2019/02/27

2019 онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ

2019 ОНД ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ ҮРГЭЛЖИЛНЭ
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай эдийн засгийн сэргэлт, цаашдын сорилтын талаар ярилцлаа.
- Үндэсний статистикийн хорооноос эдийн засгийн өсөлт 2018 онд идэвхжиж 6.9% хүрснийг зарласан нь сүүлийн 4 жилийн дээд үзүүлэлт боллоо. Эдийн засгийн өнөөгийн байдал, Монголбанкны оруулсан хувь нэмрийн талаар ярилцлагаа эхэлцгээе.
Монголбанк нэг талаас эдийн засагт итгэх итгэлийг сэргээх, нөгөө талаас санхүүгийн зуучлалыг хэвийн байлгахад чиглэж ажилласнаар эдийн засгийн сэргэлтийн таатай хөрсийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан гэж хэлж болно. Эдийн засаг IV улиралд идэвхэжсэнээр ДНБ-ийн өсөлт бидний төсөөллөөс давлаа. Энэ үед инфляци 8% орчимд хадгалагдаж байгаа нь Төв банкны зорилтот түвшинтэй нийцтэй байна. Бид өнгөрсөн 2016, 2017 онуудад макро эдийн засгийг тогтворжуулж, тулгараад байсан хүндрэлүүдийг богино хугацаанд хохирол багатай даван туулахад гол анхаарлаа хандуулсан. Бодлогын шинэчлэлүүд, олон улсын байгууллагууд болон донор орнуудтай хамтын ажиллагаа үр дүнтэй явж ирснийг энд онцлох нь зүйтэй. Эдийн засагт оролцогчдын итгэлийг сэргээх, зээлжих зэрэглэлийг сайжруулах, гадаад өр төлбөрүүдийг дахин санхүүжүүлж, өсөлт бий болох таатай орчныг бүрдүүлэхэд эдгээр алхам чухал байв. Харин 2018 оны хувьд, эдийн засгийн сэргэлтийн жил бoллоо. Бизнесийн үйл ажиллагаа ийнхүү идэвхжиж, эдийн засагт тэлэлт явагдахад өөдрөг хүлээлт, итгэлээс гадна бодит мөнгөн санхүүжилт шаардлагатай. Үүнд банкны салбарын зээлийн өсөлтөөр санхүүжсэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, зээлийн өсөлт 20% давж, сар тутам банкны салбараас 2 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт эдийн засагт хэвийн нийлүүлэгдэж байгаа нь Төв банкнаас хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, банк санхүүгийн салбарыг шинэчлэх реформууд үр дүнд хүрч байгаагийн нэг илрэл юм. Санхүүжилтийн өртөг ч харьцангуй таатай болж, зээлийн жигнэсэн дундаж хүү сүүлийн 1 жил гаруйн хугацаанд 3 пункт орчмоор буурч 2018 оны эцэст 16.9% болоод байна. Үүнтэй зэрэгцээд экспорт 7 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд түвшинд, ГШХО гэхэд 1.9 тэрбум ам долларт хүрсэн нь өсөлтөд томоохон түлхэц үзүүллээ.
- 2015-2016 онууд, 2017 оны эхэн үе бол Монголын эдийн засгийн хувьд хүндхэн жилүүд байсан. Та Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдоод юунд анхаарч ажилласан бэ?
Эдийн засагт тулгараад байсан сорилт хүндрэлүүдийг даван туулахад Төв банкны оролцоо чухал байсан бөгөөд 5 гол ажлыг онцлох нь зүйтэй. Нэгдүгээрт, банкны салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл. Эдийн засгийн уналтаас гарахын тулд банкны салбарт томоохон реформ хийх зайлшгүй шаардлагатай байв. Ер нь аливаа реформ хууль эрх зүйн орчны шинэчлэлээс эхэлдэг. Иймд салбарыг зохицуулж ирсэн гол хуулиуд зарим нь анх батлагдсанаас хойш 10-20 жил өнгөрч, цаг үеийн шаардлагад нийцэхгүй болсон тул зайлшгүй шинэчлэх цаг нь болсон байв. Энэ нь нийт 10 гаруй хуулийг багтаасан өргөн цар хүрээтэй ажил бөгөөд санхүүгийн салбарын тулгуур хуулиуд шинэчлэгдэж, Төв банк болон арилжааны банкны үйл ажиллагаанд мөрдөгддөг дүрэм журам шат дараатай сайжраад явж байна. Хоёрдугаарт, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд оролцсон оролцоог нэрлэж болно. Төсөв, мөнгөний бодлогын орон зай шавхагдаж, гадаад өр төлбөрүүдийн эргэн төлөх хугацаа тулж, зах зээл дээрх итгэл унан, ханшийн савлагаа нэмэгдэн санхүүгийн тогтвортой байдал, макро тогтвортой байдалд эрсдэл учрах нөхцөл байдал үүсээд байсан үед энэ хөтөлбөр зайлшгүй байв. Амжилттай хэрэгжүүлэхийн тулд олон хүний хүч хөдөлмөр, уйгагүй зүтгэл шаардагдсаныг онцлох нь зүйтэй. Хөтөлбөрийг дуустал нь үргэлжлүүлж, амласнаа биелүүлэх нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, зах зээлд оролцогчдын итгэлийг хадгалахад чухал юм. Гуравдугаарт, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч $3.5 тэрбумд хүргэж 3 дахин нэмэгдүүлэхэд Монголбанк чухал үүрэг гүйцэтгэсэн. Дөрөвдүгээрт, Төв банкны санхүүгийн байдлыг сайжруулах чиглэлд хийсэн ажлуудын үр дүнд он дараалан өндөр алдагдалтай явж ирсэн санхүүгийн тайлан сүүлийн 2 жил эерэг дүнтэй, хуримтлагдсан алдагдал буурч, өөрийн хөрөнгө нэмэгдэж байна. Мөнгөний бодлогод итгэх итгэлийг хадгалахад Төв банк санхүүгийн байдлаа эрүүл байлгах ёстой. Түүнчлэн, Монголбанкны хүний нөөцийг чадавхжуулах, ажиллах орчныг сайжруулахад мөн анхаарч ажиллалаа. Төв банкны ажил хэр сайн байхаас макро эдийн засгийн тогтвортой байдал ихээхэн хамаарна. Харин Монголбанкны ажлын чанар ажилтнуудын ур чадвар, ажиллах орчноос шууд шалтгаална.
-Гэхдээ Таныг Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд 1%-2% байсан инфляци 8% давж өссөн гэдэг дайралт шүүмжлэлүүд цөөнгүй байна. Хэдийгээр эдийн засаг өссөн ч Төв банк үндсэн зорилтоо биелүүлж чадсангүй гэдэгт ямар тайлбар өгөх вэ?
Санал шүүмжлэл мэдээж байж болно, гагцхүү үнэн зөв дүгнэлтүүд байх нь чухал болов уу. Монголбанкны хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээг олон улсын байгууллагууд, зээлжих зэрэглэл тогтоогчид, мэргэжлийн шинжээчид арай өөр байр сууриас дүгнэдэг. Инфляцийн хувьд, хэт нам дор түвшинд орох нь манайх шиг хөгжиж буй орны эдийн засаг царцанги байдалд орсны илрэл болдог гэдгийг анхаарах нь зүйтэй. Эдийн засгийн бүтэц, дэд бүтцийн хөгжил, цаг уурын онцлог, орлогын түвшин, хэрэглэх зан төлөв гээд үнэд нөлөөлдөг суурь шалтгаануудыг аваад үзэхээр Монголд өндөр хөгжсөн орнуудын нэгэн адилаар инфляци 1-2% орчимд хадгалагдах нөхцөл хараахан бүрдээгүй. Гэтэл 2016 оны III болон IV улиралд үнэ хэт нам дор түвшинд орж, бүр дефляци ажиглагдсан нь эдийн засаг агшиж байсны нэг шинж тэмдэг байв. Өөрөөр хэлбэл, тухайн үед өрхийн орлого 12 улирал дараалан буурахын зэрэгцээ банкууд зээлээ хумьж зах зээл дээр мөнгө хомстож 
байсан тул худалдан авалт саарсан илрэл болж үнэ зогсонги байдалд орсон гэсэн үг. Харин 2018 оны хувьд эдийн засгийн идэвхжлийг дагаад дотоод эрэлт нэмэгдэн, энэ нь үнийн өсөлтийн тодорхой хэсгийг бүрдүүлж буй. Тухайлбал сар бүрийн инфляцийн 30%-40% нь эрэлтийн шинж чанартай хүчин зүйл болоод байна. Харин үлдсэн хэсэг нь эдийн засгийн идэвхжилтэй шууд холбоогүй нийлүүлэлтийн шинж чанартай зүйлсээс шалтгаалж байна. Монголбанк мэдээж инфляцийн өрнөлийг нарийвчлан шинжилж, цаашдын төлөв нь дунд хугацаанд Төв банкны зорилтот түвшин 8%-д нийцтэй байхаар мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, бодит эдийн засгийн идэвхжлийг дэмжиж байна.
-Тэгвэл ам.доллартай харьцах төгрөгийн ханш 2000-аас 2600 болж унасанд Монголбакны Ерөнхийлөгч хариуцлага хүлээ гэдэг хэр үндэслэлтэй вэ?
Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал ямар байсныг эргээд нэг санацгаая. 2016 оны 2-р хагаст төгрөгийн ханш огцом суларч, 20% гаруй хувь унаснаар хамгийн хурдтай суларсан валютуудын нэг болж байв. Энэ бол 2011 оноос хойш төсөв сахилга батгүй явж ирснээр ямар ч орон зайгүй, 2012 оноос хойш өрийн удирдлага тааруу явж ирснээр гадаад өр төлбөрүүдийн эргэн төлөлт тодорхой бус, төлбөрийн тэнцэл дээр өндөр алдагдалтай явж ирснээр валютын нөөц шавхагдаж, зах зээл дээр итгэл унасны шууд үр дүн байв. Төгрөгт итгэх итгэл унаснаар ханшийн хямралд хүрэх, валютын зээлүүд хурдтай чанаргүйдэж банк санхүүгийн тогтвортой байдал алдагдах, гадаад өр дээрээ дефолт зарлахад ойрхон ийм л хямралын дүр зурагтай эдийн засгийг хүлээж авсан шүү дээ. Үүнээс бид 2 том сургамжийг авах ёстой. Юуны өмнө, төсөв сахилга баттай байж өрийн удирдлага чухал гэдэг нэг том сургамж юм. Хоёрдугаарт, Төв банк төсвийн шинжтэй хөтөлбөрүүдэд их хэмжээний төгрөгийн нийлүүлэлт хийснээр төлбөрийн тэнцэл дээрх өндөр дарамтыг үүсгэж, валютын нөөцөө шавхаад өрөөр бүрдүүлэх ёсгүй гэдэг зүйл юм. Харин өнөөдөр валютын нөөцөө нэмэгдүүлээд, өр төлбөрүүдээ дахин санхүүжүүлж хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээд, банк санхүүгийн тогтолцоогоо эрүүлжүүлсэн үр дүнд хүрээд байна. Үүний тулд ипотекийн зээл зэрэг Монголбанкнаас их хэмжээгээр төгрөг нийлүүлж санхүүжүүлснээр ханшид дарамт учруулж байсан хөтөлбөрүүдэд хязгаар тавих, банкны системийг активын чанарын үнэлгээ буюу эрүүл мэндийн бүрэн үзлэгт олон улсын стандартын дагуу оруулж өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, Төв банк болон Банкны тухай хууль гэх мэт чухал хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж Төв банкны сайн засаглал, хараат бус байдал, шийдвэр гаргалт, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулаад байна.
-Хэдийгээр валютын нөөц $3.5 тэрбум хүрсэн боловч 2018 онд төгрөг ам.долларын эсрэг 8.9% суларчихлаа шүү дээ. Энэ юутай холбоотой вэ?
Валютын нөөц 1 тэрбум ам.доллар, түүнийгээ гадаад зээлээр бүрдүүлж байсан үетэй харьцуулахад одоо үнийн тогтвортой байдал болон санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулах огцом савлагааг үүсгэхгүй байх нөөцийг хуримтлуулаад байна. 2018 оны хувьд, Холбооны нөөцийн банк 4 удаа хүүгээ нэмсэн, хөгжиж буй орнуудаас гарах валютын урсгал нэмэгдсэн зэрэг нийтлэг шалтгаанаар улс орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг сулрах хандлага ажиглагдлаа. 140 гаруй орныг хамарсан энэ процесс Америк-Хятадын худалдааны маргаан гүнзгийрэхтэй зэрэгцээд оны 2-р хагаст эрчимтэй үргэлжилсэн бөгөөд Австрали доллар 10.8%, Канад доллар 8.5%, Хятадын юань 5.7% тус тус суларсан байна. Манай дотоод валютын захын хувьд, оны эхний хагаст харьцангуй тогтвортой байсан бол 2 дугаар хагаст ханш сулрах дарамт ихэссэн. Үүнд нэг талаас эдийн засгийн сэргэлттэй холбоотой валютын бодит эрэлт нэмэгдсэн нь нөлөөллөө. Барааны импорт гэхэд 2016 оны 3.5 тэрбум ам.доллар байсан бол 2018 онд бараг 6 тэрбум ам.долларт хүрч өсөөд байна. Үйлчилгээний импорт ч эрс нэмэгдэж, тээврийн зардалд 810 сая ам.доллар төлсөн байна, аялал жуулчлалаар гадагш явах хүн нэмэгдэж жилдээ 700 гаруй сая ам.доллар зарцуулдаг болсон байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ашигт ажиллагаа сайжирснаар хөрөнгө оруулалтын ногдол ашиг хэлбэрээр гадагшлах урсгал өссөнөөс гадна Чингис, Димсам бондуудын өр төлбөрүүд хийгдлээ. Харин нөгөө талаас экспортын тээвэрлэлт дээр гацаа үүссэн, улс төрд тогтворгүй байдал үүсэх вий гэсэн болгоомжлол нэмэгдсэн зэрэг шалтгаанаар зах зээл дээр савлагаа нэмэгдсэн. Хэдийгээр төлбөрийн нийт тэнцэл оны ихэнх саруудад алдагдалтай явсан ч, алдагдлын хэмжээ харьцангуй бага тул огцом савлагаа үүсгэхээр эдийн засгийн суурь шалтгаан үгүй. Иймд зах зээлийг тогтворжуулахад чиглэн Монголбанк бодлогын хүү, интервенцээс гадна мэдэгдэл, нээлттэй захиагаар дамжуулан бодит мэдээллийг зах зээлд түгээх, мэдээллийн тэгш бус байдлаас үүдэлтэй зах зээл дээрх савлагааг бууруулах чиглэлээр арга хэмжээг авсан. Интервенци л гэхэд 2018 онд 1.2 тэрбум ам.долларыг валютын захад нийлүүлснээс, ханшийн савлагаа ихэссэн 11, 12-р саруудад 485 сая ам.доллар нийлүүлсэн байна. Өнгөрсөн 2 жилд валютын нөөцийг нэмэгдүүлсэн нь энэ боломжийг олгосон бөгөөд цаашид ч огцом савлагаа үүсгэхгүй байх баталгаа болж байгаа. 2020 оноос цааш гадаад өр төлбөрүүд хүлээгдэж буй үед бид эргээд 2016 оны нөхцөл байдалд орохгүйн тулд нөөцөө үргэлжлүүлэн нэмэгдүүлэх шаардлагатай.     
-Эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өндөр өсөлттэй байгаа ч иргэдэд төдийлөн мэдрэгдэхгүй хүртээмж багатай байна гэж их яригддаг. Яавал өсөлтийн үр шим илүү хүртээмжтэй байх вэ?
Эдийн засаг уналтай үетэй харьцуулахад өсөлттэй үед үр өгөөжийг нь иргэд улсын төсвийн зарцуулалтаар, тухайлбал эмнэлэг, сургууль, зам дэд бүтэц болон бусад нийтийн бараа үйлчилгээгээр дамжуулж шууд бусаар хүртдэг. Харин шууд цалин орлогын өсөлтөөр хэр зэрэг мэдэрч байна вэ гэдэг чухал асуудал юм. Эдийн засгийн өсөлт хүртээмжтэй байхын тулд өсөлтийн ард хэр их баялаг бий болсон бэ, түүнийг хэрхэн бүтээсэн бэ гэдэг 2 зүйлийг задалж ярих шаардлагатай. Нэгдүгээрт, жишээ нь өнгөрсөн 1 жилийн хугацаанд нэрлэсэн дүнгээр 28 их наяд төгрөгийн хэмжээтэй байсан эдийн засаг маань 32 их наяд болж 15% буюу 4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтөөс үнэ ханшийн нөлөөг цэвэрлээд, 3 сая хүн амдаа хуваагаад үзвэл тийм ч их мөнгө биш болно. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хэмжээ маань өөрөө харьцангуй жижиг тул бага сууринаас өндөр өсөлт тооцогдлоо ч, бий болж буй өсөлт дорвитой том биш байна гэсэн үг. Харин нөгөө талаар, энэхүү өсөлтийг бий болгоход цөөн хэдэн салбар өндөр өсөлттэй, гол үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал, уул уурхай болон боловсруулах үйлдвэрлэл зэрэг салбаруудыг онцолж болно. Иймд өсөлтийг хэр олон хүн бүтээж, хэрхэн оролцож байгаагаас шалтгаалаад үр өгөөж нь харилцан адилгүй хуваарилагдаж байна гэсэн үг. Эндээс дүгнэхэд, эхний ээлжид өсөлт өөрөө аль болох тогтвортой байх ёстой гэдэг нь харагдаж байна. Ингэснээр эдийн засгийн суурь өөрөө тогтвортой тэлж, илүү олон хүнд хүртэх хэмжээний өсөлтийг бий болгох потенциалтай болно гэсэн үг. Тэгээд мэдээж өсөлтийг бий болгоход шууд гар биеэр оролцох чадвартай хүмүүсийн тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал чухал. Энэ нь цаанаа боловсрол, бүтээмж, эдийн засгийн төрөлжилттэй уялдах асуудал юм. 
-Эдийн засгийн цаашдын төлөвийн талаар ярилцъя. Дэлхийн эдийн засагт ч тэр, дотоодын орчинд ч тэр “Эрсдэл”, “Сорилт”, “Тодорхой бус байдал” гэх зэрэг түлхүүр үгсийг онцлох боллоо. Энэ нөхцөлд Монголбанк хэрхэн ажиллах вэ?
Ерөнхий дүр зургаараа өнгөрсөн 2018 онд макро эдийн засаг нэлээд сайн гүйцэтгэлтэй жил байсан бол 2019 онд сэргэлт үргэлжилнэ гэж харж байгаа. Экспортын орлого, ГШХО, банкны салбарын зээлийн нийлүүлэлт, төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтууд зэргээс харахад эдийн засгийн идэвхжил хадгалагдах болов уу. Хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспортын гүйцэтгэл сайн байх төлөвтэй байна. Сорилтууд бий ч тэдгээрийг хэрхэн даван туулах вэ, гэдгээс их зүйл хамаарна. Монголын эдийн засаг эмзэг бүтцээсээ болоод үргэлж л сорилт дунд явж ирснийг онцлох нь зүйтэй. Иймд 2019 он бол эрсдэлд давхар бэлдэх жил байх болно. Бид өнгөрсөн 2 жилд өрийн хямрал, ханшийн хямрал, банк санхүүгийн хямрал гэсэн гурвалсан хямралаас холдож, эдийн засгаа тогтворжуулаад сэргэлтийн замд нь орууллаа. Харин одоо 2020 он гараад хүлээгдэж буй гадаад өр төлбөрүүд, дэлхийн эдийн засгийн удаашрал ба худалдааны маргаантай холбоотой тодорхой бус байдлууд сорилт болж байна. Энэ үед Төв банкны хийх ажил маш тодорхой юм. Нэгдүгээрт бид банк санхүүгийн системийг эрүүл найдвартай, хүчирхэг болгоход гол анхаарлаа хандуулж эхлүүлсэн реформоо тууштай үргэлжлүүлэх болно. Санхүүгийн систем эрүүл найдвартай, санхүүгийн зуучлал хэвийн явагдсанаар эдийн засагт санхүүжилтүүд, хувийн хөрөнгө оруулалтууд хэвийн үргэлжлэх гол нөхцөл болно. Үүний тулд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлж эхэлснээс гадна, макро зохистой бодлогыг хэрэгжүүлснээр долларжилт, хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлтөөс үүдэж ирээдүйд санхүүгийн секторт эрсдэл хуримтлуулахгүй байх арга хэмжээнүүдийг аваад байна. Банкны салбарт шаардлагатай бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг ч авах болно. Түүнчлэн валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой юм. Энэ нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах, дефолтын эрсдэлд орохгүй байх, ханшийн огцом савлагаанаас сэргийлэх гол баталгаа болно. Мөнгөний бодлогын хувьд зах зээлийн зарчмаар олон улсын жишгээр үргэлжлүүлэн хэрэгжүүлж, үнийн тогтвортой байдлыг хадгалж, инфляцийн дарамтгүй өсөлтийн орчныг бүрдүүлэх замаар эдийн засагтаа хувь нэмэр оруулна. Олон улсын байгууллагууд, донор орнууд, зээлжих зэрэглэл тогтоогчид, мэргэжлийн шинжээчид, хөрөнгө оруулагчийн хэний ч нүдээр харсан мөнгөний бодлогыг хариуцлагатай, зохистой хэрэгжүүлэх нь маш чухал. Иймд бодлогын шийдвэрийн үндэслэл болдог тооцоолол судалгаа, хамтын зарчмаар шийдвэр гаргах процесс, гаргасан шийдвэрээ зах зээлд хүргэх арга хэлбэрээ олон улсын сайн жишигт нийцүүлэхэд анхаарч байна. Ингэснээр Төв банкны бодлого шийдвэр нээлттэй ил тод, хариуцлагатай байх үндэс болно.
Бидэнтэй ярилцсанд баярлалаа!

2019/02/22

ТинкБанк 2019-Мөнгө, санхүүгийн орчин” хэлэлцүүлгийн нээлтийн үг


“ТИНКБАНК 2019-МӨНГӨ, САНХҮҮГИЙН ОРЧИН” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАНЫ ХЭЛСЭН ҮГ

Улсын Их Хурлын хүндэт дарга, Эрхэм гишүүд, эрдэмтэн, судлаач нараа!

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо болон Монголбанкнаас хамтран зохион байгуулж байгаа ТинкБанк 2019-Мөнгө, санхүүгийн орчин” сэдэвт хэлэлцүүлэгт бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган  мэндчилье.

Энэ онд Монголбанк үүсгэн байгуулагдсаны 95 жил тохиолдож буй энэ ойд зориулан бид цуврал эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж дөрөв дүгээр сард эдийн засгийн томоохон чуулган, хурал хийхээр бэлдэж байна.

Монголбанк эдийн засгийн сэргэлт, түүний хүртээмжтэй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж байна. Сүүлийн 3 жилд Монголбанк өргөн хэмжээний шинэчлэл, реформуудыг хэрэгжүүлж, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүргээ амжилттай биелүүлж байна. Тухайлбал, банк санхүүгийн системд хууль эрхзүйн шинэчлэлийг амжилттай хийж, Төв банкны хараат бус байдлыг баталгаажууллаа. Банкны салбарын тулгуур хуулиуд болох Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлын тухай хууль зэрэг хуулиудыг шинэчлэн батлуулсанаар Төв банкны сайн засаглалын зарчмуудыг нэвтрүүлэн, бодлогын шийдвэрийг хамтын зарчмаар гаргадаг болж, макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх шинэ чиг үүрэгтэй болсон нь санхүүгийн салбарт болсон чухал үйл явдал байлаа. Энэ нь мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, банкны салбарыг илүү эрүүл, чийрэг байлгах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, санхүүгийн секторт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Монголбанк мөнгө, ханшийн бодлогоос гадна макро зохистой бодлого хэрэгжүүлдэг болж, бодлогын арга хэрэгслүүдээ өргөжүүлж, тэдгээрийг үр ашигтай ашиглаж байна. Төв банкны үндсэн зорилт болох инфляцийг зорилтот түвшинд байлгах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадлаа. 2018 он эдийн засагт тулгарч байсан олон сорилтыг амжилт­тай даван туулж, эдийн засаг сэргэсэн, банк санхүүгийн салбарт реформ хийсэн шинэчлэлийн жил болж өнгөрлөө. Мөнгө, зээлийн зохистой өсөлтийг хангаснаар инфляци зорилтот түвшнээс бага буюу 7.3 хувьтай, харин эдийн засаг 6.9 хувиар өсөж, сэргэлт эрчимжиж байна. Эдийн засагт гарсан нааштай, эерэг нөхцөл байдалд тулгуурлан зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 2018 oны эцэст 16.9 хувь болж өмнөх онтой харьцуулахад 2.5 нэгж хувиар буурав. Зээлийн хүүний бууралтын нөлөөгөөр банкуудын бизнесийн зориулалттай, төгрөгөөр олгосон зээл өнгөрсөн онуудтай харьцуулахад өндөр хувиар өслөө. Энэ нь бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр, үйлдвэрлэл өсөхөд чухал түлхэц болов

Монголбанк гадаад валютын нөөцийн дотоод гол эх үүсвэр болох үнэт металлын худалдан авалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мөнгө, ханшийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлснээр гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийг сүүлийн 2 жилд 3.5 дахин өсгөн 3.6 тэрбум ам.доллар (импортын 8 орчим сарын хэрэгцээг хангах түвшин)-т хүргэн нэмэгдүүллээ. Энэ нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг сэргээх, улсын эрсдэлийг бууруулж, зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нөлөөлсөн үндсэн хүчин зүйлсийн нэг байв. Ийнхүү макро эдийн засгийн тогтвортой байдал, сэргэлт хангагдаж, зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь Засгийн газар, Хөгжлийн банк, Монголын Ипотекийн Корпораци болон бусад хувийн секторын гадаад зах зээлээс эх үүсвэр бүрдүүлэх хүү бага байх, валютын дотогшлох урсгал нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлэв. Гэхдээ ГВАН-ийн хүрсэн түвшинг том дүнтэй интервенци хийх замаар эргүүлээд үрэн таран хийх нь эдийн засгийн дунд хугацааны төлөвт эргээд маш ноцтой эрсдэлүүдийг бий болгоно. Ялангуяа, гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр валютын ханш сулрах зах зээлийн нөхцөл бүрдсэн, сөрөг нь харьцангуй удаан үргэлжлэхээр бол интервенциэр ханшийг хүчээр барих оролдлого нь ГВАН-ийг шавхах л үр дагаварт хүргэнэ. Харин богино хугацааны хэт огцом хэлбэлзлийг бууруулах, валютын ханш суурь нөхцөлтэй нийцтэй түвшинд байлгах чиглэлд Монголбанк валютын зах дээрх оролцоогоо үргэлжлүүлнэ. Иймд нэг талдаа эдийн засгийн дархлааг хангах, эмзэг байдлыг бууруулах, нөгөө талдаа ханшийн хэт өндөр хэлбэлзлийг бий болгохгүй байх энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд Монголбанкны бодлого чиглэж байна. 

Монгол Улс Ази тивийн улсуудаас хамгийн түрүүн активын чанарын үнэлгээ /AQR/-г хийлгэсэн орон болов. Активын чанарын үнэлгээний болон холбогдох бусад арга хэмжээний үр дүнг үндэслэн Монголбанкнаас төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ төлөвлөгөөнд активын чанарын үнэлгээний үр дүнг банкуудын тайланд тусгах, чанаргүй активыг шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох, банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай буюу дахин хөрөнгөжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх зэрэг ажлууд хийж байна. Эрүүл банкны салбартай байх нь эрүүл санхүүгийн салбар бий болгож, улмаар эдийн засгийн эрүүл суурь бүрдүүлдэг тул Монголбанкнаас 2019 онд банкны салбарт хийж буй ажлуудыг үргэлжлүүлнэ. Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчинг сайжруулах талаар эрчимтэй ажиллана. 2019 он Монголын банкны салбарыг хүчирхэг болгох жил байх болно.

Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд Монголбанк бүх талаар дэмжин ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд тохирсон төв банкны дотоод цэвэр активын дээд хязгаар, гадаад цэвэр активын доод хязгаарын тоон зорилтууд болон урьдчилан авах хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэн хөтөлбөрийн үнэлгээг амжилттай хийлгэж ирлээ. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь манай эдийн засгийн хэтийн төлөвт стратегийн чухал ач холбогдолтой. Тэр дундаа, Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдлыг дунд хугацаанд үргэлжлүүлэн хангахад ОУВС болон бусад доноруудын тусламж дэмжлэг цаашид ч онцгой шаардлагатай юм. Иймд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгахын төлөө Монголбанк үргэлжлүүлэн зүтгэж ажиллах болно.

Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, эдийн засгийн хэтийн төлөв болон судалгааны ажлуудын үр дүнгээ олон нийтэд хүргэх зорилгоор жил бүр ТинкБанкхэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Энэ жилийн хувьд Тинкбанк 2019-Мөнгө, санхүүгийн орчин сэдвийн хүрээнд эдийн засгийн хэтийн төлөв, мөнгөний бодлого, валютын захын нөхцөл байдал, гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө зэрэг бодлогын асуудлуудыг хамарсан илтгэлүүд болон эдийн засгийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой судалгааны ажлын үр дүнгүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр энэ арга хэмжээг зохион байгуулж байна. УИХ-ын удирдлагын зүгээс энэ жилийн хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж, хэлэлцүүлгийн нэр хүндийг өргөж, ач холбогдол өгч байгаад Монголбанкны зүгээс талархаж байна. 

Энэхүү хэлэлцүүлэг нь эдийн засаг, санхүүгийн орчинд гарч буй өөрчлөлт, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд учирч буй сорилтууд, шийдвэрлэх арга замыг олох, нэгдсэн ойлголттой болоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Иймд Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхнийг эдийн засгийн тогтвортой байдалд тулгамдаж байгаа асуудал, сорилтууд болон шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.