Саяхан нэг найзтайгаа уулзлаа. Мьянмар явна гэж байна. Тэнд Монгол орны 1990 он, Ардчилал, зах зээл дөнгөж эхэлж байгаа үе мэт бүх зүйл шинэ, хямд, зах зээлд хөл тавихад амар байна гэнэ. Иймд Мьянмарт очоод аж ахуйн нэгж байгуулаад, шинэ бизнес нээж үзүүлээд өгнө гэсэн өндөр сэтгэлтэй, өөртөө итгэлтэй байв. Би ч тэрхүү ярихыг нь сонсож өөрийн чадах хэлж сануулж, анхааруулж болох санаа оноогоо харилцан хуваалцаад Анддаа дэмжсэн, зоригжуулсан үг хэлээд явуулсан.
Дэлхийд "Гурван М" буюу Монгол, Мозанбик, Мьянмар улсын тухай ярьж байна. Энэ уулзалтаас санаа авч иргэдийн эдийн засгийн боловсролын талаар саналаа бичихээр шийдэв. Гол санаа бол боломж бололцоо хаана ч байгаа, газар сайгүй байгаа, хязгааргүй их байгаа. Өнөөдөр ч манай Монгол оронд боломж байгаа. Зөвхөн түүнийг олж харж сурах, ашигладаг байх л чухал. Үүнд эдийн засгийн боловсрол маш чухал үүрэгтэй.
Социализмын үед иргэдэд эдийн засгийн боловсрол олгоход ихээхэн анхаардаг байжээ. Лав л "Эдийн засгийн боловсрол" сэтгүүл гаргадаг, сэтгүүлийн редакцид Сүрэнжав гуай, миний сайн таних Баярсайхан, Түмэндэмбэрэл, Өвгөнхүү нар ажилладаг байсан. Би ч бас ганц нэг өгүүлэл бичиж нийтлүүлдэг байв.
Тэгвэл одоо цагт иргэдэд эдийн засгийн боловсрол олгох ажил орхигдсон байна. Иргэдийн эдийн засгийн боловсрол тааруу байгаагаас тэдний амьдрал олигтой ахиж, дээшлэхгүй, ядуурал ихтэй байгаагийн нэг үндсэн шалтгаан юм.
Эдийн засгийн боловсрол султай хүн өөрөө бие даан банк, санхуугийн байгууллага, хөрөнгийн биржтэй ажиллаж чадахгүй. 1990-ээд онд олгосон цэнхэр, ягаан тасалбаргэгдэх хөрөнгө оруулалтын эрхийн бичиг хаана яваа, юу болсоныг ч мэдэхгүй. Чаддагаараа Ломбард, Хадгаламж-зээлийн хоршоогоор л ордог байх. Тэнд хохирно, шулуулна, мөлжүүлнэ.
Иймд олон нийтийн Радио-телевизээс зориуд иргэдийн эдийн засгийн боловсролын суваг, нэвтрүүлэгийг түлхүү оруулан, хүний амьдралд, ахуйд хэрэгтэй энгийн мэдээлэл, сургалт явуулдаг ажлыг эхлүүлж болно.
Нөгөө талаар иргэд өөрсдийн эдийн засгийн боловсролоо дээшлүүлэхэд анхаардаг, цаг хугацаа зардаг болох нь маш чухал. Элдэвийн хэрэггүй мэдээ, Солонгос савангийн дуурь үзэж суух, интернетээр хэсүүчлэн тэнэх, өөр хоорондоо хэрэгтэй хэрэггүй мессеж бичилцэн, чатлаж явахын оронд амьдрал ахуйгаа өөд татахад хэрэгтэй нэг ч болов зүйлийг сурч байвал маш их тус хэрэг болно. Санаа аваг гэсэндээ, сайн сайхныг хүсэж бичив.
Н. Баяртсайхан
2014.12.09