрийдэг. Тэгвэл дээрх үг батлагдах
мэт олон үйл явдал болж өнгөрчээ. Тухайлбал:
1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг
тэргүүлэн манлайлсан Богд хаан тэргүүтэй ноёдын хувь заяа дэндүү эмгэнэлтэй.
Сангийн яамны сайд Түшээт ван Чагдаржав Хиагтад болсон Монгол, Орос, Хятад,
гурван улсын гэрээнд Монголын талын төлөөлөгчдийг ахлан хэлэлцээр хийсэн бөгөөд
улсынхаа тусгаар тогтнолын талаар тууштай хамгаалан зогссон байдаг.
Хэлэлцээрийн явцад бие нь гэнэт муудан нийслэл Хүрээнд хүргэгдэн ирсэн бөгөөд
гэртээ 2 сар орчим өвчтэй хэвтээд нас барсан байна.
Гадаад хэргийн яамны сайд
Чин ван Ханддорж цагаан сарын шинийн нэгэнд Богдын ногоон ордонд ирж золголт
хийгээд буцах замдаа дунд голын бургасанд тархиа ташуураар зад цохиулан үхсэн
байсныг олжээ. Одоогийн Залуу техникчдын ордны дэргэдэх өргөө байрны зүгт буцаж
явсан.
Дотоод хэргийн яамны сайд
Да лам Цэрэнчимэд байдал хэцүү болсныг ойлгон Тува Тагнын хязгаарыг эргэх,
шалгах нэрийдлээр баруун хязгаар луу явсан бөгөөд одоогийн Увс аймгийн Хяргас
сумын нутагт байсан Дэжээлэнгийн хүрээнд ирээд байхад Нийслэл өргөөнөөс хэсэг
хүмүүс араас нь гүйцэж ирсэн бөгөөд удалгүй хорлогдон үхсэн байсан талаар би
нутгийн өвгөнөөс сонсож байсан.
Монгол улсын Цэргийн яамны сайд Далай ван
Гомбосүрэн хэмээх хорин хэдэн настай залуу учир үл мэдэгдэх битүүлэг байдалтай
нас барсан.
Ерөнхий сайд Сайн ноён хаан Намнансүрэн бас
гучин хэдэн насандаа цэл залуугаараа 1919 онд амиа алдсан.
Эдгээр эмгэнэлт явдлын учир
шалтгааныг тайлбарлах зорилго надад байхгүй. Баримт бол ийм л байна. Сайн ноён
хааны дараа Шанзав Бадамдорж гэгч хүн Ерөнхий Сайдын үүрэг гүйцэтгэх болсон
бөгөөд энэ хүний талаар зөрчилтэй олон зүйл яригддаг. Түүний хувь заяа ч бас
өрөвдөлтэй. Сүүлдээ шашин, төрийн албанаас хөөгдөн одоогийн Хэнтий аймгийн
нутагт амьдарч байсан Цэнд гүнгийн баруун хаяанд хэвтсээр амьсгаа хураасан
талаар Ч.Болбаатар түүхч надад ярьсан.
Харин дараагийн ерөнхий
сайд Жалханз хутагт Дамдинбазар бол хувилгаан агуу хүн байсан бололтой. Хятадын
цэргийн хөл дор нухлагдсан Монгол түмнээ аврахын тулд Богд хаантай хамтран
Хятадын хар цэргийг цагаан Оросоор даруулах, цагаан Оросыг улаан Оросоор
хөөлгөх, улаан Оросыг улаан Монголоор халж явуулан юутай ч Монголоо Монголоор
нь авч үлдэх мэргэн төлөвлөгөө гаргаж ягштал хэрэгжүүлсэн байдаг юм. Хар өнгийг
зөвхөн цагаан өнгө л дардаг. Цагааныг зөвхөн улаан өнгө л дийлнэ. Биширмээр
агуу ухаан. Ийм агуу хүмүүсийн удирдлага, ухаан, зүтгэлээр бид тусгаар
тогтнолоо сэргээн туурга тусгаар орон болсон юм.
Үндэсний эрх чөлөөний
хөдөлгөөний удирдагч Богд хаан, түүний хатан улсын эх дагина Дондогдулам нарын
амьдрал бас эргэлзмээр төгссөн байдаг. Тэд үнэхээр эх орондоо хайртай, агуу
удирдагчид байсан билээ.
За одоо 1921 оны Ардын
хувьсгалыг удирдагчдын талаар авч үзье. Ардын хувьсгалын Анхны 7-оос зөвхөн
Х.Чойбалсан гуай л урт наслаж 1952 онд Москва хотод нас барсан. Бусад нь цэл
залуугаараа бусдын гарт амь үрэгджээ. Эхлээд ерөнхий сайд Бодоо, Шадар сайд
Чагдаржав нар Монгол цэргийн алдарт жанжин Лувсанцэвээний хамт 1922 онд
буудуулсан байна. Бодоо сайд бол Орос, Манж, Хятад хэлтэй тухайн цагийн
тэргүүний боловсролтой сэхээтэн байв. Богд хааны ойр дотны хүн байсан. Шадар
сайд Чагдаржав бас Богд хааны итгэлт хүн байсан бөгөөд хар
залуугаасаа Орос, Герман зэрэг Европын орнуудаар бас Хятад Солонгос, Япон зэрэг
Азийн орнуудаар хэсүүчилсэн хал үзэж доль цохьсон эр байсан бололтой.
Д.Сүхбаатар жанжин 1923 онд цэл залуу 30
насандаа амиа алдсан. Цэргийн алдарт жанжин тэр хүн салхинд цохиулан ханиад
хүрч нас барсан гэдэг домогт итгэх хүн олдохгүй.
Сангийн яамны сайд Данзан
1924 онд “Баруунтан” хэмээн буруутгагдаж буудуулсан байдаг. Одоогийн Шар хад
орчимд бололтой. Таныг дуудаж байна хэмээн гэрээс авч гарч машинд суулгаад
Сэлбийн голыг гатлан цааш явахад Та нар бүр иймдээ тулсан хүмүүс үү хэмээн
орилж эхэлсэн гэдэг.
Анхны 7-гийн Догсом, Лосол
нар хожим 1930-аад онд их хэлмэгдүүлэлт эхлэхэд хамрагдаж хоморгогдон
хэлмэгдсэн. Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга байсан Догсомын гэрт
Чойбалсан ирж хамт архи уун уйлж хоносны маргааш Читаас хоосон хөндий онгоц ирж
түүнд Догсом гуайг чемодан дээр нь суулгаад ганцааранг нь явуулсан байдаг.
30-аад он бол Монголын
түүхийн аймшигтай он жилүүд. Түүхэнд тэр үеийн Монголын гадаад, дотоод нөхцөл
байдлыг сайтар судлан дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ нь бидэнд тустай, сургамжтай.
Монголын сор болсон хүмүүс, хаад, ноёд, тэдний удам угсаа, мэргэн лам нар, төр
улсын зүтгэлтнүүд мянга мянгаараа амь насаа алдсан. Маш олон хүн хэлмэгдсэн.
Тэр үед сайхан эхнэр, хүүхэнтэй байх нь хүртэл аюултай байжээ. Өчүүхэн шалтаг
олон эр нөхрийг нь хэлмэгдүүлээд эхнэр, хүүхэнийг нь авч амьдардаг байсан
гэдэг. Цуутай алуурчид ч олон төрөн гарсан. Гэхдээ энэ хүмүүс тухайн цагийн
хувьд, системийн эрэг шураг, гар хөл болж явсан байхаа.
Тэр үед хичнээн ч олон төр
улсын зүтгэлтэн амиа алдаваа. 1937 оны намар Зөвлөлтийн аюулаас
хамгаалах хорооны дарга Ежовын орлогч байсан Фриновский гэгч 115 хүний нэр
барьсаар Улаанбаатарт ирсэнээр их баривчилгаа эхэлсэн байна. Гадаадын тагнуул,
Хувьсгалын эсэргүү хэмээн байцаан шитгэж байжээ.
Монгол улсын Ерөнхий сайд П.Гэндэн, А.Амар
нар харь оронд цаазаар авахуулсан. Түүнээс доод тушаалын сайд, цэргийн дарга,
түшмэл нарын нэр, тоог тоочиж барахгүй. Ийм аймшигтай цаг үе, бараан түүх бүү
давтагдах болтугай. Бурхан тэнгэр Монгол орныг ивээн хамгаалж явах болтугай.
Төрд зүтгэсэн хүмүүсийн
хатуу, харгис хувь заяа 30-аад оны бараан хар он жилүүдээр дууссан уу гэвэл
үгүй юмаа.
1950-80-аад онд сэхээтний
төөрөгдөл, Лоохуузын хэрэг, Сурмаажав, Нямбуу нарын хэрэг, Цэндийн хэрэг,
Жалан-Ааживын хэрэг, гэхчилэн олон дуулиант үйл явдлууд болж хүмүүс хэлмэгдэж
байсан юм. Манай эхнэрийн аав А.Чүлтэм 1960-аад онд Улаанбаатар хотын намын
хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Москвад Намын дээд сургуульд
сурахаар очихдоо Нямбуу гуайтай нэг ангид таарчээ. Нямбуу гуай Өмнөговь аймгийн
Намын хорооны 1 дүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад сонсогч болж
ирсэн бөгөөд Намын төв хорооны гишүүн байсан байна. Хожим нам, төрийн эсрэг
этгээд болж сургуулиасаа хөөгдөхөд нь нэг ангийн Монголчууд, түүний дотор манай
хадам эцэг, тус бүр 3 рубль гарган нийлүүлж 1 цаг худалдан авч ард нь “Нэг
курсын нөхдөөс дурсгав” хэмээн бичиж Нямбуугийн эхнэрт өгч явуулсан байдаг. Энэ
тухай амьд байхдаа надад өөрөө ярьсан юм. Удалгүй ангиараа Улаанбаатарт
дуудагдсан бөгөөд Намын хянан шалгах төв комиссын нэг нөхөр нөгөө цагийг нь
барьчихсан- За Та нар ямар курсын хүмүүс вэ, Намын эсрэг курсын хүмүүс үү
гэсээр угтсан гэдэг. Бүгдэд нь Намын ял шийтгэл оногдуулж, заримыг нь намаас
хөөж явуулжээ. Хадам эцгийг Дарханд нутаг зааж суулгасан байна. Тэр үед манай
эхнэр жижиг хүүхэд, байсан бөгөөд хэрхэн мөрдөгдөж, мөшгүүлж, гадуурхагдаж
байснаа төдийлөн яриад байдаггүй ч хүүхэд насандаа тэд энэ хэцүүг даван туулж
гарсан байдаг.
Ардчилсан он жилүүд
эхэлмэгц төрд зүтгэгсэдийн аятай тавтай амьдрал эхэлсэн үү гэвэл бас үгүй
бололтой. Ю.Цэдэнбал түүний тойрон хүрээлэгсэд хэмээн төр улсад насаараа
зүтгэн, бие сэтгэлээ зориулсан хичнээн хүмүүсийг бид гомдоосон бэ? Тэд бол
мундаг хүмүүс байсан юм. 1982 онд миний бие Эрхүүгийн УААА-н дээд сургуулийг
төгсөж ирэхэд Д.Сүхбаатарын нэрэмжит НДС-д дагалдан багшаар томилсон бөгөөд
эхний 2 жилд миний хийх ажил бол сар бүр зохиогддог байсан нам, улсын удирдах
ажилтаны сургалтад лекц уншихаар ирсэн хүмүүсийг дугуй том танхимд дагуулан орж
сонсогчдод хэргэм, зэргийг хэлж таниулаад сууж тэмдэглэл хөтлөх явдал байв. “5
төгрөгийн дэвтэр” хэмээн нэрлэдэг байсан 100 хуудас бүхий хэд хэдэн дэвтэр одоо
хүртэл надад хадгалаастай. Тэдгээрийг одоо заримдаа эргүүлэн харах бүрдээ
одоогоос 30 гаруй жилийн өмнө тэр хүмүүс ямар далайцтай бодож, сайхан ирээдүйд
итгэж байж вэ гэж гайхдаг. Өөрийгөө тэдэнтэй харьцуулан чамладаг. Голдуу намын
төв хорооны нарийн бичгийн дарга нар, хэлтсийн эрхлэгчид, Яамдын сайд нар ирж
бодлого чиглэлээ ярьдаг байв.
1990 онд намайг Москвад
аспирантурт суралцаж байхад Цэдэнбал дарга нас барав. Саяхан тэр үед Ерөнхий
сайд байсан Д.Бямбасүрэн албан ажлын чиглэлээр авсан нэг мэдээллийг олон нийтэд
дэлгэв. Цэдэнбал гуай өвчний улмаас босохгүй олон сар хэвтсэнээс цус нь бөөгнөн
бүлэгнэж, өгзөг, тавхай нь бүгд цоорон шархлан идээлсэн байсан тухай ярилаа.
Монголын төрийг 44 жил толгойлсон удирдагч шүү дээ.
Ж.Батмөнх гуайнд 1990-ээд
оны эхээр цагаан сараар очиж золгодог байв. Миний бие МАХН-ын удирдах зөвлөлийн
гишүүн байсан бөгөөд намаас голдуу намайг явуулна. Батмөнх дарга Дайриймаа эгч
нар идээ будаагаа сайхан засаад элбэг дэлбэг золголт хийдэг байсан. Гэр нь 13
дугаар хорооллын 3 өндрийн нэгэнд байсан юм. Батмөнх гуай нас барсаны дараа
хожим нь Дайриймаа эгч дурсан ярихдаа тэтгэвэрийн хэдэн төгрөгөөс өөр ямар ч
хангамж байгаагүй бөгөөд амьдралд үл хүрэлцэх тул аргагүйн эрхэнд Дамбадаржаа
дахь хашаанд ногоо тариалан хүнсэндээ хэрэглэж, 40 литрийн бетонтой ус худгаас
аван тэргэнд тавьж түрж явдаг байсан тухай ярьдаг байгаа. Хорь орчим жил
Монголын төрийг барьсан Сайд нарын Зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын
Тэргүүлэгчдийн даргаар ажилласан, одоогийнхоор бол Ерөнхий сайд, Ерөнхийлөгч
байсан удирдагч шүү дээ. Тэр үед УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн байнгын
хорооны дарга байсны хувьд юу хийж чадах байв, юу хийсэнгүй вэ? хэмээн өөрөөсөө
асуугаад өнгөрч билээ.
За тэгвэл, одоо цагт төрд
зүтгэгсэдийн байдал ямархуу байна вэ? Бас л амаргүй хэцүү үйл, хувь заяа
бололтой. Карма юм болов уу?
С.Зориг Монгол Улсын
Ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой болоод байсан атал түүний амь насыг
хамгаалж чадаагүй алдсан.
Н.Энхбаяр бид нар 1992 онд
анх УИХ-ын гишүүнээр сонгогдон улс төрд хөл тавьж билээ. Түүнээс хойш миний бие
2008 он хүртэл, Н.Энхбаяр 2009 он хүртэл төр улсдаа хүчээ өргөж, зүтгэсэн. 2000-2004
онд Ерөнхий сайдаар ажилласан бөгөөд энэ үед хийсэн том ажил бол хуучны ЗХУ-д
төлөх 11 тэрбумд шилжих рублийн өрийг хаасан явдал зүй ёсоор тооцогдоно. 2003
оны 7 дугаар сард Ерөнхий сайд Москвад айлчилсан бөгөөд төлөөлөгчдийн
бүрэлдэхүүнд УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга миний бие багтаж явсан. Тэр
үед Н.Энхбаяр эр хүн шиг эрвэлзэж, эмээлт морь шиг дэрвэлзэж байж билээ.
Түүнээс Оросын Ерөнхийлөгч В.В.Путин, Ерөнхий сайд М.А.Касьянов нартай
тогтоосон элэгсэг дотно харилцаа нь том ажлыг нугалахад их тус болсон юм.
Амаргүй хэцүү хэлэлцээрүүд болсон юм. Бидэнтэй хамт явсан, 1992-1996 онд
Ерөнхий сайд байсан П.Жасрай гуай “Монголын хувь заяа хутганы ирэн дээр байна”
хэмээн гунигтай суухыг тэгэхэд би харж л байлаа. Хэлэлцээр амжилттай дууссанаар
2004 оны босгон дээр Монголын өрийг 98 хувиар хөнгөлж үлдсэн 250 сая долларыг
төлснөөр хааж дуусгасан билээ.
Энэ бол зөвхөн нэг баримт.
Олон зүйл ярьж болно. Монгол улсын Ерөнхий сайд, Их хурлын дарга, Ерөнхийлөгч-
төрийн тэргүүний гурван дээд албыг одоогоор дараалан хашсан цорын ганц хүн.
Гэтэл Энхбаярт Монголын төр төмөр нүүрээ харуулан хэтэрхий хатуу хандаж байна
даа. Ядаж УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хааж боов. Эцэст нь дүгнэлт
хийх гэж оролдоё.
НЭГ.
Монгол орны байршил маш чухал ач холбогдолтой. Цөмийн зэвсэгтэй Орос, Хятадын
дунд, тэдгээрийг тусгаарлан оршдог. Тэд бас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн асар их
нөлөө бүхий гишүүн орнууд. ЗХУ задарсанаар баруун талд Казакстан хэмээх
хүчирхэг улс шинээр гарч ирсэн. Ингэснээр Христийн шашинтай Европ, Буддын болон
Комфузийн сургаалтай Ази, Лалын шашинтай Арабын ертөнцийн дунд уулзах цэг болон
Монгол улс оршдог. Бас дэлхийн олон соёл иргэншлийн уулзвар гэж ч болно. Иймээс
Монголд соёл иргэншлийн шинжтэй, гео улс төрийн шинжтэй, их гүрнүүдийн ашиг
сонирхлын шинжтэй асар олон урсгал, нөлөө орж ирдэг бөгөөд эдгээр нь
Монголчуудыг хуваах, талцуулах, сөргөлдүүлэх, бие биений эсрэг турхирах хүчин
зүйл болж байдаг. Гадаад хүчин зүйлс Монголд асар их нөлөөтэй. Алхам бүртээ энэ
нөлөөллийг тооцож байх нь чухал.
ХОЁР.
Өнөөдөр дэлхийд байгалийн баялагаа хадгалан авч үлдсэн улс бараг үлдсэнгүй.
Монгол, Афганистан, Перу зэрэг цөөн улс орон байна. Монгол орон байгалийн
баялаг, түүний үнэлгээгээрээ дэлхийд эхний тавд багтах болов. 3 сая хүрэхгүй
хүн амтай гэдгээ тооцож үзвэл 1 хүнд ноогдох байгалийн баялагаараа дэлхийн
тэргүүн эгнээнд жагсана. Бид үүцээ дөнгөж задлаж эхэлж байна. Энэ нь Европын,
Ази, Африкийн баялагийг цөлмөж дуусаад ашиг хонжоо хайн эрэгсэдийн хорхойг
хүргэж, шүлсийг гоожуулах боллоо. Тэд нөлөөгөө Монголд тогтоох, нэмэгдүүлэхийн
тулд хоорондоо цусгүй дайн хийж байгаа бөгөөд үүний хоморгонд Монголчууд өртөж
болзошгүй нөхцөл байдал үүсэв. Ялангуяа гадны түрэмгийлэл, санаархалыг сөрж,
Монголын эрх ашгаа хамгаалан тэмцэгч нар асар хүнд эрсдэлд орох болов.
ГУРАВ.
Үүлэн чөлөөний наран мэт өчүүхэн хугацаанд төрд алба хашихдаа эрх мэдэлдээ
бялууран албан тушаалаараа далайлган өрсөлдөгчид, эсрэг үзэл бодолтоноо дарж
авахыг санаархагсад Төрд хоёргүй сэтгэлээр зүтгэгсэдийг хохироож байгаа нь нууц
бишээ. Арилжааны бус байх учиртай төрийн албыг арилжаа наймааны шинжтэй болгож
буй нь асар их хохирол учруулж байна.
Энэ бүгдийг миний бие Монголчуудыг ухаараг,
эвтэй найртай байг хэмээн бичив. Монгол орон хөгжин мандаж, Хүн ард айх
аюулгүй, амгалан тайван амьдрах болтугай. Монголыг бурхан ивээг.
2012.06.30