Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын тамгын газар хамтран “Төр-Хоршооллын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдвийн дор хөдөө аж ахуйн хоршоологчдын Улсын зөвлөгөөнийг Баянхонгор аймгийн Галуут суманд 2014 оны 08-р сарын 14-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Улсын зөвлөгөөнд 16 аймгийн 300 орчим төр, хоршооллын байгууллагын төлөөлөгчид оролцов.
Улсын зөвлөгөөнийг үндэсний холбооны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нээж, УИХ-н гишүүн Х.Баттулга үг хэлэн, ҮХААЯ-ны МААБХЗГ-ын дарга Н.Ганибал, “Малчдын хоршооны талаар баримталж буй бодлого”, Хөдөлмөрийн яамны ЖДҮХГ-ын мэргэжилтэн А.Гэрэлзаяа “Төрөөс хоршооллын талаар баримталж буй бодлого”, Үндэсний холбооны Хоршооллын хөгжлийн хэлтсийн дарга О.Мөнх-Эрдэнэ “Төр-Хоршооллын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьж хоршоологчидтой санал бодлоо хуваалцан хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Зөвлөгөөний эхний өдөр төлөөлөгчид Төр-хоршооллын хамтын ажиллагаа, Бодлогын зөвлөл, Дүрмийн зөвлөл гэсэн 3 ажлын хэсэгт хуваагдан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж нэгдсэн хуралдаанд ажлын хэсгүүд дүгнэлтээ гаргаж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ гаргалаа.
Үндэсний холбооноос хэрэгжүүлж байгаа “Мэдээлэлжсэн хөдөө аж ахуй” хөтөлбөрийн хүрээнд Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан аймгуудын хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоодод зөөврийн компьютер олгож, ХАА-н хоршооллын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, хоршоог хөгжүүлэх чиглэлээр идэвхи зүтгэл гаргаж буй хоршоологчдоо хөдөө аж ахуйн “Тэргүүний хоршоологч” цол тэмдэг, “Хоршооллын одон”-гоор тус тус шагнаж урамшуулав.
Зөвлөгөөний 2 дах өдөр Галуут сумын ИТХ-н дарга Л.Батсайхан Галуут суманд хоршоог хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, цаашдын зорилтыг танилцуулав. Хоршоологчид Галуут сумын төвд үйл ажиллагаа явуулж буй “Хот мандал ундрага”, “Хөгжлийн дээж”, “Эрүүл үржихүй”,”Баянхонгор альяанс” дундын хоршооны үйл ажиллагаатай танилцлаа. Мөн тус сумын Мандал багийн Талын толгой дах хоршоодын усалгаатай газар тариалангийн үйл ажиллагаатай танилцан харилцан туршлагаа солилцсоны дараагаар үндэсний холбооны гишүүн хоршоодууд өөрийн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, шилдэг бүтээгдэхүүнээ шалгарууллаа. Үүнд:
1-р байр: Увс аймгийн “Уран зурвас” хоршооны “Үхрийн нүдний өтгөрүүлсэн шүүс”
2-р байр: Увс аймгийн “Мөнгөн зээг” хоршооны “Гэрийн оосор бүчний иж бүрдэл”
2-р байр: Говь-Алтай аймгийн “Сулин дэнж” хоршооны “Цулхэрийн гурил”
3-р байр: Баянхонгор аймгийн “Агдуут булаг” хоршооны “Сайхан хэвийн ааруул”
3-р байр: Дархан-Уул аймгийн “Домогт шарын гол” хоршооны “Интоор гүзээлзгэний компот” тус тус шалгарлаа.
Мөн Баянхонгор аймгийн Галуут сум 20000 толгой сарлагтай болсноо тэмдэглэн “Хоёр түмэн сарлагийн баяр” хийж, сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөс 2015 онд ХАА-н хоршоологчдын зөвлөгөөнийг Баруун бүс-Завхан аймаг, Хангайн болон Төвийн бүс-Булган аймаг, Зүүн бүс-Дорнод аймгуудад зохион байгуулахаар болж тус Улсын зөвлөгөөний үеэр гарсан санал санаачлагуудыг Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам, газруудад хүргүүлэх шийдвэр гаргав.
Төр-Хоршооллын хамтын ажиллагаа улам өргөжих болтугай.



