2013/09/09

ЗАЛУУСАА ДЭМЖЬЕ

Өнгөрсөн 7 хоногт  Хас банкнаас  утатсдаж  Хас-Лоттод хожигч болсон тул шагналаа ирж авахыг мэдэгдэв. Хожил нь нэг оюутны сургалтын төлбөр буюу 2.4 сая төгрөг. Энэ мөнгийг надад бус харин сургалтын төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй байгаа авъяас чадвартай оюутанд олгож болно гэсэнд банкны ажилтан Болормаа баярлав. Ингээд банкныхан өөрсдөө судалж шалгаруулан 3 оюутан сонгосонд мөнгөө хуваан гардуулав. МУИС-ын дэргэдэх компютер- технологийн сургуулийн оюутнууд гэсэн. Энэ үйл явдалтай  холбогдон нэг дурсамж сэргэж байна. 1998 онд Залуу эрдэмтдийг дэмжих сан байгуулсан юм. Тэр жил нэг орой УИХ-ын гишүүн С.Төмөр ах утасдаж хүрээд ир уулзая гэж заасан газар очвол 10 орчим хүн сууж байв. Эрдэмтэд, улстөрчид, бизнес эрхлэгчид харагдана. Бид  Монгол орны хөгжилд хувь нэмрээ оруулмаар байна, хамтраад юу хийж болох бэ хэмээн ярилцаж эхлэв.
Тэд нар хөгжлийн гол тулгуур бол Монгол  хүнээ өөд татаж хөгжүүлэх явдал, иймд  ялангуяа  залуучууд, түүний дотор  онцгойлон залуу эрдэмтэд судлаачдаа дэмжин судалгааны ажилд нь тус болох зорилгоор “ Монголын залуу эрдэмтдийг дэмжих сан “ байгуулахаар санал нийлж  намайг тэргүүнээр сонгосон билээ.  Би  энэ санг 2012 он хүртэл удирдсан.
Бид хэд хэдэн чиглэлээр ажиллаж байв.
-       Жил бүр оюутны эрдэм шинжилгээний хурал хийж  шилдэг 10 оюутан шалгаруулан сургалтын төлбөртэй тэнцэх мөнгөн  шагнал  гардуулах
-       Гадаад улс оронд залуусыг илгээж сургах. Жилд 15 оюутан, 3-4 магистрант явна.
-       Монголдоо докторын зэрэг  хамгаалах  залуусын автореферат, диссертаци хэвлүүлэх зардал  олгох
-       Жил бүр “ Монгол улсын шилдэг  залуу эрдэмтэн” шалгаруулан мөнгөн шагнал олгоно.  1-3 сая төгрөг “Сод мэргэн” медальтай хамт өгнө.  Манай шагналыг нийтдээ 10 гаруй  залуу авсан бөгөөд тэдгээрийн дотроос Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, плантелогич Ч. Амартүвшин, мал эмнэлэгийн ухааны доктор Ч.Тунгалаг, МУИС-ын сэтгүүл зүйн тэнхимийн  Чойсамба нарын эрдэмтэд тодорсон.

2012 онд ШУА-ын Ерөнхийлөгч Б. Энхтүвшин манай санг авч Академийн дэргэд ажиллуулах санал тавьсанд бид зөвшөөрч тамга тэмдэг баримт бичгээ түүнд шилжүүлэн өгөв. Сангийн шинэ ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбат гуай сонгогдон ажиллаж  байна.  Амжилт хүсье.