2019/09/30

Мөнгөний бодлого, банкны хяналт зохицуулалт нь дунд хугацааны тогтвортой байдлын дархлааг нэмэгдүүлэхэд чиглэнэ

Н.БАЯРТСАЙХАН: МӨНГӨНИЙ БОДЛОГО, БАНКНЫ ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТ НЬ ДУНД ХУГАЦААНЫ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ДАРХЛААГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЧИГЛЭНЭ

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ирэх жил төрөөс баримтлах мөнгөний бодлогын зорилтын талаар ярилцлаа.
- Монгол улсын мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, Төв банкийг удирдсан өнгөрсөн гурван жилийн бодлогын үр дүнг тоогоор хэмжвэл ямар үзүүлэлт  гарах бол?
- Нааштай эерэг өөрчлөлт олон гарлаа. Мэдээж хэрэг дан ганц Монголбанкны бодлого үйл ажиллагаанаас гадна олон хүчин зүйлс нөлөөлснийг онцлох нь зүйтэй. Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт өнгөрсөн жилүүдэд тулгарсан олон хүнд сорилтын дийлэнхийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал бэхжиж байна. Макро эдийн засгийн нөхцөл байдал 2017 оноос тогтворжиж, 2018, 2019 онд сэргэлт үргэлжилж байгааг энэ тойм хүснэгтээс харж болно. Тухайлбал, эдийн засаг энэ оны эхний хагаст 7.3 хувиар өссөн, инфляци зорилтот түвшинд тогтворжиж, ГВАН 3.7 тэрбум ам.долларт (8 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээнд) хүрсэн, улсын төсөв 2018 он болон 2019 оны эхний 8 сард ашигтай гарч, Засгийн газрын өрийн ДНБ-ий харьцаа буурсан, зээлийн хүү 2016 оноос 3.0-3.5 нэгж хувиар буурсан, ажил эрхлэлт нэмэгдсэн, Монгол улсын зээлжих зэрэглэлийг сайжруулсан зэрэг олон эерэг өөрчлөлтийг дурдахаар байна.

Эдийн засгийн сэргэлтэд нөлөөлсөн гол хүчин зүйлс юу вэ? 
- Сэргэлтэд нөлөөлсөн хүчин зүйлс гэвэл нэгдүгээрт, экспортын үнэ, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад эрэлт зэргээр тодорхойлогдох гадаад таатай орчин; хоёрдугаарт, төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалт; гуравдугаарт, ОУВС-ийн хөтөлбөр, түүнийг дэмжиж буй олон улсын санхүүгийн байгууллагууд, донор улсуудын дэмжлэг;дөрөвдүгээрт, бодлого боловсруулагч төрийн байгууллагуудын гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад чиглэсэн нээлттэй харилцаа зэргийг дурдмаар байна. Эдгээрээс Монголбанкны хувьд мөнгөний бодлого, банкны зохицуулалтын арга хэмжээг тодруулъя. Эдийн засгийн уналтыг тогтворжуулснаар сэргэлтийг дэмжих зорилгоор бодлогын хүүг 2017, 2018 онд шат дараатай бууруулсны зэрэгцээ хэрэглээний зээлээс илүүтэйгээр ажлын байр бий болгох бизнесийн зээлийг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд бодит эдийн засаг руу нийлүүлэгдэх санхүүжилт нэмэгдэж, зээлийн хүү буурсан нь эдийн засгийн сэргэлтэд чухал дэмжлэг боллоо. Түүнчлэн заавал байлгах нөөцийн хувь, эрсдэлийн жингийн тохируулгуудаар дамжуулан эдийн засаг дахь долларжилтын түвшинг маш бага түвшинд хүргээд байна. Энэ нь банк, ААН-ийн ханшийн эрсдэлд өртөх эмзэг байдлыг бууруулж байна. Банкны салбарын хяналт шалгалтыг сайжруулж, банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхийн тулд хяналт шалгалтын зарчмуудыг өөрчилж, мөрдүүлж эхэллээ. Мөн банкны системийн активын чанарын үнэлгээний үргэлжлэл болгож магадлан итгэмжлэх аудитыг хийж дуусгалаа. Монголбанкны институцийн хөгжлийг шат ахиулж, дархлааг бий болгохын тулд мөнгөний бодлогын шийдвэр гаргах зарчмаас эхлээд банкны хяналт шалгалт, үндэсний төлбөр тооцооны тогтолцоо, хадгаламжийн даатгалын тогтолцоо, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах ажлыг банк, санхүүгийн салбарын тулгуур хуулиудад өөрчлөлт оруулах, эрх зүйн зарим зохицуулалтыг шинээр боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулж, тэдгээрийг хэрэгжүүлж эхлээд байна. Цаашид ч хийх ажлуудыг энэ жилийн үндсэн чиглэлд тусгасан.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл юунд зорьж байна вэ.Өмнөх жилүүдээс онцлох шинэлэг зүйл нь юу байна вэ? 
- Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Монголбанк өөрийн тооцоо, судалгаа, холбогдох мэргэжлийн байгууллага, бие даасан судлаачид, олон улсын байгууллагуудын зөвлөмж, дүгнэлтийг харгалзан үзсэн. Мөнгөний бодлогын баримт бичигт эдийн засгийн сэргэлтийн төлөв, ирэх жилүүдэд эдийн засагт тулгарч болзошгүй эрсдэл, сорилтыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулсан зорилтуудыг тусгалаа. Тухайлбал, гадаад өрийн эргэн төлөлтийг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд валютын цэвэр нөөц, түүний хүрэлцээг нэмэгдүүлэх, гадаад өрийн тулсан дарамтуудыг шийдвэрлэх нь нэн тэргүүний зорилт болж байна. Ялангуяа, ирэх онд эдийн засгийн өсөлтийн үе үргэлжлэхээр байгаа тул гадаад, дотоод секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, валютын ханшийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх юм. Мэдээж хэрэг макро тогтвортой байдлыг хангахын тулд инфляцийг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ. Нөгөө талаас банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэтгэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Технологийн дэвшилтэй холбоотойгоор санхүүгийн салбарын дэд бүтцийг сайжруулах, банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэтгэлийг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
- Энэ жилийн үндсэн чиглэл нь дунд хугацааны сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэж байна. Харин ирэх жилийн эдийн засгийн төлөвийн талаар байр сууриа хуваалцана уу?
- Эдийн засгийн өсөлтийг их консерватив хандлагаар авч үзвэл цэгэн үнэлгээгээр 5.6 хувь, интервал үнэлгээгээр 5.1-6.3 хувьтай байхаар байна. Энэ бол инфляцид дарамт багатай өндөр өсөлт гэж харж байна. Инфляцийн хувьд нийлүүлэлтийн, улирлын, төрийн зохицуулалттай барааны үнэ, зах зээлийн нийлүүлэлтийн суваг, түүний хөгжил сул байгаатай холбоотойгоор цөөн тооны бараа, үйлчилгээний үнийн савлагаанаас хамааран хэлбэлзэл өндөр байгаа хэдий ч 2020 оны эцэст 7.2 хувь байх төлөвтэй байна. Эдийн засгийн дотоод талаас сүүлийн 2-3 жилд хуримтлуулсан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хүртэх, өрхийн болон Засгийн газрын хэрэглээ эдийн засгийн дотоод эрэлтийг дэмжихээр байна. Гадаад орчны хувьд эрсдэл байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг олон улсын байгууллагууд бууруулж, түүхий эдийн үнэ сулрах хандлага үргэлжилж байна. Худалдааны маргаантай холбоотой тодорхой бус байдал, зах зээл дээрх савлагаанууд үргэлжилсээр л байна. Аль ч тохиолдолд эдийн засгийн секторууд одоо үргэлжилж буй гадаад, дотоод таатай боломжийг ашиглан санхүүгийн эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх нь тогтвортой байдлын сайн сонголт болж байна.
- Ирэх жилийн эдийн засгийн төлөв харьцангуй сайн байх нь ээ. Харин эдийн засгийн цаашдын төлөвт нөлөөлөх сорилтууд, шийдвэрлэх асуудлуудыг хэрхэн үзэж байна вэ?
- Эдийн засгийн цаашдын төлөв байдлыг авч үзвэл эдийн засгийн сэргэлт үргэлжилж, инфляци зорилтот түвшний орчимд хадгалагдахаар хүлээгдэж байгаа хэдий ч эдийн засагт ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай сорилтууд байна. Тухайлбал, Монгол улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн нийт 14 орчим тэрбум ам.долларын өрийн асуудлыг амжилттай шийдвэрлэх нь хамгийн чухал. Саарал жагсаалтад орсон ч, эс орсон ч УИХ, ЗГ, Шүүх эрх мэдлийн байгууллагууд, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран энэ талын ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, олон улсын өмнө хүлээх хариуцлагаа биелүүлэх ёстой. Томоохон төслүүдийг хөдөлгөхдөө богино хуагцаанд эдийн засагт хүндрэл дагуулахгүйн тулд гадаад эх үүсвэрт тулгуурлаж шийдвэрлэх хэрэгтэй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах өрсөлдөөн дэлхий даяар өрнөж байна. Иймд зөвхөн гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдаа ч дэмжих шаардлагатай. Эдийн засгийн бодлого туйлын прагматик байх шаардлагатай болсон. Эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх, ниргэсэн хойно нь хашгирахгүйн тулд дэлхийн эдийн засгаас ирж болзошгүй сөрөг нөлөөг давах бэлтгэлээ төр, хувийн хэвшил, иргэдийн түвшинд хангах, түүнийг хангуулах чиглэлд ирээдүйг харж бодлого, зохицуулалтаа төрийн байгууллагууд чиглүүлэх шаардлагатай байна. Энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд олон улсын санхүүгийн байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчид, донор улс орнуудтайгаа ойлголцож, харилцаагаа маш сайн өндөр түвшинд хадгалах шаардлагатай.
- Ярилцсанд баярлалаа.

2019/09/17

“Төлбөрийн тэнцэл ба гадаад өр” сэдэвт онол практикийн бага хурлыг нээж хэлсэн үг


МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН “ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ БА ГАДААД ӨР” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

      Бидний урилгыг хүлээн авч “Төлбөрийн тэнцэл ба гадаад өр” сэдэвт онол практикийн бага хуралд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, эдийн засагчид Та бүхэнд Монголбанкны нэрийн өмнөөс талархал илэрхийлье!

      Сүүлийн 3 жилийн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газар болон Төв банкнаас олон улсын санхүүгийн байгууллагууд, түнш орнуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, гадаад зах зээлийн таатай орчны нөлөөгөөр Та бид болзошгүй хямралаас зайлсхийсэн төдийгүй эдийн засагт тодорхой эерэг үр дүн гарлаа. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2016 онд 1.2% байсан бол 2018 онд 6.9%, 2019 оны 2 дугаар улиралд 7.3% болж, гадаад валютын улсын нөөц 4.0 дахин нэмэгдэн 4.0 тэрбум ам.долларт хүрч өсөв.

      Гэсэн хэдий ч манай улсын эдийн засаг түүхий эдийн үнийн мөчлөг дагасан уул уурхайн бүтээгдэхүүний экспорт болон гадаад өрөөс хэт хамааралтай. Тухайлбал сүүлийн 6 жилийн дунджаар манай экспортын орлогын 88 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж, үүний 86 хувийг БНХАУ дангаар худалдан авч байна. 2020-2024 онуудад нийт 14.4 тэрбум ам.долларын гадаад өр төлөгдөх хүлээлттэй байгаа нь уул уурхайн үнийн мөчлөгөөс хамааралтай манай улсын эмзэг байдлыг нэмэгдүүлж байна.

      Иймд богино болон дунд хугацааны гадаад өрийн эргэн төлөлтийн стратегийг оновчтой тодорхойлох, цаашид гадаад өрийн хэмжээг бууруулах урсгал тэнцлийн тогтвортой байдлыг хангах нь бодлогын тэргүүний зорилт болоод байна.
Та бүхэнтэй уулзсан энэхүү завшааныг ашиглаж (1) Монгол Улсын Төлбөрийн тэнцэл тэр дундаа урсгал дансны өнөөгийн байдал (2) гадаад өрийн асуудлаар өөрийн санал бодлоо хуваалцъя.

      Монголбанк нь Монгол Улсын Төлбөрийн тэнцлийн статистикийг албан ёсоор боловсруулан  бодлого боловсруулагчид, олон нийт, судлаач, эдийн засагчдад тогтмол хүргэхээс гадна Мөнгөний бодлогын шийдвэр гаргалт, Гадаад валютын албан нөөцийн тооцоолол зэрэг макро эдийн засгийн чухал шийдвэр гаргахдаа ашигладаг. Төлбөрийн тэнцлийн статистик нь манай улсын бусад улс орнуудтай хийж буй бараа, үйлчилгээний төлбөр тооцоо, хөрөнгө, санхүүгийн харилцааг илэрхийлээд зогсохгүй макро эдийн засгийн өрсөлдөх чадварыг давхар илэрхийлдэг үзүүлэлт.

      Монгол Улсын Төлбөрийн тэнцлийн ерөнхий бүтцийг авч үзвэл урсгал дансны алдагдлыг санхүүгийн дансны ашгаар нөхдөг. Урсгал дансны алдагдал сүүлийн 10 жилийн хугацаанд 3.2 дахин өслөө.

      Уул уурхайн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт болон гадаад өрийн үйлчилгээний өсөлтөөс үүдэн урсгал дансны алдагдлын дийлэнхи хувийг үйлчилгээ болон орлогын дансны алдагдал бүрдүүлэх болж, үүнийг санхүү болон хөрөнгө оруулалтын сувгийн ашгаар нөхөж байна. Тухайлбал, 2008-2018 оны хооронд нийт импорт 2 дахин, үйлчилгээний зардал 5 дахин, анхдагч орлогын зардал 8 дахин өссөн нь урсгал данс алдагдалтай гарах нөхцөлийг бүрдүүлэв.

      Урсгал дансны алдагдлыг санхүүгийн дансны ашгаар нөхсөөр байгаа нь Монгол Улсын гадаад өр төлбөр хуримтлагдах шалтгаан болж байна.  Тухайлбал,  2019 оны 2 дугаар улирлын байдлаар МУ-ын нийт гадаад хөрөнгө оруулалтын позицын цэвэр дүн 34.4 тэрбум ам.доллар, үүнээс МУ-ын нийт гадаад өрийн үлдэгдэл 29.7 тэрбум ам.доллар байгаа нь 10 жилийн өмнөх дүнтэй харьцуулахад харгалзан 5, 10 дахин нэмэгдсэн байна.

      Монгол Улсын эдийн засгийн уул уурхайгаас хамаарах байдал нэмэгдэж, төсөв, мөнгөний бодлогын орон зай хязгаарлагдмал болж, гадаад өрийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед та бид дотоод, гадаад орчноо мэдэрч, алсын хараатай шийдвэрүүд гаргаж чадах эсэхээс Монгол Улсын цаашдын ирээдүй, эдийн засгийн аюулгүй байдал шууд хамаарна.

      Иймд Монголбанкнаас 95 жилийн ойн хүрээнд “Төлбөрийн тэнцэл ба гадаад өр” сэдэвт онол практикийн бага хурлыг эдийн засгийн судлаачдын дунд зохион байгуулж, макро эдийн засаг тэр дундаа гадаад эдийн засгийн орчинд тулгамдаж буй сорилтууд, бодлогын зөвлөмжүүдийг хэлэлцүүлэхийг энэ удаад зорилоо.
 
      Энэхүү хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсэгт урсгал дансны алдагдлыг бууруулах, тогтвортой байдлыг хангах бодлогын асуудлуудыг хэлэлцүүлнэ. Удаах хэсэгт гадаад өрийн удирдлага, тогтвортой байдал, тэр дундаа богино болон дунд хугацааны эргэн төлөлтийн төлөвлөгөөний асуудлаар хэлэлцэх юм.

      Өнөөдрийн онол практикийн бага хурал нь Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, дархлааг нэмэгдүүлэхэд чиглэж, бодлогын шийдвэр гаргалтад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Монголбанк санхүү, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдал, ирээдүйн өсөлт хөгжлийн чухал тулгуур болсон реформ, шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх ажлыг цаашид үргэлжлүүлэн ажиллах болно.

Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч Та бүхэнд дахин талархсанаа илэрхийлээд өнөөдрийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүсье! 

2019/09/10

Мөнгөний бодлогын тулгамдсан асуудлууд

Н.БАЯРТСАЙХАН: МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Төв банкны үндсэн үүрэг бол үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг хамгаалах буюу үнийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг тогтвортой үргэлжлүүлэх, хангах явдал юм.

Монголбанкны 2016-2019 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын арга хэмжээг: Эдийн засгийг тогтворжуулах (2016-2017 он); Эдийн засгийн өсөлтийг дэмжих (2017-2018 он); Эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, хэт халалтаас сэргийлэх (2019 оноос эхэлсэн) гэж зааглаж болно.
Монголбанкны 2016-2017 онд хэрэгжүүлсэн бодлогын үндсэн зорилго нь эдийн засгийн2 уналтыг зогсоож, санхүүгийн зах зээлийг тогтворжуулахад чиглэлээ. Тогтворжуулах бодлого нь: нэгдүгээрт, төлбөрийн тэнцлийн хүндрэлтэй холбоотойгоор бий болсон үндэсний мөнгөн тэмдэгтийн хямралын эрсдэл; хоёрдугаарт, ханш болон чанаргүй зээлтэй холбоотойгоор бий болсон банкны зээлийн тасалдал, системийн тогтвортой байдал алдагдахаас сэргийлэхэд чиглэсэн болно.
Эдийн засгийн уналт 2016 онд хамгийн муу төлөвт хүрсэн бол өнөөгийн байдлаар эдийн засаг сэргэж, идэвхжилийн төлөвт орлоо. Эдийн засгийн уналтыг илтгэх үзүүлэлтийг 2016 оны байдлаар авч үзвэл, эдийн засгийн өсөлт –1.4 хувь, ажилгүйдэл 11.6 хувь, дефляци 0.6 хувь, валютын нийт нөөц 1.1 тэрбум ам.доллар, цэвэр нөөц –402.5 сая ам.доллар, зээлийн өсөлт –6.0 хувь байсан юм. 2017 онд зөвхөн улсын сектороос 2.5 орчим тэрбум ам.долларын эргэн төлөлт хүлээгдэж байхад түүнийг төлөх валютын нөөцгүй, зээлжих зэрэглэл 2-3 удаа унаж, олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчийн итгэлийг алдсан байсан нь дахин санхүүжүүлэх боломжийг хязгаарлаж, гадаад өрийн дефолт зарлах эрсдэлийг бий болгосон юм. Эдгээр эргэн төлөлтөд дефолт зарласан тохиолдолд түүнийг дагаж, хувийн хэвшлийн өр хугацаанаасаа өмнө эргэн дуудагдах нөхцөл байдал үүсээд байлаа. Дотоод орчны хувьд банкны салбарт зээлийн эрсдэл нэмэгдэж, зээлийн тасалдал үүсэж, хэрэглээ, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийн хомсдолд орж бартерийн харилцаа үүссэн байлаа. Гадаад валютын нөөцийн хүрэлцээгүй байдал, төсвийн ужгирсан алдагдал, түүнээс улбаалсан өрийн тогтворгүй байдлын эрсдэл нь эдийн засгийн өсөлтийн үргэлжилсэн уналтыг зогсоож, сэргээхэд чиглэгдэх төсвийн болон мөнгөний бодлогын орон зайг хязгаарлаж байснаас мөнгөний бодлогын хувьд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, эрсдлийг бууруулах нь нэн тэргүүний зорилт болсон юм. Энэхүү зорилтыг бодлогын хүү, гадаад валюттай харьцах төгрөгийн илүү уян хатан ханш, олон нийттэй нээлттэй харилцах хэрэгслээр дамжуулан хэрэгжүүлсэн болно. Төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгтийн хямралаас сэргийлэх зорилгоор бодлогын хүүг 2016 оны наймдугаар сард 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж, мөнгөний бодлогыг хатууруулсан хэдий ч төгрөгийн ханшийн тогтворжилт, валютын дотогшлох урсгалтай уялдуулан эдийн засаг тогтворжихийн хэрээр богино хугацаанд эргэн бууруулсан юм. Бодлогын хүүг наймдугаар сард нэмэгдүүлснээс хойш 12 дугаар сард нэг нэгж хувиар, 2017 оны зургаадугаар сард хоёр нэгж хувиар бууруулсан нь эдийн засаг тогтворжихийн хэрээр бодлогын хүүний эдийн засгийн сэргэлтэд үзүүлэх сөрөг нөлөөг бага байлгах зорилготой байсны хүрээнд төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг бодлогын хүүний хамт нэмэгдүүлсэн нь зээлийн хүүг нэмэгдүүлэх нөлөөг бага байлгахад чиглэсэн арга хэмжээ байлаа.
Төгрөгийн ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй байдлаар тогтоох боллоо. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалт, экспорт, импорт, бүтээмж болон өрсөлдөх чадвар, гадаад валютын нөөцийн хүрэлцээтэй байдал зэрэг ханшийг тодорхойлогч суурь хүчин зүйлтэй харьцангуйгаар төгрөгийн ханш тогтворжих нөхцөл бүрдсэн юм.
Олон нийттэй нээлттэй, илт тод харилцсанаар Төв банкны хариуцлагатай байдлыг нэмэгдүүлж, олон нийтээс итгэл хүлээхийг зорьсон нь бодлогын чухал хэсэг байсан юм. Учир нь зээлжих зэрэглэл тогтоогч олон улсын агентлаг, санхүүгийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид Төв банкны богино, дунд, хугацааны зорилт, бодлогын шийдвэрийн үндэслэл, эдийн засгийн ирээдүйн төлөвийн талаарх мэдээллээр хангагдсанаар харилцан итгэлцлийг бүрдүүлж, өгөөж-эрсдэлийн харьцааг илүү сайн дэнслэх, хүлээлтэд нөлөөлөх бололцоог Монголбанк бий болгосон нь үр дүнгээ өгсөн юм. Монголбанкны зүгээс улирал тутмын инфляцийн тайлан, мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл, хурлын тэмдэглэл, сар бүрийн хэвлэлийн хурал, ярилцлага, судалгааны товхимол зэрэг олон нийттэй харилцах төрөл бүрийн чиглэлийн сувгийг ашигласан зах зээлийн болон бодлогын шийдвэрийн хүлээлтийг удирдах, Төв банк илүү ойлгогдох зэргээр бодлогын үр нөлөөг нэмэгдүүлснээс гадна цаашид илүү хариуцлагатай Төв банк болж төлөвшихөд үр дүнгээ өгч байна.
Энэхүү бодлогын арга хэмжээ нь гадаад зах зээлийн харьцангүй таатай нөхцөл, Монгол Улсын Засгийн газрын гадаад бодлого, төсвийн алдагдал болон өрийн бууралт, олон улсын санхүүгийн байгууллагын дэмжлэгээр үр дүнгээ өгч, 2017 байдлаар эдийн засгийг тогтворжуулж чадсан юм. Өөрөөр хэлбэл, 2017 оны эцсийн байдлаар төгрөгийн ханш өмнөх оноос 2.5 хувиар чангарсан, ГШХО 1,494 сая ам.долларт хүрсэн, Монгол Улсын Засгийн газрын болон Монгол Улсын Хөгжлийн банкны өрийг дахин санхүүжүүлж, БНХАУ-ын Ардын банкны своп хэлцлийн хугацааг сунгасан, Гадаад валютын албан нөөц 3.5 тэрбум ам.долларт хүрсэн, эдийн засаг 5.3 хувиар өссөн, инфляци 7.2 хувь болж дефляциас гарсан, зээлийн жилийн өсөлт 9.6 хувь болж сэргэсэн нь макро эдийн засаг, санхүүгийн бодлого үр дүнгээ өгч эдийн засгийг тогтворжуулах зорилт хангагдсаныг илэрхийлсэн билээ.
Нэгэнт эдийн засгийг тогтворжуулах зорилт хангагдсан тул инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн өсөлтийг урамшуулах нь 2018 оны бодлогын зорилт байлаа. Энэхүү зорилтыг хангах хүрээнд бодлогын хүүний бууралт болон олон нийттэй нээлттэй харилцах явдлыг үргэлжлүүлсэн бол макро зохистой бодлогыг шинээр нэвтрүүлсэн нь өмнөх жилийн бодлогоос ялгаатай байсан юм.
Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр макро зохистой бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, мөнгөний бодлогын хороогоор шийдвэрийг гаргаж байна. Эдийн засгийн төлөв 2017 онд тогтворжсон хэдий ч: нэгд; дотоодын банкны салбараас бизнесийн салбарт зээл олголт өсөхгүй байсан; хоёрт; хэрэглээний зээл огцом нэмэгдсэн юм. Хэрэглээний зээлийн өсөлт нь нэг талаас иргэдийн санхүүгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлийг дагуулж байсны зэрэгцээ бизнесийн зээлийн сэргэлтэд сөргөөр нөлөөлдөг. Иймд макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлах бодлогын арга хэмжээ авахаа 2018 оны нэгдүгээр сард банкуудад урьдчилан анхааруулж, 2018 оны зургаадугаар болон есдүгээр сард хэрэглээний зээлийн сарын орлого, төлбөрийн харьцааны дээд хязгаарыг 70 хувиас хэтрүүлэхгүй байх; зээлийн хугацааг 36 сар байхаар тогтоосон юм. Бодлогын хүүний бууралт болон макро зохистой бодлогын хосолсон арга хэмжээний үр дүнд бизнесийн зээлийн зах зээл дээрх банкны өрсөлдөөн нэмэгдэж, 2018 оны II улирлаас эхлэн бизнесийн зээл сэргэж эхэлсэн юм. Өрсөлдөөний үр дүнд 2018 онд өмнөх оны эцэстэй харьцуулахад, зээлийн хүү 16.9 болж, 2.5 нэгж хувиар буурахын зэрэгцээ бизнесийн зээлийн жилийн өсөлт –0.516.1 хувь болж, хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдсэн юм. Түүнчлэн макро зохистой бодлогын хүрээнд ханшийн эрсдэлтэй гадаад валютын зээлийн эрсдлийн жинг 150 хувь болгож нэмэгдүүлсэн нь гадаад валютаар бус, төгрөгөөр зээл олгох шаардлагыг өндөрсгөсөн юм. Эдийн засгийн салбар хоорондох нөөцийн урсгалын шинжилгээнээс харахад, 2018 онд нийт хадгаламж, хөрөнгө оруулалтын зөрүү таван их наяд төгрөгийн дутагдалтай байсан ч үүнийг 2.2 тэрбум ам.долларын гадаад хөрөнгө оруулалт болон 3.6 их наяд төгрөгийн дотоод зээлээр бүрдүүлсэн билээ.
2018 оны эцсийн байдлаар эдийн засгийн өсөлт 6.9 хувь, ажилгүйдлийн түвшин 6.6 хувь (сүүлийн гурван жилийн хамгийн бага түвшин), хөрөнгө оруулалтын өсөлт 27.2 хувь, өрхийн хэрэглээний өсөлт 3.9 хувь, нийт дотоод эрэлтийн өсөлт 11.7 хувь, валютын нөөц 2019 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрсэн нь эдийн засаг сэргэснийг илтгэж байна. Иймд 2018 оны эцсээс эхлэн Монголбанк мөнгөний бодлогын зорилтоо эдийн засгийн өсөлтийг улам бүр нэмэгдүүлэх бус харин тогтворжуулж, удаан хугацаанд хадгалах горимд шилжүүлж байна. Энэхүү зорилтыг хангах хүрээнд гадаад орчны тодорхой бус байдал, дотоод эрэлтийн өндөр өсөлт, 2019 оны батлагдсан төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлын өсөлт зэргийг харгалзан гадаад, дотоод тэнцэл алдагдах, эдийн засгийн хэт халалт үүсэхээс сэргийлэх зорилгоор 2018 оны 11 дүгээр сард бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 2019 оны гуравдугаар сард хэвээр хадгалах шийдвэр гаргасан нь эдийн засгийн өсөлтийг сааруулах бус, харин эдийн засгийн өсөлт, идэвхжилийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хадгалах зорилготой гаргасан шийдвэр билээ.
Эдийн засгийн 2019-2020 оны төлөвийг авч үзвэл, эдийн засгийн өсөлт, идэвхжил үргэлжлэх бөгөөд үүнд голлон цалингийн өсөлт, өрхийн хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт нөлөөлөхөөр байна. Түүнчлэн 2019 онд экспортын үнэ таатай 2020 он хүртэл Оюу толгой уурхайн хөрөнгө оруулалт үргэлжилж, экспортын салбар эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлнэ. Эдийн засгийн идэвхжлийг даган санхүүжүүлэх эх үүсвэр буюу банкны зээлийн олголт хэвийн үргэлжлэхээр байна.
Эдийн засгийн ойрын ирээдүй өөдрөг байгаа хэдий ч 2019-2020 он дунд, урт хугацааны сорилтыг амжилттай даван туулахад бэлтгэх хугацаа юм. ОУВС дөрөвдүгээр сард дэлхийн эдийн засгийн 2019 оны төсөөллийг 3.3 хувь, 2020 оны төсөөллийг 3.6 хувь болгож, өнгөрсөн оны аравдугаар сарын төсөөллөө 0.4 болон 0.1 нэгж хувиар харгалзан бууруулаад байгааг бид анзаарахгүй өнгөрч болохгүй (WEO, 2019.4). Монгол Улсын эдийн засгийн бүтэцтэй холбоотойгоор дор хаяж ойрын арван жилд түүхий эдийн үнэ, худалдааны түншийн эдийн засгаас хамаарах байдал үргэлжлэх нь тодорхой тул хүссэн ч эс хүссэн ч төр, хувийн хэвшлийн аль аль нь гадаад орчноо анхааралтай судалж, эрсдэлээ зөв үнэлсэн санхүүгийн удирдлага, бизнесийн төлөвлөлт, бодлогын стратегиа боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эдийн засгийн суурь эмзэг байдал нь илүү их нөөц, хөрвөх чадвар, эрсдэл даах чадвартай байхыг биднээс шаардаж байна. 2018 оны дэлхийн эдийн засгийн хандлагын тайланд 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойшхи арван жилийн дараах эдийн засгийн сэргэлтийг шинжилж дүгнэлтээ танилцуулжээ. Энэхүү судалгаанаас харахад, хямралын өмнө санхүүгийн салбар нь илүү эмзэг байсан улс оронд хохирол өндөр байсан бол төсвийн салбар нь илүү хүчирхэг, уян хатан валютын ханштай улс орон илүү хохирол багатай байжээ.
Эдийн засаг тогтворжиж, богино хугацааны хүндрэл илааршиж, сэргэж байгаа ч дунд хугацааны эмзэг байдал хадгалагдаж байна. Тодруулбал, төлбөрийн тэнцлийн хувьд экспортын орлого нэмэгдэж байгаа хэдий ч импортын өсөлттэй холбоотойгоор урсгал тэнцлийн алдагдал өндөр хэвээр байна. Гадаад өрийн хэмжээ 28.7 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 220.5 хувьтай тэнцэх түвшинд хүрсэн энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, нутагшуулах тууштай бодлого дутагдаж байгаа нь дунд хугацааны гадаад тэнцлийн тогтвортой байдалд санаа зовоход хүргэж байна. Цаашид гадаад орчноос хамааралтай байдал, гадаад өрийн дарамтыг харгалзан үзэж, валютын ханшид аль болох дарамт учруулахгүйгээр валютын нөөцөө нэмэгдүүлэх нь тогтвортой байдлын баталгаа болно. Эдийн засгийн сэргэлт, түүхий эдийн үнийн таатай төлөвтэй холбоотойгоор төсвийн орлогын гүйцэтгэл сайн байж, төсвийн алдагдал буурсан ч цаашид сахилга баттай, мөчлөг сөрсөн бодлогоор үргэлжлүүлэн бууруулах нь гадаадын өрийг бууруулах орон зайг бий болгож, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшил өргөжих бололцоог бүрдүүлэн татварын дарамтыг бууруулна. Арилжааны банкны бизнесийн арга барил, системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, Монголбанкны хяналт шалгалтыг олон улсын түвшинд хүргэх нь хөрөнгө оруулалтын дотоодын эх үүсвэрийн тогтвортой байдлыг бүрдүүлнэ. Уул уурхайн салбараас хэт хамаарах, төвлөрлийг сааруулах бодлогыг хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтад тулгуурлан маш аядуу, сайн төлөвлөлттэйгээр урт хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэхүү бүтцийн өөрчлөлт нь ихээхэн өргөн агуулгатай ойлголт бөгөөд эдийн засгийн салбарын төрөлжилтөөс гадна инноваци, инстистуци, дэд бүтэц зэрэг суурь хүчин зүйлийн чиглэлээр дэвшилт гаргах шаардлагатай байна.
Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх шаардлага, гадаад өрийн эргэн төлөлтийг амжилттай шийдвэрлэхэд урт хугацааг харсан, “Зардал-өгөөж-эрсдэл”-ийг сайн дэнсэлсэн тууштай, тогвортой бодлогыг дэлхийн санхүүгийн зах зээлийн тоглогчидтой маш найрсаг хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх учиртай билээ.
Монголчууд бид олон чухал ажлыг хийж амжуулан сайн үр дүнд хүрч байгаа хэдий ч цаашид хийх ажил, даван туулах сорилт даваанууд шил шилээ даран хүлээх ажмой.
Айсуй цагийн сорилтуудад бэлтгэж, улс орныхоо ирээдүйн сайн сайханд хувь нэмрээ оруулах ажил үйлс бүтэмжтэй, шийдвэр мэргэн байх болтугай!
Эх сурвалж: © “Мөнгө, санхүү, баялаг” сэтгүүл 2019
[2] Хөгжлийн банк, Чингис бонд, БНХАУ-ын Ардын банкны своп хэлцэл