Бид өнгөрсөн 2 жилд хоршоологчдод зориулсан 30 орчим удаагийн сургалт явуулж тэр болгонд миний бие Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжил, төлөвийн тухай лекц уншиж иржээ. Сургалтын сэдвүүдээ эргэж авч үзвэл дэндүү ерөнхий, том шинжтэй санагдав. Тэгвэл манай хоршоологчдод үйл ажиллагааны удирдамж болох тодорхой чиглэл, аргачлалууд хэрэгтэйг ойлгов. Энэ үүднээс хүмүүсийг амьдрах ухаанд сургасан чиглэлийн сэдвүүдийг манай холбооны ажилтан багш нар сонгож байхыг зөвлөе. Миний бие өөрөө үлгэрлэн энэхүү
" Сайн явах санааных" яриаг бэлдлээ.
Би өөрийгөө азтай хүн гэж үздэг. Надтай хамт сурч, ажиллаж, нөхөрлөж явсан нөхөд маань тухайн цаг үедээ ч, одоо ч амжилттай, тэмүүлэлтэй, улс орноо гэсэн эх оронч сайхан хүмүүс юм.
Дунд сургууль төгсөөд Эрхүүгийн УАААДС-д оюутан болов. Манай сургуулийг Ю. Цэдэнбал, Д. Моломжамц, Д. Содном, Молом, Бямбажав, Долгормаа, Нямаа нарын тухайн цаг үедээ Монгол орныг удирдаж явсан хүмүүс төгссөн тухай орос багш нар дурсан, тэд оюутан байхдаа хэрхэн суралцаж байсан тухай ахмад профессорууд хуучилдаг байв. Зарим нь хамт суралцаж байсан нэг ангийнхан. Лав л Якимчик.Л.И гэж түүхийн ухааны профессор эмэгтэй багш Мо даргатай нэг ангид сурсанаа ярьдагсан. Монголоос ирсэн оюутанууд бид энэ бүгдийг сонсож, дээрхи хүмүүсийн адил улс орноо хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулна хэмээн хоорондоо ярилцдаг байв. Дарга болно гэж биш, харин мэргэжлээ сайн эзэмшин суралцаж, улс орондоо очиж хэрэгтэй газар зүтгэн ажиллах тухай. Коммунист цаг үе байсан болохоор бид ч бас дэврэнгүй сэтгэлтэй, том зорилго мөрөөдөлтэй, юу хийж, хэн болох хэрхэн амьдрахаа мэддэг залуус байж дээ. Лав л манай сургуулиас Монгол Улсын сангийн сайдаар 9 хүн ажилласан.
Сургуулиа төгсөж ирээд Намын Дээд Сургуульд багш болов. 1980- аад оны шилдэг сэхээтнүүд багш нарын дунд оров. Ирж суралцаж буй сонсогчид нь нам, төр, эвлэл, аж ахуйн байгууллагын ирээдүйн удирдан зохион байгуулагчид 35 хүртэл насны шилэгдсэн хүмүүс байсан. Залуу багш надад томилолт өгч нэг жил Аварзэд баатар, нэг жил Р.Минжүүр баатрын дэргэд эдийн засагчаар ажиллуулав.
Багшилж байгаад Москвад Төрийн Удирдлагын Оросын Академид аспирантурт сурахаар очсон юм. Тус Академид Оросын болон Зүүн Европын / Болгар, Герман, Унгар, Польш, Чехословак, Румын / Азийн / Вьетнам, Лаос, Кампучи/ зэрэг орнуудаас ирсэн ирээдүйд эх орноо бид удирдан авч явах учиртай гэсэн бас л 35 хүртлэх насны залуус цугларан хамт амьдарч суралцан үзэл бодлоо уралдуулна.
Москвагаас ирээд УИХ-д сонгогдон гишүүн болж 16 жил ажиллаа. Энэ хугацаанд Монголын шилдэг хүмүүстэй танилцан хамтран ажиллаж, төр, улсдаа зүтгэв. Олон сайхан хүмүүстэй уулзав, үерхэн нөхөрлөв. Гадаад улс орны төрийн тэргүүн, улс төрчид, аж ахуй, бизнесийн удирдагчидтай уулзаж ярилцав.
Одоо Монголын ХАА-н хоршоологчдын Үндэсний холбоог тэргүүлж аж ахуй, бизнес эрхлэн амжилттай сайхан яваа хүмүүс дунд ажиллаж байна.
Нилээд урт оршил болов. Гэхдээ энэ оршил үгээрээ би сайн сайхан яваа хүмүүс дунд өдий хүртэл амьдрахдаа энэ хүмүүсийн онцлог шинж, сэтгэлгээний ялгарал юу вэ? гэдгийг хэрхэн анзаарч ойлгож авсанаа та бүгдэд тайлбарлах гэж байгаа хэрэг.
Тэд жирийн хүмүүсээс ямар ялгаатай вэ? Тэд хэмээн ярих нь хэт хөндий үг болоод байгаа тул миний мэддэг "Сайн яваа хүмүүс" гэх нь илүү зохистой санагдлаа.
Нэг. Сайн яваа хүмүүсийн ялгарах хамгийн гол шинж бол тэд томоор бодож, сэтгэж хардаг. Энэ нь өөрийгөө хөгжүүлэхэд байнга анхаарч, насан туршдаа суралцаж ирсэний үр дүн бизээ. "Think globally, act locally" буюу Дэлхийн хэмжээнд бодож, оршин суугаа газраа хий, хэрэгжүүл" хэмээх алдарт уриа яг энэ хүмүүст таарсан мэт байдаг. Тэд насан туршдаа суралцсаар 60 нас хүрсэн хэдий ч гадаад хэл, хөгжим сурна, 70 нас хүрээд ном бичсээр, хийсээр, бүтээсээр байх л юм.
Хоёр. Сайн яваа хүмүүс нь голдуу сайхан сэтгэлтэй, нөхөрсөг, тусархаг, хүмүүс байдаг. Сайн сайхан зүйл ярина, мөрөөднө, хийж бүтээнэ. Хүнээс сайн сайхан зүйлийг нь олж харна. Сайн сайхан үйлсэд туслана, тэтгэнэ. Монголчууд “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор”, ”Санаа сайтын заяа сайн” зэрэг зүйр цэцэн үгсээр үр хүүхэд, хойч үеэ сургаж иржээ.
Гурав. Сайн яваа хүмүүс нь маш идэвхитэй хөдөлмөрч, дайчин, уйгагүй тэмцэгч. Тэд хөдөлмөрт найддаг. Гэхдээ аар саар, бусад хүмүүсээр хийлгэж болох ажил хөдөлмөр хийж үнэт цагаа үрэхгүй. Харин дуртай, хүссэн ажлаа хийдэг. Мөнгө бол өөрсдөө хийх дургүй, эсвэл бусдаар хийлгэж болох ажлыг орлуулах хэрэгсэл гэж үздэг. Тэд дуртай ажлаа хийдэг. Иймээс цаг хугацаа асар их үнэтэй. Цаг хугацаа бол амьдралын нэг чухал үнэт хэсэг юм. Хэрэв чамд цаг хугацаагаа зориулж байгаа бол амьдралын нэг хэсгээ өгч байгаа хэрэг.
Дөрөв. Сайн яваа хүмүүс нь тууштай байдаг. Эхэлсэн, сэдсэн ажлаа дуусгана. Хөөцөлдөлгөө сайтай хүмүүс гэж хэлж болно. Иймээс бүтэхгуй, болохгүй, амжихгүй, хэцүү гэх мэт үг хэллэг ярих дургүй. Харин болохгүй, бутэхгүй зүйл гэж байхгүй дээ гэж хэлж буй олон хүнтэй таарч байв.
Тав. Голдуу баян чинээлэг хүмүүс байдаг. Баян, хөрөнгөтэй учраас сайн явдаг бус, харин том бодож, хөдөлдөг, шаргуу хөдөлмөрч тул чинээлэг болдог байна. Шинэ санаа, шинэ бүтээгдэхүүнээр мөнгө олно гэдэгт хатуу итгэдэг. Ашиг тусаа өгөх шинэ сэдэл, санаа олж түүнд бусдын хөрөнгө татан төвлөрүүлэх замаар мөнгө олдог. Бусдын ашиг сонирхол хөдөлгөн мөнгийг нь дайчлах замаар төслөө хэрэгжүүлнэ, ингэснээрээ өөрсдөө ч хөрөнгөжнө, бусдыг ч баяжуулна.
Зургаа. Сайн яваа хүмүүс нь өнгөрсөн цаг, дурсамжаараа амьдрах дургүй, харин сайн сайхан ирээдүйг хүсдэг, мөрөөддөг. Тэд хэзээ нэг цагт биелэллээ олох зорилго, санаа, мөрөөдөл оюун санаандаа тээж явдаг. Олонхи нь энэ тухай ил тод ярина. Иймээс шинэ зүйл, шинэлэг санаанд маш соргог хандана, өөрсдөө шинэ үзэл, санаа ундруулна. Өнгөрсөн дурсамжаар амьдарч буй хүнээс юуных нь шинэлэг санаа гарах билээ.
Долоо. Сайн яваа хүмүүс үргэлж шинэ сорилт эрэлхийлнэ, биеийн амар тайван байдлыг хүсэхгүй. Эрсдэл амсаж байж үр дүнд хүрнэ, амжилт олно гэдэгт итгэнэ. Тэгвэл жирийн хүмүүст эрсдэл нь тав тухгүй байдалд оруулах мэт санагддаг тул тэд эрсдэлээс зугтааж биеийн болон сэтгэл зүйн тав тухтай байдлыг эрэлхийлж явдаг.
Найм. “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэж ярьдагчлан сайн яваа хүмүүс голдуу хоорондоо нөхөрлөнө, бизнес, улс төрөө ярина. Энэ нь бусад хүмүүс тэдний үзэл санааг ойлгож дэмждэггүй, яриа таардаггүйтэй холбоотой буй заа.
Ес. Сайн яваа хүмүүс эруул мэнддээ маш их анхаарах болов. Өөртөө хийх хөрөнгө оруулалт бол хамгийн үр дүн ашигтай. Өөртөө хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдалдаа хийх хөрөнгө мөнгө гэж үздэг. Мөнгөтэй байж эрүүл мэндээ хамгаална, нэг удаа үхлээс аврагдаж болно. Мөнгө бол хамгийн нөлөө бүхий зэвсэг.
Арав. Сайн яваа хүмүүс нь мөнгө болоод бодлынхоо боол болж амьдардаггүй. Бид өөрсдийгөө мохоох бодлын дээр нь гарч амьдрах учиртай юм билээ. Мөнгө их бодвол түүний боол болох тул зөвхөн амьдрах хэрэгсэл хэмээн ойлгож явах учиртай. Бодол санаандаа дарлуулахгүй хүмүүс л амьдралд ноён болно.
Арван нэг. Сайн яваа хүмүүс нь амьдралын үнэт зүйл, зарчмуудтай, тэдгээрээ юугаар ч худалдан арилжихгүйгээр төлөвшсөн байдаг. Голдуу шашин шүтлэгтэй, бурхан тэнгэрт итгэдэг, тэндээс хүч тэнхээ, дэмжлэг тусламж авч чаддаг. Хатуу тогтсон итгэл үнэмшилгүй хүмүүс нь салхинд хөөгдсөн хамхуул мэт амьдардаг.
Арван хоёр. Энэ амьдралд чамайг уруу татах, мөнгө хөрөнгийг чинь саах, зөв биш замд оруулах гэсэн, доош хийх, ашиглаж зарцлах гэсэн оролдлого, гуйлт, дарамт хангалттай ирнэ. Тэр бүгдэд “Үгүй”гэж хэлж сурах хэрэгтэй. “Үгүй” гэж хэлж сураагүй хүн голдуу аз муутай.
Та бүгдэд амжилт, Сайн сайхныг хүсье. Сайн явах Санааных.
Н.Баяртсайхан.
No comments:
Post a Comment