2019/11/12

Монголбанкны бодлого, үйл ажиллагааны үр дүн

МОНГОЛБАНКНЫ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН

2016 оны 7 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар
Нэг. Эдийн засаг уналтаас өсөлтийн мөчлөгт шилжсэнийг илэрхийлэх макро эдийн засгийн үзүүлэлтийн талаар
Эдийн засгийн гадаад орчин, төсвийн бодлоготой уялдуулан 2016-2017 онд эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого, 2017-2018 онд эдийн засгийг сэргээх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн мөнгөний бодлого, 2019 онд эдийн засгийн өсөлтийг тогворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүллээ. Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд бодлогын хүүг 2016 оны 12 дугаар сараас эхлэн бууруулж, 2018 онд сүүлийн 9 жилийн хамгийн бага түвшинд хүрч буурсан нь зээлийн хүүний бууралт, зээлийн өсөлтөөр дамжин эдийн засгийн өсөлтийг дэмжсэн юм. Эдийн засгийн сэргэлтийг тоон мэдээллээс харвал: 
Бодит эдийн засагт:
  • Уналтын доод үед ДНБ-ий бодит өсөлт 2016 оны 3-р улиралд -6%, 4 улирлын -1.4% байв. Эдийн засагт сэргэлт бий болсноор 2019 оны эхний хагас жилийн байдлаар өсөлт +7.3% болж эрчимжив.
  • Өрхийн бодит орлого 2014 оны I улирлаас 2016 оныг дуустал 12 улирал дараалан агшиж байсан бол 2017 оны I улирлаас хойш сүүлийн 10 улирал дараалан инфляцийг давж бодитоор өслөө.
  • Ажилгүйдлийн түвшин 2016 оны I улиралд 11.6% байсан бол 2018 оны IV улиралд 6.6% болж буурлаа.
Санхүүгийн секторт:
  • Зээл 2015 оны 7-р сараас хойш 11 сарын турш сард дунджаар 5% агшиж байв. Харин 2018 онд банкны салбар 22 их наяд төгрөг, 2019 оны эхний 9 сарын байдлаар 15 их наяд төгрөгийн зээлийг зах зээлд нийлүүлсэн байна. Ингэснээр зээлийн үлдэгдэл 2018 онд 3.6 их наяд төгрөгөөр, 2019 оны эхний 9 сарын байдлаар 1.7 их наяд төгрөгөөр өсөлттэй байна. 
  • Бизнесийн зээлийн өсөлт 2018 оны 2 дугаар улирлаас хойш 6 улирлын турш 2 оронтой тоогоор өсч байгаа нь бизнест дэмжлэг болж байна.
  •  Зээлийн жигнэсэн дундаж хүү 2011 оны 1-р сараас хойш өсч оргил үедээ 2015 оны 11-р сард 20.6% хүрч байсан бол эдийн засаг тогтворжиж, макро эрсдэл буурснаар хүү 2018 оны сүүлээс 2019 оны 9-р сар хүртэл 16.9% орчимд хадгалагдаж байна.
Валютын орох урсгал, валютын нөөц:
  • Валютын нийт нөөц 2012 оны эцсээс буурч 2016 оны 3-р улиралд $1 тэрбум байсан бол 2019 оны 9-р сарын эцэст 3’986 сая ам.долларт хүрлээ.
  • Зээлжих зэрэглэл 2014-2016 онд 3 дараалан унан сөрөг төлөвтэй байсан (Moodys Caa1, Fitch B-, S&P B-). 2018 оноос сайжирч (Moodys B3, Fitch B, S&P B) тогтвортой төлөвт үнэлэгдэж байна.
  • Гадаад худалдааны эргэлт 2016 онд $8.3 тэрбумаас 2018 онд $12.9 тэрбум болж нэмэгдсэн. Экспорт 2015 онд $4.7 тэрбум байсан бол 2018 онд $7 тэрбум болж өссөн байна.
  • ГШХО орох урсгал 2015 онд $64 сая байсан бол 2018 онд $2.2 тэрбумд хүрэв.
Төсөв:
  • Төсөв 2011 оноос хойш алдагдалтай явсан бол 2018 оноос тэнцэл эерэг болов.
  • Татварын орлого 2018 онд 30%, 2019 онд 20% өсөлттэй явна.
  • Шаардлагатай санхүүжилтийн хэмжээ 2016 онд 5.7 их наяд буюу ДНБ-ий 23.9% байсан бол 2019 онд 2.3 их наяд буюу ДНБ-ий 6.3% болж буураад байна.
Инфляци: Улсын хэмжээнд 2016 оны 8-10 сарын хооронд 3 сар дараалан дефляци ажиглагдсан бол эдийн засаг сэргэж, эрэлт нэмэгдсэнээр инфляци зорилтот түвшний орчимд тогтворжиж байна. Хэдийгээр сүүлийн 2 жилийн хугацаанд нийт инфляцийн 40 орчим хувийг хэрэглээний сагсны 20 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг мах, хүнсний ногоо, шатахуун, хатуу түлш зэрэг 3-4 төрлийн бүтээгдэхүүн тайлбарлаж байгаа ч энэ оны эцэст инфляци зориотот 8 хувийн орчим гарахаар хүлээгдэж байна.
Хоёр. Монголбанкны бодлого, үйл ажиллагаанд гарсанөөрчлөлт, шинэчлэл
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монголбанкнаас хийсэн ажлыг авч үзвэл бодлогын реформ хийж ажиллавал богино хугацаанд бодит үр дүнд хүрч болохыг харуулж байна. Эдийн засагт сэргэлт гарч, эдийн засгийн өсөлт 7 хувийг давсан, инфляци зорилтот түвшинд тогтворжсон, зээлийн хүү буурсан гээд олон эерэг өөрчлөлт гараад байна. Бодит үр дүнг дараах 6 агуулгын хүрээнд авч үзье.
2.1.Эдийн засгийг сэргээх, Монгол Улс дефолтоос зайлсхийхэд Засгийн газартай нягт хамтран ажиллаж, үр дүнд хүрч ирлээ.  
 Өнөөдрийн эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдал нь сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн эдийн засгийн оновчтой бодлогын үр дүн юм.
Эдийн засаг 2016 оны 3 дугаар улиралд уналтад орсон үед Засгийн газар, Монголбанк хамтран “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг боловсруулж, УИХ-аар батлуулсан. Энэ хөтөлбөр нь Монгол Улс эдийн засгийн бодлогын хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх шинэчлэлийн бодлогоо танилцуулсан явдал байв. Энэ утгаараа хугацаа тулаад байсан өндөр дүнтэй гадаад өр, төлбөрийг дахин санхүүжүүлж, гадаад өрийн дефолтод орох эрсдэлээс зайлсхийх, ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орж, доноруудаас бага хүүтэй, урт хугацаатай 5.5 тэрбум ам.долларын эх үүсвэр авах нөхцлийн суурь болсон юм.
Монголбанк нь Хөгжлийн банкны болон засгийн газрын гадаад бондын дахин санхүүжилтэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирлээ. Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд Монголбанкнаас хамаарах хэсгийг амжилттай хэрэгжүүлж, зээлжих зэрэглэлийг ахиулах, эдийн засгийн өндөр өсөлтийг бүрдүүлэх, инфляцийг зорилтот түвшний орчим тогтворжуулах, гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах зэрэг бодит үр дүнд хүрч чадлаа.
2.2 Банкны салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэв: Бодлого, үйл ажиллагааны өөрчлөлтийг эрхзүйн шинэчлэлгүйгээр хийх боломжгүй.
Банкны салбарын хууль эрх зүйн орчныг шинэчилж чадлаа. Эдийн засгийн ямар ч салбар ингэж хууль эрх зүйн өөрчлөлтийг хийж чадаагүй. Банкны салбар бол чадлааҮүнийг тэмдэглэж хэлэх ёстой.
Монголбанк 2016 оноос “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр 10 гаруй хуулийн төслийг боловсруулав. Үүнд:
  • Үндэсний төлбөрийн системийн тухай хууль,
  • Банкны салбарын тогтвортой байдлын тухай хуулийг тус тус шинээр санаачлан УИХ-аар батлуулсан бол-     
  • Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт,
  • Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт,
  • Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт,
  • Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар батлуулав.
Үүний зэрэгцээ Активын удирдлагын тухай хуулийн төслийг шинээр боловсруулан, Валют зохицуулалтын тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хууль санаачлагч нарт уламжиллаа. Дараах хуулийн төслийг боловсруулан хууль санаачлагч нарт уламжлахаар ажиллаж байна. Үүнд:
  • Векселийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг тус тус боловсрууллаа.
Монголбанкнаас банк санхүүгийн салбарын харилцагчдын эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулаад байна.
Монголбанк ийнхүү хууль эрх зүйн шинэчлэлийг хийх хүрээнд олон нийтийн эдийн засаг, санхүүгийн мэдлэгийг дэмжих зорилгоор Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа, Санхүүгийн боловсрол, Цахим эринд–Цахим төлбөр тооцоо, Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк зэрэг аянуудыг орон даяар хэрэгжүүллээ.
2.3 Гадаад валютын албан нөөцийг 4 дахин нэмэгдүүлэв: Улс орны тусгаар тогтнолын санхүүгийн баталгаа бол гадаад валютын албан нөөц (ГВАН) юм. Иймд ГВАН-ийг нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж ирлээ.
Монголбанк 2016 онд 1 тэрбум ам.долларт хүрч огцом буураад байсан валютын нөөцийг 2019 оны 9-р сард буюу 3 жилийн дотор 4 дахин нэмэгдүүлж 4 тэрбум ам.долларт хүргэж чадлаа. 2016 оны эхний 3 улиралд гадаад валютын цэвэр нөөц Монголбанкны тодорхойлолтоор -402.5 сая ам.доллар, ОУВС-гийн тодорхойлолтоор -2.75 тэрбум ам.долларт хүрээд байсан бөгөөд төлөгдөх гадаад өр төлбөрүүд хүлээгдэж байсан тул эдийн засаг үндсэндээ дефолтод ороод байв. Монголбанкнаас мөнгөний бодлогыг оновчтой хэрэгжүүлж чадсаны үр дүнд эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэртэй байдлыг хангах замаар нөөц хуримтлагдахад чухал үүрэг гүйцэтгэснээр импортын 9 сарын хэрэгцээг хангах түвшинд хүргэн нэмэгдүүллээ.
Валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк нь “Алт” хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн ажиллаж, алтны салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, алтыг орон нутаг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ хүрээнд алтны сорьцын лабораторийг байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ.  Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч түүхэн амжилтуудыг тогтоосон ба энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.доллараар ГВАН-ийг нэмэгдүүлэв. Мөн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валют худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулж байна. Цаашлаад дотоодын банкуудын гадаад зах зээлээс санхүүжилт татахад дэмжлэг үзүүлж, гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүллээ.
ГВАН нэмэгдсэн нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг сэргээж, улсын эрсдэлийг бууруулж, санхүүгийн дархлааг нэмэгдүүлж, зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөллөө. Тухайлбал, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2018 онд нэмэгдүүлж, Fitch болон S&P агентлагууд 2016 оны хүндрэлийн өмнөх түвшинд хүргэн сайжрууллаа. Монголбанк нь Засгийн газартай хамтран зэрэглэл тогтоогч байгууллагуудад эдийн засаг, гадаад валютын нөөц, санхүүгийн зах зээлд гарч буй эерэг өөрчлөлтүүд, тэдгээрийн суурь шалтгааныг тухай тайлбарлаж, зээлжих зэрэглэлийг сайжруулах чиглэлд нягт хамтран ажиллаж ирлээ.
2.4 Монголбанкны өөрийн хөрөнгө (хуримтлагдсан алдагдал)-ийг 1.5 их наяд төгрөгөөр буурууллаа: Төв банкны санхүүгийн сахилга батыг дээшлүүллээ.
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөг байсан. Алдагдлыг бууруулахгүйгээр банк тогтвортой үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй. Тиймээс алдагдлыг бууруулах чиглэлээр эрчимтэй ажилласан. 2019 оны 3 дугаар улирлын тайлангийн үр дүнгээр алдагдлыг 2 дахин бууруулж 1.5 их наяд төгрөгт хүргэлээ.
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулиар Монголбанкны алдагдлыг Засгийн газар хариуцан хаах ёстой. Гэхдээ засгийн газрын өр өндөр түвшинд хүрээд байгаа энэ цаг үед төв банкны алдагдлыг өрийг нэмэгдүүлэх байдлаар хаах боломж хязгаарлагдмал гэдгийг бүх түвшинд ойлгож, алдагдлыг Монголбанк бие даан бууруулах чиглэлээр ажиллаж ирлээ. Монголбанк алдагдлаа бие даан бууруулж байгаа нь засгийн газарт ирэх өрийн дарамтыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг болж байна. Түүнчлэн төв банкны үйл ажиллагааны бие даасан байдлаа хангахын зэрэгцээ төвийн хүрээнд нийгмийн асуудлуудаа шийдвэрлэх, дунд хугацаанд засгийн газрын өрийн дарамт бага байх орон зайг бүрдүүллээ.
Төв банкны хараат бус байдлын нэг үндсэн тулгуур нь санхүүгийн эрүүл байдал юм. Гэвч Монголбанк 2012-2016 онуудад алдагдалтай ажиллаж ирсэн нь эрсдэлийг нэмэгдүүлээд байв. Эдгээр он жилүүдэд Монголбанк төсвийн шинж чанартай хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжүүлж, гадаад валютын өрийг нэмэгдүүлсэн нь нийтдээ 3 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдалд хүргээд байв.
Харин сүүлийн 3 жил гаруйн хугацаанд Монголбанк улс орныг гадаад валютын өрөнд оруулсан, өнгөрсөн жилүүдийн бодлогын алдааг давтахгүй байх зарчмыг баримтлан ажиллаж ирлээ. Түүнчлэн, гадаад захын тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд санхүүгийн хэрэгслүүдийг шаардлагатай тухай бүр зах зээлийн нөхцөлөөр гэрээ байгуулан, ашиглаж ажиллалаа.
Гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, алдагдалтай санхүүгийн хэлцэл хийхгүй, санхүүгийн сахилга батыг хангаж ажилласны үр дүнд 2017, 2018, 2019 онуудад ашигтай ажиллаж, өөрийн хөрөнгө -3 их наяд төгрөг байсныг 1.5 их наяд төгрөгөөр бууруулж, -1.5 их наяд төгрөгт хүргээд байна. Төв банкны алдагдал ийнхүү буурахад Эрдэнэсийн санд хадгалагдаж буй түүхийн хосгүй үнэт эд зүйлс болон бусад үзмэрт анх удаа олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэсэн нь голлох нөлөө үзүүлэв. Өнөөгийн баримталж буй зарчим, үйл ажиллагааг цаашид хадгалан ажиллавал Монголбанк 2019 болон 2020 онд үргэлжлүүлэн ашигтай ажиллах бөгөөд цаашид Төв банкны өөрийн хөрөнгийг эерэг болгох зорилт тавин ажиллаж байна.
2.5 Банкны салбарын  бүрдүүлэх хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэв: Эрүүл банкны салбар нь эрүүл эдийн засгийн суурь, эрүүл эдийн засаг нь эрүүл нийгмийн суурь юм.
Арилжааны банкуудын эрсдэл даах чадварыг сайжруулах чиглэлээр эрчтэй арга хэмжээ авч ажиллалаа. Эрүүл банк эрүүл эдийн засгийн үндэс. Эрүүл эдийн засаг бол эрүүл нийгмийн үндэс гэсэн зарчмыг гаргаж ажилласан. Банкны салбарт активын чанарын иж бүрэн үнэлгээ хийлээ. Өөрийн хөрөнгийн дутагдлыг нь тодорхойлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх даалгавар өглөө. Өөрийн хөрөнгийг нь нэмэгдүүллээ. Нэмэгдүүлсэн эх үүсвэр дээр нь форензик буюу магадлан шалгах аудит хийлээ. Энэ бол сүүлийн 3 жилд Монгол Улсын банкны салбарт хийгдсэн томоохон шинэчлэл юм.
Авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд эдийн засаг сэргэж, банк санхүүгийн салбарын активын хэмжээ 35.5 их наяд төгрөгт хүрч, 16 хувиар өссөнөөр ДНБ-ний 104.2 хувьд хүрлээ. Банкууд зээл олголтоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөрвөх чадвар өндөртэй активыг хангалттай түвшинд барьж байгаа нь активын зохистой удирдлага, төлбөрийн чадварын эрсдэл даах чадварыг ахиулахад түлхэц болж байна.
Чанаргүй зээлийг бууруулж, түүнд түгжигдсэн хөрөнгийг санхүүгийн зуучлалд оруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж, “Чанаргүй зээлийг бууруулах стратеги”-ийг Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын хамтарсан тушаалаар батлан, хамтран хэрэгжүүлж байна. Мөн Активын удирдлагын компанийн хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн бариулахаар хууль санаачлагчид хүргүүлээд байна.
Сүүлийн жилүүдэд банкууд хэрэглээний зориулалттай зээлийг ихээр олгож, зээлээр санхүүжүүлсэн худалдан авалт нэмэгдэж, өрхүүд өрийн дарамтад орох бодит эрсдэл үүсч эхлэв. Иймд Монголбанкнаас нэг талаас хэрэглээний зээлийн өсөлтийг сааруулах, нөгөө талаас бизнесийн зээлийн өсөлтийг дэмжих зорилгоор хэрэглээний зээлийн хугацааг бууруулах, шаардлагыг чангаруулах макро зохистой бодлого хэрэгжүүлсэн нь тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал, 2017-2018 онд зээлийн өсөлтийн 80 хувийг иргэдийн зээл бүрдүүлж байсан бол 2018-2019 онд энэ үзүүлэлт 58 хувь болж буураад байна.
ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Ази тивд анх удаа Активын чанарын үнэлгээг Европын Төв банкны стандартын дагуу хийлээ. Үүний үр дүнд үндэслэн банкны эрсдэл даах чадварыг сайжруулах чиглэлд хүчин чармайлт гаргасны үр дүнд нийт 10 банк 535.4 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн нь банкны салбарт тогтвортой байдал хадгалагдахад чухал нөлөө үзүүллээ.
2.6 Төлбөрийн системийн шинэчлэлийг хэрэгжүүлж олон улсын түвшинд хүрлээ: Улс орны мөнгөн урсгалын цөм нь тасралтгүй найдвартай төлбөр тооцооны үйл ажиллагаа байдаг.
Монголбанк Төлбөрийн системийн реформын хүрээнд хэд хэдэн томоохон ажлуудыг 2017 оноос хойш хийж, цоо шинэ түвшинд хүргэв. Юун түрүүнд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын төлбөр тооцоонд шинэ хуудас нээгдсэн бөгөөд үүнтэй уялдаж хэд хэдэн журмууд гарлаа. Мөн Төлбөрийн системийн шинэчлэл төслийг хэрэгжүүлснээр Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийг бэхжүүлэх, банк дундын төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор Үндэсний цахим гүйлгээний төвийн барилгыг олон улсын стандартын шаардлага хангасан, орчин үеийн дата төвийн барилгын жишигт нийцүүлэн бариулж эхэллээ. Түүнчлэн Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд дата төвүүдийг шинэчлэх, нууцлал аюулгүй байдлын төвийг байгуулах зэргийг үе шаттай хэрэгжүүлж орон нутаг дахь Үндэсний цахим гүйлгээний төвийн нөөц дата төвийг шинэчиллээ.
Үндэсний цахим гүйлгээний төвийн системээр дамжуулан хийгддэг, иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг банк хоорондын бага дүнтэй гүйлгээний дээд хязгаар 1 сая төгрөг байсныг нэмэгдүүлж  3 сая төгрөг болгон шинэчлэн тогтоолоо. Мөн банк хоорондын бага дүнтэй гүйлгээний системийг сольж, олон улсын стандартад нийцсэн Автомат Клиринг Хаус буюу ACH+ системийг нэвтрүүллээ. ACH+ системийг нэвтрүүлснээр иргэд, аж ахуй нэгжүүд банк хоорондын шилжүүлгийн төлбөр тооцоог бодит цагийн горимоор гүйцэтгэх, ижил төрлийн гүйлгээг багцлах, дебит шилжүүлэг хийх, системийн оролцогчдыг эрсдэлээс хамгаалах зэрэг олон давуу талыг бий болголоо.
Улмаар гүйлгээ дамжуулах хурдыг гурав дахин нэмэгдүүлж, төгрөгтэй адилтгах бэлэн бус төлбөрийн хэрэгсэлд анхны тусгай зөвшөөрлийг олгож, санхүүгийн  байгууллагад  зориулан  цахим орчинд  дамжуулах баримт бичгийн бүрэн бүтэн байдал, үнэн зөвийг баталгаажуулах дижитал технологийг нэвтрүүлэв. Эдгээрийн үр дүнд төлбөр тооцооны үйл ажиллагааны аюулгүй байдлыг нэмэгдүүлж, илүү хялбар хүртээмжтэй болж чадлаа.
Өдгөө олон улсын төв банкуудад хэрэгжиж буй “Intellect Quantum Central Banking” цогц шийдлийг нэвтрүүлэх ажлыг Монголбанк эхлүүллээ. Тус шийдлийг бүрэн нэвтрүүлснээр банкны үйлчилгээ, төрийн үйлчилгээ, мөнгөний бодлого, валютын ханшийн удирдлага, гадаад худалдаа, интернет банкны үйлчилгээ, нөөцийн удирдлага, төсвийн удирдлага гэх мэт хоорондоо нягт уялдаа бүхий удирдлагын модулиудыг нэгтгэх давуу талтай юм. Цаашид Үндэсний ₮ картын соронзон туузыг олон улсын стандартын дагуу чип болон зайнаас унших технологид шилжүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа ба ингэснээр төлбөрийн картын нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах, шинэ дэвшилтэт төлбөрийн үйлчилгээг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Гурав. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/-ын “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй эмцэхэд стратегийн хувьд дутагдалтай улсын жагсаалт”-д Монгол Улс ороход нөлөөлсөн хүчин зүйлс
2019 оны 10 дугаар сарын 13-наас 18-ны өдрүүдэд Франц Улсын Парис хотноо Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/-ын ээлжит хурал болж, тус байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах явцын талаар мэдэгдэл гаргасан билээ.
Ийнхүү мэдэгдэл гаргахдаа Монгол Улсын Үр дүнтэй байдлын тайлангийн үр дүн, ажлын төлөвлөгөөний төслийн талаар хэлэлцээд Монгол Улсад хугацаатай үүрэг даалгавар /action plan/ өгч, стратегийн хувьд дутагдалтай улсын жагсаалт /jurisdictions with strategic deficiencies/-д орсныг өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд ил зарлав.
Энэхүү мэдэгдэлд 2017 оны Харилцан үнэлгээний тайлан батлагдаж, хяналтад оруулснаас хойш Монгол Улс холбогдох хууль, тогтоомж журмыг шинэчилж нэвтрүүлснээр олон ахиц дэвшил гаргасныг онцлон дурдсанаас гадна мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны Үр дүнтэй байдлаа нэмэгдүүлэх, дутагдлаа засаж сайжруулах чиглэлээр Монгол Улс ФАТФ болон АНДББ-тай хамтран ажиллах ажлын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх улс төрийн дээд түвшний хүсэл зоригоо илэрхийлснийг тэмдэглэсэн байна.
Ази, Номхон далайн бүсийн байгууллага /АНДББ/-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд 2007 онд анхны Харилцан үнэлгээг, хоёр дахь Харилцан үнэлгээг хийсэн.
Монгол Улс анхны Харилцан үнэлгээний үр дүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй холбогдуулан 2011 оноос 2014 оны 6 дугаар сарыг хүртэл ФАТФ-ын саарал, хар саарал жагсаалтад байсан бол, Хоёр дахь Харилцан үнэлгээний үр дүнтэй холбогдуулан энэ оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дахин жагсаалтад оров.
3.1. Хоёр дахь Харилцан үнэлгээний талаар:
 Хоёр дахь Харилцан үнэлгээг хийхдээ Монгол Улсын нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилтийг 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөр тасалбар болгон үнэлж, үнэлгээний ажлын үр дүнг 2017 оны 7 дугаар сард Шри Ланка Улсын Коломбо хотод болсон Ази номхон дайлан бүсийн байгууллага (АНДББ)-ын ээлжит жилийн хурлаар баталгаажууллаа.

Харилцан үнэлгээ:
Хоёр дахь Харилцан үнэлгээний онцлог бол ФАТФ-ын “Техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмж”-өөс гадна “Үр дүнтэй байдлыг Шууд хэрэгжилтийн 11 шалгуур үзүүлэлт”- ийн дагуу шалгасан явдал байв. Өөрөөр хэлбэл, 2007 онд Хууль эрх зүйн орчин байгаа эсэхийг үнэлж байсан бол, 2017 онд хууль эрх зүйн орчинг үнэлэхээс гадна хууль тогтоомж бодит байдал дээр хэрэгжиж байгаа эсэхийг 2016.11.04-ний өдрийн байдлаар үнэлэв.
Харилцан үнэлгээний тайланг баталгаажуулав /Коломбо хот, Шри-Ланка/:
Монгол Улс 2016 оны 6 дугаар сард  “Техникийн хэрэгжилт”-ийн тайланг, 2016 оны 9 дүгээр сард “Үр дүнтэй байдал”-ын тайланг тус тус үнэлгээний багт хүргүүлж, үнэлгээний баг газар дээрх шалгалтыг хийхээр 2016 оны 10 дугаар сар болон 2017 оны 5 дугаар сард тус тус Монгол Улсад ирж ажиллан холбогдох байгууллагуудтай уулзалт хийж, тайланг нягтлан баталгаажуулав.

Ингээд 2017 оны 7 дугаар сард Шри Ланка Улсын Коломбо хотод болсон АНДББ-ын жилийн ээлжит хурлаар Монгол Улсын Харилцан үнэлгээний тайланг хэлэлцэж, Монгол Улсыг “Өргөтгөсөн эрчимтэй хяналт / enhanced “expedited” follow-up -д оруулж, ФАТФ-ын “саарал жагсаалт[1]”-д орох эрсдэлтэй байгаа тул 15 сарын /2018 оны 10 дугаар сар хүртэл/ хугацаатай үүрэг даалгавар /action plan/ өгсөн бөгөөд стратегийн хувьд учир дутагдалтай улсын жагсаалт /jurisdictions with strategic deficiencies/-д оруулан нийтэд зарлах арга хэмжээ авахыг хойшлуулж Монгол Улсад хугацаа өгөв.
Ажлын төлөвлөгөөг тохиров /Улаанбаатар хот, Монгол Улс/:
АНДББ-ын үнэлгээчид, ОУВС-ийн зөвлөхүүдтэй хамтран ажлын төлөвлөгөөг тохиров. Үүнтэй холбогдуулан Хамтын ажиллагааны зөвлөл /УЕПГ, ТТАЗЗ, ШЕЗ, ХЗДХЯ, СЯ, ГХЯ, ТЕГ, АТГ, ЦЕГ, УБЕГ, ГЕГ, ТатЕГ, СЗХ, СМА, МБ/ - ийн гишүүн байгууллагуудтай хамтран “Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үр дүнг сайжруулах ажлын төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж, улмаар ЗГ-ын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 327 дугаар тогтоолоор батлуулсан болно.
Энэхүү төлөвлөгөөг Монголбанк дангаар хэрэгжүүлэх эрх хэмжээ хуулиар эрх олгогдоогүй тул ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, Хамтын ажиллагааны зөвлөлийн бүх гишүүн байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжүүлсэн билээ.
Харилцан үнэлгээний тайлантай холбогдуулан гарсан Ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг тайлагнав /Катманду хот, Непал Улс/:
Непал Улсын Катманду хотод 2018 оны 7 дугаар сарын 21-нээс 27 -ны өдрүүдэд болсон Ази, Номхон далайн бүсийн байгууллага /AНДББ/-ийн ээлжит жилийн хуралд Монгол Улсаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан, Монголбанк, СЗХ, СЯ, ХЗДХЯ, УЕПГ, АТГ, ЦЕГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг оролцож, 2017 онд хийсэн Харилцан үнэлгээний тайлангаар өгөгдсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнав.
Энэхүү хурлаас Монгол Улсад өгсөн 15 сарын хугацаа буюу 2018 оны 10 дугаар сард хүргүүлэх 2017 оны Харилцан үнэлгээний тайлангийн мөрөөр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг тайлагнах хугацааг сунгаж, 2019 оны 1 дүгээр сарын 30-ны дотор эцэслэн тайлагнах үүрэг хүлээсэн. Энэхүү хүргүүлэх тайлангаар  Монгол Улс Харилцан үнэлгээний тайлангаар хангалтгүй үнэлэгдсэн зарим техник үзүүлэлтийн үнэлгээг ахиулах хүсэлт гаргах зайлшгүй шаардлагатай болов.
Техник хэрэгжилтийн тайланг /FUR/ хүргүүлэв:
2018 оны 7 дугаар сард Непал Улсын Катманду хотод болсон Ази, Номхон далайн бүсийн байгууллага /AНДББ/-ийн ээлжит жилийн хурлын шийдвэрийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2017 оны Харилцан үнэлгээний тайлангийн мөрөөр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн тайланг хүргүүлж, Харилцан үнэлгээний тайлангаар хангалтгүй үнэлэгдсэн нийт 20 техник үзүүлэлтийн үнэлгээг ахиулах хүсэлт гаргав.
АНДББ-аас хүссэн нэмэлт мэдээллийг 2019 оны 5 дугаар сард хугацаанд нь хүргүүлэв.
Үр дүнтэй байдлын тайланг /POPR/ хүргүүлэв:
Дээр дурдсанчлан 2017 оны Харилцан үнэлгээний онцлог нь хуулийн хэрэгжилтийг үнэлсэн асуудал байсантай холбогдуулан Шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн үнэлгээний үр дүнг сайжруулахаар хийгдсэн ажлын тайланг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг /ОУХАХБ/ -т хүргүүлэв.
ОУХАХБ-ээс хүссэн нэмэлт мэдээллийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөрт багтаан хугацаанд хүргүүлэв.
Харилцан үнэлгээний тайлантай холбогдуулан гарсан Ажлын төлөвлөгөөний техник хэрэгжилтийг АНДББ-ын жилийн ээлжит хурлаар тайлагнав /Канберра хот, Австрали Улс/:
2019 оны 8 дугаар сард Австрали Улсын Канберра хотод зохион байгуулагдсан АНДББ-ийн жилийн ээлжит хурлаар 2017 онд хийсэн Харилцан үнэлгээний мөрөөр Монгол Улсаас 2017-2019 онуудад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх техникийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэн, ФАТФ-ын техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийн 7 зөвлөмжид Нийцсэн /C -7/, 28 зөвлөмжид Дийлэнх нь нийцсэн /LC-28/, 5 зөвлөмжид Хагас нь нийцсэн /PC-5/ гэж үнэлгээг ахиулав. Нийт 16 зөвлөмжийн үнэлгээг ахиулсан бөгөөд хамгийн муу үнэлгээ болох NC буюу Нийцээгүй гэх үнэлгээ байхгүй болов.
Үүний үр дүнд Монгол Улсыг “Техникийн хэрэгжилт”-ийн хувьд Өргөтгөсөн эрчимтэй хяналт /expedited enhanced follow-up/ - аас гарч “Өргөтгөсөн хяналт /enhanced follow-up/-д шилжүүлж хяналтыг сулруулсан байна.
Үр дүнтэй байдлын тайланг АНДББ болон ОУХАХБ-ийн хамтарсан хурлаар хэлэлцүүлэв /Бангкок хот, Тайланд Улс/:
Дээр дурдсанчлан Монгол Улсын Үр дүнтэй байдлын тайланг холбогдох баримт бичгийн хамт АНДББ-д 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, нэмэлт мэдээллийг 2019.09.02-ны өдөр тус тус хүргүүлсэн билээ.
Монгол Улсын Үр дүнтэй байдлын буюу Шууд хэрэгжилтийн үзүүлэлтийг сайжруулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А-92/А-144 тоот хамтарсан тушаалаар манай улсын тайланг боловсруулах, хамгаалах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж, хотод 2019 оны 9 дүгээр сарын 09-нөөс13-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок болсон ОУХАХБ болон АНДББ-ын Хамтарсан бүлгийн хурлаар манай тайланг хэлэлцэв.
Хурлаас манай улсын Үр дүнтэй байдлын үзүүлэлт сайжирсан, тодруулбал Шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс 7 үзүүлэлтэд ахиц гарсан гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн бөгөөд харин 4 үзүүлэлтийн хувьд авсан арга хэмжээг бүрэн хангалттай биш байна гэж үзэв.
Монгол Улс 2017 онд дутагдалтай гэж үнэлэгдсэн чиглэл тус бүрт анхаарлаа хандуулж, АНДББ болон Харилцан үнэлгээний тайланд тулгуурлан боломжит бүх сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлсэн хэдий ч зарим шууд хэрэгжилтийг дүгнэхэд шинээр нөхцөл байдал үүсэв. Тухайлбал шууд хэрэгжилт 7, 8, 11 дээр Монгол улс тохиролцсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлж, сайнаар үнэлүүлсэн боловч бодит үр дүн гаргах, шинээр үүссэн тогтолцоог хэрэгжүүлэх, эрсдэлтэй уялдсан гэмт хэргийн мөрдөн шалгах, яллах ажиллагааг хэрэгжүүлэх гэх зэрэг шинэ нөхцөл байдлыг бий болгон, нэмэлт ажлын төлөвлөгөө гаргасан.
Ингээд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Франц Улсын Парис хотноо Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/-ын ээлжит хурлаар Монгол Улсад хугацаатай үүрэг даалгавар /action plan/ өгч, стратегийн хувьд дутагдалтай улсын жагсаалт /jurisdictions with strategic deficiencies/-д орсныг өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд ил зарлаад байна.
  • Шууд хэрэгжилт 3-тай холбоотойгоор үндсэн 5 шалгуур байв. Үүнээс 3 дээр нь хагас хангасан, 2 дээр нь дийлэнхийг хангасан гэж үзжээ. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч /СББМҮҮ/-дийг МУТСТ хуулинд хамруулах; Санхүүгийн салбарт зохистой этгээдийн зохицуулалтыг бий болгох, СЗХ үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбартай холбоотой зохицуулалтыг бий болгох, Хүрч очих ажил зохион байгуулах, гарын авлага заавраар хангах зэрэг ажлын нэмж хийх зэргээр 3 хагас хангасан шалгууртай холбоотойгоор төлөвлөгөө гаргав. Үндсэндээ СЗХ болон СББМҮҮ-ын    хяналт шалгалтыг сайжруулах, зөрчил дутагдлыг үр дүнтэй илрүүлэхтэй холбогдож байна.
  • Шууд хэрэгжилт 7-той холбоотойгоор үндсэн 2 шалгуураар мэдээлэл авч үнэлсэн. Хамтарсан баг уг 2 шалгуур ажлын биелэлтийг дийлэнхийг хангасан гэж үнэлсэн ч гэсэн шууд хэрэгжилт 7-г сайжруулах, үргэлжлүүлэн ахиц гаргах тухай зөвлөмж, төлөвлөгөө гаргаж, хууль сахиулах байгууллагууд МУТС тэмцэх, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх нөөц бололцоог нэмэгдүүлэх, ЦЕГ, АТГ, ТЕГ авлига, хээл хахууль, татварын гэмт хэрэг, хүрээлэн буй орчны гэмт хэргийн санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд анхаарал хандуулах шаардлагатай байна.
  • Шууд хэрэгжилт 8-тай холбоотойгоор 3 төлөвлөгөөт ажил байсан ба 3 уулаа хэрэгжиж дийлэнхийг хангасан гэж үнэлэгдсэн. ШХ8 ерөнхий ахиц гаргасан гэж үзсэн боловч нэмэлт төлөвлөгөөт ажил гаргав.  Гол шалтгаан нь гаалийн байгууллагын илрүүлж байгаа мэдүүлээгүй болон худлаа мэдүүлсэн бэлэн мөнгө болон хэрэгслийг маш бага байна гэж үзсэн байна. Тиймээс Монгол улс тогтолцоотой болсон боловч илүү үр дүнтэй хэрэгжүүлж үр дүн гаргаж үзүүлэхийг төлөвлөгөөт ажил болгон оруулжээ.
  • Шууд хэрэгжилт 11-тэй холбоотой 2 ажил төлөвлөгдсөн. Энэ 2 ажлыг хэрэгжүүлж, дийлэнхийг хангасан гэсэн үнэлгээ авсан ба нийт үнэлгээ ахиц гаргасан гэж дүгнэсэн. Гэвч нэмэлт төлөвлөгөөг тохирсон. Гол шалтгаан нь шинээр бий болгосон тогтолцоог хэрэгжүүлж, бодитой үр дүн гаргах шаардлагатай гэж үзээд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх /ҮОХЗДС/-тэй тэмцэх чиглэлээр хууль эрх зүйн орчныг бий болгох, энэ төрлийн эрсдэлийг үнэлэх, ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах ажлыг төлөвлөгөөнд тусгав.
Харилцан үнэлгээ хийгдсэн түүхийн хувьд товч дурдахад ийм байна. Энэхүү үйл явцын талаарх мэдээллийг Монголбанк тухай бүр ҮАБЗ, УИХ, ЗГ, СЯ, ХЗДХЯ зэрэг холбогдох байгууллагад авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт яаралтай хүргүүлж, дэмжлэг хүсч байв.
Түүнчлэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн хурлыг 2017- 2019 онуудад нийт 8 удаа, Хамтын ажиллагааны зөвлөлийн хурлыг 2017-2019 онуудад нийт 36 удаа Монголбанк, Монголбанкны дэргэдэх СМА-аас санаачлан зохион байгуулж, хуралдуулжээ.   
Монгол Улс жагсаалтад орсонтой холбогдуулан яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
Нэгдүгээрт, ФАТФ-аас одоо бидэнд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг илтгэх 4 үзүүлэлтээр нийт 6 ажил хийхийг шаардаж байгааг хийж гүйцэтгэх. Үүнд:
  1. СЗХ болон бусад санхүүгийн бус мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчид мэдээлэх үүрэгтэй этгээд тус бүрийн эрсдэлийг үнэлж, уг эрсдэлийн үнэлгээнд суурилан хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тогтоох;  Энэ үүргийн хүрээнд СЗХ, Хуульчдийн холбоо, Нотариатчдын танхим, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт мэдээлэх үүрэгтэй этгээд нэг бүрийн эрсдэлийн үнэлгээг хийж, өндөр эрсдэлтэй гэж үнэлсэн хэсэгтээ газар дээрх хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчил дутгадалд нь хариуцлага тооцох шаардлагатай. Энэ ажилд мэргэшил, арга зүйн зөвөлгөө өгөх үүднээс СМА, МБ, СЯ болон ХЗДХЯ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
  2. СЗХ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй зөрчилд тохирсон, дахин давтан үйлдэхээс сэргийлэхүйц хэмжээний  хариуцлагын арга хэмжээ авч ажиллах; Энэ ажлын хүрээнд СЗХ өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг эргэж шалгах, зарчил дутгадал нь үргэлжилсээр байгаа этгээдүүдэд хариуцлага тооцох ажлыг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай.
  3. Мөнгө угаах арга хэлбэрийн өөр өөр төрлүүдээр мөрдөн шалгах, прокурорын үйл ажиллагаанд ахиц гаргаж харуулах. Хууль сахиулах, мөрдөн шалгах, прокурорын байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлэх, статистик тоо баримтыг нэгтгэн сар сараар гарган бэлтгэх шаардлагатай
  4.  Буруу эсхүл мэдүүлээгүй бэлэн мөнгийг хураасан, битүүмжлэх талаар ахиц гаргах,  зөрчил дутагдалд нь тохирсон, дахин давтан үйлдэхээс сэргийлэхүйц хэмжээний  хариуцлагын арга хэмжээ авч ажиллах;- Гаалийн Ерөнхий газар голлох үүрэгтэй; Гаалийн байгууллага энэ чиглэлийн хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлэх шаардлагатай
  5.  Хоригийн хэрэгжилтээс зайлсхийх боломж гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдааг холбоог сайжруулснаа харуулах; Хамтын ажиллагааны зөвлөлийн хүрээнд мэдээлэл солилцох, хийгдэж байгаа ажлуудын уялдаа холбоог сайжруулах ажлуудыг хийх шаардлагатай
  6. Санхүүгийн байгууллагууд болон Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийн , үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх болон зорилтод санхүүгийн хоригийн хэрэгжүүлэхтэй холбоотой үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, илэрсэн зөрчил дутагдалд нь тохирсон, дахин давтан үйлдэхээс сэргийлэхүйц хэмжээний  хариуцлагын арга хэмжээ авч ажиллах; Энэ үүргийн хүрээнд шинээр батлагдсан Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг тайлбарлан таниулах ажлыг Тагнуулын Ерөнхий газар бүх мэдээлэх үүрэгтэй этгээдийг хамруулан зохион байгуулах, Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам, гарын авлагууд болон хяналт шалгалтын  журмуудад шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг нэн хийх, үүний дараа хяналт шалгалтыг эхлүүлэх, илэрсэн зөрчил дутгадалд хариуцлага тооцох ажлууд хийгдэх шаардлагатай.
Хоёрдугаарт, ФАТФ болон АНДББ-д Монгол Улс цаашид ч бусад улсын адил тогтмол тайлангаа хүргүүлэх үүрэгтэй тул Техник хэрэгжилтийн 40 зөвлөмж, Үр дүнтэй байдлын 11 үзүүлэлтийг хэрэгжүүлэх ажлыг тогтмол мөрдлөгө болгоход анхаарч, хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллах.
Дөрөв. Цаашид анхаарах гол асуудлууд
Глобал эдийн засаг, зах зээлийг даган дунд хугацаанд дотоод эдийн засагт уналтын мөчлөг давхцах эрсдэл өндөр байна. Глобал хүндрэлийн эхний шинж тэмдгүүд ч илэрч эхэллээ. Манай эдийн засаг гадаад нөхцөлөөс өндөр хамааралтай хэвээр байгаа тул дунд хугацаанд төлбөрийн тэнцлээр дамжин хүндрэл орж ирэх нь цаг хугацааны асуудал болоод байна.
Иймд бэлтгэлтэй байх, эдийн засгийн дархлааг бий болгох, хөгжийн асуудлуудаа давхар шийдвэрлэх сорилт бидний өмнө тулгарч байна. Тэр дундаа дотоод, гадаад тэнцвэрийг хадгалахад чиглэсэн макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, бүх секторын түвшинд санхүүгийн нөөцийг хуримтлуулж, эрсдэл даах чадварыг бэхжүүлэх шаардлага өндөр байна.
Эдийн засгийн дунд хугацааны эерэг бус төлөвтэй давхцан хэд хэдэн томоохон сорилт бидний өмнө байна. Үүнд:
2020-2024 онуудад хүлээгдэж буй өндөр дүнтэй гадаад өр төлбөрийн асуудал. Монголбанкны хувьд гэхэд л 2015 онд Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 500 сая ам.долларын дотоод своп хэлцлийн хугацаа 2020 оны 5 дугаар сард дуусна. Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн гэрээ ирэх оны 8 дугаар сард дуусгавар болно. 2021-2024 оны хооронд засгийн газрын Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай бондууын зөвхөн үндсэн төлбөрт 2.9 тэрбум ам.долларын эргэн төлөлт, Хөгжлийн банкны DBM 500, Самурай бондын эргэн төлөлтөд харгалзан 500 сая ам.доллар, 30 тэрбум иений үндсэн төлбөр хүлээгдэж байна. Эдгээрээс гадна 7-8 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр дотоодын банкууд, аж ахуйн нэгжүүдийн өмнө хүлээгдэж байна. Эдгээр өр төлбөр нь манай улсын төлбөрийн тэнцэлд нөлөөлж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлнө. Иймд банкууд, аж ахуйн нэгжийн гадаад өр бидэнд хамаагүй гэж орхилгүй, Монгол Улсын нийт гадаад өрийн удирдлагад одооноос онцгой анхаарч, энэ чиглэлд Монголбанк, Засгийн газар хамтран ажиллах шаардлагатай байна.
ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай дуусгавар болох асуудал. Энэ хөтөлбөр 2020 оны 5 дугаар сарын 24-ны өдөр дуусгавар болно. Энэ хөтөлбөрийг амжилттай дуусгавар болгох хүрээнд банкны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг ОУВС-ийн ажлын хэсэгтэй тохиролцсон. Одоо хэрэгжилтийн ажил хүлээгдэж байна. Энэ удаагийн хөтөлбөр дууссаны дараа дахин ОУВС-ийн хөтөлбөрт орох уу гэдэг асуудалд одооноос бид бодож байх ёстой. Дунд хугацаанд хүлээгдэж буй өндөр дүнтэй гадаад өр төлбөр, түүний дахин санхүүжилтийн асуудал тулгарч буй үед ОУВС болон бусад доноруудын дэмжлэг бидэнд чухал байх болно.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, ФАТФ-ын үнэлгээг шуурхай ахиулах, дараагийн хэлэлцээрт бэлтгэх асуудал. Одоогоор батлагдсан ажлын төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг сайтар хангаж ажилласнаар Монгол Улс жагсаалтаас 2020 ондоо багтан гарна гэж тооцож байна. Гэхдээ дараагийн Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны Харилцан үнэлгээ 2022 онд эхэлж, 2023 онд дуусгавар болно. Шинэ үнэлгээ хийгдэхээс өмнө ФАТФ-ын техникийн 40 зөвлөмж, шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийг бүрэн хангасан байх даалгавар бидний өмнө тавигдана. Иймд 2023 онд хийгдэх үнэлгээг сайн үр дүнтэй гаргах бэлтгэл ажлыг одооноос хийж эхлэх нь чухал байна. Энэ чиглэлээр хамтарсан ажлын хэсэг одооноос байгуулан үргэлжлүүлэн эрчимтэй ажиллах шаардлагатай.
Дунд хугацааны сорилтуудыг амжилттай даван туулах нь УИХ, Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд, аж ахуйн нэгж, байгууллагууд болон өрхүүдийн түвшинд том зорилтын төлөөх зөвшилцөл, хамтын хүчин чармайлтыг шаардана.
Макро эдийн засгийн бодлогын асуудлаар цаашид анхаарах ёстой  цөөн асуудлыг энд  дуръдяа. Үүнд:
  • 2020-2025 онуудад урагшаа харсан, хямралаас зайлсхийсэн, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэсэн дараах бодлого, хөгжлийн стратегийг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байна. Эдийн засгийн  хэт тэлэх бодлогыг дотоод, гадаад өрөөр санхүүжүүлж ирсэн бодлогын алдааг бид давтаж болохгүй. Энэ бодлого нь манай эдийн засгийг ‘Өртэй, эмзэг байдал өндөртэй эдийн засаг’-т хүргээд байна. Цаашдын эдийн засгийн хүндрэлийг бүх түвшинд ‘өрөө нэмж бус, нөөц боломжоо дайчлан’ даван туулах учиртай. Энэ хүрээнд (1) гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийг цаашид үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, (2) төсвийн бодлогын орон зайг бий болгох үүднээс төсвийн алдагдлыг бууруулж, хөрөнгө оруулалтын зардлын үр ашгийг нэмэгдүүлэх, улсын секторын өрийг бууруулах, (3) санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, санхүүгийн зуучлалыг тогтвортой байх, (4) хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, гадаад худалдааны хүндрэл, саадыг арилгах, (5) хэрэгжүүлж, үр дүнд хүрч ирсэн бодлогын тогтвортой байдлыг хангах ёстой.
  • Төв банкны хараат бус, бие даасан байдлыг хангах ёстой. Улсын төсөв, концессын гэрээ, төв банкны санхүүжилт, Хөгжлийн банкны санхүүжилт гэсэн ‘олон давхар’ төсвөөр тэлэх бодлогыг хэрэгжүүлдэг алдааг давтаж болохгүй. Төв банкаар дахин төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлсэн өмнөх алдааг давтвал үүнээс бий болох сөрөг нөлөөг ‘манай эдийн засаг даахгүй’. Гадаад валютын нөөц шавхагдаж, төгрөг үнэ цэнэгүй болж, Монгол Улс дефолтод орох эрсдэлтэй.
  • Банкуудын эрсдэл даах чадварыг сайжруулах, эрүүл чийрэг болгох ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх ёстой.  Банкны салбарт ‘том ачаа’ болж буй чанаргүй активын шийдвэрлэхийн тулд санхүүгийн салбарт хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлж, ‘Чанаргүй зээлийг шийдвэрлэх стратеги’-ийн гол цөм болсон банкны зээл албадан төрүүлэх, зээлийг дахин бүтэцлэх механизмыг нэвтрүүлэх зэрэг зохицуулалтыг холбогдох хуулиудад тусгах. Банкуудын засаглалыг сайжруулах, өмчлөгчдийн төвлөрлийг сааруулах, дотоод хяналтын механизмыг сайжруулах чиглэлд хийх ажил их байна.
МОНГОЛБАНК

2019/11/11

Монголбанкны цогц шинэчлэлийн алхам

МОНГОЛБАНКНЫ ЦОГЦ ШИНЭЧЛЭЛИЙН АЛХАМ
(МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ НАДМИДЫН БАЯРТСАЙХАН: "ШИНЭЧЛЭЛ" НОМНЫ ӨМНӨТГӨЛ ҮГ)
Монголбанкны Ерөнхийлөгч Надмидын Баяртсайхан Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн өнөөгийн төлөв байдал, цаашдын хөгжлийн хандлагыг өргөн хүрээнд авч үзэж, Монголбанкны зүгээс явуулж буй үйл ажиллагааны шинэчлэл, өөрчлөлтий алхмуудыг хөндсөн судалгааны өгүүлэл, нийтлэл, ярилцлагыг багтаасан гурав дахь номыг уншигч Та бүхний анхааралд толилуулж байна. Тэрээр өмнө нь энэ чиглэлээр хоёр боть ном гаргасныг уншигчид мэднэ.
Монгол банк өрнүүн дайчин, эрч хүчтэй, шударга, ил тод ажиллаж буй нь эдгээр номын агуулгаас бэлхнээ харагддаг. Банкны салбар өөрөө олон эрэг шурагтай, маш нарийн механизм, нарийныхаа хэрээр эгзэгтэй, эрсдэлтэй систем болохоор Монголбанкийг удирдаж буй хүний авьяас чадвар, билиг ухаан, зориг тэвчээр, хүч бололцоог дайчлан шавхдаг нүсэр хүнд ажил билээ.
2016 оноос эхлэн Монголбанкнаас явуулсан үйл ажиллагаа, гаргасан шийдвэр, хэрэгжүүлсэн бодлогын ахлмууд үндсэн таван хэсэгт багтдаг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны шинэчлэлийн үйл ажиллагааны хөтөлбөрийг таван чиглэлээр өрнүүлж байна. Цагийн саалтаар энэ салбарын үйл ажиллагааг зохицуулж байсан өмнөх хуулиудыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэн байсан учраас давын өмнө манай орны банк, санхүүгийн тогтолцоонд хууль эрх зүйн шинэчлэлийг эрс хурдацтай эхлүүлсэн билээ. Банкны салбарыг зохицуулах тулгуур хууль болох Төв банкны тухай, Банкны тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Банкны салбарын тогтвортой байдлын тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг санхүүгийн салбарын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн актуудыг шуурхай шинэчлэн Улсын Их Хурлаар энэ хугацаанд батлуулж амжсан юм. Үүнд Монголын парламентад олон удаа гишүүнээр сонгогдон ажилласан, Монгол Улсын эдийн засгийн тулхтай судлаач, эрдэмтэн дотор Н.Баяртсайханы өргөн хүрээтэй мэдлэг чадвар, мэдрэмж, зангараг, туршлага, нэр хүнд чухал нөлөөтэй байсан нь зүйн хэрэг. Хууль эрх зүйн эдгээр шинэчлэл нь манай орны банк санхүүгийн тогтолцоог олон улсын шилдэг туршлага, дэвшилт стандартад нийцүүлэх, төв банкинд сайн засаглалын зарчмыг нэвтрүүлэх, бодлогын шийдвэрийг хамтын зарчмаар гаргадаг болох зүгт том алхам болсон, нэг үгээр хэлбэл банкны салбарт тохиосон том үйл явдал гэж нийтээр хүлээн зөвшөөрдөг.
Монголбанк Олон улсын Валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж чадлаа. Чадлаа гэдэг нь ОУВС-ийн хөтөлбөрт орох олон болзлыг биелүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Монголбанк маш нягт хамтран ажиллаж, шат дараалсан үйл ажиллагаа явуулж, олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм. ОУВС-ийн хөтөлбөрт багтаж орж чадах болов уу яадаг бол? гэсэн түгшүүр олон түмнийг эзэмдэж байсныг бид санаж байгаа. 2016 он бол Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, хүнд байсан цаг үе, олон улсын санхүүгийн байгууллага, донор улс орнуудын дэмжлэггүйгээр өөрт учирсан хүндрэл бэрхшээл, урдаа тулгарсан сорилт шалгуурыг дангаараа даван туулах боломж эрс хомсодсон байсан билээ. Ийм байдлыг Монголбанкны одоогийн  Ерөнхийлөгч тухай бүр нь УИХ, Засгийн газарт шуурхай танилцуулж, зайлшгүй шаардлагатай зоримог шийдвэрийг гаргуулж байлаа. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрэх хэлэлцээр олон сар үргэлжилсэн хэдий ч уг хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх бололцоог бий болгож чадсан. Үүний үр дүнд манай орон сая нэг амсхийж, юутай ч тулгамдсан хүндрэлээс гарах бололцоо бүрдсэн юм. Уг Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бололцоог хангасан, амжилттай хэрэгжүүлэх талаар Монголбанкнаас гаргаж буй хүчин чармайлтыг хэрхэвч дутуу үнэлж болохгүй билээ.
Монголбанкны засаглал, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэлийн зүгт хийж буй алхмууд бол урьд өмнө төдийлөн дуулдаагүй, зоримог шинэтгэл болж байна. Үндсэндээ сахилга сайжирч, үйл ажиллагаа эрс өөр болж буй нь илт мэдэгдэж байгаа билээ. Тоогоор хэлбэл, Монголбанк 2012-2016 онд алдагдалтай ажиллаж, хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөгт хүрээд байсан бол 2017, 2018 онд ашигтай ажилласан байна. 2019 болон 2020 онд энэ байдлаар мөн ашигтай ажиллаж, өөрийн хөрөнгийн үлдэгдлийг эерэг болгох алхмуудыг үргэлжлүүлэн хийсээр байна.
Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг тасралтгүй нэмэгдүүлэхийн төлөө Монголбанкны Ерөнхийлөгч маш хатуу чанд байр суурьтай үйл ажиллагаа явуулдгийг Та бид сайн мэднэ. 2016 онд Монголбанкны гадаад валютын нөөц үнэн хэрэгтээ шавхагдсан байсан, үүнд монголчууд нийтээрээ үүнд санаа зовниж байсан билээ. Харин тэгвэл өнөөдөр буюу сүүлийн хоёр жилд ГВАН-ийг бараг дөрвөн тэрбум долларт хүргэж чадлаа. Ямар их хүчин чармайлт шаардсан ажил өрнүүлж ирснийг Монголбанкны Ерөнхийлөгчийн удаа дараагийн ярилцлага, хэлсэн үг, мэдэгдэл, тайлбараас үзэж болно, тэр тухай энэ номонд багтаж байгаа тул нуршихыг түвдэв. Үр дүн нь гэвэл монголчууд үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгтөө улам бүр итгэх, хүндэтгэх болсон, олон улсын байгууллагууд Монгол Улсын эрсдэлийг бууруулж, зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нааштай нөлөөлсөн гол гол хүчин зүйл болж байна. ГВАН-ийг улам өсгөн нэмэгдүүлэхийг чармайхаас бус, эргүүлээд үрэн таран хийхээс Монголбанкны Ерөнхийлөгч маш сэрэмжлүүлдэг, ГВАН-ийг багасгах нь эдийн засгийн дунд хугацааны төлөв байдалд маш ноцтой эрсдэл бий болгох уршигтайг тэрээр удаа дараа  сануулж байгаа. Ялангуяа, гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр валютын ханш сулрах зах зээлийн нөхцөл бий болсон, үүнээс үүсэж болох сөрөг нөлөө нь харьцангуй удаан үргэлжилж мэдэхээр байгаа өнөө үед интервенцээр ханшийг хүчээр барих нь ГВАН-ийг шавхах аюултайг Монголбанк ямагт анхаарч байгаа билээ.
Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг сэргээж, хуулиар халдашгүй дархан болгож, сан хөмрөгийг түүхийн хосгүй үнэт олдворуудаар баяжуулж байгааг чухалд үзэх учиртай. Өмнөх он жилүүдэд Эрдэнэсийн сан хөмрөгийн хараа хяналт тааруу, үрэн таран хийх нүх сүв ч гарсаар байсан гэдэг.
Монголбанк ил тод ажиллаж буй нь хүмүүст илт мэдэгдэж байгаа. Энэ хэрээр итгэлцэл бэхэждэг байна. Дэлхий дахинаа банкны үйл ажиллагааг нийтэд ил тод байлгах хандлага зонхилох болж байна. Дэлхийн улс орнуудын жишгээр олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх алхмуудыг олон түмэн ч, олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд ч өндөр үнэлж байгаа.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан манай орны эдийн засагт тулгарч болзошгүй сорилтыг ч илэн далангүй хэлж, сануулсаар ирлээ. Тэр дундаа дөрвөн томоохон сорилтыг дахин дахин дурдсаар байгаа. Давын өмнө 2020 оноос Монгол Улс томоохон гадаад өрийг төлж эхэлнэ, 2020-2024 онд 13.3 тэрбум долларын өр төлбөрийг төлнө. Үүнийг гадаад валютын нөөцөөрөө л голдуу төлөхөөс өөр гарц байхгүй тул Монголбанкны Ерөнхийлөгч ГВАН-өө нэмэгдүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргадаг, нэгэнт бий болгосон нөөцдөө ихэд харам ханддагийн учир энэ. Цаашдаа уг нөөцийг  нэмэгдүүлэхэд бүх хүч чармайлтаа дайчилна гэж мэдэгдсээр байгаа билээ.
 Монгол улс олон улсын санхүүгийн байгууллага, донор улс орнууд, гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ чанд биелүүлэх чиглэлээр Монголбанк чармайлт гаргасаар байна. Тэдний өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхэд учирч болох хатуухан сорилтыг даван туулахад бид бүгд бэлэн байх ёстой.
Монголбанк улс орныхоо эдийн засагт гарч буй эерэг нааштай өөрчлөлт болгоныг бататгах, эдийн засгийн өсөлтийг нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй, банкны салбарыг улам хүчирхэг болгох үндсэн чиг үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, ирэх он жилүүдэд угтан тулгарах сорилтуудыг бэрхшээл хүндрэл багатай даван туулахад шаардлагатай бүхий л үйл ажиллагааг эрх бүхий байгууллагуудтай хамтран цаг тухайд нь авч хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсээр байна. Тэр амлалтаа биелүүлэх зориг эрмэлзэл ч хангалттай бий. Төв банкны нээлттэй, ил тод, бие даасан, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримталж, улс орны эдийн засгийн тогтвортой байдал, ирээдүйн өсөлт хөгжлийн тулгуур болсон реформ, шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх ажлыг цаашид үргэлжлүүлэх нөхцөлийг хангах нь эргэлзээгүй.
Бямбажавын ӨВГӨНХҮҮ

2019/11/07

Мөнгөний зохистой бодлогоор тогтвортой эдийн засгийг дэмжинэ

Н.БАЯРТСАЙХАН: МӨНГӨНИЙ ЗОХИСТОЙ БОДЛОГООР ТОГТВОРТОЙ ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИНЭ
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы Төв банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын арга хэлбэр, бодлогын үр дүн, эдийн засгийн цаашдын төлөвийн талаар Форбес Монголиа сэтгүүлийн 2019/08/09-ний 62 дахь дугаарт гарсан ярилцлагыг хүргэж байна.
-Олон улсад төв банкууд “үнийн тогтвортой байдал” гэдэг зорилтод чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж байна. Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлогын арга хэлбэрийн талаарх асуултаар ярилцлагаа эхэлцгээх үү?
Орчин үед төв банкуудын мөнгөний бодлогын үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал буюу нам дор түвшний, хэлбэлзэл багатай инфляци болж байна. Энэ нь эдийн засаг тогтвортой байх нэг суурь бөгөөд, мөнгөний бодлогоор эдийн засагт оруулах гол хувь нэмэр юм. Төв банкууд энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд “инфляцийг онилох бодлого”-ыг хэрэгжүүлдэг. Монголбанк бодлогын арга хэлбэртээ үндсэн элементүүдийг нь нэвтрүүлээд, хэрэгжүүлээд явж байгаа. Үүнд статистик тоон мэдээлэл цуглуулах арга барилаас эхлээд судалгаа шинжилгээний аргачлал, шийдвэр гаргах оновчтой процесс, бодлогын шийдвэрээ зах зээлд оролцогчдод тайлбарлаж хүргэх сувгууд багтдаг. Мөнгөний бодлогын стратегийн хувьд ирээдүйд чиглэсэн, зах зээлийн зарчимд суурилсан, эрэлтийн гаралтай инфляцийг зохистой түвшинд удирдахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд түүхэн хугацаанд Төв банкны зорилтоос хэт дээш эсвэл доош хэлбэлзэж ирсэн инфляци сүүлийн 2 жилд зорилтот түвшний орчимд тогтвортой хадгалагдлаа (Зураг 1). Энэ бол маш чухал үр дүн юм.
Зураг 1. Инфляцийн хэлбэлзэл 2017 оноос буурч, Төв банкны зорилтот түвшний орчимд тогтвортой хадгалагдаж байна
Зах зээлд гажуудал үүсгэж, төлбөрийн тэнцэл дээр том дарамт болж байсан төсвийн шинжтэй үйл ажиллагааг хумьж, үнийн тогтвортой байдалд чиглэсэн бодлогыг Монголбанк олон улсын нийтлэг зарчмаар хэрэгжүүлсний үр дүн ийнхүү илэрч байна. Сүүлийн 10 гаруй жилд дунджаар 10% давж байсан инфляци 8%-ийн орчимд ийнхүү тогтвортой хадгалагдсан нь цаашид инфляцийн зорилтыг алгуур 6% руу буулгах үндэс болох юм. Үүнд мэдээж төсвийн сахилга бат болон валютын урсгалын тогтвортой байдал чухал нөлөөтэй.
-2016 оны сүүлээр эдийн засаг дефляцид ороод байсан. Харин одоо 8% орчмын инфляцийн төлөвт шилжихэд юу нөлөөлөв? Зарим сард үнийн хэлбэлзэл өндөр байгааг хэрхэн тайлбарлах вэ?
Үнэ бол зах зээлийн эдийн засгийн маш чухал индикатор, дохиологч үзүүлэлт юм. Үнийн өөрчлөлт нь нэг талаас иргэдийн худалдан авах чадвар хэр сайн байгааг, нөгөө талаас аж ахуйн нэгжүүдийн борлуулалт ямархуу байгааг илэрхийлдэг. Үүнийг түүхэн хугацаанд олон жишээнээс харж болно. Тухайлбал, эдийн засагт хүндрэл нүүрлээд байсан 2009 он болон 2014-2016 онуудад инфляци буурах хандлагатай байв. 2016 оны сүүл үеэр дефляци үргэлжилсэн сарууд хүртэл ажиглагдсан. Дефляци манай эдийн засгийн хувьд ердийн үзэгдэл биш бөгөөд өрхийн орлого хумигдаж, зах зээл дээр борлуулалт муудаж, үнэ өсөх дарамт бага болсны илрэл юм. Эсрэгээрээ, эдийн засаг хурдтай өссөн 2011-2012 онд инфляци өсөх дарамт өндөр байв. Харин сүүлийн 2 жилд буюу 2017 оны 2 дугаар хагасаас хойш эдийн засаг сэргэснээр дефляциас гарч, инфляци алгуур нэмэгдэн Төв банкны зорилтот түвшинд ойртож ирлээ. Энэ нь унаж явсан эдийн засгийг тогтворжуулж, бодит эдийн засгийг дэмжихэд мөнгөний бодлого үүргээ гүйцэтгэсний илрэл болж байна. 
Харин өнгөрсөн улиралд нийт инфляцийн 30-40% нь мах, бензин, гэр хороололд хэрэглэдэг түлш зэрэг цөөн бараа бүтээгдэхүүний үнийн нийлүүлэлтийн шалтгаантай хурдтай өсөлтөөр тайлбарлагдлаа. Үүнд мөнгөний хатуу бодлогоор хариу үзүүлэх нь нийт эдийн засгийг сааруулах нөлөөтэй тул оновчгүй юм. Мөнгөний бодлого аль нэг бараа бүтээгдэхүүний үнийг тодорхой түвшинд тогтоох бус, үнийн ерөнхий түвшин эдийн засгийн идэвхжилтэй хэрхэн уялдан өөрчлөгдөж байгаад голлон анхаардаг. Нийлүүлэлтийн шалтгаанаар үнэ нь хурдтай өсч, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа бүтээгдэхүүнүүдэд Засгийн газраас зохицуулалт хийж байгаа нь инфляцийн төлөвт эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Үнийн өсөлт үйлдвэрлэлийн хөгжил, зах зээлийн дэд бүтцийн үр ашгаас хамаарч байгаа энэ тохиолдолд мөнгөний бодлогоор биш, харин нийлүүлэлт талын зохицуулалт шаардлагатай.
-Мөнгөний бодлого үнийн динамикт хэрхэн нөлөөлж байна вэ? Мөнгөний бодлогын эдийн засагт нөлөөлөх шилжих механизмын талаар уншигчдад маань тайлбарлаж өгнө үү?
Мөнгөний бодлого эдийн засагт эрэлт талаас нь нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл хэрэглээ, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны идэвхжилд нөлөөлөх замаар нийт эдийн засгийн идэвхжилд нөлөөлдөг гэсэн үг. Ингэхдээ банкны зээл олголт, зээлийн хүү, ханш, хүлээлт, риск аппетит, хөрөнгийн үнэ зэрэг гол сувгуудаар дамжина. Мөнгөний бодлогын шилжих эдгээр гол сувгууд нь Монголд санхүүгийн зах зээл банкинд суурилдаг онцлогтой ихээхэн холбоотой. Иймд санхүүгийн зуучлал хэвийн үргэлжлэх нь мөнгөний бодлогын шилжих механизм үр дүнтэй ажиллахад маш чухал юм. Мөнгөний бодлогын гол хэрэгсэл болох бодлогын хүү нь нийт эдийн засагт нөлөөлдөг, нэлээд хүчтэй хэрэгсэл учраас макро зохистой бодлогын арга хэрэгслийг хослуулж хэрэглэн, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдээр банкны салбарт тухайлсан зарим эрсдэлийг хязгаарлах бодлогыг давхар хэрэгжүүлж байна. Ингэснээр санхүүгийн системд эрсдэл хуримтлуулахгүй байх, мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой юм.  
Үнийн тогтвортой байдалд чиглэсэн мөнгөний бодлогод инфляцийн түвшин зах зээлд оролцогчдын хүлээлт болон үйлдвэрлэлийн зөрүү буюу эдийн засгийн бодит идэвхжил болон потенциаль түвшний зөрүүгээр тодорхойлогдоно гэж үздэг. Энэ нь урт болон богино хугацаанд ялгаатай. Богино хугацаанд эдийн засгийн идэвхжил потенциаль түвшнээсээ хэр өндөр эсвэл бага байхаас үнэ өсөх дарамт ихээхэн шалтгаалдаг. Иймд мөнгөний бодлогоор үйлдвэрлэлийн зөрүүг зохистой түвшинд байлгах нь инфляцийн дарамтгүй эдийн засгийн өсөлтийн суурь болох юм. Мөнгөний бодлогоор аль нэг бараа бүтээгдэхүүний үнийг онилох аргагүй, энэ нь зохистой бодлого биш болох нь эндээс ойлгогдоно. Харин урт хугацаанд бол үйлдвэрлэлийн зөрүү тэг, хүү ханш гээд мөнгөний бодлогын чухал сувгуудыг төв банк шууд удирддаггүй. Иймд хүлээлт инфляцийн түвшинг тодорхойлох гол хүчин зүйл болдог. Урт болон богино хугацааны аль алинд хүлээлтийг удирдах гол хэрэгсэл нь төв банкны олон нийттэй харилцаа учраас Монголбанк нээлттэй, ил тодоор хэрэгжүүлж байгаа бодлогоо зах зээлд оролцогчдод тайлбарлахад ихээхэн анхаарч байна. Түүнчлэн үүнд шаардлагатай санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг түгээхэд чармайлт гарган ажиллаж байна. 
-Нийлүүлэлтийн гаралтай инфляциас гадна эдийн засгийн бүтцээс хамаараад манайд суурь инфляци ч харьцангуй өндөр бөгөөд савлагаатай явж ирсэн. Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллах энэ хугацаанд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын онцлог юу байв?
Эдийн засагт эрэлт эсвэл нийлүүлэлтийн гаралтай шок тогтмол үүсч байдаг. Үүнээс шалтгаалж инфляци дээш доош хэлбэлзлээ ч эрэлтийг удирдах замаар Төв банкны зорилтот түвшинд тогтворжуулах нь мөнгөний бодлогын гол зорилт юм.
2016 оноос хойш Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллахдаа хэрэгжүүлсэн мөнгөний бодлогыг дараах 3 үе шатанд хувааж болно. Эхний ээлжинд эдийн засагт өндөр эрсдэл хуримтлагдаад байсан 2016 оны сүүл - 2017 онд Монголбанк тогтворжуулалтын бодлого хэрэгжүүлж, уналтаас сэргийлэхэд анхаарлаа төвлөрүүлэн Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байв. Энэ зорилт үр дүнтэй болсноор Монгол улс дефолттой нүүр тулах эрсдэлээс зайлсхийн, валютын нөөц нэмэгдэж, зээлжих зэрэглэл дээшилж, эдийн засгийн агшилтаас өсөлтийн замд орсноор инфляци эргээд төв банкны зорилтот түвшинд тогтворжсон. Эдийн засаг тогтворжсоны дараа мөнгөний бодлогоор бодит эдийн засгийг дэмжих нь чухал байв. Иймд инфляцийн зорилттой нийцтэйгээр мөнгөний бодлогыг зөөлрүүлэх шат дараатай алхмууд 2017, 2018 онд хийгдсэн. Үр дүнд нь эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, 2014-16 оны хүндрэлийн үед 12 улирал дараалан агшаад байсан өрхийн бодит орлого өсөлттэй болсон байна (Зураг 2).
Зураг 2. Үнийн түвшний өсөлт нь эдийн засгийн өсөлт, өрхийн бодит орлогын өсөлттэй уялдаж өөрчлөгдөж байна 
Мөн банкны салбараас эдийн засагт нийлүүлэгдэх санхүүжилт нэмэгдэж, зээлийн хүү сүүлийн 8 жилийн доод түвшинд хүрч буурчээ. Харин 2018 оноос эдийн засгийн өсөлт эрчимжиж байсан ч гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдсэн тул цаашдын тогтвортой байдлыг хадгалах, эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх нь чухал байлаа. Энэ үед макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлснээр хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлтийг зохистой  түвшинд хадгалах, банкны балансын долларжилтыг зохистой түвшинд байлгах, банкуудын бизнесийн зээл олгох инсентивийг нэмэгдүүлж дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг хэрэгжүүллээ. Өрхийн өрийн дарамтыг хэт нэмэгдүүлэхгүй байх, бизнесийн хөрөнгө оруулалтыг тогтвортой хадгалах нь цаашдын санхүүгийн тогтвортой байдал болон эдийн засгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой юм.
-АНУ, Хятадын худалдааны зөрчилдөөн дэлхийн эдийн засагт сорилт болж байна. Гадаад орчны эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед эдийн засгийн төлөвийг хэрхэн харж, мөнгөний ямар бодлогыг хэрэгжүүлж байна вэ?
2019 оны хувьд дотоодын эдийн засгийн идэвхжил сайн, зуншлага цаг агаарын хувьд ч таатай, хэдийгээр дэлхийн эдийн засагт эрсдэл нэмэгдэн өсөлт саарч байгаа боловч нүүрс, зэс, алт, ноолуур гээд голлох экспортууд харьцангуй боломжийн түвшинд хадгалагдлаа. Өрхийн бодит орлого үргэлжлэн өсч, төлбөрийн тэнцлийн орох урсгалууд хэвийн, татварын орлогын өсөлтийг дагаад төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардал аль аль нь нэмэгдсэн, бизнесийн зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнээр эдийн засаг тэлэлттэй явна. Иймд хэдийгээр гадаад орчны эрсдэлтэй уялдуулаад бид сүүлийн төсөөллөө бууруулсан ч 2019 оны өсөлт өнгөрсөн жилтэй ойролцоо түвшинд буюу 6-7% орчим байх хүлээлттэй. Ирэх 2020 оны хувьд өсөлт 5-6% орчим байх төсөөлөлтэй байна. Суурь инфляци тогтвортой байгаа тул дунд хугацаанд инфляци зорилтот түвшинд хадгалагдана гэж үзэж байгаа.
Цаашид гадаад орчны таагүй байдал нь экспортын үнэ болон хэмжээ, валютын орох урсгалд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий. Иймд Монголбанк мөнгөний бодлогын зорилтоо эдийн засгийн өсөлтийг улам бүр нэмэгдүүлэх бус харин тогтворжуулах, инфляцийн дарамтгүй өсөлтийг удаан хугацаанд тэнцвэртэй хадгалах горимд шилжүүлээд байна. Гадаад орчны тодорхой бус байдал өндөр үед дотоод эрэлтийг хүчтэй тэлэх нь үнэ болон ханшид дарамт учруулахаас гадна санхүүгийн салбарт эрсдэл хуримтлуулж болзошгүй. Эдийн засаг үргэлж өсөлттэй байхгүй, уналтын цикл хэзээ нэгэн цагт ирнэ. Иймд хожим нь чанга унахгүйн тулд алсын хараатай байж, эдийн засагт одоо шаардлагатай зарим тохиргоог цаг алдалгүй хийх нь зүйтэй юм. Зүйрлэж хэлбэл бартаатай замд хурдаа тохируулж байна гэсэн үг. Монгол улсад түр зуурын өндөр өсөлт бус, дунд урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдал илүү хэрэгтэй.
Мөнгөний бодлогын хувьд цаашид гадаад эрсдэл нэмэгдэж, эдийн засгийн идэвхжилийг санхүүжүүлж буй гол мөнгөн урсгалууд татарсан тохиолдолд хүүн дээр ч, нөөц дээр ч орон зайгаа хадгалж үлдэхийг чухалчилж байна. Түүнчлэн санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх, банкны салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл, реформ үргэлжилнэ. Банкны салбар бизнесийн идэвхжилийг санхүүжүүлэгч гол суваг, мөн өмнө хэлсэнчлэн мөнгөний бодлогын үр дүнтэй байдалд чухал үүрэгтэй тул үйл ажиллагаа нь эрүүл, найдвартай байх нь маш чухал юм.
-Эдийн засаг сэргэж, валютын нөөц 4 дахин нэмэгдсэн ч төгрөгтэй харьцах ам.долларын ханш яагаад буурахгүй байна вэ?
Эдийн засгийн сэргэлтийг дагаад валютын эрэлт ч нэмэгддэг. Эдийн засаг өсөхөд өрхүүдийн хэрэглээ хурдтай тэлэхээс гадна, компани аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа өргөжүүлснээр гаднаас авах бизнесийн үйлчилгээ болон тоног төхөөрөмж нэмэгддэг. Мөн Монголд хөрөнгө оруулсан компаниудын ашигт ажиллагаа сайжирснаар ногдол ашгийн хуваарилалт нэмэгдсэн байна. Валютын гарах урсгал ийнхүү нэмэгдэж байгааг хэрэглээ болон хөрөнгө оруулалтын бараа бүтээгдэхүүний импортын өсөлт, гадагш аяллаар явж буй иргэдийн тоо, Монгол улсаас гарч байгаа тээврийн үйлчилгээний зардал, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ногдол ашиг зэрэг үзүүлэлт харуулна. Мөн Монгол улсын гадаад өрийн хэмжээ өндөр байгаа тул улсын болон хувийн хэвшлийн өрийн үйлчилгээний зардал валютын гарах урсгал дээр багагүй ачааллыг үүсгэх болсон. Иймд хэдийгээр экспорт түүхэн дээд түвшинд хүрч өссөн, ГШХО-ын орох валютын урсгал сайн, хувийн хэвшил олон улсын зах зээлээс татдаг санхүүжилтүүд хэвийн байсан боловч төлбөрийн нийт тэнцэл дээрх дарамт багагүй байсаар байна. Ханшийн хувьд валютын орох, гарах урсгалтай нийцтэй тогтох нь зохистой. Монголбанк огцом савлагааг үүсгэхгүйн тулд валютын захад шаардлагатай тохиолдолд оролцож ажилладаг. Энэ нь импортын барааны үнээр дамжаад инфляцид нөлөөтэйгөөс гадна банкны салбарын гадаад валютын зээлийн чанар, гадаад өрийн тогтвортой байдлаар дамжаад санхүүгийн тогтвортой байдалд чухал. Валютын нөөцийн хувьд цаашид учирч болзошгүй эрсдэлд бэлэн байх, зах зээлд оролцогчдын итгэлийг хадгалахад онцгой үүрэгтэй. Иймд алт тушаалтыг нэмэгдүүлэх, экспортлогч компаниудтай хамтран ажиллах тал дээр Монголбанк идэвхтэй ажиллаж байна.
-Дунд урт хугацаанд эдийн засагт тулгарах гол сорилт ба шийдлийг хэрхэн дүгнэж байна вэ? Төв банкны үүрэг роль ямар байх вэ?
Уул уурхайн салбараас хэт хараат эдийн засгийн эмзэг бүтцийг засах, ажиллах хүчний боловсрол бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, байгаль цаг уурын өөрчлөлтөд бэлэн байх гэх мэт урт хугацааны чухал чухал асуудалд шийдэл олох нь бүх цаг үеийн бодлого тодорхойлогчдод сорилт болсоор ирсэн. Гэтэл түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хөрөнгийн дотогшлох урсгал дээрх эрсдэлүүд, гадаад өрийн эргэн төлөлт зэрэг сорилтууд хүлээгдэж байгаа нь урт хугацааны дээрх чухал асуудалд хангалттай анхаарал төвлөрүүлж, шийдэл хайх боломжийг хязгаарлаж болзошгүй. Иймд УИХ-д өргөн бариад байгаа 2020 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын баримт бичгийн төсөлд дунд хугацааны асуудлуудад шийдлийн эхний алхмууд, авах арга хэмжээг тусгаснаараа онцлог болж байна. Төв банк дангаараа шийдэх аргагүй сорилтуудад хамтын ажиллагаа чухал үүрэгтэй учраас бодлого тодорхойлогч бусад байгууллагууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай ажлууд багтсан. Тухайлбал эдийн засгийн тогтвортой өсөлтийг дунд хугацаанд хадгалах, гадаад өр төлбөрийг шийдвэрлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх, мөнгө угаалт болон терроризмын санхүүжилттэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлийн ажлуудыг онцолж болно. Монголбанк мэдээж хуулиар ногдсон үүргийн хүрээнд инфляцийн дарамтгүй тогтвортой өсөлтийг хангах мөнгөний зохистой бодлого хэрэгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн реформоо үргэлжлүүлнэ. Сорилтууд айсуй цагт цаашид макро бодлогуудын хувьд сахилга бат, тууштай байдал, бодлогын уялдаа чухлаар тавигдах бол компани аж ахуйн нэгжүүдийн хувьд санхүүгээ оновчтой төлөвлөх, иргэдийн хувьд санхүүгийн хуримтлал маш чухал юм. Товчхондоо ирэх жилүүдэд Монгол улс болзошгүй эрсдэлийг давах дархлаатай байж, эдийн засгаа тогтвортой байлгахын тулд улс орон, компани аж ахуйн нэгж, айл өрхөөрөө бэлтгэлтэй, алсын хараатай байх шаардлага тулгарч байна.
Танд баярлалаа!

2019/11/03

Монголбанкны Ерөнхийлөгчийн Монгол Улсын Их Хурлын даргад хүргүүлсэн Захидал

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАД ХҮРГҮҮЛСЭН ЗАХИДАЛ

Улсын Их Хурлын Хүндэт Даргаа,
УИХ-ын чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудал хэлэлцэхээр болж байгааг дөнгөж сая мэдлээ. Төрийн түшээ нар мэргэн оюун ухаандаа тунгаан үзэж гаргах шийдвэрийг миний бие хүлээн авах болно.
Улс орны эдийн засгийн амьдралын амаргүй, хүнд цаг үед Төв банкны Ерөнхийлөгчөөр 3 жил ажилласан хүний хувьд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос оруулан хэлэлцүүлэх Тогтоолын төсөлтэй холбогдуулан зарим зүйлийг түүхэнд үлдэг хэмээн Танд бичгээр хандаж байна.
Нэг. Бидний ой тогтоомж богино байж болохгүй. 2016 онд Монгол Улс дефолтын өмнө зогсож байсан юм. Одоогоос 3 жилийн өмнө эдийн засгийн ямар хүнд байдал нүүрлэж улс орон дампуурлаа зарлахад ойрхон болоод байсныг олон хүн мартжээ. Хэрэв Монгол орны зээлжих эрхийн зэрэглэл “D” болсон тохиолдолд манай улсын хөгжил 10 жилээр ухарна гэдэг дүгнэлтийг Монголбанкны мэргэжлийн судлаачид надад гаргаж өгсөн бөгөөд УИХ, Засгийн газар дээр олон ярьж хэлэлцсэний үр дүнд дефолтоос зайлсхийх, үүний тулд ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх тухай улс төрийн шийдэл гарсан тул Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Хоёр. Олон улсын валютын сантай хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тохирсон бөгөөд энэхүү хөтөлбөрийн банкны салбартай холбоотой хэсгийг Монголбанк хариуцан хэрэгжүүлж байна. Хөтөлбөр амжилттай явагдаж байна. 2017 онд Монголын бүх банкуудад Активын чанарын үнэлгээ хийгдсэн бөгөөд үнэлгээний дүнгээр өөрийн хөрөнгө дутагдалтай гарсан 7 банкинд 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор багтаан хөрөнгө нэмэх даалгавар өгч нэгээс бусад нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Монголбанкнаас өгсөн үүргийг биелүүлэв. Одоо эдгээр банкууд дээр өөрийн хөрөнгө нэмсэн эх үүсвэрт магадлан шалгах аудит хийж түүний мөрөөр авч хэрэгжүүлэх дүгнэлт гаргах ажил ид эхэлж байна.
Гурав. Аливаа орны Төв банк нь мөнгөн тэмдэгт хэвлэн гүйлгээнд оруулах онцгой эрхтэй, энэ эрхийг хэрэгжүүлэгч байгууллагыг хараа хяналтдаа оруулах оролдлого улс орон болгонд өрнөж ирсэн тул Төв банкны бие даасан, хараат бус үйл ажиллагааг хангах зарчим дэлхий даяар мөрдөгддөг.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэл Улсын Их Хурлын дэмжлэгтэйгээр хийгдэж Монголбанкны үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрэв.
Монголбанкны Ерөнхийлөгч дангаар шийддэг байсан олон асуудлыг одоо Захирлуудын зөвлөл, Банкны Хяналт шалгалтын хороо, Мөнгөний бодлогын хороо, Хяналтын зөвлөл гэсэн хуулийн хүрээнд байгуулагдсан бүтцүүд дээр хэлэлцэгдэн олонхоор шийдвэр гаргах боллоо. Монголбанкны Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх нь Монголбанк хэмээх 500 орчим ажилтантай баг, хамт олны үйл ажиллагааг дүгнэх явдал тул асуудалд бодитой хандаж, шударга, үнэн зөв ажиллахыг хүсье. Төв банкны Ерөнхийлөгчийг хугацаанаас өмнө чөлөөлнө гэдэг нь Төв банкны бие даасан, хараат бус байдалд нөлөөлж буй явдал. 1990 оноос хойш Монголбанкны Ерөнхийлөгчөөр 8 хүн ажилласнаас зөвхөн нэг Ерөнхийлөгч л бүрэн эрхийн хугацаагаа дуусгажээ.
Дөрөв. Манай орны эдийн засагт дараах ахиц, нааштай өөрчлөлтүүд гарч байна.
  • Эдийн засгийн өсөлт 7-8 хувьд хүрэв. Ажилгүйдэл буурлаа. Инфляци зорилтот түвшинд хадгалагдаж байна. Иргэдийн амьжиргааны үзүүлэлтүүд дээшилж эхлэв. Зээлийн хүү буурч байна.
  • Монгол Улсын гадаад валютын албан нөөц сүүлийн 2 жилд 4 дахин өсөв. Энэ бол улс орны тусгаар тогтнолын санхүүгийн баталгаа тул цаашид ч нэмэгдүүлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд зааснаар нэг жилийн импорттой тэнцэх хэмжээнд хүргэх учиртай. Тэгээд ч 2020-2024 онд манай улсын төлөх гадаад өр төлбөр 14.3 тэрбум ам.доллар болоод байгаа тул одоо байгаа ГВАН болох 4 тэрбум ам.долларыг хороох бус, харин арвижуулах учиртай.
  • Төв банкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөгт 2016 онд хүрч үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлтэй байсан тул сүүлийн 2 жил алдагдал бууруулах чиглэлээр тууштай ажиллан 1.5 их наядаар буурлаа.
  • Монгол Улсын төлбөрийн систем шинэчлэх далайцтай том ажил өрнөж байна. Дэлхийн шилдэг түвшинд, хэний ч өмнө нүүр бардам байх Үндэсний цахим гүйлгээний систем удахгүй бэлэн болно.
Энэ мэт олон зүйлийг тоочин бичиж болно. Эдгээрт Монголбанкны идэвхтэй оролцоо, үйл ажиллагаа нөлөөлсөн гэдэг эргэлзээгүй. Үүнийг үгүйсгэвээс сүүлийн 2-3 жилд Монголын нийгэмд ажиглагдаж эхэлсэн нааштай, өнгөтэй болгоныг үгүйсгэсэн явдал болно.
Тав. Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал нь Төрийн Мөнгөний бодлого тодорхойлно гэжээ. Монголбанк бол Төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ. Хэрэв мөнгөний бодлого алдаа зөрүүтэй байсан бол бүхнийг Монголбанкинд тохох боломжгүй. Бид Улсын Их Хурлын шийдвэр, даалгаврыг хуулийн хүрээнд даган мөрдөж биелүүлж ирсэн. Харин ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дагуу Монголбанк нь төсвийн шинжтэй үйл ажиллагаа санхүүжүүлэхгүй байх амлалт авсан бөгөөд одоо хэрэгжүүлж буй Ипотекийн хөтөлбөрийг 2020 оноос Засгийн газарт шилжүүлэхээр ажиллаж байна.
Зургаа. Монгол Улс саарал жагсаалтад орох нөхцөл байдал 2015-2016 онд өгсөн үнэлгээнээс шалтгаалан 2016-2017 онд бүрдээд байсан. Харин бид шуурхай ажиллаж, холбогдох үзүүлэлтүүдээ сайжруулж чадсанаар 2018 онд эрчимтэй хяналтад орсон юм.
2019 оны 8 сард Австралийн Канберра хотод хуралдсан Ази-Номхон далайн бүлгийн хурал 10 дугаар сард ФАТФ-ын хурлаар Монголын тайланг хэлэлцсэн бөгөөд манай олон үзүүлэлт наашилж сайжирсныг Олон улсын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн болно. Энэ асуудал нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх байгууллага, цагдаа, тагнуул, прокурор, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, банкууд зэрэг олон байгууллагын хамтын үйл ажиллагаанаас хамаарах бөгөөд үр дагавар нь банкны салбарт шууд илэрч, банкуудын гадаад харилцаа хязгаарлагдаж эхлэх тул Монголбанк эхнээс нь анхааран хөөцөлдөж Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, түүний хамтын ажиллагааны зөвлөлөөр дамжуулан шаардлагатай бүх үйл ажиллагаа, хурал зөвлөгөөний зардлыг санхүүжүүлэн ажиллаж ирлээ. Харин энэхүү хүчин чармайлтыг буруугаар мушгин тайлбарлаж “Саарал жагсаалтад орох нь дан ганц Монголбанкнаас хамаарах мэтээр дүгнэх нь хэт өрөөсгөл юм.
Парисын хурлаас баталсан Монгол Улсын хэрэгжүүлэх нэмэлт ажлын төлөвлөгөөнд Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд, Хууль сахиулах байгууллагууд, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газрын хариуцан хийх ажил чиг үүргийг тусгасан байна.
Долоо. Одоо ханшийн талаар: 2012-2016 онд Монголбанк нийтдээ 7 тэрбум ам.долларын интервенц хийж байж төгрөг ам.долларын ханшийг 2000 төгрөгөөс доош барьж иржээ.
Үр дүнд нь Монгол улс гадаад валютын 4,3 тэрбум долларын албан нөөцөө барж дууссанаас гадна Хятадын Ардын банкинд 1,7 тэрбум ам.долларын өртэй үлдэж, гадаад өр төлбөр нэмэгдсэн байна. 2016 оны 11 дүгээр сарын 11-нд 1 ам.долларын ханш огцом өсөж 2720 төгрөг хүрсэн бөгөөд энэ үед интервенц хийх нөөцгүй шахам болж ГВАН 980 сая ам.доллар болоод байсан юм. Миний бие хэт их интервенц хийх замаар ГВАН хоослох явдлаас татгалзах бодлого явуулж ирлээ. Харин ГВАН нэмэх боломжтой бүх арга замыг эрэлхийлэн ашиглах байр суурь баримтлав. Намайг Монголбанкны Ерөнхийлөгч болохын урд 407 сая ам.доллар Оросын холбооны улс руу шилжин гарч зах зээлд валютын хомсдол үүсээд байсныг хожим нь олж мэдсэн болно. Гэтэл эдийн засагт асар их сул чөлөөтэй мөнгө эргэлдэж байсан юм. Банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 40-60 хувьд хүрээд байв. Иймд мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэхийн хамт макро зохистой бодлогын арга хэмжээ авч эхэлсэн нь үр дүнгээ өгсөн юм. Мөнгөний бодлогын хүү удаан хугацаанд өндөр түвшинд байх нь эдийн засгийн идэвхжилд сөрөг нөлөөлөх тул аажмаар зөөллөх бодлого явууллаа. Эдгээр бодлогын үр дүнд өнөөдөр ам.долларын төгрөгийн ханш 2690 орчим төгрөгийн хэмжээнд тогтворжоод байна. Ер нь валютын ханш бол эдийн засгийн тэнцвэрийг олж хангах, экспортыг дэмжих, импортыг хязгаарлах, ГВАН-ийг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл бөгөөд чөлөөт зарчмаар зэх зээлд тогтох учиртай гэж үздэг.
Найм. Н.Баяртсайхан, миний бие 20 настайдаа Эрхүүгийн УАААДС төгсөн ирж Намын дээд сургуульд эдийн засгийн багш, 30 настайдаа Монгол Улсын анхдугаар Их хурлын гишүүн болсон бөгөөд улс, төрд 37 жил сэтгэл хүч чадлаа дайчлан зүтгэж ирэв. Энэ хугацаанд УИХ-ын гишүүнээр түмэн олны итгэл хүлээн 4 удаа сонгогдож, хэд хэдэн байнгын хорооны даргаар ажиллаж, Монгол Улсын Сангийн сайд, Үйлдвэр-Худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч, Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллалаа. Надад итгэл, хариуцлага хүлээлгэн төр улсад зүтгүүлсэн Монголын ард түмэндээ гүнээ ёсолж хөгжил дэвшил, амгалан тайван амьдралыг хүсэн ерөөе. Сайн сайхан үйлс дэлгэрэн бадарч явах болтугай. Улсын Их Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЭДИЙН ЗАСГИЙН
УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Н.БАЯРТСАЙХАН