2015/08/12

Откуда у Монголов деньги ?

Сайн байцгаана уу. Сайхан наадав уу
Саяхан наадмын урд гадны хэсэг хүмүүс ирж 2 долоо хоноод буцлаа. Тэдэнтэй хамт явж Монголоо үзүүлэх гэж хэрдээ их хичээлээ. Монголд элчин сайд дипломатаар ажиллаж байсан хүмүүс тул биднийг ч андахгүй сайн мэдэх юм. 2011 онд Монголоос буцаад 4 жилийн дараа ирж байгаа хэрэг. Зочид олон газраар явлаа. Хуучин дурсамжаа сэргээлээ.
 Ажиглагдсан зүйл бол, манай нутагт ажиллаж амьдарч байсан хүмүүс монгол орон монголчуудын талаар ерөнхийдөө  эерэг аятайхан бодол дурсамжтай байдаг бололтой.  Зочид маань Улаанбаатар хотод шинээр баригдсан олон үйлчилгээний газар, дэлгүүр хоолны газар , зочид буудлаар орж сонирхов.
Бас Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймагт очив. ЧИНГЭС хааны төрсөн нутаг Дэлгэрхаан суманд энэ жил хур бороо татруу , гандуу байгаа хэдий ч түүх дурсгалын газрууд , рашаан ус, Аварга тосон нуур нилээд таалагдсан бололтой байсан.
Тэд орон нутгаар явсанаас гадна хэд хэдэн монгол айлд зочилж танилуудтайгаа уулзсан юм. Энэ бүх аялал зочлолтын дараа бид нэг орой сууж ярилцав. Тэд эхлээд сэтгэгдэлээ хуваалцав.
4 жилийн дараа эргэж ирэхэд Монгол орон хурдан өөрчлөгдсөн байна. Газар сайгүй бүтээн байгуулалт явагдаж байна. Шинээр баригдаж буй нисэх онгоцны буудал харлаа. Бас хэд хэдэн айлаар ч орлоо. Амьдрал ахуйд нь өөрчлөлт гарч зарим нь байр сууцаа,  зарим нь унаа тэргээ сольж шинэчилсэн байна. Үр хүүхдүүд нь гадаад улс оронд сурч байгаа талаар бахархалтай ярьж байна. Бүхэлдээ амьдрал ахуй нь ахиж урагшилжээ. Гэхдээ бидний уулзсан хүмүүс сэтгэл хангалуун биш, бухимдалтай байна. Нийгэмд шударга бус явдал ихсэж байгаа талаар голдуу ярьж байна. Ингээд чамаас нэг асуулт асууя. Монголчууд хаанаас мөнгө  олоод байнаа ?
Откуда у Монголов деньги ?
Бид голдуу оросоор ярилцаж байсан юм. Ингээд би асуултад хариулах хэрэгтэй болов.
 Действительно , откуда у Монголов деньги ?
Би ч тайлбарлах санаатай зөндөө л юм ярилаа. Монголын эдийн засаг 2011 онд 17,5 хувиар өссөн, уул уурхайн үйлдвэрлэл эрчээ авч байгаа, ТТ, ОТ гээд том төслүүд хэрэгжих шатандаа орсон, ЧИНГЭС Бонд, Самурай Бонд гэсэн нэрээр гаднаас нилээд зээл авч өр төлбөр тавьж байгаа, гадны хөрөнгө оруулалт идэвхижсэн , Монголчууд хичээн зүтгэж зах зээлд хөл гараа олж эхэлж буй гэх мэт олныг ярив. Гэхдээ тэдэнд хангалттай сайн тайлбар хийж чадаагүй байх. Иймээс Бид өөрсдөө энэ асуултад хариу өгөх хэрэгтэй болжээ. Судалгаа хийж дүгнэлт гаргая. Ингэж байж улс орон хэрхэн яаж оршин тогтнож байна,  олон түмэн иргэд хэрхэн амьдарч амь зууж байна бэ гэдгээ тод харна.
 Та нар бас бодож тунгаагтун.


      Н. Баяртсайхан