БИ
ТӨВ БАНКНЫ БИЕ ДААСАН
БАЙДЛЫГ ХАМГААЛНА
МН25
дугаар суваг телевизийн “Ам нээвэл” зочны ярилцлагын цагт Монголбанкны
Ерөнхийлөгч Н.Баяртсайхан оролцож, Төв банкны бодлого, үйл ажиллагааны талаар
сэтгүүлч Г.Мөнхтуултай дэлгэрэнгүй ярилцсаныг хүргэж байна.
-2018 ОН ГЭХЭД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ХӨГЖЛИЙНХӨӨ
ЗАМД
ОРНО-
Шинэ ажлын эхний өдөр Төв банкны
Ерөнхийлөгчтэй уулзаж байгаадаа билэгшээж байна. Энэ онд эдийн засаг ямар
байхаар байна вэ, төлөв байдал ямархуу байна вэ?
Юуны
өмнө шинэ оны эхэнд уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхэндээ шинэ оны мэнд
хүргэж, ажил үйлс өөдрөг, сайн сайхан байхыг хүсэн ерөөе. 2017 оны хувьд
нуугаад яах вэ, амаргүй жил эхэлж байна. Энэ онд бид Хөгжлийн банк, Чингис бондын
өрийг төлнө. Мөн Хятадын Ардын банктай байгуулсан свопын гэрээний хугацаа дуусч
байна. Амаргүй жилийг даван туулах нь ойлгомжтой байна. Дангаараа даван
туулахад амаргүй учраас олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг
авна гэж тооцоолж байна. Ингээд 2018 оноос Монголын эдийн засаг өсөлт,
хөгжлийнхөө замд орно гэж бодож тооцоолон харж ажиллаж байна.
БНХАУ-тай
хийсэн своп хэлцлийн хугацаа энэ онд дуусч байна. Одоо ОХУ-тай своп хэлцэл хийх
талаар ярилцаж байгаа гэсэн. Энэ үйл явц ямар шатандаа явж байна вэ?
ОХУ-д
манай Тэргүүн дэд Ерөнхийлөгч айлчилсан. Айлчлалынхаа үеэр Монголбанкны
Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлуулах чиглэлээр бид ажиллаж байгааг онцолсон. Бид
ОХУ-тай своп хэлцэл хийе гэж бодож байгаа. Яагаад гэвэл ОХУ-д манай улсын иргэд
визгүй зорчдог болсон. Надад байгаа мэдээллээр өдөр бүр 500 гаруй машин ОХУ руу
гарч байна. Нэг иргэн дунджаар худалдаа наймаа хийхийн тулд 1000 ам.доллар
аваад гарч байна гэж тооцвол өдөр бүр 2 сая ам.доллар ОХУ руу гарч байна.
Тэгэхээр бид ОХУ-ын Төв банкинд асуудал тавьж байгаа. Танай улсын иргэд
рубльтэйгээ Монголд ир. Манай улсын иргэд төгрөгтэйгөө танай улсад очиг. Тэгээд
хоёр улсын нэг нэг арилжааны банкийг сонгочихно. Тэр хоёр банк нь аль аль талын
иргэддээ төгрөг рублийг нь солиод өгчихдөг байя гэж байгаа. Тэгэхээр хоёр Төв
банкны Ерөнхийлөгч нарын төвшинд уулзах, хоёр улсын Засгийн газрын дэмжлэг авах
шаардлага гарах бололтой.
Оросын
хэвлэлд Монголын талаас 1.5 тэрбум ам.доллар зээлэх хүсэлт тавьсан ч оросууд
татгалзсан гэсэн байсан. Энэ чухам юу болсон юм бол? Биднийг өр зээлээ төлж
чадахгүй гээд буцаасан гээд байх шиг?
Манай
Засгийн газраас тийм хүсэлт тавьсан. Би бол нэг их татгалзсан гэж бодохгүй
байгаа. Зүгээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлье. Тэр төсөл, хөтөлбөрөө
тодорхой болгоё гэсэн юм билээ. Манай Засгийн газрын хувьд ОХУ-тай хамтарч
хэрэгжүүлэх маш олон төсөл, хөтөлбөр бий. Тэр бүгдийгээ тодорхой болгосон үед
санхүүжилт олдоно.
-БИ ТӨВ БАНКНЫ БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАМГААЛНА-
Жил
бүр л УИХ дээр төсөв мөнгөний бодлого ярихаар Засгийн газар, Монголбанк нь хоёр
тийшээ хараад суучихдаг. Эсвэл бүр эсрэгээрээ хоорондоо хуйвалдаад ч байгаа юм
шиг, асуудлыг зөв шийдэж чадахгүй байна гэдэг шүүмжлэл гардаг. Ажлаа аваад Таны
баримталж байгаа бодлого Засгийн газартайгаа уялдаж байгаа юу, эсвэл тэрсэлдэж байгаа
юу?
Миний
баримталж байгаа гол зарчим Төв банкны хараат бус байдал. Тийм учраас Төв банк
хараат бус байдлаа хадгалж, бие даасан мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх ёстой.
Гэхдээ Төв банкнаас явуулж байгаа мөнгөний бодлого Засгийн газрын санхүүгийн
бодлоготой уялдах ёстой. Шинээр байгуулагдсан Засгийн газартай Монголбанк
хамтарч ажиллаж чадаж байна гэж би үзэж байгаа.
Хараат
бус байдлаа хадгална гэхээр зарим тохиолдолд Засгийн газартайгаа зөрчилдөх,
санал нийлэхгүй байх тохиолдол зөндөө л гардаг байх. Миний ойлгосноор ипотекийн
зээлийн эх үүсвэрийг танайх руу шилжүүлэхэд Төв банк их дурамжхан хүлээж авсан
байх?
Ипотекийн
хөтөлбөрийг анх Төв банкнаас санхүүжүүлж эхэлсэн. 2016 онд Ирээдүйн тэтгэврийн
нөөц сан гэж Засгийн газар дээр байгуулаад, тийш нь санхүүжилтийг шилжүүлсэн.
Гэхдээ л санхүүжилт Монголбанкнаас гарсан хэвээрээ байсан. Ингээд 2016 оны
төсөвт тодотгол хийхдээ цаашдаа Ирээдүйн тэтгэврийн нөөц сангаар ипотекийн
хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжгүй байна. Тийм учраас Төв банк энэ асуудлаа ав
гэж бидэнд шилжүүлсэн байгаа. Бид хүлээж авснаас хойш нийтдээ 200 орчим тэрбум
төгрөгийн санхүүжилтийг гаргаад байна. Нөгөө талаар Засгийн газрын нөхцөл
байдлыг ойлгож байна. Урьд нь Монголбанкнаас 3.8 их наяд төгрөгийг ипотекийн
хөтөлбөрт зориулж гаргасан. Энэ нь Монголын нийт эдийн засагт Монголбанкнаас
гаргасан мөнгөний бараг тэн хагастай тэнцэж байгаа.
Тэгэхээр
мөнгө хэвлээд гаргачихсан гэж ойлгож байгаа?
Үүнийг
төсвийн мөнгөөр хийгээгүй, Монголбанкнаас хэрэгжүүлсэн. Тийм учраас 3.8 их наяд
төгрөг гаргачихсан. Одоо Монголбанкнаас ипотекийн санхүүжилтийн шинэ бодлого
хэрэгжүүлж байна. Юу гэхээр 3.8 их наяд төгрөгөө дахиж нэмэхгүй. Харин 3.8 их
наядаас эргэн төлөлтөөрөө сар бүр 35-40 тэрбум төгрөг Төв банкинд орж ирж
байгаа. Энэ мөнгийг буцаагаад ипотекийн зээлийн эх үүсвэр болгон гаргаж байна.
Энэ бол маш зөв хувилбарыг олчихлоо гэж үзэж байгаа.
Би
Монголбанкинд яагаад мөнгө олох даалгавар өгчихөв өө гэж бодоод байгаа.
Монголбанк зэх зээлээ зохицуулаад л байж байх ёстой шүү дээ. Гэтэл ипотекийг
санхүүжүүлэх мөнгө олж ир гэхээр арай л хүнд ачаа болчихов уу гэж харж байгаа?
Ер нь
ипотекийн хөтөлбөрийг аливаа улс оронд Засгийн газар нь хэрэгжүүлдэг, Засгийн
газрын хөтөлбөр байдаг. Гэхдээ бид шинэ мөнгө хэвлэх, шинээр мөнгө
нийлүүлэхгүйгээр эргэн төлөлтөөр санхүүжүүлж байгаа учраас зөв механизм юм.
Гэхдээ удаан ингэж явж болохгүй. Ер нь Засгийн газар санхүүжилтээ өөр дээрээ буцааж
авах ёстой.
-ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЭХ БОЛОМЖ, ОРОН ЗАЙГ МӨНГӨНИЙ
БОДЛОГООР
БИЙ БОЛГОХ ЁСТОЙ-
2017
онд инфляцийг 8 хувьд барина гээд амлалт өгчихсөн байгаа. Энэ амлалт биелэх
боломжтой юу?
Биелэх
ёстой. Яагаад гэвэл одоо Монголын эдийн засагт дефляци яваад эхэлчихлээ. Юмны
үнэ ханш буурч байна.
Дефляци
ер нь Монголд ойрын хэдэн жил үзэгдээгүй үзэгдэл байх. Энэ нь эдийн засагт
хохирол хүргэж байгаа юу?
Энэ их
муу үзэгдэл. Тийм учраас бид дефляциас гарах, зохистой хэмжээний инфляцитай
байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Инфляцийн хэмжээг 2017 онд 8 хувиас
хэтрүүлэхгүй гэдэг маань бид эдийн засгийнхаа өсөлтийн орон зайг тэлж өгч байна
гэсэн үг.
Засгийн
газар эдийн засгийн өсөлтөө 3 хувьд хүргэнэ гэж байгаа. Энэ бодлоготой
уялдуулж, Төв банк инфляцийг 8 хувь гэж тогтоож байгаа хэрэг үү?
3 хувь
гэдэг бол том зорилт. Том зорилтыг бид мөнгөний бодлогоороо дэмжиж өгье. Үүний
тулд бодлогын орон зайтай байх ёстой гэж үзэж байгаа.
Одоогоор
эдийн засгийн өсөлт бараг хасах руу орчихсон байгаа. Тэгэхээр 3 хувь гэдэг бол
том зорилт. Тэр зорилт биелэхгүй бол мөнгөний бодлогын зорилт бас биелэхгүй
гэсэн үг үү?
Нэгэнт л
зорилт тавьж байгаа юм чинь хэрэгжүүлэхийн тулд газар сайгүй л маш сайн ажиллах
хэрэгтэй. Үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын
урмыг хугалаад, хөөж явуулдаг биш урьж авчирдаг болох, Монголд тодорхой бизнес,
үйлдвэрлэл эхлүүлэх гээд маш олон ажил байна.
-ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ ЗАРЛАСАН НЬ ХАРИН Ч ЗӨВ БОЛСОН-
Ам.долларын
ханш өсөөд 2500 руу дөхөж байна. Монголбанк яагаад ханшаа барьж чадахгүй байна
вэ гэдэг шүүмжлэл өрнөж байгаа. Монголбанк ам.долларын ханшийг ажиглаж байна
гэж хэлснээсээ болоод улстөрчдөд ч нэлээн шүүмжлүүлж байх шиг байна?
Ам.долларын ханшийг ажиглаж байна гэдэг бол
Монголбанкнаас гаргасан мэдэгдэл дээр гарсан үг.
Юунд
нь ажиглаад байгаа юм бэ, юмаа хийгээч гээд байгаа юм биш үү?
Ханш
Монгол Улсад байгаа валютын нөөцөөр тодорхойлогддог. Надад нэг тэрбум 200 орчим
сая ам.долларын нөөц байна. Би нэр хүндээ бодоод, ханшийг барих гэж байгаа нь
энэ гээд долоо хоног бүр 100, 200 саяар нь интервэнц хийж эхэлбэл, нөөц маань
маш богино хугацаанд шавхагдана. Гэтэл энэ мөнгө чинь миний мөнгө биш. Манай
Монгол Улсын мөнгө. Таны ч мөнгө. Аливаа улс орон дор хаяж гурван сарын
импорттой тэнцэх хэмжээний нөөцтэй байх ёстой. Бидэнд 5 сарын нөөц байна. Ийм
хэмжээний нөөцтэй байж байх хэрэгтэй. Би валютынхаа нөөцийг хамгаалах ёстой
гэдэг байр суурьтай байгаа.
Тэгвэл
та яагаад ажлаа аваад хэдхэн хоногийн дараа Монгол Улсын валютын нөөц
шавхагдаад дуусчихсан, данс нь улайчихсан байна гэж зарласан юм бэ. Үүнээс
болоод л ханш өсчихлөө гэдэг шүүмжлэл гарч байгаа шүү дээ. Тэр үед таныг
болчимгүй үг хэлчихлээ гэж олон хүн шүүмжилсэн.
Би тэр
хэлсэн үгээ болчимгүй үг хэлсэн гэж бодохгүй байгаа. Ер нь улс орон ямар
байдалд байгаа юм, би ямар ажил хүлээж авсан юм бэ гэдгээ УИХ-д хэлсэн. Түүнээс
биш Монголын олон нийтэд хандаж хэлээгүй. УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан.
Тэр бол Монголын төрийн эрх барих дээд байгууллага. Тэр байгууллагаас намайг
томилсон. Тэр газраа очоод, эдийн засгийн нөхцөл байдал ийм байгааг л хэлсэн.
Албаар
зарлаагүй л юм байна...
Надаас
асуусан, би нөхцөл байдал ийм байна гэдгийг хэлсэн. Тэр нь ч зөв болсон. Манай
ард иргэд улс орон ямар эдийн засагтай байгааг мэдэж байх ёстой. Хоёрдугаарт,
бизнес эрхлэгчид маань тэндээс маш том дохио авсан. Маш том бизнес эхлүүлэх
гээд, төсөл, хөтөлбөр хөөцөлдөж байсан хүмүүс “Улс орон ийм болчиж, яах ёстой
билээ...” гэж болгоомжилсон. Маш олон хүн эрсдэлтэй алхам хийхээс
сэрэмжлүүлсэнд баярлалаа гэж надад талархлаа илэрхийлсэн шүү.
Та тэгэхээр
өөрөө муу нэр зүүгээд, бусад хүмүүст тусалсан гэсэн үг үү?
Ийм
байгааг үнэнээр нь хэлэх л ёстой. Бас нэг зүйл нь миний хэлсэн тоо нууц тоо
биш. Та нар Монголбанкны вэб сайт руу ороод үз. Яг тэр тоо чинь байж л байгаа.
Танд
байгаа 1 тэрбум 200 сая ам.доллар бодитой хуримтлал биш. Хятадаас авсан зээл
гэж яриад байгаа?
Тийм.
Тэгэхээр
бодитой нөөц биш, хүнээс гуйж аваад, түр хадгалж байгаа мөнгө юм биш үү?
Харин би
үүнийг л УИХ-д хэлсэн юм. Ийм хэмжээний мөнгө байна. Гэхдээ авсан өр, зээлээ
төллөө гэж бодоход бидэнд эх үүсвэр алга байна шүү гэдгийг хэлсэн. Төрийн эрх
барьж байгаа, ажлаа эхлүүлж байгаа гишүүдэд би маш үнэтэй, бодитой мэдээлэл
өгсөн гэж үзэж байгаа. Худлаа мэдээлэлтэй байж, яаж төр удирдах юм. Бодитой,
үнэн зөв мэдээлэлтэй байх ёстой шүү дээ.
-МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЛИЙГ
ХУМИХ ХЭРЭГТЭЙ-
Та
ярилцлагынхаа эхэнд Төв банкны бие даасан байдлыг хадгална гэсэн. Гэхдээ
Засгийн газар юм уу, УИХ-аас чиглэл өгөхөөр Төв банк биелүүлэхээс өөр аргагүй
болдог шүү дээ. Тэгэхээр популист амлалтуудтай бодлогоо уялдуулах ч шаардлага
гардаг байх. Ийм нөхцөлд та бие даасан байдлаа яаж хадгалах юм бэ?
Юуны
өмнө бид Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулна гэж үзэж байгаа. Энэ
өөрчлөлтөөр Монголбанкны Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бага зэрэг хумьж өгье гэж
байгаа.
Та
өөрөө Төв банкны Ерөнхийлөгч байж, өөрийнхөө эрх мэдлийг багасгая гэж байгаа юм
уу?
Яг тийм.
Та зөв ойлгосон байна.
Яагаад?
Төв
банкны Ерөнхийлөгчөөр би ажиллаж эхлээд таван сар болж байна. Маш их ажилтай юм
байна. Яагаад их ажилтай байна вэ гэхээр сайд, Төрийн нарийн бичгийн даргын
ажлыг Төв банкны Ерөнхийлөгч давхар гүйцэтгэдэг юм байна.
Тэгэхээр
Сангийн яаман дээр дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх хэрэггүй гэж үү?
Байх
хэрэгтэй. Тийм учраас Төв банкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгая гэж байгаа
юм. Би өнөөдөр хүмүүсийг ажилд авч байгаа, ажлаас халж байгаа. Мөн торгууль,
шийтгэл ногдуулж байгаа. Цалингийн хэмжээг тогтоож байгаа. Аж ахуй, санхүүгийн
олон ажлыг хүртэл анхаарч байгаа. Дээр нь Төв банкны Ерөнхийлөгчийн бодож байх
ёстой том ажлуудыг хийнэ. Ийм том ажлын хажуугаар гэнэт санхүү, аж ахуйн
асуудлууд хүртэл орж ирнэ. Тэгэхээр маш их ажилтай байдаг юм байна.
Та
тэгвэл ямар эрхээ хасуулъя гэж байгаа юм?
Төв банкны Ерөнхийлөгч бодлогын том асуудлаа харж байх
ёстой.
Аж ахуйн
ажлуудыг больё гэж үү?
Аж
ахуйгаас гадна бие дааж гаргадаг маш олон шийдвэр байна. Жишээлбэл, надад
Мөнгөний бодлогын зөвлөл гэж байгууллага бий. Мөнгөний бодлогын зөвлөл дээр тал
бүрээс нь ярьж, хэлэлцэж байгаад шийдвэрээ гаргадаг. Тэр шийдвэрийг нь
Монголбанкны Ерөнхийлөгч гарын үсэг зурж, баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, бүх
эрх мэдэл над дээр байна. Бүх ачааг авчраад Ерөнхийлөгчид аччихсан байна.
Мөнгөний
бодлогын шийдвэрийг нэг хүн л гаргаад байна гэж үү? Зөвлөлөөр биш?
Тийм.
Гэтэл нэг хүний гаргаж байгаа шийдвэр дандаа зөв байж чадахгүй. Тэгэхээр хамтын
шийдвэрээр гаргадаг байх ёстой.
Энэ
хуулийг УИХ дэмжих болов уу?
Дэмжинэ
гэж бодож байна.
-БОДЛОГЫН ХҮҮГ НЭМСНЭЭР МОНГОЛ ТӨГРӨГ ҮНЭГҮЙДЭХ
БОДИТОЙ
АЮУЛЫГ ХОЛДУУЛСАН-
Эдийн
засгийн хүндрэл, хямралтай байгаа үед бусад улс орны Төв банкууд дандаа
бодлогын хүүгээ бууруулах замаар шийддэг. Гэтэл Монголбанк эсрэгээр нь бодлогын
хүүгээ нэмээд байна. Энэ нь эргээд эдийн засагт таагүй нөлөөлөх биш үү?
Ерөнхий
нөхцөл байдал намайг бодлогын хүүг нэмэхээс өөр аргагүй болгож шахсан. Яагаад
гэвэл 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө нийтдээ Монголын эдийн засагт 500 тэрбум
төгрөгийн нийлүүлэлт хийсэн. УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр Засгийн газар,
Монголбанкны төвшинд ярьж байгаад, Монголбанкнаас эх үүсвэрийг гаргасан.
Ингэхдээ 15 жилийн хугацаатай, жилийн 1 хувийн хүүтэйгээр эдийн засагт
хийчихсэн. Хоёрдугаарт, яг сонгуулийн өмнө зургаадугаар сарын 20-доор 400 орчим
сая ам.доллар Монголын эдийн засгаас гэнэт гараад явчихсан. Бид Эрдэнэт
үйлдвэрийн худалдан авалттай холбоотой гэж үзэж байгаа. Нэг талд нь асар их
төгрөгийн эх үүсвэр гарчихсан. Нөгөө талд нь долларын хомсдол бий болчихсон,
ийм нөхцөлд би Монголбанкны Ерөнхийлөгчөөр ирсэн.
Азгүй
ч юм шиг?
Азгүй ч
арай биш. Ер нь бол хүнд нөхцөлд ирсэн. 500 тэрбум төгрөг долларжих процесс руу
явах гээд байсан. Би мөнгөний бодлогын хүүгээ 10.5 хувь байсныг 15 болгож
нэмсэн. Үүний цаад учир юу гэхээр Төв банкнаас үнэт цаас гаргадаг. Үнэт цаасыг
арилжааны банкуудад худалдаад чөлөөт мөнгийг 15 хувийн хүүтэйгээр өөр дээрээ
худалдаж авч байгаа юм. Өөрийнхөө мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг л нэмж байгаа
юм. Манай төгрөг үнэгүйдээд ирсэн. Төгрөгийн хадгаламжтай хүмүүс доллар болгоё
гэх хандлага бий болсон. Монгол төгрөг үнэгүйдэх аюул бодитойгоор тулгарсан.
Тэр нөхцөлд би монгол төгрөгийг үнэтэй болгох Төв банкны хамгийн хүчтэй ганц
зэвсгээ л хэрэглэсэн. Бас нэг зүйлийг хэлэхэд Төв банкны үнэт цаас өмнө нь
долоо хоногийн хугацаатай байсныг гурван сарын хугацаатай болгосон. Тэр мөнгийг
нь гурван сарын хугацаатай Төв банкин дээр авчраад түгжчихэж байгаа юм. Валют
руу хөрвөх гээд байсан мөнгийг Төв банкин дээрээ түгжиж байгаа юм. Нийтдээ нэг
их наяд орчим төгрөгийг Төв банкны үнэт цаасны хүүгээ нэмж байж, Төв банкин
дээрээ цуглуулж авсан.
Гэхдээ
та төгрөг үнэгүйдэхээс сэрэмжилсэн гэж байгаа ч өнөөдрийн байдлаар төгрөгийн
ханш аажмаар унасаар байна. Цаашдаа доллар ер нь 3000 гарч ч магадгүй гэж яриад
байгаа. Та үүнийг зүгээр л ажиглаад суух юм биш үү?
Та нар
ийм аюултай юм ярьж болохгүй. Сэтгүүлч хүн нийгэмд маш их нөлөөтэй. Та ингээд
3000 болж магадгүй гээд уриалчихаж байгаа байхгүй юу. УИХ-ын гишүүд нь ч
чуулганы танхимдаа уриалаад, сэтгүүлчид нь ч уриалаад байж болохгүй.
Уриалаагүй.
Эдийн засагчид нь хэлээд байна шүү дээ?
Үгүй ээ,
тэр бол буруу. Та нар монгол хүн, эх орончид юм бол монгол төгрөгөө хамгаал.
Монгол төгрөгөө хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Би ямар ч байсан төгрөгийнхөө
ханшийг тогтворжуулаад авлаа. Тийм учраас сүүлийн хоёр сарын хугацаанд би
гурван сарын хугацаатай үнэт цаасны худалдаагаа зогсоочихсон. Тэгэнгүүт Төв
банкны үнэт цаасыг худалдаж авч байсан банкууд, хувь хүмүүс Засгийн газрын үнэт
цаасыг худалдан авч эхэлсэн. Сүүлийн үед Төв банкин дээр хуримтлагдаж байсан
тэр их хөрөнгө мөнгө Засгийн газрын өрийн бичиг рүү шилжээд, Засгийн газар бас
асуудлаа шийдчихэж байгаа юм.
Төв
банк бодлогын хүүгээ нэмэнгүүт арилжааны банкууд хүүгээ нэмчихдэг. Эдийн засаг
хүнд байхад зээлийн хүүг улам нэмэгдүүлж, бизнесээ шахаж хавчлаа гээд л
шүүмжилж байна?
Зээлийн
хүү нэмэгдэх нь аргагүй л дээ. Яагаад гэвэл бодлогын хүү өсчихөөр арилжааны банкууд
зээл олгох ёстой мөнгөөрөө ямар ч эрсдэлгүй ТБҮЦ худалдаж аваад эхэлж байгаа
юм. Энэ бол эдийн засагт орох ёстой хөрөнгө мөнгийг тодорхой хэмжээгээр түгжиж
байгаа. Үүнийг бид ойлгож байгаа. Цаашдаа бид тодорхой үе шаттайгаар бодлогын
хүүгээ бууруулна. Манай Монголбанкны Судалгаа, статистикийн газар судалгаа хийж
үзсэн. Төв банкны үнэт цаасны хүү өссөн нь зээлийн хүүг 0.9 пунктээр
нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэх дүгнэлтийг надад танилцуулсан.
Сүүлийн
үед гадны банк оруулж ирэх талаар нэлээн ярих боллоо. Та Төв банкны
Ерөнхийлөгчийн хувьд үүнийг юу гэж бодож байгаа вэ?
Ер нь
гадны банк байгаа шүү дээ, бидэнд. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкны
хувьцааны дийлэнх хувийг United Banking Corporation гэдэг гадаадад бүртгэлтэй
банк эзэмшиж байна. Хас банкны хувьцаа эзэмшигчээр дэлхийн томоохон санхүүгийн
байгууллагууд Европын сэргээн босголт, Хөгжлийн банк, Азийн Хөгжлийн банк гээд
байна. ХААН банкны хувьцааны талаас илүү хувийг Японы хөрөнгө оруулагч эзэмшиж
байна. Гэх мэтчилэн гадны банкууд Монголд ороод ирчихсэн, үйл ажиллагаа явуулж
байгаа гэж хэлж болно.
Таны
хэлж байгаа банкуудын хөрөнгө оруулагчид хувийн хэвшлийн банкууд шүү дээ.
Тэгвэл аль нэг улсын төрийн эзэмшилтэй банкийг оруулж ирэх нь зөв үү, буруу юу?
Эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэх эргэлзээ байна?
Тийм учраас гадаадын банкуудыг Монголд оруулахдаа бид
эхлээд хууль эрх зүйн орчноо цоо шинээр үүсгэн байгуулах ёстой. Хуулиндаа
гадаадын ямар банкийг Монголд ажиллахыг зөвшөөрөхөө тусгаад өгчих ёстой. Үүн
дээр би маш тодорхой байр суурь баримталж байгаа. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж
байгаа арилжааны банкуудын зах зээл рүү гадны банкууд өрсөлдөж орох ёсгүй. Үйл
ажиллагаа явуулбал, цоо шинэ буюу хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа
явуулж болно. Тэгэхээр хөрөнгө оруулалтын банкууд байх ёстой. Хөрөнгө
оруулалтын гэхээр зөвхөн гадны банк байна гэж ойлгож болохгүй. Монголын банкууд
хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулж болно шүү дээ. Тэгэхээр Хөрөнгө
оруулалтын банкны тухай хуулийг УИХ-аар батлах байх. Тэрний дараа хуулийнхаа
хүрээнд асуудлаа ярья гэж бодож байгаа.
Гадны
банкууд оруулж ирлээ гэхэд жишээ нь хадгаламж татахгүй гэж байна. Үүн дээр ямар
та ямар байр суурьтай байгаа вэ?
Би сая
хэлсэн, үндэсний банкуудын хийж байгаа үйл ажиллагаатай хутгалдаж, өрсөлдөх
хэрэггүй. Тухайлбал, хадгаламж авахгүй, хувь хүнд зээл өгөхгүй, хуулийн
этгээдэд хөрөнгө оруулалтын чиглэлээр зээл өг. Олгож байгаа зээлийн хэмжээ
өндөр, хүү нь бага, хугацаа урт байх ёстой. Гэхмэтчилэн зохицуулалтыг хийж
байж, дараа нь асуудлаа ярих ёстой.
Үе
үеийн Төв банкны Ерөнхийлөгч нар өөрсдийн ажиллаж байх хугацаандаа Төв банкинд
болон улсынхаа эдийн засагт тодорхой өөрчлөлт хийхийг зорьдог. Таны хувьд ирэх
зургаан жилд үүнийг
хийчихвэл Н.Баяртсайханы гэсэн тодотголтой болох нь гэх
зүйл байна уу?
Би хүрч
ирээд Монголбанкны таван шинэчлэл гэдэг бодлогыг дэвшүүлсэн. Нэгдүгээрт, Төв
банкны хууль эрх зүйн орчноо шинэчилье. Тухайлбал, Монголбанкны тухай хуулиа
шинэчилье. Банкны тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Валютын
зохицуулалтын тухай хууль, Үндэсний төлбөр тооцооны системийн тухай цоо шинэ
хуультай болъё гэх мэтчилэн. Хууль эрх зүйн орчны шинэчлэл. Хоёрдугаарт, хүний
нөөцийн чиглэлээр маш том шинэчлэл хийе гэж байгаа. Өндөр хөгжилтэй оронд сайн
боловсрол эзэмшиж ирсэн залуучуудаа дэмжих ёстой. Энэ бол миний шинэчлэлийн
хоёр дахь хэсэг. Гуравдугаарт, Төв банкныхаа ажиллах орчин, нөхцөлийг
сайжруулъя. Техник технологийн сүүлийн үеийн ололт, амжилтуудыг нэвтрүүлэх. Мөн
ажиллах арга барилыг ч бас өөрчлөх шаардлага байна. Төв банк гэдэг бол
арилжааны банкуудаа зөвхөн шалгаж, хянаж байх ёстой гэсэн хандлагын талын юм байх шиг
байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, олон нийттэй харилцах харилцааг
шинэчлэх. Би Хэвлэл, мэдээллийн албаа нэлээд хүчирхэг болгож байгаа. Урьдын
адил нуугдмал, хаагдмал байхаа больё, бодлогоо ярьдаг болъё. Хаалтын гэрээ гэж
байгуулаад, хэдэн төгрөг өгөөд өөрсдийгөө магтуулдаг байсныг зогсооно. Бид
хэвлэл, мэдээлэлтэй ажиллана, гэхдээ хамтын ажиллагаа явуулна. Муу, сайн зүйл
байвал илэн далангүй л ярилцъя. Монголбанк нээлттэй ажиллана.
Ярилцсанд баярлалаа.