2015/05/27

Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудад ажилласан ажлын тайлан



Энэ жил зүүн бүсийн 3 аймагт хүмүүсийн буруутай үйл ажиллагааны уршгаас ой хээрийн түймэр гарч урд урд жилүүдэд гарч байгаагүй их хэмжээний хор хохирол учрууллаа.
Хамгийн сүүлийн мэдээ мэдээллийг энд товчхон дурдья.
·      Монгол Улсын Засгийн газар хуралдаж зүүн гурван аймгийн түймрийн хор уршгийг арилгах, сэргээн босгоход зориулж, Улсын Онцгой комиссоос 2.7 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ. Түймэрт өртөн орон гэргүй болсон 44 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон эмнэлгийн тусламжийн УАЗ-22069, УАЗ-31512 маркийн 9 автомашиныг улсын нөөцөөс олгосон байна. Үүнээс гадна түймрийн голомтод ажиллаад ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувьд шийдвэр гаргаж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын зурвас татах зориулалтаар Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд байсан “БМП” маркийн байлдааны 6 ширхэг машиныг зэвсэглэмжгүйгээр  Онцгой байдлын ерөнхий газарт шилжүүллээ. Хаврын хуурайшилттай энэ үед гарсан гал түймэр салхины эрчинд туугдан замдаа дайралдсан бүхий л зүйлсийг шатааж байсан учраас хохирол их. Гэвч өнөөдрийн байдлаар хэчнээн төгрөгийн хохирол учраад байгааг хэлж мэдээлэх хүн алга, хохирлыг тогтооход ч эрт байгаа бололтой юм. Учир нь гарсан түймрийг унтраан цурманд оруулсан ч өөр газар түймэр гарсаар л байгаатай холбоотой.
·      Тавдугаар сарын 3-ны байдлаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутагт гарсан хээрийн түймрийг цурманд оруулаад байсан ч хүчтэй салхины улмаас түймэр дахин дэгдэж Сүхбаатар сумын 20 гаруй айлын гэр болон 1000 орчим тооны мал шатсан байна. Мөн тус түймрийн улмаас нэг гэр бүлийн хоёр том хүн, нэг хүүхэд түлэгдсэн учир тэднийг нисдэг тэргээр Нийслэлд авчиран Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Түлэнхийн тасаг”-т эмчилж байгаа талаар албаныхан мэдээлэв. 
·      Энэ хавар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Үүний 35 нь Дорнод, Хэнтий Сүхбаатар аймагт гарсан байна.Хэнтий аймгийн Баян овоо сумын нэгдүгээр багаас баруун зүгт 30 км зайтай “Яруу” гэдэг газар 2015 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр гарсан хээрийн түймэр тархан дэлгэрч Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдыг хамран, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын чанх араас автомашины засмал замыг гурван хэсгээр даван сумын төв рүү чиглэн тархжээ.
·      Тархсан түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн ОБГ-ын 12 алба хаагчтай бүлэг сумын иргэдийн хамт трактороор зурвас татах, түймрийн өөдөөс цурав тавих зэрэг арга хэмжээ авснаар галыг сумын төвийн баруун зүүн талаар гаргаж чадсан байна.
·      Түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Шадар сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүргийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цаг 30 минутад Багануур дүүрэг, Говьсүмбэр, Дорноговь аймгийн ОБГ-аас нэмэлт бүлэг гарчээ.
·      Түмэнцогт суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын албанаас нийтдээ 140 албан хаагч, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын иргэд ажиллаж байна.
·         Цаашдаа салхины эрч улам ширүүсч, түймрийн тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Онцгой байдлын алба болон орон нутгийн удирдлагуудад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болгожээ.
·         Оны эхний гурван сард улсын хэмжээнд  13 аймгийн 33 суманд 50 удаагийн ой хээрийн түймэр гараад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
·         Гарсан түймрийн шалтгаан нөхцөл, эзэн холбогдогчийг эцэслэн тогтоогоогүй байгаа хэдий ч иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарч байгаа гэнэ. Зарим нэг томоохон түймрээс дурьдвал, Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас баруун хойд зүгт 50 км-т хээрийн түймэр гарч улмаар Дорнод аймгийн Хөлөн-буйр, Булган, Цагаан-Овоо сумдын зарим нутаг хээрийн түймэрт өртсөн байна. Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гуравдугаар багийн нутаг /сумаас зүүн хойш 65 км-т/ “Тосон” гэдэг газарт гарсан хээрийн түймэр тархан дэлгэрч, Дорнод аймгийн Матад, Халх гол сумын зарим хэсгийг хамарсан байна. Дээрх  түймэрт л гэхэд хоёр  аймгийн гурван сумын  дөрвөн айлын гэр, байшин сууц түймэрт өртөж,  түймрийг унтраахад Онцгой байдлын 63 албан хаагч  долоон техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 229 иргэн 28 техник хэрэгсэлтэйгээр гурав хоногийн хугацаанд ажилласан байх жишээтэй.
·         2015 оны 3 сарын 30-ны байдлаар ихэнх нутгаар цас, бороо орсон хэдий ч ой хээрийн түймэр цөөнгүй гарчээ. Өмнө нь тал хээр нутгаар голчлон түймэр гарч байсан бол Архангай, Булган, Увс аймагт ч ой хээрийн түймрийн дуудлагатай өнжсөн байна. Тухайлбал: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын долдугаар баг Арын хоолой гэдэг /сумаасаа зүүн хойшоо 45 км/ газарт хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б  гуравдугаар сарын 29-ний өдрийн 14:50 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, АТА-иас 12 албан хаагч, сумаас 36 хүн,  нийт-60 хүн, зургаан автомашинтай ажиллаж, өнөө өглөөний  6:45 цагт цурамд оруулсан байна. Түймэр унтраах ажиллагаа одоо ч үргэлжилж байна.
·         Архангай аймгийн Эрдэнэбулган сум нэгдүгээр баг Хавтгай /аймгийн баруун зүгт төвөөс 1.5 км/ модны энгэрт 2-3 хэсэг газар хээрийн түймэр гарч байна гэсэн мэдээллийг иргэн Н гуравдугаар сарын 29-ний өдрийн 18:20 цагт онцгой байдлын газарт өгчээ. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс 11 албан хаагч, сум орон нутгаас 12 хүн, нийт-23 хүн, гурван автомашинтай ажиллаж 18:50 цагт цурамд оруулж 20:00 цагт бүрэн унтраасан байна. Түймэр нэг га газрыг  хамарсан бөгөөд гал алдаж түймэр гаргасан этгээдийг илрүүлсэн байна. 25 настай З гэгч нутгийн иргэн гал алдсан байжээ.  
·           Харин Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Шувуут” гэдэг /сумаас баруун хойд зүгт 30 км-т/ газарт гарсан  хээрийн түймрийг унтраах гэж 114 хүн, 13 автомашинтай ажиллаж 18:50 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын орлогч Б-д хүлээлгэн өгсөн байна. Булган аймгийн Баяннуур сумын хоёрдугаар багийн нутаг “Бор булан” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 22 км-т/ хээрийн түймэр гарсан байна. Түймрийг унтраахын тулд нийт 64 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.
·         Увс аймгийн Тэс сумын наймдугаар багийн нутаг “Ногоон морин” гэдэг газар /сумаас зүүн өмнө зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан бөгөөд эл түймрийг сум орон нутгаас 25 хүн, нэг  автомашинтайгаар  шөнөжин ажиллажээ.
·         ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй албаны хүмүүс Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар суманд гарсан ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж үндэсний үйлдвэрлэгчдийн тусламжийг хүргэв.
·         5 сарын 18-нд Дорнод аймгийн Дашбалбар хилийн застав, Баян-Уул сумын хилийн 0275-р ангийн Ульхан заставаар ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн. Өнөөдрийн байдлаар Баян-Уул сумын орчимд дэгдсэн ой хээрийн түймэр  томоохон бүсийг хамарч, Царам, Цагаан тэмээ, Зүрхний даваанд ой модонд асч буйг албаныхан хэллээ.  Харин Дашбалбар сумын түймрийг өчигдөр бүрэн унтрааж цурманд оруулсан гэсэн сайн мэдээ байна. Дээрх хоёр түймрийг унтраахаар нийслэлийн болон аймгийн онцгой байдлын алба хаагчид, цэргийн анги, нутгийн иргэд долоо хоногийн турш ажиллаж байгаа юм. Тэдний галтай тэмцэх хамгийн гол багаж нь үлээгч аппарат бөгөөд энэ нь шатахуунаар ажилладаг. Иймд аймаг, сумын нөөц сангаас гаргасан шатахууны нөөц дуусч , ШТС-уудаас зээлээр авч байгаа хүндхэн үед ХХААЯ-наас 18 сая төгрөгийн бэлэн мөнгөн тусламж үзүүлж байгаа нь нүдээ олсон хэрэг боллоо гэж сумын удирдлагууд онцолжээ. Мөн хүнсний үйлдвэрүүдээс цагаан будаа, гоймон, овьёос, гурил, дөрвөн төрлийн малын эм бэлдмэл бүтээгдэхүүн өгсөн нь тэвдэж байх үед сэтгэлийн дэм болж буйг нутгийн иргэд талархан хүлээж авсан байна. 
Одоо түймрийн нөхцөл байдал салхинаас хамаарч байна. Түймрийн голомт бүхий сумдад 25 метр секундийн салхитай байгаа тул хэдий цурманд оруулсан ч хилийн хэсгээр ОХУ-ын талд түймэр намжаагүй ой модондоо асч буй тул салхины аясаар байнга орж ирж байгааг албаныхан мэдэгдлээ. Тиймээс хилийн зурвас дээр галыг намжаах арга хэмжээ авч байна.


Эдгээр байдлуудтай газар дээр нь танилцаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, санаа бодлыг сонсох зорилгоор дээр аймгуудад ажиллалаа.
Хамгийн түрүүнд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг “Номтын энгэр” хоршооны гишүүн н.Балжинням, Сумъяа нартай уулзаж ярилцав.  Тэр үдшийн түймрийн айдас одоо хүртэл сэтгэлд нь үлдсэн байгаа нь харагдаж байлаа. Хохирлын хэмжээг бүрэн тогтоож чадаагүй байгаа хэдий ч 3 гэр, нийт малынх нь тал илүү нь түймэрт өртжээ. Өнгөрсөн өвөл өнөтэй сайхан боловч цас бараг ороогүй, ихээхэн хуурай байсан байна. Даатгалд ямар нэгэн байдлаар хамрагдаагүй бөгөөд энэ тухай мэдээлэл бүрэн сайн авч чадаагүй байдал ч бас нөлөөлсөн байна. Улсын онцгой байдлын комиссоос өгсөн гэрээ барьж оржээ.





Түүний дараагийн айл маань МУ-ын хөдөлмөрийн баатар Н.Осгоных байв. Эднийхний хувьд хүүгийнхтэйгээ айлсан бууж өвөлжжээ. Түймэрт өөрийн гэрээ авч гарч чадаагүйгээр барахгүй 7 азарга адуу, 40 гаран үхэр нь өртөж ердөө 3-хан түлэнхий үнээтэй хоцорчээ. Өөрсдөөсөө илүү малаа гэсэн сэтгэлээр хийж болох бүхий л эмчилгээ хийж байгаа ч найдвар тун муу байгааг нь харлаа. Саахалт айл болох Сумъяа гуай өөрийнхөө хэдэн малаас илүүчилж 3 саалийн үнээгээ өгчээ. Насаараа мал маллан амьдарч МУ-ын хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм цол хүртэтлээ ийм түймэр үзсэнгүй. Салхины хурд маш их байсны зэрэгцээ хуурай өвсөнд нэг авалцсан гал бүхнийг хуйхлаад өнгөрөхийг харж, эрвийх дэрвийхээр хөдөлж хэдэн малаа авч гарах гэсэн ч үнэхээр чадал хүрсэнгүй хэмээн хоолой зангируулан, нулимс дууслуулан ярих нь үнэхээр өр зүсэм байлаа.





Аймаг, сумын зүгээс ирж уулзан, сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийлж байгаа ч их хурлын гишүүд, төр засгийн төлөөлөл одоо болтол ирсэнгүй дээ гэж хэлэх нь бас л нэгийг бодууштой байв.
2015  оны 5 сарын 15-17-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд очиж ажиллав. Энэ суманд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны гишүүн “Жигүүрт гурван зээрд”, “Наран сэхүүл”, “Баян жонжин овоо”, “Гангат хөвдийн дэрс”, “Матадын хүү”, “Эх орны төлөө” гэсэн 6 хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хоршоодын дарга, менежерүүдтэй уулзаж, хоршооны үйл ажиллагаа, эдийн засгийн байдал, хоршооны гишүүдийн аж байдал, өнөөдөр тулгамдаж байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцав. Гол гол дэвшүүлсэн санаа бодлыг тоймлон дурдвал эдийн засгийн хүндрэлтэй байдал ихээхэн нөлөөлж байна. Мөн энэ хаврын ноолуурын үнэ огцом унаж 40000 төгрөгт хүрсэн нь зээлээ эргүүлэн төлөх нөхцөлгүй болгож, зээлээс зээлийн хоорондох байдал үүссэн тухай, арьс ширний урамшуулал өгөх эсэх нь тодорхойгүй байгаагаас хоршоо гишүүдийнхээ өмнө худал ярьсан болж үүнээс улбаалан хоршоонд итгэх итгэл алдарч байгааг ч ярьж байлаа. Энэ суманд түймэр гамшиг харьцангуй бага байгаа боловч анхаарал болгоомжгүй байдал, цаг уурын нөхцлөөс хамааран болзошгүй байдал бий болохгүй гэх баталгаагүй юм.




Үүний дараагаар аймгийн төв Баруу-Уртад үйл ажиллагаа явуулдаг “Онгон таван булаг”, “Таван уул”, “Их нарт хайрхан”, “Мөнгөн саам”, “Тоорой баян”, “Дарьт шүтээн” ХХК-ний төлөөлөгчидтэй уулзалт хийв. Тэдний ярианаас үзэхэд аймаг орон нутгийн зүгээс хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар сайн анхаарч байна. Хамгийн гол нь тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтад бодлогоор дэмжлэг үзүүлэх тал дээр илүү их анхаарч ажиллах шаардлагатай байгааг дурдаж байлаа. Хэрэв ингэвэл гадаадын бүтээгдэхүүнээс илүү өөрийн орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг илүү худалдан авч цаашлаад хоршоо хөл дээрээ баттай зогсож, гишүүддээ ч илүү үйлчилгээ үзүүлэх нөхцөл бий болох тухай санал бодлоо илэрхийлж байв. “Дарьт шүтээн” ХХК нь аймгийн ХААХХ-ны гишүүн аж ахуйн нэгж бөгөөд байгуулагдаад удаагүй боловч сүүний ферм, өндөглөгч тахиан ферм, нарийн боовны үйлдвэрлэл, зайрмаг, цөцгийн үйлдвэрлэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байна. “Баялаг бүтээгчдээ дэмжье” аяныг сайшаалж байгаагаа илэрхийлэн дараа дараагийн удаад хүнсний ногоо тариалагч, малчдын хоршооны талаар илүү түлхүү сурталчлах талаар анхаарч ажиллаасай гэсэн саналыг тавьж байв.







Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд очиж Засаг дарга Б.Ганцогттой уулзаж цаг үеийн байдал ямар байгаа тухай тодрууллаа. Энэ сумын бэлчээрийн 90 хувь нь шатаж 1тэрбум гаруй төгрөгийн хохирол гарсныг тусгай шинжээчид газар дээр нь тогтоосон байна. 18 айлын 22 гэр шатаж 2700 гаруй мал хорогдсон тоо байгаа бөгөөд түлэгдсэн мал шархаа даалгүй үрэгдэх тохиолдлууд нэмэгдсээр байна. Моононгийн Энхбаатар гэдэг айлыг хамгийн хохирол амссан бөгөөд мөнгөн дүнгээрээ 59 сая төгрөг болсон байна. Ер нь айл өрхүүдийн хохирлын дундаж нь 30 сая төгрөг орчим болжээ. Тусламж дэмжлэгийн хувьд бүх айлуудад шинэ гэр өгч, хоол хүнсний тусламж тэр дундаа “Женко” компаниас 1 машин хүнсний бүтээгдэхүүн ирүүлснийг жишээ татан дурдаж байв. Мөн хандивын аяныг нутгийн зөвлөл, сайхан сэтгэлт иргэд өрнуулж байгаагаас аймгийн засаг дарга 10 сая төгрөг, “Моннис” компани 5 сая төгрөг өгсөн байна. Сумын зүгээс 47 сая төгрөгийн шууд зардал гараад байгаа юм байна. Одоогийн байдлаар 50-иад айлыг хашаажуулах ажил явагдаж байна. Үлдээд байгаа хамгийн чухал ажил бол энэ түймэрт өртөж мал ахуйгаа алдсан айлуудыг малжуулах ажил юм. Айлуудын малын хохирлыг улс хариуцахгүй, нөгөө талд нь даатгалд хамрагдсан айл гэж бараг байхгүй байгаа нь асуудлыг хүндрүүлж байна.



2015 оны Дорнод аймагт ажиллахдаа Аймгийн онцгой байдлын газраар орж албаны хүмүүсээс мэдээлэл авлаа.
Дорнод аймгийн нутагт 2015 онд эхний 5 сарын байдлаар 14 сумын нутагт 28 удаагийн ой, хээрийн түймэр гарч түймэрт 6 хүн түлэгдэж, урьдчилсан байдлаар 29 гэр байшин, 77 хашаа саравч, 6 тээврийн хэрэгсэл, 867 толгой мал, бусад 109 эд зүйлс, 6000 гаруй га ой, 4,3 сая га хээрийн талбай шатаж байгаль экологит 12,2 тэрбум, эд материалд 619,8 сая, түймэр унтаархад шууд зардалд 80.5 сая төгрөг нийт  12,9 тэрбум төгрөгийн хохирол учирсан.
            Түймрийн улмаас
1.    Баян-Уул сумын ойн 50 хувь, бэлчээрийн 30 хувь
2.    Баяндун сумын бэлчээрийн 5 хувь
3.    Баянтүмэн сумын бэлчээрийн 20 хувь
4.    Булган сумын бэлчээрийн 30 хувь
5.    Гурванзагал сумын бэлчээрийн 30 хувь
6.    Дашбалбар сумын бэлчээрийн 30 хувь
7.    Матад сумын бэлчээрийн  40 хувь
8.    Сэргэлэн сумын бэлчээрийн 3 хувь
9.    Цагаан-Овоо сумын 80 хувь
10.Чойбалсан сумын бэлчээрийн 20 хувь
11.Чулуунхороот сумын бэлчээрийн 50 хувь
12.Халхгол сумын бэлчээрийн 80 хувь
13.Хөлөнбуйр сумын бэлчээрийн 20 хувь
14.Хэрлэн сумын бэлчээрийн 1 хувь нийт Дорнод аймгийн газар нутгийн 33,6 хувь түймэрт шатсан байна.
            Дээрхи түймрүүдийг унтраахаар Дорнод Аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 544 албан хаагч, 49 автомашин, Хилийн 0275 дугаар анги, Хилийн 0132 дугаар анги, хилийн 0306 дугаар анги, хилийн 0198 дугаар ангиудаас 456 албан хаагч, Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас 182 албан хаагч, уул уурхайн байгууллагуудаас 137 ажилтан, 77 автомашин, сум орон нутгаас 3941 ард иргэд, 490 автомашин, 210 мотоцикль, 36 трактортойгоор нийт  5260 хүн, 616 автомашин, 210 мотоцикль, 36 трактортойгоор 1-28 хоног ажиллан түймрийг бүрэн унтрааж ажилласан гэдэг мэдээллийг өгөв.
Дүгнэлт
Ерөнхийдөө зүүн бүсийн аймгуудад ажилласан байдлаас дүгнээд үзэхэд байгалийн элдэв гамшигт үзэгдлийг тааж мэдэж чадахгүй боловч болзошгүй аливаа эрсдлээс хамгаалах хамгийн зөв шийдэл бол даатгал юм байна. Өнөөдөр манайд “Малын индексжүүлсэн даатгал”-ыг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай боловч гэрээний нөхцөлд
“Малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчийн өмчлөлд буй малын хорогдлын хэмжээг үл харгалзан, тухайн сумын малын хорогдлын статистикийн албан ёсны мэдээ буюу дүнд үндэслэнэ. Тухайн сумын малын хорогдол босго үзүүлэлтээс давсан тохиолдолд нөхөн төлбөр олгоно.”
“Даатгуулагч би ...сумын малын хорогдлын хувь хэмжээнд үндэслэн даатгаж нөхөн төлбөр олгохыг, мөн сумын мал хорогдлын түвшин босго үзүүлэлтээс хэтрээгүй тохиолдолд нөхөн төлбөр авахгүй болохыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.     
Ганц малыг ч ганц гэлгүй өсгөн аагим халуун, салхи шуурга, түймэр, цас зудтай өрсөн зүтгэдэг малчин хүний хувьд энэ нөхцлүүд хир бодитой тусах вэ гэдгийг эргэж харах хэрэгтэй гэж үзэж байна.
Мөн нэгэнт эрсдэл гарсан тохиолдолд түүнээс хэрхэн яаж бага хохирол амсан давж гарах вэ, түймрийг хэрхэн зөв унтраах вэ, мал хороогоо яаж хамгаалах вэ гэдгийг урьдчилан зааж сургаж, таниулах ажил нэн чухал болох нь харагдлаа. Ерөнхий боловсролын сургуулиудаас эхлээд “Иргэний хамгаалал” хичээлийг сэргээн оруулахад болохгүй гэх газаргүй мэт санагдав.






2015/05/05

СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ МЭРГЭНГҮҮШ


Саяхан Монцамэ-д ажилладаг Номинчимэд “Сэхээтэн” нийтлэл хэвлүүлжээ. Тэрхүү нийтлэлийг уншихад хуучин цагийн аварга сэхээтэнүүд Л.Түдэв гуайгаар төлөөлөл болон үлдэж одоо цагийн сэхээтэнүүд гэвэл Жанцанноров, Нарангэрэл, Чоймаа зэрэг цөөн хэдэн хүнийг нэрлэж болохоор байна гэнэ. За бусад нь ч, голдуу нэр цол, зэрэг дэвээс цааш хол хэтрэхгүй бэртэгчин нар гэсэн сэтгэгдлийг хэн гуайн ч уншихад авахаар. Гэхдээ миний хувьд ингэж өөрөө өөрийнхөө бодлыг зөвтгөсөн тулгалт ч гэх юм уу, дүгнэлт ч гэх юм уу ямарч л гэсэн иймэрхүү санал дэвшүүлэн гаргаж болохгүй, тийм ч байх учиргүй гэж бодлоо. Тэгээд одоогоос 33 жилийн өмнөөс намайг Намын дээд сургуульд багшилж байх үед хамт ажиллаж байсан багш нар мөн  багш болон оюутануудад лекц уншихаар ирж байсан тухайн цаг үедээ нилээд боловсорч, гэгээрсэ салбар салбартаа тэргүүлэх сэхээтэнүүд гээд олонч эрдэмтэд, хүмүүстэй уулзалдаж, санал солилцон, ярилцаж байсан тэр он жилүүд санаанд  орж ирээд  өөрийнхөө бодол саналыг бичихээр шийдэв.
Ер нь сүүлийн жилүүдэд Монголчууд бид болж бүтэж буй зүйл, сайн сайхан үйл явдал, амжилттай сайн яваа хүмүүсийн талаар ярьж, бичих, уулзалдах нь эрс цөөрч голдуу болж бүтэхгүй, үймээн шуугиан, хов жив, эсвэл хулгайч, дээрэмчин, авилгагч нарын талаар их ярьж бичих болж дээ.  Энэ нь Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр ч, хувь хүмүүс хоорондын харилцаанд ч  ажиглагддаг.
Ингээд би олон түмний төлөө зүтгэж, гэгээрүүлж соёлжуулж яваа хүмүүстэй уулзаж  ярихаар шийдэв. Энэхүү шийдвэрийг гаргачихаад бодож байтал санамсаргүй М.Шагдарсүрэн эмчтэй таарч уулзсанаа Та бүгдэд толилуулъяа.
М.Шагдарсүрэн бол Монголын нэр алдартай эмч “Элэгний” гэдэг тодотголоор алдаршсан хүн. Энэ эмчтэй уулзаж ярилцсан хэдэн хоногт гайхаж, бахархах сэтгэл төрж,өөрийгөө их л голж ойлгож авав. Эмч Монголын төлөө үнэхээр зүтгэдэг хүн юм. Юуны урьд элэгний аюулт өвчин эмгэгтэй хүмүүст туслан эмчилж анагаан зүтгэж байна. Түүний удирддаг “Шагдарсүрэн эмнэлэг” бол Монголд буй элэгний чиглэлийн мэргэжлийн ганц байгууллага.
Монгол хүний төлөө зүтгэлийн хоёр дахь чиглэл бол соён гэгээрүүлэх бичиг номын ажил юм. Нийтдээ 35 боть ном хэвлүүлсэн байхыг би нүдээрээ харлаа, зарим ботиудаас нь ч худалдан авлаа. Гэхдээ эдгээр ном зохиол нь маш өргөн хүрээ агуулгатай, эмнэлгийн чиглэлийн ном зохиолоос эхлээд бурхан багшийн сургаал, олон янзын толь бичиг, яруу найраг, орчуулга гээд нэг хүн хийж бүтээсэн гэхэд итгэмээргүй олон төрөл, өнгө төрхтэй юм. Үнэхээр гайхмаар.
Эдгээр ном зохиолууд нь Төвд, Орос, Буриад, Англи, Япон, Хятад хэлнээс М.Шагдарсүрэн эмч орчуулсан, эсвэл эдгээр хэл рүү  Монголоос хөврүүлсэн гээд Та бод доо. Энэ хүн ямар их зүйл хийж чадав аа. Гэтэл бид ажиллахгүй, зүтгэхгүй байгаа юм байна шүү. Ялангуяа би, Баяртсайхан. Их зүйл ойлгож авлаа. Бас ч урам зориг орлоо. Одооноос эхлэн би өөрийгөө шахаж дайчилж ажиллана.
Намтар түүхийг нь товч яриуллаа. Сүхбаатар аймгийн хүн юм байна. Өвөг дээдэс нь ном судартай, эрдэмт хүмүүс байсан бололтой. Тэдний ачаар сургуульд ороогүй байхдаа Төвдөөр ном үсэг сурчээ. Сургуульд ороод орос хэл бие даан сурсан гэв. Пүрэвжав гэдэг дарга Москвад Намын дээд сургуульд суралцахаар явахдаа эхнэр, хүүхдүүддээ туслуулж ус, мод, түлш дөхүүлж өгч байх хүүхэд хэрэгтэй болж дунд сургуулийн сурагч Шагдарсүрэнг гэртээ суулгажээ. Москва явахын урд Шагдарсүрэнгээс ямар бэлэг захихыг асуухад орос хэлний сурах бичиг авч ирж өгөхийг гуйсан байна. Дарга амралтаар ирэхдээ нэг ном авч ирж өгсөнийг Шаагаа хүү ёстой навсайтал нь эдлэж өгчээ.
Дараа нь Анагаахын Дээд Сургуульд англи хэл сурсан байна. Ингэхдээ     Чой. Лувсанжав багшид шавь оржээ. 1980-аад онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар Япон улсад суралцан япон хэл сурч, эмнэлгийн байгууллагуудад нь дадлага сургууль хийсэн байна. Хожим 1990-ээд онд Хятад, Америк оронд бас сургуульд сурч  дадлага хийсэн зураг байхыг би харав.
За тэгээд, өглөөний  5 цагаас хойш  амьдралдаа нэг ч удаа  босож үзээгүй гэж байгаа. Өглөө босоод л номоо үздэг бололтой.
Одоо бичиж, туурвисан зохиол бүтээлийг нь товч авч үзье. Мэдээж зохиож туурвисан 35 боть зохиолтой бүгдтэй танилцаж чадсангүй. Гэхдээ нилээд хэсгийг авч үзлээ. Бурханы ном зохиол орчуулахад их цаг заржээ. Бурхан багшийн сургаал орчуулсан байна. Европын орнуудын зочид буудлын өрөө болгонд Библи тавьсан байдаг. Тэгвэл Азийн орнуудын зочид буудалд Бурхан багшийн сургаалыг харж болно. Зарим зочид буудалд Библи, Бурхан багшийн сургаал аль аль нь  тавиастай бий.
Бурхан багш амьд байхдаа айлдсан сургаал буюу Дармапада англи хэлнээс орчуулсан байна. Сочид амарч байхдаа нэг өдөр л орчуулж дуусгасан гэж байгаа. Онгод Тэнгэр нь орсон юм байлгүй гоё сайхан хэллэгээр буулгасан байна.
Бас VI Богд Цаянжамцын шүлгүүдийг орчуулж хэвлүүлжээ. Та нар уншаарай. Лам хүн гэхэд хүүхэнд нилээд дуртай бас наргианч, марзан эр байсан бололтой. Номонд тавьсан зургууд нь нилээд инээдтэй, надад таалагдсан. Та нарт энэ номноос зарим шүлэг сонирхуулах уу? ... Өөрсдөө олж уншсан дээр дээ.
Бас нэг чухал зохиол бол “Мэлмий нээхүйн мянган бадаг” юм. Буриад лам Эрдэнэ Хайвзун Галшиевын бичсэн ном.
Би одоо тавь гарсан хүн. Амьдралын туршлагаар олон зүйлийг ойлгож мэдэж авсан. Гэтэл тэдгээр маань энэ номонд бичээтэй байх юм. Бас ойлгож сонсоогүй ч олон зүйл байна. Залуу байхад маань энэ ном байсан ч болоосой гэж бодогдсон шүү. Олон зүйлийг тойрч өнгөрөх, эсвэл огт өөр байдлаар шинээр хийх байв.
Омар Хайямыг Монголчуудад таниулсан хүн бол яахын аргагүй Шагдарсүрэн эмч. Анх  би 2000 оны эхээр Хайямын шүлгүүдийг уншаад дарс, хүүхэнд дуртай дампуу яруу найрагч байна даа яасан ч их дарс уухыг магтдаг юм гэж бодож билээ. Энэ алдаа байсан. Хожим Хайямын намтар олж уншаад энэ хүн бол агуу эрдэмтэн байсныг мэдэж авсан. Исламын шашны лам, Зөнч, Математикч, Одон орон Судлаач, Эмч ажээ. Дампуу яруу найрагч биш болохыг ойлгоод дахин шүлгүүд, рубайг  уншихад шинэ утга учир, өнгө аястай болон бууж ирж байсан. Гэтэл эдгээр шүлгүүдийг Монгол хэл дээр орчуулсаныг олж уншлаа. Энд араб, орос, монгол ухаан холилдон хутгалджээ. Анх Перс хэлнээс Англи руу 1800 – аад оны үед орчуулсаныг оросууд авч хөрвүүлсэн. Шагдарсүрэн эмч оросоос монголд дуун хөрвүүлсэн гэнэ.
Нэр томьёоны толь бичиг хэд хэдийг хэвлүүлжээ. Тэдгээрийг авч үзэв. Эмч хүн тул Анагаах ухааны Англи-Монгол толь, Монгол-Англи толь бичиг зохиосон байна. Мөн Ургамлын Латин-Орос-Монгол толь зохиожээ. Өмнөговь аймагт явж байхад Бараадууз гуай уулзан Хайлаасны тухай орос, англи хэл дээр ном олж өгөхийг хүсэв. Хайлаасыг орос, англи хэл дээр хэрхэн нэрлэх талаар мэдэхгүй байв. Гэтэл Шагдарсүрэн эмчийн ургамлын толийн 1040-д Хайлаасыг Латинаар  Ulmus campestris оросоор Ильим равнинный монголоор Талын Хайлс гэнэ хэмээн заасан байх юм.
Бас бага охинтойгоо хамтарч Хятад-Монгол-Төвд хэлний толь бичиг зохиосон гэж сонссон.  Хүүтэйгээ хамтарч Элэгний эмгэг гэдэг ном бичсэнээ надад өгөв. Жаахан чөлөө зав гармагц уншина даа.
Хятадын анагаах ухааны түүхэн дэх хамгийн гайхамшигтай ном гэгдэх эзэн Хааны анагаах ухааны судар бичиг орчуулсан байна. Унших, ойлгоход амар тайлбартай, зурагтай ном. Багын найз Ганбаатар хурандаатай хамт Монголын эзэнт гүрний арми ном бичжээ. Ж.Батзандантай хамтарч Удирдах чадварын тухай эрэгцүүлэл номыг Мажар, Англи хэлнээс хөрвүүлэн хэвлүүлжээ. Дээр дурьдсан зохиол бүтээлүүд бол миний харсан танилцсан номууд бөгөөд Шагдарсүрэн эмчийн бичиж туурвьсан бүтээлийн багахан хэсэг болно. Цаана үлдсэн ихэнхи хэсэгтэй танилцаж амжсангүй. За ийм нэг гайхалтай хүнтэй уулзаж танилцлаа.
 Монголд олон сэхээтэн байдаг гэдэгт би итгэлтэй байна.
Өнөөдөр чинь баярын өдөр, Майн баярын мэнд дэвшүүлье.
Та бүгдэд сайн сайханыг хүсэн ерөөе.
Н. Баяртсайхан

2015.05.01