МАН-ын 27 дугаар Их Хуралд төлөөлөгчөөр оролцов. 5 хоног хуралдлаа. Энэ бол 1991 оноос эхлэн миний оролцсон 6 дахь их хурал байлаа.
Их Хурлаар Намын дүрэм, Мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулан, 2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр болон намаа шинэчлэх "Урагшаа" гэсэн баримт бичиг шинээр батлан гаргав.
Намын шинэ бага хурал, Удирдах зөвлөл, намын нарийн бичгийн дарга нарыг болон Намын шинэ даргаа сонгов.
Үр дүнтэй ажил хэрэгч хурал боллоо. Гэхдээ нэг зүйлийг ажигласнаа та нартай хуваалцая.
Их хурлын байдлыг ажиглаж суухад 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд олонхи суудал авч 2000 оны амжилтыг дахин давтана гэсэн асар их горьдлого итгэл байгаа нь анзаарагдав. Энэхүү горьдлогыг ханган хэрэгжүүлэхэд ихээхэн төвөгтэй гэдгийг сануулах нь зүйтэй.
Хэд хэдэн үндэслэл гаргаж болно.
Нэг. Өнөөдрийн АН- ын улс төрчид бол 1996 онд анх сонгуульд орж байсан гэнэн залуус биш болжээ. Тэд улстөрийн тэмцэлд хатуужин туршлагажиж хат суусан байна. Тэдний улс төрийн амбицийг дутуу үнэлж хэрхэвч болохгүй.
Хоёр. Улс төрийн ажлыг өргөн далайцтай хийхэд хөрөнгө санхүү чухал нөхцөл. Миний сонссоноор бол МАН-ын санхүү, чадавхи доройтож нилээд бэрхшээл үүсээд буй бололтой. Социнтерны 2013 оны гишүүнчлэлийн татвар 8000 фунт стерлинг төлөөгүй байгаагаас ойрын өдрүүдэд Турк улсын Стамбулд болох ээлжит хуралд оролцож чадах эсэх нь эргэлзээтэй байна.
Хандив өргөдөг, тусалж дэмждэг аж ахуй ч цөөрч, тэгээд ч Монголын эдийн засаг уналтанд орж, хямрал нүүрлээд байхад улс төрийн намыг дэмжих чадал тэнхээ нь буурч байна.
Гурав. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан улстөрийн намуудын тухай хуулийг шинэчлэх ажил эхлээд байгаа бололтой. Хуулийн урьдчилсан концепцийг асууж сонирхож үзэв. Намуудыг хатуу гишүүнчлэлгуй болгох, өмч хөрөнгөгүй болгон улсын төсвөөс парламентэд авсан суудлын харьцаагаар санхүүжүүлэх талаар яригдаж эхэлжээ. Хэрэв ийм агуулгатай хууль батлагдан гарах нь юуны түрүүнд МАН- д томоохон өөрчлөлт авч ирэх нь гарцаагуй юм.
Дөрөв. МАХН-ын хүчин зүйлийг тооцохгүй орхиж болохгүй. Тэд ямар улс төрийн бодлого цаашид явуулах, ямар ааш ааль үзүүлэх, ямар гэнэтийн бэлэг барих нь тодорхойгүй л байна.
Тав. МАН-ын гишүүд голлон яригдаж буй хэд хэдэн авлигатай холбоотой хэрэг явдал хэрхэн шийдэгдэх нь бас эргэлзээтэй. Тухайлбал: Татварын байцаагчдын, УБ төмөр зам, Эрдэнэт үйлдвэрээс " Жаст" компанид гаргаж өгсөн санхүүгийн баталгааны, Газрын тосны Хэрэг Эрхлэх газрын, Иргэний нисэхийн Удирдах Ерөнхий газрын гэх мэт яригдаж буй хэрэг явдал байгаа.
МАН нь цаашид сөрөг хүчний үүргээ хэр ханган биелүүлэх, ард олны гүнд орж ажиллан тэдний итгэл найдварыг хэрхэн эргүүлэн олж авахаас л олон зүйл шалтгаалах болно. Залуустай ажиллах, тэднийг ойлгох, үзэл баримтлалаа ойлгуулах талаар олон зүйл хийх хэрэгтэй.
Намын шинэ удирдлагад амжилт хүсье.