2015/12/30

Дэлхийн улс орнуудын өр

Улсын өр зээл. / 2014 оны байдлаар, хувиар /
       Улс орон болгон их  бага ямар нэг хэмжээний өр зээлтэй байдаг. Та нарт тухайн орны өрийн хэмжээг  Дотоодын Нийт бүтээгдэхүүнд харьцуулан харуулъя.

 АНУ                   103.4 %
Канада                    86.6 %
Исланд.                  86.4 %
U.K.                       90.4 %
Монгол                  82.5 %
Норвег                  26.4 %
Бельги                  106.5 %
Франц                   96.0 %
Испани                 97.7 %
Португал              130.2 %
Герман                 74.7 %
Орос                     18.0 %
Грек                    177.5 %
Турк                      33.0 %
Хятад                   41.6 %
Энэтхэг                65.5 %
Солонгос             33.8 %
Япон                   230.0 %
Австрали              28.6 %
Бразил                  59.0 %
Аргентин               43.1 %

Happy New Year

Dear All

I wish you all happiness and good health. May the New Year

bring you success in life. May it  fulfill you and loved ones.

Happy New Year. Шинэ жил 2016 оны мэндчилгээ

                    хургье.

Н. Баяртсайхан   2015. 12. 30


Old Wall Street saying

Sell them and you will be sorry

Buy them and you will be regret

Hold them and you will be worry

Do nothing and you will be fret.

Хэлэхээс болгоомжлууштай хэдэн хэллэг

1. Надад ямар ч арга алга

2. Тэгдэг л байж дэ

3. Энэ боломж муутай , худлаа



4.  Ийм л байдаг да

5.  Шударга бус байна


2015/12/27

Орлогын хуваарилалт

Манай дэлхий дээр 7 тэрбум орчим оршин суугчид амьдарч байна.

Тэдгээрийн 15 хувь нь ядуу, 56 хувь нь бага орлоготой,

 13 хувь нь дундаж орлоготой ,

 9 хувь нь дундаас дээш орлоготой , 7 хувь нь

  баян чинээлэг амьдрал орлоготой гэж тооцогддог.

Ядуу хэсэгт хоногт 1,9 доллараас доош орлоготой бол орж байна.

 Бага орлоготой  хэсэгт 2-10, дундаж давхаргад 10-20,

 дундаас дээш 20-50 , дээд давхаргад -  50 доллараас дээш зардал

хоногт гаргаж  буй иргэд багтдаг. Энэ бол дэлхийн стандарт. Тэгвэл

зарим оронд дээрхи хэмжээ тохиромж муутай байдаг. Тухайлбал АНУ

Япон , Европын Холбоо зэрэг газарт хоногийн 50 долларын зардал бол хэт

их тоо бишээ. Манай Монголд бол том л гэж тооцогдоно.


2015/12/23

Богатые становятся богаче , бедные - беднее.

По данным Всемирного Банка / The World Bank / уровень крайней бедности опустится ниже 10 процентов от населения планеты. Крайней бедностью считается доходы ниже 1,9 доллара в день на душу. Число людей с такими доходами составит 700 млн человек в этом году.

1.9 доллар бол 4000 орчим тогрог. 1 одорт 1 хунд ногдох орлого 4000 тогрогоос доош бол хэт ядуу гэж ойлгож болно. Тэгвэл 1 сард 120 мянга тогрог болно.
4 ам бултэй айл гэрийн 1 сарын орлого 480 мянган тогрогоос давж байж хэт ядуу байдлаас гарна.
Та бага зэрэг тооцоо хийгээрэй.
 Амжилттай байгаарай.

                           Н. Баяртсайхан

2015/12/21

Бизнесийн эерэг сэтгэлгээ

САНАА ЗӨВ САЙН БОЛ
ЗАЯА ТЭГШ САЙХАН

Би өөрийгөө азтай хүн гэж үздэг. Надтай хамт сурч, ажиллаж, нөхөрлөж явсан нөхөд маань тухайн цаг үедээ ч, одоо ч амжилттай, тэмүүлэлтэй, улс орноо гэсэн эх оронч сайхан хүмүүс юм. 
Дунд сургууль төгсөөд Эрхүүгийн УАААДС-д оюутан болов. Манай сургуулийг Ю. Цэдэнбал, Д. Моломжамц, Д. Содном, Молом, Бямбажав, Долгормаа, Нямаа нарын тухайн цаг үедээ   Монгол орныг удирдаж явсан хүмүүс төгссөн тухай орос багш нар дурсан, тэд  оюутан байхдаа хэрхэн  суралцаж байсан тухай ахмад профессорууд хуучилдаг байв. Зарим нь  хамт суралцаж байсан нэг ангийнхан. Лав л Якимчик.Л.И гэж түүхийн ухааны профессор эмэгтэй багш Мо даргатай нэг ангид сурсанаа ярьдагсан. Монголоос ирсэн оюутанууд бид энэ бүгдийг сонсож, дээрхи хүмүүсийн адил улс орноо хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулна хэмээн хоорондоо ярилцдаг байв. Дарга болно гэж биш, харин мэргэжлээ сайн эзэмшин суралцаж, улс орондоо очиж хэрэгтэй газар зүтгэн ажиллах тухай. Коммунист цаг үе байсан болохоор бид ч бас дэврэнгүй сэтгэлтэй, том зорилго мөрөөдөлтэй, юу хийж, хэн болох  хэрхэн амьдрахаа мэддэг залуус байж дээ. Лав л манай сургуулиас Монгол Улсын сангийн сайдаар  9 хүн ажилласан. 
Сургуулиа төгсөж ирээд Намын Дээд Сургуульд багш болов. 1980-аад оны шилдэг сэхээтнүүд багш нарын  дунд оров. Ирж суралцаж буй сонсогчид нь нам, төр, эвлэл, аж ахуйн байгууллагын ирээдүйн удирдан зохион байгуулагчид 35 хүртэл насны шилэгдсэн хүмүүс байсан. Залуу багш надад томилолт өгч нэг жил Аварзэд баатар, нэг жил Р.Минжүүр баатрын дэргэд эдийн засагчаар ажиллуулав.
Багшилж байгаад Москвад Төрийн Удирдлагын Оросын Академид аспирантурт сурахаар очсон юм. Тус Академид  Оросын болон Зүүн Европын /Болгар, Герман, Унгар, Польш, Чехословак, Румын/ Азийн /Вьетнам, Лаос, Кампучи/ зэрэг  орнуудаас ирсэн ирээдүйд эх орноо бид удирдан авч явах учиртай гэсэн бас л 35 хүртлэх насны залуус цугларан хамт амьдарч суралцан үзэл бодлоо уралдуулна.
Москвагаас ирээд УИХ-д сонгогдон гишүүн болж 16 жил ажиллаа. Энэ хугацаанд Монголын шилдэг хүмүүстэй танилцан хамтран ажиллаж, төр, улсдаа зүтгэв. Олон сайхан хүмүүстэй уулзав, үерхэн нөхөрлөв. Гадаад улс орны төрийн тэргүүн, улс төрчид, аж ахуй, бизнесийн удирдагчидтай уулзаж ярилцав.
Одоо Монголын ХАА-н хоршоологчдын Үндэсний холбоог тэргүүлж аж ахуй, бизнес эрхлэн амжилттай сайхан яваа хүмүүс дунд ажиллаж байна.
Нилээд урт оршил болов. Гэхдээ энэ оршил үгээрээ би сайн сайхан яваа хүмүүс дунд өдий хүртэл амьдрахдаа энэ хүмүүсийн онцлог шинж, сэтгэлгээний ялгарал юу вэ? гэдгийг хэрхэн анзаарч ойлгож авсанаа та бүгдэд тайлбарлах гэж байгаа хэрэг.  Бодол, сэтгэл л хүмүүсийг ялгаж, ялгаруулж өгч байна.
Сайн явах санааных, саалиа бэлдэхээр саваа бэлд хэмээн монголчууд сургаж иржээ.
Тэд бусад хүмүүсээс ямар ялгаатай вэ? Тэд хэмээн ярих нь хэт хөндий үг болоод байгаа тул миний мэддэг "Амжилттайяваа хүмүүс" гэх нь илүү зохистой санагдлаа.
Нэг. Амжилттай яваа хүмүүсийн ялгарах хамгийн гол шинж бол тэд томоор бодож, сэтгэж хардаг. Энэ нь өөрийгөө хөгжүүлэхэд байнга анхаарч, насан туршдаа суралцаж ирсэний үр дүн бизээ. "Think globally, act locally" буюу Дэлхийн хэмжээнд бодож, оршин суугаа газраа хий, хэрэгжүүл" хэмээх алдарт уриа яг энэ хүмүүст таарсан мэт байдаг. Тэд насан туршдаа суралцсаар 60 нас хүрсэн хэдий ч гадаад хэл, хөгжим сурна, 70 нас хүрээд ном бичсээр, хийсээр, бүтээсээр байх л юм.
Сэтгэлгээг томсгох арга бол өөртөө асуулт тавьж байх явдал.
1.    Улс орноо хөгжүүлэхийн тулд, би, бид, манай байгууллага юу хийж болох вэ?
2.    Бусдад яаж туслах вэ?
“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдгийг сэтгэл, ухаан талаас нь харах хэрэгтэй. Голдуу эд хөрөнгө, материаллаг талаас нь тайлбарлах явдал дэлгэрсэнээс болж өнөөдөр УИХ голдуу компаний захирлууд, хөрөнгө чинээтэй хүмүүсээр дүүрэв.
Хоёр. Амжилттай яваа хүмүүс нь голдуу сайхан сэтгэлтэй, нөхөрсөг, тусархаг, хүмүүс байдаг. Сайн сайхан зүйл ярина, мөрөөднө, хийж бүтээнэ. Хүнээс сайн сайхан зүйлийг нь олж харна. Сайн сайхан үйлсэд туслана, тэтгэнэ. Монголчууд  “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор”, ”Санаа сайтын заяа сайн” зэрэг зүйр цэцэн үгсээр  үр хүүхэд, хойч үеэ сургаж иржээ.
Тэд хэзээ ч гомдол тавьдаггүй, бас гомдож гоншигносон хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхгүй. Яагаад гэвэл сөрөг энерги, сөрөг санаа бодолтон халдвартай. Гомдол тавьж, муу муухайг ярьж байна гэдэг бол яг тэр зүйлээ л амьдралдаа дуудаж байна гэсэн үг.
 “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэж ярьдагчлан найз нөхдүүд голдуу хоорондоо нөхөрлөнө, бизнес, улс төрөө ярина. Энэ нь бусад хүмүүс тэдний үзэл санааг ойлгож дэмждэггүй, яриа таардаггүйтэй холбоотой буй Найз нөхдөө  бид, ухаалаг сонгох учиртай. Таны хэн бэ гэдгийг хамгийн ойр харьцаж буй таван хүнээр л тодорхойлдог. Иймд эерэг сайхан бодол сэтгэлтэй, яриатай, архи дарс, тамхи зэрэг муу зуршилгүй, залхуу бус, боловсролтой хүмүүстэй нөхөрлөх нь чухал. Бусдын амжилт, сайн сайхан зүйлд баярлаж сурах хэрэгтэй.
Гурав. Амжилттай яваа хүмүүс нь маш идэвхитэй хөдөлмөрч, дайчин, уйгагүй тэмцэгч. Тэд хөдөлмөрт найддаг. Гэхдээ аар саар, бусад хүмүүсээр хийлгэж болох ажил хөдөлмөр хийж үнэт цагаа үрэхгүй. Харин дуртай, хүссэн ажлаа хийдэг. Мөнгө бол өөрсдөө хийх дургүй, эсвэл бусдаар хийлгэж болох ажлыг  орлуулах хэрэгсэл гэж үздэг. Тэд дуртай ажлаа хийдэг.  80/20 хууль гэж байдаг.  Үйл ажиллагааны чинь 20 хувь л үр дүнгийн 80 хувийг авч ирнэ гэдэг хуулийг амьдралын бүх хүрээнд мөрдөж дагаж болно. Ажлын цагийн чинь 20 хувь л орлого, бизнес ашгийн 80 хувийг тодорхойлдог байж болно.
 Иймээс цаг хугацаа асар их үнэтэй. Цаг хугацаа бол амьдралын нэг чухал үнэт хэсэг юм. Хэрэв чамд цаг хугацаагаа зориулж байгаа бол амьдралын нэг хэсгээ өгч байгаа хэрэг. Тэд нь тууштай тасралтгүй суралцдаг. Шинэ мэдлэг, гадаад хэл, хөгжим гэх мэт... Эхэлсэн, сэдсэн ажлаа дуусгана. Хөөцөлдөлгөө сайтай хүмүүс гэж хэлж болно. Иймээс бүтэхгуй, болохгүй, амжихгүй, хэцүү гэх мэт үг хэллэг ярих дургүй. Харин болохгүй, бүтэхгүй зүйл гэж байхгүй дээ гэж хэлж буй олон хүнтэй таарч байв. Өөрийгөө дайчил, зоригтой бай.
Дөрөв. Амжилтын эзэд нь голдуу баян чинээлэг хүмүүс байдаг. Баян, хөрөнгөтэй учраас сайн явдаг бус, харин том бодож, хөдөлдөг, шаргуу хөдөлмөрч тул чинээлэг болдог байна. Шинэ санаа, шинэ бүтээгдэхүүнээр мөнгө олно гэдэгт хатуу итгэдэг. Ашиг тусаа өгөх шинэ сэдэл, санаа олж  түүнд бусдын хөрөнгө татан төвлөрүүлэх замаар мөнгө олдог. Ухаалаг хүмүүс бол бусдын ашиг сонирхол хөдөлгөн мөнгийг нь дайчлах замаар төслөө хэрэгжүүлнэ, ингэснээрээ өөрсдөө ч хөрөнгөжнө, бусдыг ч баяжуулна. 
Энгийн хүмүүс болон бизнес эрхлэгчдийн хооронд сэтгэлгээний нэг том ялгаа онцлог байдаг. Энэ нь Мөнгө, хөрөнгө дээр харагдана. Бизнес эрхлэгчид болон баян чинээлэг хүмүүсийн бодол санаа орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт голдуу төвлөрнө.
Тэгвэл жирийн иргэд, хөдөлмөрчид бол хэрхэн яаж арвилан хэмнэж байгаа мөнгө төгрөгөөрөө амьдрах вэ гэдэгт толгой түлхүү ажилладаг. Энэ буруу биш л дээ. Зөв зүйл.
Ер нь гол зарчим бол олсон орлогоос гарсан зарлага бага байж улс орон ч, айл өрх ч, байгууллага, аж ахуй ч, хувь хүн ч амьдарна. Ингэхгүй бол өрөнд орно.
Гэхдээ орлогын шинэ эх үүсвэр, боломж хайж олоход бодол санаа түлхүү чиглэх учиртай.
Тав. Амжилттай яваа хүмүүс нь өнгөрсөн цаг, дурсамжаараа амьдрах дургүй, харин сайн сайхан ирээдүйг хүсдэг, мөрөөддөг. Тэд хэзээ нэг цагт биелэллээ олох зорилго, санаа, мөрөөдөл оюун санаандаа тээж явдаг. Олонхи нь энэ тухай ил тод ярина. Иймээс шинэ зүйл, шинэлэг санаанд маш соргог хандана, өөрсдөө шинэ үзэл, санаа ундруулна. Өнгөрсөн дурсамжаар амьдарч буй хүнээс юуных нь шинэлэг санаа гарах билээ. Гадаад хэл сурах хэрэгтэй. Ингэснээр Таны ертөнц том болно.
Амжилтанд зорьсон хүмүүс үргэлж шинэ сорилт эрэлхийлнэ, биеийн амар тайван байдлыг хүсэхгүй. Эрсдэл амсаж байж үр дүнд хүрнэ, амжилт олно гэдэгт итгэнэ. Тэгвэл жирийн хүмүүст эрсдэл нь тав тухгүй байдалд оруулах мэт санагддаг тул тэд  эрсдэлээс зугтааж биеийн болон сэтгэл зүйн тав тухтай байдлыг эрэлхийлж явдаг.
Өөрөө өөрийгөө дайчил. Өөрчлөлтөөс битгий ай. Хувийн амьдрал болон алба ажилдаа өөрчлөлт сэлгээ хий, хэн нэгэн ирж Танд туслана, хөтлөнө гэж битгий хүлээж цаг гарзад. Харин бусдад туслах зам аргыг бодож явах учиртай юм.
Зургаа. Амжилттай яваа хүмүүс эрүүл мэнддээ маш их анхаарах болов. Өөртөө хийх  хөрөнгө оруулалт бол хамгийн үр дүн ашигтай. Өөртөө хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдалдаа, гэр бүлдээ хийх хөрөнгө мөнгө гэж үздэг. Мөнгөтэй байж эрүүл мэндээ хамгаална, нэг удаа үхлээс аврагдаж болно. Мөнгө бол хамгийн нөлөө бүхий зэвсэг. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд Танд туслана.
 Эдгээрхүмүүс нь мөнгө болоод бодлынхоо боол болж амьдардаггүй. Бид өөрсдийгөө мохоох бодлын дээр нь гарч амьдрах учиртай юм билээ. Мөнгө их бодвол түүний боол болох тул зөвхөн амьдрах хэрэгсэл хэмээн ойлгож явах учиртай. Бодол санаандаа дарлуулахгүй хүмүүс л амьдралд ноён болно. Бодол санаа, үг хэллэгээ их ухаалаг сонгож сурах нь чухал бололтой. Аз гэнэт дайрахад зарим хүмүүс итгэж чадахгүй байдаг бол зарим нь яагаад ингэж удаан хүлээлгэв хэмээн гайхаж байдаг. Энд л  хүмүүсийн сэтгэлгээний ялгаа гарч ирж байна.
Долоо. Хүчтэй хүмүүс нь амьдралын үнэт зүйл, зарчмуудтай, тэдгээрээ юугаар ч худалдан арилжихгүйгээр төлөвшсөн байдаг. Голдуу шашин шүтлэгтэй, бурхан тэнгэрт итгэдэг, тэндээс хүч тэнхээ, дэмжлэг тусламж авч чаддаг. Хатуу тогтсон итгэл үнэмшилгүй хүмүүс нь салхинд хөөгдсөн хамхуул мэт амьдардаг. Байнга суралцаж боловсрол, мэдлэгээ сайжруулж байна.
Энэ амьдралд чамайг уруу татах, мөнгө хөрөнгийг чинь саах, зөв биш замд оруулах гэсэн, доош хийх, ашиглаж зарцлах гэсэн оролдлого, гуйлт, дарамт хангалттай ирнэ. Тэр бүгдэд  “Үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй. “Үгүй” гэж хэлж сураагүй хүн голдуу аз муутай.
Don’t wrestle with pigs because you just get dirty  and the pig loves it. Гэсэн англи зүйр үг байдаг. Муу зүйлээс хол бай гэсэн утгатай.
 Та бүгдэд амжилт, Сайн сайхныг хүсье. Санаа зөв сайн бол Заяа тэгш сайхан.


Н.Баяртсайхан.
2015 оны 9 сарын 25 нд   Аж ахуй, бизнес эрхлэгчидтэй

“Бишрэлт” зочид буудалд уулзаад  хэлсэн үг

2015/12/17

ВАРРЕН БУФФЕТЫН 10 ДҮРЭМ

ВАРРЕН БУФФЕТЫН ЗӨВЛӨМЖ 10 ДҮРЭМ
АНУ-ын тэрбумтан, хөрөнгө оруулагч, сайн үйлсийг дэмжигч

1.   Мөнгөө бүү  алд. Хэзээ ч. Энэ бол нэгдэх дүрэм
2.   Нэгдүгээр дүрмийг хэзээ ч бүү март. Энэ бол хоёрдахь дүрэм
3.   Хямд өртөгөөр,  өндөр үнэтэй зүйл олж авч сур! Хамгийн гол нь ирээдүйд өндөр үнэ хүрэх зүйлд соргог бай.

4.   Мөнгийг хүндэтгэж, үнэлж сур. Ийм дадал, зуршилтай бол. Хадгаламжтай бай.
5.   Өр,төлбөрөөс болгоомжил. Ялангуяа өндөр хүүтэй зээлд дарлагдаж, боолчлогдож болохгүй.
6.   Гартаа бэлэн мөнгөтэй бай. Би бол ( В.Буффет ) дор хаяж 20 тэрбум доллар бэлнээр дансандаа хадгалдаг.
7.   Өөртөө хөрөнгө оруул.  Чадах чинээгээрээ. Та бол хамгийн үнэтэй хөрөнгө.
8.   Мөнгө,  санхүүгийн  талаар судал,  суралц. Орой орондоо унтахаар орохдоо, өглөө сэрж орноосоо боссоноосоо илүү ухаантай болсон бай. Их унш.
9.   Ухаалаг хөрөнгө оруулалт хий.  Урт хугацааны Тоглогч бай!  Арав, Хорин жилээр урагшаа харж Хөрөнгө оруулалт хийж сур!

10.               Өргөл өргө, бусдад тусла!Ингэснээрээ өөрийн болон бусдын амьдралыг өөд татаж баян чинээлэг болгоно. Энэ бол  арав дахь дүрэм. 

2015/12/11

GDP

Зах зээлийн эдийн засгийг бүтцээр нь хувь хүмүүсийн хэрэглээ (C), Засгийн газрын худалдан авалт (G), хувийн салбарын хөрөнгө оруулалт (I) болон гадаад худалдааны тэнцлийн (Ex-Im) нийлбэр гэж үздэг.

Энэ нийлбэрийг бас тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP=ДНБ) гэж нэрлэдэг. ДНБ-ийг хүн амын тоогоор нь хуваагаад нэг хүнд ногдох хэмжээ буюу тухайн орны эдийн засгийн чадавхийг багцаалдаг бол өмнөх жилтэй нь харьцуулаад тухайн эдийн засгийн өсөлтийг нь тооцдог.

Эдийн засгийн өсөлт нь тухайн орны хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн эсэхийг илэрхийлдэг учир хөгжлийн хандлагыг тогтооход их чухал тоо.

Тэгвэл эдийн засгийн дээрх бүрэлдэхүүн хэсэг тус бүрт, хөгжлийн хандлагад нь бас нөлөөлдөг нэгэн том хүчин зүйл бол тухайн үндэстний хуримтлал.

Үндэстний хуримтлал улс орны түвшинд бол тухайн улсын гадаад валютын нөөц, хувь хүмүүсийн хувьд бол хүн амынх нь хөрөнгө, банкинд хадгалуулсан мөнгөн хөрөнгө, компаниудын хувьд бол өөрийн хөрөнгө болон хуримтлуулсан ашгаас тус тус бүрддэг.

Уул уурхайгаас хэт хамаарал бүхий эдийн засагтай манайх шиг оронд бол үндэсний хуримтлалд бас Үндэсний баялгийн санг оруулж тооцдог.

Тус сан нь эрдэс баялгийн олон улсын зах зээлийн үнийн хэлбэлзлээс болоод эдийн засгаа тогтвортой, жигд явуулахын тулд тухайн эрдсийнх нь үнэ өндөр байхад орлогоо хуримтлуулж, гадаадад байрлуулж, улмаар үнэ буурсан үед эдийн засаг руугаа татан оруулж ашигладаг.

Гэтэл манайд тийм сан байдаггүй. Сонгууль болохоор л сан байгуулах тухай амладаг улстөрчид гарч ирдэг.

МОНГОЛЧУУДАД ХУРИМТЛАЛ БАЙНА УУ?

Өнөөдөр бид үндэсний хуримтлалын тухай ярих шаардлагатай боллоо. Шил дараалан цуврах хямралын овон товонд замд шидэгдэх Монголын эдийн засаг маань Хүүхдийн паркийн “Галзуу хулгана” тоглоомыг санагдуулж байна.

(Roller coaster). Эдийн засгийн огцом уналтыг зөөллөж, өсөлтийг нь дэмждэг нэг том механизм бол үнэхээр хуримтлал бөгөөд энэ тухай сүүлийн үед монголчууд ярилцах болов.

Хэдийгээр зөвхөн банкны салбар дахь хадгаламжийг хамарч байгаа ч иргэд бага багаар мөнгөө хадгалах нь чухал гэдгийг ойлгож, ялангуяа залуу гэр бүлүүд хуримтлалтай болохыг тэмүүлж буй нь сайшаалтай.

Сарын өмнөөс жишээ нь “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”- ийг Монголбанк, СЯ, БСШУЯ, СЗХ нар хамтран баталсантай холбогдуулан энэхүү хөтөлбөрийн хүрээнд Голомт банк нь Монголбанктай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг санаачилжээ. Монгол Улс эдүгээ 820 мянгаад айл өрхтэй, бараг хүн бүр банкинд данстай боловч нийт айл өрхийн 90 хувь нь хадгаламжгүй байгааг тэд тогтоосон байна.

Хэрэв тэдний ядаж гуравны нэг нь өрхийн орлогоосоо сар бүр 50 мянган төгрөг хуримтлуулж зуршвал арван жилийн дараа 13 сая төгрөгтэй болж, Монгол Улсын үндэсний хуримтлал 3.3 их наяд төгрөгөөр нэмэгдэх гэнэ.

Тэгж чадсан айл өрх бүрт “Голомт” банк жилийн эцэст тогтмол өсөж ирсэн хадгаламжийнх нь 20 хувьтай тэнцэх урамшуулал олгох аж. Тэгвэл айл өрх бүр энэ урамшуулалд оролцоход юу саад болж байна вэ?

Нэгдүгээрт, хүн амын орлогын түвшин харилцан адилгүй, ялгаа нь тэлсээр байгаа явдал. Хүн амын тавны нэг нь эдүгээ ядуугийн ангилалд буюу сарын орлого нь амьдралын наад захын хоол, хүнсний хэрэгцээгээ хангаж чадахгүй байна.

Энэ тоо хорин жилийн өмнө хүн амын гуравны нэгтэй тэнцэж байжээ. Дундаж анги буюу сарын хэрэгцээгээ хангаад тодорхой хэсгийг нь хуримтлуулах түвшний орлоготой иргэдийн тоо хүн амын хагасыг бүрдүүлж байна.

Хоёрдугаарт, монголчууд бидний дунд мөнгөө хуримтлуулах заншил нэг л сайн тогтохгүй байна. Олон зуун жил мал аж ахуй эрхэлж ирсэн нүүдэлчдийн сэтгэлд хөрөнгийг мөнгөөр биш, малаар үржүүлэх бодол давамгайлсаар байгаа.

Засгийн газрын хувьд хуримтлал хийх тухай бодохоо байгаад удаж байна. Юунд зарцуулах, яаж эргэн төлөхөө тооцохгүйгээр гадаадаас ихээхэн өр зээл авч эхэлсэн бөгөөд эдүгээ өрийг өрөөр яаж дарах тухай л төр засгийнхан бодох болжээ.

Орон сууцны урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн бодлогын үр дүнд дунд орлоготой иргэд зардлаа хуримтлал болгож эхэлсэн нь зүйтэй алхам юм. Гэвч энэ зээлийн хүү нь зах зээлийнхээс хоёр дахин бага учир урт хугацаанд тогтвортой биш юм.

Хувийн компаниуд ч өрсөлдөх чадвар сул, гадаадын зах зээлд гарч, дорвитой томорч чадахгүй байгаа тул бизнесээ өр тавихгүйгээр өөрийн хөрөнгөөрөө томсгох хэмжээнд хуримтлал хийж амжихгүй байна.

Монголын банкны хүүгийн зардал өндөр, хөрөнгийн зах зээл хөгжөөгүй учир олсон орлогынхоо бараг 20 хувийг хүүгийн төлбөрт өгч буй нь яаж ч бодсон хэт том ачаалал юм.

ЯАЖ ХУРИМТЛАЛТТАЙ БОЛОХ ВЭ?

Хүн амын орлогын түвшин нь эдийн засгийн өсөлтөөс хамаардаг болохыг судалгаагаар тогтоожээ. Хадгалахыг илүүцтэйгээр хүсэх теоромоор (the theory of marginal propensity to save) бол хадгаламж нь орлогын өсөх хэмжээгээр нэмэгддэг. Ихэнх улс орон иргэдийнхээ хадгаламж, хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль, журамтай.

Манайд ч гэсэн иргэдийн банкны хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахгүй олон жил явж ирсэн, цаашид дахин хоёр жил үргэлжлүүлэх эсэхээ УИХ эдүгээ хэлэлцэж байна.

Мөн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны ногдол ашгаас татвар авдаггүй нь хөрөнгө оруулалт хэлбэртэй хуримтлалыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд бас нэг урамшуулал юм.

Улс орны түвшинд хуримтлалыг бий болгоход байгаа бүх нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглах ёстой.

Монголд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сангуудыг, ялангуяа хамгийн урт хугацаатай тэтгэврийн санг Засгийн газрын, тухайлбал ганц яамны монополь эрх мэдлээс тусад нь байлгах, мэргэжлийн багаар удирдуулан арвижуулах шаардлагатай байна.

Тэтгэврийн сан ядаж инфляцын түвшингээс түрүүлж өсөх учиртай. Засгийн газар одооноос эхлээд гадаадаас авсан бондын төлбөрөө цагт нь төлөх тусгай хуримтлалын сан байгуулах хэрэгтэй байна.

Хувийн хэвшлийнхэн олон улсын зах зээлд гарахуйц өрсөлдөх чадвартай болох, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд мэдээлэл, харилцааны шинэ технологийг хоёр хөршөөсөө түрүүлж нэвтрүүлэх, процессийн олон улсын стандартыг хэрэглэх шаардлагатай.

Энэ чиглэлээр хийж буй хөрөнгө оруулалтыг нь хэдэн жилээр хойш шилжүүлэн зардалдаа оруулахыг зөвшөөрч болох юм.

Монгол Улсын төр засаг нь, хувийн хэвшил, ард иргэд нь ч хөрөнгө мөнгөө хуримтлуулах, санхүүгийн нөөц боломжоо ухаалаг удирдахад анхаарах цаг болжээ.

Банкуудын нийт хөрөнгө нь ДНБ-ээсээ дутахгүй том байх, банкны хадгаламж нь эдийн засгийнхаа өнөөгийнх шиг дөрөвний нэгд нь биш, талд нь хүрч байж хуримтлал нь эдийн засгийн томоохон хөдөлгөгч хүч болох юм.

Мөн банкны хадгаламжийн ихэнхийг (92 хувийг нь) одоогийнх шиг хүн амын цөөхөн хэсэг (17 хувь) нь биш, дийлэнх нь эзэмшиж байж хуримтлал нь эдийн засгийн өсөлтийн найдвартай суурь болж чадна.


  1. Хувь хүн, компани, улс орон зөвхөн хөдөлмөрлөж, бүтээж, олон жилээр хуримтлуулж, тэр хөрөнгөө цагт нь өгөөжтэй ашиглаж л аз жаргалтай амьдарч, хөгжин цэцэглэдэг болохыг хөгжсөн бүх орны түүх бэлхнээ харуулж байна.

Государство и экономика