2017/02/24

Тахиа жилийн сар шинийн мэндчилгээ

"Монголбанкны мэдээлэл" №5
2017 он
Тахиа жилийн сар шинийн мэндчилгээ
Та бүхэндээ “Алтан унжлагат” хэмээх гал Тахиа жилийн сар шинийн мэнд хүргэж, санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэж, сайны мөртэй үйл бүхэн өргөжин дэлгэрэхийн ерөөлийг дэвшүүлж байна.
Түүхийн хуудсыг эргэн харахад ХХ зуунд тохиож байсан тахиа жилүүд Монголчууд бидэнд ээлтэй байсаар иржээ. Тухайлбал 1921 оны цагаагчин тахиа жилд Ардын хувьсгал ялж орчин цагийн Монгол улсын суурь тавигдаж байсан бөгөөд мөн оны 11 дүгээр сард “Монгол улсын мөнгөн тэмдэгт хэвлүүлэх тухай гэрээ” байгуулагдаж тусгаар улсын нэгэн чухал үзүүлэлт болох үндэсний мөнгөн тэмдэгттэй болох эхлэл тавигдсан. 1945 оны хөхөгчин тахиа жилд Монголын нийт ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгч, эрх чөлөө тусгаар тогтнолоо баталгаажуулсан. 1981 оны цагаагчин тахиа жилд Монгол хүн сансарт нисч байсан билээ. Ирж буй гал тахиа жил ч Монголчууд бид бүхэнд эвийг нэгтгэж, хүчийг хамтатгаж, улс эх орныхоо сайн сайхны төлөө хариуцлагатайгаар ажиллаж, ихийг хийж бүтээх сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна.
Гарч байгаа тахиа жилд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр Монгол улсын банк санхүүгийн салбарт чухал өөрчлөлт шинэчлэлт, сайжруулалт хийхээр төлөвлөж байна. Тухайлбал Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг оны өмнөхөн өргөн барьсан. Мөн банкны эрх зүйн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийг цогцоор нь шинэчлэн найруулах ажлын хэсгүүд ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Төв банкны тухай хууль, Банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Мөн сар шинийн босгон дээр Монголбанк Сангийн яамтай хамтран Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэлэлцээрийг амжилттай зохион байгууллаа.
Хүн бүр сахилга, хариуцлагатай байж өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө бүхий л хүчин чадлаа дайчлан ажилласнаар улс орон, байгууллагын өмнө тулгарч байгаа бэрхшээлийг нэр төртэй даван туулах болно.

Та бүгдэд эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүгдийг хүсэн ерөөж, хүндэтгэн ёсолсон Н.Баяртсайхан