2017/12/14

Эдийн засгийн сэргэлт банк, санхүүгийн реформоос хамаарна

Сэтгүүлч Э.Болдын ярилцлага
“Өдрийн сонин” 2017.12-р сарын 14. №266.
ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ БАНК, САНХҮҮГИЙН РЕФОРМООС ХАМААРНА
Банкны салбарыг зохицуулж буй 10 гаруй хуулийн шинэчлэлийг хийснээр Монгол Улсын банк, санхүүгийн салбарын хөгжлийн шинэ үе, түүхийн шинэ хуудас 2017 оноос эхлэн нээгдэнэ хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан үзэж байгаа юм байна. Банк, санхүүгийн системд хийх шинэчлэлүүд болон хуулийн реформын талаар түүнтэй ярилцлаа.
Банкны тухай хууль, Төв банкны тухай хуулийн өөрчлөлтийн талаар нэлээд сонирхолтой хэлэлцүүлгүүд ойрд өрнөж байна. Санхүүгийн тогтолцооны эдгээр тулгуур дүрмийг өөрчлөх нь ер нь зөв гэдэг асуултаар ярилцлагаа эхэлцгээе.
            Хуулийг “Юуны тулд өөрчлөх вэ?”, “Хэзээ өөрчлөх вэ?” гэдэг 2 чухал асуулт байгаа юм. Эхний асуултын хувьд, Монгол Улсын санхүүгийн тогтолцоог олон улсын сайн туршлагад тулгуурлан илүү үр ашигтай, ил тод, хариуцлагатай, эрсдэл даах чадвартай болгоход хууль эрх зүйн орчны шинэчлэл зайлшгүй чухал байна. Үүний хүрээнд нийт 11 багц хуулийн өөрчлөлт хийхээс Үндэсний төлбөрийн системийн тухай шинэ хууль энэ оны эхний хагаст батлагдсан. Харин одоо Төв банкны тухай хууль, Банкны тухай хуулийн төслийг боловсруулж дуусаад УИХ-аар хэлэлцүүлэх шатандаа орлоо. Энэ хоёр хуулийн төслийн агуулга нь Монголбанк ч тэр, арилжааны банкууд ч тэр илүү хариуцлагатай ажиллая, улс орныхоо санхүүгийн тогтолцоог сайн дархлаатай болгоё гэсэн санаа явж байгаа юм. 
           Эдгээр хуулийг шинэчилснээр нэг талаас Монголбанкны бодлого үйл ажиллагаанд олон улсын сайн жишиг, туршлагыг суулгаж өгөх, ингэснээр ирээдүйд алдаа гаргах эрсдэлээс сэргийлж өгнө гэсэн үг. Харин нөгөө талаас арилжааны банкуудын үйл ажиллагаа ч олон улсад банк санхүүгийн байгууллага яаж ажиллах ёстой юм, тийм л жишиг рүү чиглэх юм.
Тэгвэл цаг хугацааны хувьд эдгээр хуульд өөрчлөлт хийх ёстой цаг нь одоо мөн үү?
            Бид зохицуулалтаа илүү боловсронгуй болгох цаг аль хэдийн болсон. Эдийн засгийн орчин, санхүүгийн зах зээл нэлээд хурдацтай өөрчлөгдсөн зохицуулалт ерөнхий агуулгаараа хоцрогдоод байна шүү дээ. Энэ нь сүүлийн 10 жилд Монгол Улсад тулгарсан эдийн засгийн хоёр ч хүндрэлээс тод ажиглагдлаа. Одоо санхүүгийн системд эргэлдэж буй мөнгөний хэмжээ, бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл, ашиглаж буй технологи болон арга барил, гадаад ертөнцтэй харилцах харилцаа гээд олон зүйл урьдынхтай харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай болчихсон. Хуучин хууль дүрмээр зохицуулах аргагүй зүйлс ч гарч ирж байна. Мөн өнгөрсөн хугацаанд амьдрал дээр туршигдан сул тал нь харагдсан, сайжруулах хэрэгтэй зүйл ч олон бий. Тэгэхээр бид шаардлагатай өөрчлөлтүүдээ хугацаа алдалгүй хийгээд явах нь цаашид санхүүгийн зуучлал найдвартай байх чухал үндэс болно. Энэ бол шийдвэрлэх цаг мөч мөн. 
      Өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд бий болсон бодлогын өөрчлөлт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, дэлхийн зах зээл дээрх таатай нөхцөл байдлын нөлөөгөөр эдийн засаг маань сэргэж эхэлж байна. Тэгвэл цаашид энэ өсөлтийг тогтвортой хадгалж чадах эсэх нь банк, санхүүгийн секторын үйл ажиллагаа хэр үр дүнтэй байхаас ихээхэн хамаарах бөгөөд үүнд хуулийн реформ маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд одоо бид энэ асуудал дээр тал бүрээс сайтар тунгааж, хэлэлцэж, ойлголтоо нэгтгээд урагш явах нь зүйтэй болов уу. Үүнийг ойлгож дэмжиж буй УИХ-ын эрхэм гишүүддээ энэ завшааныг ашиглан талархлаа илэрхийлье!
Банкны тухай хуулийн төсөлд арилжааны банкуудын засаглалын тогтолцоог зохистой болгох, эрсдэлтэй үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалтууд хийх, зохицуулагчийн зүгээс тавих хяналтын тогтолцоог сайжруулах зэрэг чухал өөрчлөлт орсон байсан. Гэхдээ нийгэмд ОУВС-гийн шаардлагаар хуулиа өөрчилж байна гэсэн хардалт давхар яваад байх шиг байна. Энэ үнэхээр үнэн үү?
            Үгүй ээ. Хуулийн шинэчлэл бол хөгжлийн зүй тогтол, нийгмийн хэрэгцээ шаардлагаар урган гарч ирж, хийгдэж байгаа зүйл. Ер нь аливаа улс оронд бодит эдийн засаг руу мөнгө, санхүүжилт хуваарилж буй санхүүгийн систем хэвийн үйл ажиллагаа явуулах нь эдийн засагт бизнесийн үйл ажиллагаа өргөжих, эдийн засгийн өсөлт хөгжил бий болох нэг гол тулгуур болдог. Хадгаламж эзэмшигчдийн мөнгө найдвартай, компаниудад бизнесийн санхүүжилт хүртээмжтэй, зээлийн эргэн төлөлт сайн байснаар эдийн засагт мөнгө үр дүнтэй эргэж үйлдвэрлэл үйлчилгээ тэлэн ажлын байр, цалин орлого нэмэгдэх үндэс суурь нь болно шүү дээ. Иймд Монголын санхүүгийн системийн тулгуур болсон банкныхаа тогтолцооны эрүүл найдвартай байдлыг хангах оновчтой зохицуулалтын орчныг бүрдүүлэхгүйгээр бид эдийн засгийн хүндрэлээс гарах, цаашдын хөгжил дэвшлийн тухай яриад нэмэргүй. Тийм ч учраас миний бие Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдоод Төв банкинд, санхүүгийн салбарт хэрэгжүүлэхээр боловсруулсан 5 зүйл шинэчлэлийнхээ эхний бүлэгт “Банкны салбарын хууль эрх зүйн шинэтгэл”-ийг онцлон тусгасан. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчны шинэчлэл бол ОУВС-гийн хөтөлбөрөөс жил орчмын өмнөөс эхэлсэн байсан ажил одоо хэрэгжээд явж байна гэж ойлгож болох юм.
Банкны тухай хуулийн эргэн тойронд зээлийн хүүнд хязгаар тавих асуудал анхаарлын төвд байлаа. Энэ тал дээр Монголбанк ямар байр суурьтай байгаа вэ?
            Хүүнд хязгаар тавих явдал Монголбанкны байр суурь биш юм. Зээлийн хүүг бууруулах асуудал дээр хамгийн гол нь үр дүнтэй шийдлийг сонгож хэрэгжүүлэх нь зөв хувилбар. Харин хязгаар тавих нь зээлийн хүүг бууруулахад олигтой үр дүнгүй гэдгийг уг аргыг сонгож хэрэгжүүлсэн дэлхийн 76 орны туршлага нэгэнт харуулчихсан байна. Тэдгээр орны олонх нь Латин Америк, Африк, Карибийн тэнгисийн улс орнууд. Өмнөд Африк, Япон, Герман, Франц гэх мэт харьцангуй өндөр хөгжсөн зарим улс ч бий.
Тэгвэл зээлийн хүүг бууруулах үр дүнтэй арга нь юу юм бэ, бид яах ёстой вэ?
            Энэхүү асуултад хариу олох, шийдэл санал болгохоор Монголбанкин дээр ажлын хэсэг байгуулагдчихсан судлаад, саналаа боловсруулаад явж байгаа. Ер нь дэлхийн бусад улс орны туршлагаас үзэхэд хүүг бууруулахад үр дүнтэй хэд хэдэн арга зам байдаг. 
                 Тухайлбал, зах зээл дээрх өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийг олон тулгуурт болгох, банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгон, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь үр дүнгээ өгдөг юм байна. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээ авч буй хэрэглэгчдийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх асуудал болон зээлийн мэдээллийн сангийн хөгжил ч чухал болдог. Тэгээд хамгийн гол нь банк, санхүүгийн систем өөрөө найдвартай ажиллах техник технологийг нэвтрүүлэх, эрсдэлийг удирдах арга барилаа сайжруулах замаар зардлаа бууруулах нь хүү буурах чухал нөхцөл болно. Үүн дээр нэмээд эдийн засгийг савлуулахгүй байх оновчтой бодлого, сахилга, хариуцлагын асуудал болон эрсдэл үүссэн үед авах арга хэмжээ, зохицуулалтыг сайжруулах шаардлага манай орны хувьд чухлаар тавигдана. Энэ бүгд нэлээд төвөгтэй, амаргүй санагдаж магадгүй ч, зээлийн хүүг бууруулах чиглэлд хийх ёстой эдгээр ажлыг алхам алхмаар нэгэнт хийгээд эхэлчихсэн, бид зөв чиглэлд явж байгаа гэж ойлгож болно.
Статистик сөхөж харвал 1990-ээд онд зээлийн хүү 400% давж байсан бол 2000 он гарснаар 40%, харин сүүлийн жилүүдэд 20% орчим руу орж буурсан чиг хандлага ажиглагддаг. Цаашид зээлийн хүүг бууруулах энэ асуудлыг шийдвэрлэхэд хэр их цаг хугацаа шаардлагатай вэ?
            Зээлийн хүү нь манай эдийн засгийн амьдралыг л харуулж байгаа нэг үзүүлэлт. Тэгэхээр эдийн засгаа шинэчилж байж л энэ асуудлын бүрэн шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, өвчний шинж тэмдэг бус, суурь шалтгааныг эмчилж байж үр дүнд хүрэхтэй адил. Иймд бид нэн тэргүүнд макро орчноо тогтворжуулах, хууль эрх зүйн орчноо сайжруулахад хамаг хүчээ дайчлан ажиллаж байна. Үр дүн нь ч эдийн засгийн олон индикатораар илрээд эхэлчихлээ. Үүн дээр нэмээд арилжааны банкуудын оновчтой засаглалын тогтолцоо, эрсдэлээ удирдах чадварыг дээшлүүлэхэд Монголбанкны зүгээс олон шаардлагыг тавьж байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ч онцгой анхаарал хандуулж эхэллээ. Зээлийн хүүнд шингэдэг эрсдэлийн болон үйл ажиллагааны зардлаа бууруулах тал дээр банкууд өөрсдөө ч ажиллаж байгаа. Харин хэрэглэгч талаасаа өөрт тохирсон зээлийн бүтээгдэхүүнээ сонгоод, хувийн санхүүгээ оновчтой удирдан эргэн төлөлтөө хийх чадвартай, банктай хэлэлцээр хийх чадвартай байх нь туйлын чухал. Үүний тулд харилцагч өөрөө эдийн засаг, санхүүгийн наад захын мэдлэг боловсрол эзэмших шаардлагатай. Үүнд хувь нэмэр оруулахаар үндэсний хэмжээний санхүүгийн боловсролын хөтөлбөрийг олон улсын байгууллагуудтай хамтраад хэрэгжүүлж байна. Мөн зээлдэгчдийн эрсдэлийг нарийвчлан тодорхойлох, ингэснээр эрсдэл багатай зээлдэгч нарт илүү хямд өртгөөр санхүүжилт олох боломжийг олгох Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоонд сайжруулалт хийж байна. 
               Тэгэхээр, эдгээр ажлын үр дүн өргөс авчихсан юм шиг нэг өдрийн дотор илрээд шууд маргааш хүү буурна гэдэг амлалтыг өгөх боломжгүй. Үр дүн гартал тодорхой хугацаа шаардагдана. Мэдээж зээлийн хүүг бууруулахыг бид бүгд хүсч байгаа ч, хэрэв сэтгэл хөдлөлөөр хандан огцом буруу шийдвэр гаргавал бусад улс орны хийсэн алдааг л дахин давтах болно. Харин судалгаатай, ул суурьтай хандаж алхам алхмаар асуудлуудаа шийдвэрлээд явбал алгуур хэдий ч үр дүнтэй, хүүний бууралт тогтвортой байх болно.
Банкуудад хийж буй активын чанарын үнэлгээ (AQR) санхүүгийн салбарт том шинэчлэл өөрчлөлтийг бий болгоно гэсэн хүлээлттэй байна. Банкны тухай хуульд Монголбанкны хяналт, зохицуулалтыг хүчтэй болгож активын чанарын үнэлгээ, стресс тест хийх, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах гэх мэт шинэ шинэ зүйл заалт орсон нь энэ үнэлгээтэй холбоотой юу?
            Олон улсын хөндлөнгийн аудит гүйцэтгэж буй энэхүү цогц үнэлгээ нь Монгол Улсад анх удаа хийгдэж байгаа шинэлэг зүйл. Анхны гэдэг утгаараа шууд төгс болчихно гэж хүлээхээс илүү банкны салбарын одоогийн байдлыг нарийвчилж шинжлэх, цаашид хүрэх ёстой газраа тодорхойлоход чухал эхлэлийн цэг болно гэж үзэж байна. Ер нь бидний явах зүг чиг тодорхой байгаа. Олон улсын шилдэг жишгээр банкны салбарт ямар бизнесийн арга барил, дүрэм журам, хэм хэмжээ, стандарт мөрдөх ёстой юм, бид тэр чиглэлд л явах учиртай. Мэдээж эдийн засгийнхаа онцлог, өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж таарна. Тэгж байж хадгаламж эзэмшигчид, харилцагчдын итгэлийг хүлээнэ, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татна, эдийн засагтаа оруулах хувь нэмрээ дээшлүүлнэ. Үүнийг ч банкууд сайн ойлгож байгаа. Аль хэдийн олон улсын аудитын байгууллагуудаар санхүү, бүртгэлийн үйл ажиллагаагаа тогтмол шалгуулаад, баталгаажуулаад явдаг болчихсон банк олон байгаа. 
                    Аливаа улс орон эрүүл банктай байж эрүүл саруул эдийн засгийн амьдралыг бүрдүүлнэ. Энэ нь цаашлаад эрүүл улс төр, эрүүл нийгмийн үндэс суурь болно. Улс төр бол эдийн засгийн шууд тусгал, хураангуй илрэл шүү дээ. Зохицуулагч байгууллагын хувьд Монголбанк нь системийн эрсдэлийг бага байлгах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, зах зээл дээр тэгш, шударга өрсөлдөөн тогтоохын төлөө ажилладаг. Тэгэхээр хяналт шалгалтын үйл ажиллагаа, хууль журмын зохицуулалтууд маань эцсийн дүндээ нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд л чиглэж байна гэсэн үг. Харин үүний тулд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрх зүйн бүрэн чадамжтай байх нь чухал.
Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг дээшлүүлэх, засаглалын тогтолцоог сайжруулах нь олон нийтийн зүгээс нэлээд дэмжлэг авч байна. Харин Төв банк үндсэн зорилтоо “Төгрөгийн тогтвортой байдал”-аас “Үнийн тогтвортой байдал” болгоод өөрчилчихөөр эдийн засгийн бусад асуудал, тэр дундаа валютын ханштай холбоотой хариуцлагаас зугтлаа гэсэн шүүмжлэл гарч эхлээд байна?
            Олонх улс орон, тэр дундаа эдийн засаг нь амжилттай яваа орнуудад “Мөнгөний бодлого урт хугацааны үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилгод чиглэх нь оновчтой” гэж үздэг болжээ. Бид хуулийн өөрчлөлтөөр хаана ч байхгүй зүйлийг хийх гээд байгаа бус, харин бусад орны хэдэн зуун жилийн алдаа оноо, сургамж дээр үндэслээд олон улсад тогтсон сайн туршлагыг л Tөв банкныхаа зорилгод тусгах гэж байгаа хэрэг юм. Үнийн тогтвортой байдал буюу “инфляци нам бөгөөд тогтвортой байна” гэдэг нь цаанаа макро эдийн засгийн олон үзүүлэлт хэвийн, эрүүл байгаагийн л илэрхийлэл, зайлшгүй нөхцөл болдог зүйл. Тийм ч учраас Таны асууснаар Монголбанк ханшийг огт анхаарахаа болиод, хариуцлагаас зугтана гэсэн үг биш юм. Ханшийн өөрчлөлт нь өөрөө импортын бараа бүтээгдэхүүний үнээр дамжаад инфляцид нөлөөлдөг зүйл. Мөн аж ахуйн нэгжүүдийн валютын зээлийн эргэн төлөлтөөр дамжаад банк, санхүүгийн системийн тогтвортой байдалд ч нөлөөтэй. Иймд Монголбанк ханшийн богино хугацааны огцом савлагаа үүсгэхгүйн тулд валютын захын дэд бүтцээ хөгжүүлэх, техник технологийг нэвтрүүлэх, валютын нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр одоо хийгдэж байгаа ажлаа үргэлжлүүлээд л явах болно. Хуулиар заасан үндсэн зорилтоо илүү тодорхой болгон, олон улсын жишигт нийцүүлснээр бид зохиуцуулалттай ханшийн дэглэмтэй, инфляцийн тогтвортой байдлыг хангах замаар макро тогтвортой байдлыг бүрдүүлэх үндсэн зорилготой Төв банк болно гэж ойлгож болох юм.
Төв банкны зорилго илүү тодорхой болсноор эдийн засгийг өсгөх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах гэх мэт заримдаа хоорондоо зөрчилдөх зүйл дээр сонголт хийхэд хялбар болoх нь гэж ойлгогдож байна. Монголбанк цаашид аливаа асуудалд хандахдаа “үнийн тогтвортой байдал” гэдэг ганц чиг шугамыг баримтална гэж ойлгож болох уу?
            Тийм. Энэ нь инфляцийг өдөөхгүй хэмжээний эдийн засгийн өсөлт, түүний тогтвортой байдлыг чухалчилсан бодлогын зорилттой Төв банк болж байна гэсэн үг. Улмаар илүү ирээдүйд чиглэсэн, эрсдэлүүдийг урьдчилж тооцоолдог алсын хараатай, хараат бус, хариуцлагатай бодлого хэрэгжүүлэх эрх зүйн чадамж бий болно. Жишээ нь, Таны хэлдгээр маргааш, нөгөөдрөө мартаад эдийн засгийг одоо л түр зуур өсгөхийн тулд их хэмжээний мөнгө хэвлэн нийлүүлж алдаа гаргахгүй л гэсэн үг. Яагаад вэ гэхээр энэ нь ханшийг савлуулж, үнийн тогтвортой байдалд харшилна. Өөрөөр хэлбэл Төв банкны үндсэн зорилгод харшилна. Ер нь Төв банкууд олон тодорхойгүй зорилготой байх тусмаа алийг нь ч биелүүлж чадахгүйд хүрэх, эсхүл хариуцлагаас зугтаах боломж нэмэгдэж, энэ нь эргээд эдийн засагтаа хор хөнөөлтэй байсан тохиолдол дэлхийн түүхэнд цөөнгүй. Тийм ч учраас өнөөдөр “Үнийн тогтвортой байдал” буюу нийт эдийн засгийнхаа “биеийн халууныг” хянах үүргийг Төв банкинд хариуцуулдаг жишиг тогтсон байна.
Инфляци тогтвортой байх нь нэг талаас эдийн засаг эрүүл байгаагийн шинж харин нөгөө талаас эдийн засаг тогтвортой өсөх суурь ч болно гэж ойлгож байна. Тэгвэл инфляци тогтвортой байх тэр баталгаа нь юу вэ, үүнд хууль эрх зүйн шинэчлэлүүд хэрхэн нөлөөлнө гэж үзэж байна вэ?
            Одоо хийж байгаа хуулийн шинэчлэлүүд нь банк санхүүгийн салбарын “Хөгжлийн шинэ үе”-ийг эхлүүлнэ гэж үзэж байгаа. Үр дүнд нь эдийн засгийн нэг гол тулгуур бодлого болох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч институци буюу Төв банкны үйл ажиллагаа сайжирна. Мөн мөнгөний бодлого хэрэгжих, дамжих гол суваг буюу банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг оновчтой зохицуулах орчин бүрдэх юм. Ингэснээр санхүүгийн систем бүхэлдээ найдвартай ажиллах суурь болно. Мэдээж энэхүү шинэчлэлийг Төв банк өөрөөсөө эхлэн хийж байна. Төв банкны тухай хуулийн өөрчлөлтөөр Монголбанкны Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл төвлөрөхөөс сэргийлсэн хамтын удирдлагын зарчим, Монголбанк мэргэжлийн бус хөндлөнгийн нөлөөллөөс ангид, хараат бус ажиллах тогтолцоо зэргийг давхар хийж өгч байгаа. Энэ бүхэн нь Төв банк үнийг тогтвортой байлгах зорилгодоо хүрэх боломжийг нэмэгдүүлж, амжилттай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгч байна гэсэн үг юм. Дэлхийн болон дотоодын эдийн засагт биднээс шалтгаалахгүй, эрэлт болон нийлүүлэлтийн гаралтай гэнэтийн савлагаа шокууд үүсч, инфляцид нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн идэвхжил, ажил эрхлэлт, төсвийн бодлого, валютын ханш, зах зээлийн хүлээлт, компаниудын үйл хөдлөл, цаг агаарын нөхцөл байдал, зуд, импортын шатахууны үнэ зэрэг эрэлт, нийлүүлэлтийн гаралтай олон хүчин зүйл үүнд багтана. Гэхдээ бид өөрсдөөс шалтгаалах зүйлээ мэргэжлийн төвшинд маш сайн хийхийг зорино. Төв банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Ингэснээр инфляцийн хүлээлтийг оновчтой удирдах, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх боломжтой болох юм.
Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа! Удахгүй шинэ он гарах гэж байна, Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

            2018 он бол Монголын эдийн засгийн хувьд чухал өөрчлөлтийн жил байх болно. Ирж буй Шинэ оноо амжилт бүтээлтэй, урам зоригтой, эрүүл энх, сайн сайхан угтан золгоорой!

2017/11/13

ЭДИЙН ЗАСАГТ БИЙ БОЛСОН ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮДЭЭ БАТАТГАХ

Сэтгүүлч Ж.Энхсайханы ярилцлага.
«Улс төрийн тойм» сонин. 2017.11.13..№7

ЭДИЙН ЗАСАГТ БИЙ БОЛСОН ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮДЭЭ БАТАТГАХ НЬ ЧУХАЛ БАЙНА
2018 онд баримтлах мѳнгѳний бодлогын үндсэн чиглэлийн баримт бичгийг УИХ-д ѳргѳн бариад буй энэ цаг үед ѳнгѳрсѳн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын үр дүн, цаашдын эдийн засгийн тѳлѳв байдал, Төв банкнаас хэрэгжүүлэхээр тѳлѳвлѳж буй бодлогын арга хэмжээний талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцлаа. Эдийн засгийг залуурдаж яваа нэг чухал бодлого болох мөнгөний бодлого хэр үр дүнтэй хэрэгжихээс хамаараад эдийн засгийн хүндрэлийг даван туулах, цаашид өсөлт, хөгжил хэр хурдацтай байх нь хамаарах юм.
            Яг нэг жилийн ѳмнѳ буюу мѳнгѳний бодлогын баримт бичгийн тѳслийг УИХ-д ѳргѳн бариад хэлэлцэж байх үед амаргүй цаг үе байсан шүү дээ. Харин одоо Монголын эдийн засаг дефлиациас гарлаа, сүүлийн хэдэн жил алдагдалтай явсан тѳлбѳрийн тэнцэл ашигтай гарч ханш харьцангуй тогтворжлоо, гадаад валютын нѳѳц 1.6 тэрбум долларт хүрч ѳссѳн байна, агшиж байсан эдийн засаг маань ч 5.3% ѳсѳлттэй гарлаа. Үүнд юу нөлөөлсөн талаар яриагаа эхэлье.
Монгол Улсын эдийн засагт 2017 онд олон хүнд сорилт тулгарсан нь үнэн. Монголбанкны хувьд, үндэсний мѳнгѳн тэмдэгтийн тогтвортой байдал, банк санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтынхоо хүрээнд шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Энэ үед УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, Төв банк болон Засгийн газрын бодлогын уялдаа, олон улсын байгууллагуудтай хийсэн хамтын ажиллагаа маш чухал байсан. Нэн тэргүүнд хийх ёстой ажил бол унаж яваа эдийн засгийг тогтворжуулах, цаашид тогтвортой өсөх хөрсийг бүрдүүлэх явдал байв. 
Иймд, эхний ээлжинд 3-р сард төлөх байсан Хөгжлийн банкны бондын асуудлыг шийдэх, 8-р сард хугацаа нь дуусч байсан Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийг шийдвэрлэх асуудал тулгарсан. Хэрэв эдгээр ѳрийг дефолт болох эрсдэлээс бүрэн сэргийлэхгүй бол улсын зээлжих зэрэглэл үргэлжлэн буурах, өмнө нь Монгол Улсад орж ирээд байсан гадаад эх үүсвэрүүд эргэн татагдах зэрэг огцом шок үүсэх эрсдэл ч байв. Улмаар гадны тѳдийгүй, дотоодын хѳрѳнгѳ оруулагчид ч Монголын эдийн засагт итгэх итгэл алдарснаар тѳгрѳг үнэ цэнэгүйдэх, цаашлаад энэ нь банк, санхүүгийн системийг гүнзгий уналтад оруулах, эргээд эдийн засаг сэргэхийн тулд багагүй цаг хугацаа зарцуулах дүр зураг харагдаж байсан. Харин бид богино хугацааны эдгээр гадаад өр төлбөрүүдийг эдийн засагт сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэж чадсан нь эдийн засагт итгэх итгэлийг сэргэхэд нөлөөллөө. Үүнтэй зэрэгцээд гадаад орчны байдал ч харьцангуй сайжирсан нь эдийн засагт том дэм болсон.
Эдийн засгийг жолоодох нэг тулгуур бодлогын хувьд мөнгөний бодлого оновчтой, үр дүнтэй байх нь маш чухал. Та Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдоод жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Төв банкнаас авч хэрэгжүүлсэн бодлогын онцлог нь юу байв?
Миний бие өнгөрсөн жил гаруй хугацаанд Монголбанкны бодлогын алдааг залруулах, цаашид алдаа гаргах нөхцөлийг хаахад гол анхаарлаа хандуулж ажиллалаа. Мөнгөний бодлого эдийн засагт тулгарсан хүндрэлийг хохирол багатайгаар даван туулах, макро орчныг богино хугацаанд тогтворжуулах, цаашид тогтвортой өсөлтийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Хэрэгжүүлсэн бодлогын хувьд багцлаад тайлбарлах юм бол үндсэндээ 5 хэсэгт хуваагдаж байгаа. Үүнд 10 хуулийн шинэчлэлийг багтаасан банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр; дундарч байсан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх асуудал; эдийн засгийг сэргээхийн тулд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах бодлогын арга хэмжээ; эрүүл эдийн засгийн суурь болсон банк санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг сайжруулах арга хэмжээ; эцэст нь төв банкны өөрийн дотоод үйл ажиллагааны шинэчлэл, санхүүгийн байдлыг сайжруулах алхам зэрэг ажил багтсан.
Эдгээрээс Валютын сангийн хөтөлбөр их анхаарал татаж байна. Эдийн засаг ѳѳрѳѳ итгэл дээр тогтдог зүйл. Тэгвэл манай улсад хэрэгжиж буй Ѳргѳтгѳсѳн санхүүжилтийн хѳтѳлбѳр эдийн засагт итгэх итгэлийг нэлээд сэргээснийг хѳндлѳнгийн шинжээчид ч тэр, бизнес эрхлэгчид ч хэлдэг шүү дээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хѳтѳлбѳрийн үр дүнгийн талаар ярихгүй юу?
Монгол Улсын эдийн засгийн эмзэг бүтэц, үүн дээр нэмээд ѳнгѳрсѳн жилүүдийн макро бодлогын зарим оновчгүй сонголт, алдаа нь эдийн засгийн хүндрэлтэй үед зѳвхѳн төсөв, мөнгөний бодлогоор эдийн засгийг идэвхжүүлэх боломжийг хумьсан гэхэд болно. Гадаад өр, улсын төсөв, төлбөрийн тэнцэл, санхүүгийн тогтолцоонд тулгарсан эрсдэлүүдийг дан ганц дотоод нөөц бололцоогоор шийдвэрлэх орон зай хангалтгүй болсон байв. Иймд Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн Монгол Улсын Засгийн газрын байр суурийг Монголбанк дэмжиж, хамтарч ажилласан. 
Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 2017-2020 онд баримтлах макро бодлогыг цогцоор нь тодорхойлж хэрэгжүүлэхээс гадна эдийн засгийн суурь тогтолцоо, институцийн ѳѳрчлѳлтүүд ч хийгдэж байна. Энэ нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын макро эдийн засгийн бодлогод итгэх итгэлийг сэргээх, хамтын ажиллагаатай донор орнуудаас санхүүгийн дэмжлэг авч эдийн засгаа богино хугацаанд тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх суурийг тавихад нөлөөллөө. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн талаарх үнэн зөв ойлголт, олон нийтийн дэмжлэг маш чухал учраас хөтөлбөрийн явц болон үр дүнг нээлттэй, ил тод зарлан хэрэгжүүлж байгаа.
Манай эдийн засгийн ирээдүйн төлөвийн талаар яриагаа цааш үргэлжлүүлье. Төв банкны зүгээс эдийн засгийн төлөвийг хэрхэн төсөөлж байна вэ? Боломж нь юу вэ, мөн ямар ямар эрсдэл байна вэ?
Энэ жилийн хувьд, дэлхийн эдийн засаг 2008 оноос хойшхи хамгийн сайн гүйцэтгэлтэй жил болсныг онцлох нь зүйтэй болов уу. Энэ нь түүхий эдийн үнийн ѳсѳлтѳѳр дамжаад дотоодын эдийн засагт нэлээд эерэг нѳлѳѳ үзүүллээ. Экспортын орлого сайжирч, төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал буурч, хөрөнгө ба санхүүгийн дансанд эерэг өөрчлөлтүүд гарснаар нийт тэнцэл маань сүүлийн 4 жилд анх удаа ашигтай гарлаа. Улмаар гадаад валютын нөөц дээр ирэх дарамт буурч, сүүлийн нэг жилийн хугацаанд валютын нөөц маань 400 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд бид онцгой анхаарч байгаа бөгөөд оны эцэс хүртэл дахин 200 сая ам.доллараар нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Түүнчлэн, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн”-ийн хүрээнд донор орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас гадаад валютын том урсгал орж ирэхээр хүлээгдэж байгаа нь эдийн засагт томоохон дэмжлэг болохоор байна. 
Харин нөгөө талаар дэлхийн эдийн засаг сэргэхтэй зэрэгцээд гол төв банкууд хүүгээ аажим өсгөх, өдийг хүртэл баримталж ирсэн хэт зөөлөн бодлогоосоо алгуур гарах дохио өгөөд эхэллээ. Хөгжиж буй орнуудын хувьд энэ нь гадаад зах зээлээс хөрөнгө татах боломж буурах, түүхий эдийн үнийн хэлбэлзэл гэх мэт эрсдэл үүсгэж магадгүй юм. Тэгэхээр, манай улсын хувьд, гадаад сектор дээр гарсан эдгээр эерэг ѳѳрчлѳлт хэр удаан үргэлжлэх, цаашид эдийн засгийн бодит секторууд дээр бүрэн нѳлѳѳллѳѳ үзүүлтэл хэр их цаг хугацаа шаардлагатай вэ гэдэг хурц асуудал үүснэ. Одоогоор нүүрсний салбар, тээвэр, худалдааны салбарт л сэргэлт ажиглагдаж эхэлсэн ч, бусад салбар хараахан сэргээгүй байна. Иймд бид боломжийг алдах ёсгүй бөгөөд эдийн засагт бий болсон эерэг өөрчлөлтүүдээ бататгах, цаашид хэрхэн сайжруулах вэ гэдэгт гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой.
Энэ нөхцөл байдалд Монголбанкны гол анхаарал юунд чиглэх вэ? Ирэх жил хэрэгжүүлэх мөнгөний бодлогын онцлог юу байх вэ?
Төв банкны бодлого мэдээж үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтоо биелүүлэхэд чиглэнэ. Үүний хүрээнд, эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлж, банк санхүүгийн системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэн, эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхээр зорьж байгаа. Макро эдийн засгийн суурь нөхцөл байдал сайжрах хөрс бүрдсэн, гадаад эрэлт, түүхий эдийн үнэ харьцангуй өндөр төвшинд хадгалагдаж байгаа энэ цагийг ашиглан бодлогын тогтвортой байдлыг хадгалж, шаардлагатай суурь реформуудыг хийх, эдийн засгийг тогтворжуулах нь чухал юм. Ирэх жил Төв банкнаас хэрэгжүүлэхээр зорьж буй бодлогын зорилтууд, тэдгээрийн үндэслэл тооцоог бид мѳнгѳний бодлогын үндсэн чиглэлийн баримт бичигтээ тусгаад УИХ-д ѳргѳн бариад байна. 
Мөнгөний бодлогын хувьд инфляцийг тогтворжуулах, ханшийг эдийн засгийн суурь нөхцөлд нийцтэй уян хатан тогтох зарчмыг баримтлах бодлого маань үргэлжлэн хэрэгжинэ. Түүнчлэн, эдийн засгийг эрүүл байлгах үндсийг бэхжүүлэх үүднээс санхүүгийн секторт эрсдэл хуримтлахаас сэргийлж макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх зорилтыг тавиад буй. Энэ нь ч сүүлийн үед олон улсад төв банкуудын баримталж буй гол чиг хандлага болж байна. Үүн дээр нэмээд банкны хяналт, шалгалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчны шинэчлэлийн ажлуудаа ч үргэлжлүүлэн хийнэ. Түүнчлэн, нэг талаас төв банкийг илүү нээлттэй, ил тод байлгах харин нөгөө талаар олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих замаар бодлогын үр дүнтэй байдлыг сайжруулах зорилтууд ч багтсанаараа онцлогтой боллоо.
Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 10-аад хууль шинэчлэгдэхээр байгаа. Тэр дундаас Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт гол анхаарал татаж байна. Хуулийн төсөлд Төв банкны зорилгыг илүү тодорхой болгох, хараат бус байдлыг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах гэх мэт чухал чухал асуудлыг хөндөж байгаа нь хүлээлт үүсээд байгаа шүү дээ?
Tөв банк хэр хариуцлагатай ажиллахаас эдийн засгийн нөхцөл байдал, улс орны ирээдүй шууд хамаарна. Монголбанк ажлаа хариуцлагатай хийж чадах эсэх нь энэхүү институцийн зорилго анхнаасаа тодорхой байна уу, оновчтой шийдвэр гаргах засаглалын тогтолцоо бүрдсэн үү, үүнийгээ бие даасан байдлаар хэрэгжүүлж чадаж байна уу гэдэгтэй ихээхэн холбоотой. Гэтэл олон судалгааны ажлын үр дүнгээр Монголбанкны бие даасан байдал “хангагдаагүй” гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр тогтолцооны шинж чанартай эдгээр суурь асуудлыг шийдэхгүйгээр Монголбанкны хариуцлагын талаар ярих нь учир дутагдалтай болно. Иймд үнийг тогтвортой байлган ард иргэдийн амьжиргааг хамгаалах, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд таатай орчинг бүрдүүлэх, банк санхүүгийн салбарт сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй авдаг байхын тулд хуулийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага үүссэн. 
Монголбанкны чиг үүргийг олон улсын жишигт нийцүүлэн нарийвчлан тодорхойлж, мөнгөний бодлогын зорилтыг дунд хугацаанд тогтвортой байхаар томъёолох, засаглалын тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Үүний тулд Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн саналыг хууль санаачлагчдад уламжлан, УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн баримт бичигт бодлогын ил тод байдлыг тусгайлан авч үзсэн нь шинэлэг бөгөөд анхаарал татсан заалт байсан. Монголбанк сүүлийн нэг жилд урьд өмнө нь байгаагүйгээр нээлттэй болсон санагддаг. Вебсайт, сошиал хуудсууд, хэвлэлийн хурлаас эхлээд олон сувгаар мэдээлэл хүртээмжтэй түгээгдэж байна. Ер нь яагаад ингэх болсон бэ?
Төв банк нээлттэй ил тод байх нь нэг талаар бодлогоо тайлбарлаж ойлгуулах, энэ нь эргээд төв банкны хариуцлагыг сайжруулж, олон нийт төв банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улмаар мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулдаг нь олон улсад жишиг болчихсон зүйл. Монголбанк ч дэлхийн энэхүү чиг хандлагаас хоцрох ёсгүй юм. Ялангуяа эдийн засаг сэргэх үү, үгүй юу гэдгийг шийдвэрлэх энэ эгзэгтэй цаг үед бодлогыг олон нийт үнэн зөвөөр ойлгох нь маш чухлаар тавигдаж байна. Ингэж байж хэрэгжилт үр дүнтэй болж, бид эдийн засагт тулгарсан асуудлаа амжилттай шийдвэрлэнэ. Аливаа бодлого шийдвэр олон нийтийн нүдэн дээр ил тод байх нь оновчгүй эсвэл буруу бодлого явуулбал шүүмжлээд засаад явах боломжийг ч олгож, алдаа гаргах нөхцөлийг хаана гэсэн үг. Ил тод байгаагүйгээс болж алдаатай бодлого удаан үргэлжилж, иргэд олон нийт аль өнгөрсөн хойно буюу эдийн засаг хүндэрсний дараа нуруун дээрээ хүнд ачаа үүрч байж л сая нэг ухаарах нь хүсүүштэй зүйл биш шүү дээ. Тийм ч учраас ирэх жил хэрэгжүүлэх мөнгөний бодлогын баримт бичигт бодлогын нээлттэй, ил тод байдлыг хангаж, олон нийттэй харилцах сувгийг боловсронгуй болгох тухай зорилтыг тусгайлан оруулсан байгаа. 
Таны хэлдгээр аль хэдийн ажил хэрэг болоод эхэлчихсэн зүйлс ч цөөнгүй байна. Монголбанк сар бүр хэвлэлийн хурал зарлаж хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээ олон нийтэд нээлттэй тайлбарладаг боллоо. “Мөнгө, санхүү, баялаг” нэртэй академик сэтгүүл болон эдийн засгийг энгийнээр тайлбарладаг “Монголбанкны мэдээлэл” хэвлэмэл товхимлуудыг эрхлэн гаргаж эхэллээ. Цахим орчинд мэдээллийг идэвхтэй түгээж байна. Төв банкнаас ажлын хэсэг томилогдон бүх аймгаар явж, иргэдэд эдийн засгийн мэдлэг олгох, мөнгөний бодлогын талаар лекц-семинаруудыг зохион байгууллаа. Улс орны ирээдүй болсон залуу хойч үед санхүү, эдийн засгийн суурь мэдлэг боловсрол олгох хөтөлбөр ч хэрэгжиж байна. Тэгэхээр, Төв банкны үйл ажиллагаа, бодлогыг ойлгодог, мэдлэгтэйгээр шүүн тунгаадаг, Төв банкиндаа итгэдэг байх нь мөнгөний бодлогын үр дүнтэй байдал, Монгол орны эдийн засгийн ирээдүйд маш чухал юм.
Та сая Дэлхийн банк, ОУВС-гийн жилийн уулзалтад яваад ирсэн. Аян замынхаа сониноос манай уншигчидтай хуваалцаач?
Энэхүү уулзалт нь дэлхийн улс орнуудын бодлого тодорхойлогч нар, шилдэг эрдэмтэн судлаач нар цугларан олон улсын эдийн засгийн байдал, цаашдын төлөв, шийдвэр гаргагч нарт тулгарч буй сорилтуудын талаар уулзаж ярилцдаг томоохон арга хэмжээ юм. Энэ удаагийн уулзалтын өнгө аяс нэлээд өөдрөг байлаа. Уулзалтын үеэр ОУВС-аас танилцуулсан Дэлхийн эдийн засгийн төлөв, Санхүүгийн тогтвортой байдлын сүүлийн тайлангуудаас харахад 2017, 2018 оны төсөөллүүд нэлээд өөдрөг байна. Хөгжсөн орнуудын хувьд ч, хөгжиж байгаа орнуудад ч өсөлт сэргэх төлөвтэй байгаа тул 2008 оны хямралаас хойшхи хамгийн сайн жил болж байна гэж дүгнэх хүн ч цөөнгүй тааралдлаа. 
2017 онд АНУ, Япон, Евро бүсийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа нь томоохон эерэг зүйл боллоо. Түүнчлэн Бразил, Орос зэрэг улс орон хямралаас гарч байна. Олон улсад эдийн засаг ийнхүү сэргэж эхэлсэн нь санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч эергээр нөлөөллөө. Гэхдээ энэ нь дэлхийн эдийн засаг бүрэн сэргэсэн гэсэн үг биш бөгөөд цаашид олон улсад санхүүжилтийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх вэ, улс орнуудад сүүлийн 10-аад жилд хуримтлуулсан өрийн дарамтаа яаж шийдэх вэ гэх мэт сорилтууд тулгарч байна. Тэгэхээр энэ эгзэгтэй үед бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид юу хийх хэрэгтэй вэ гэдэг нь уулзалтын гол сэдвийн нэг байв. Дэлхийн санхүүгийн хямралаас хойш 10-аад жилийн дараа ийнхүү үүлэн чөлөөний нар шиг боломж үүссэн дээр нь шаардлагатай тогтолцооны суурь өөрчлөлтүүдийг хийх, зохицуулалтуудаа илүү оновчтой болгох нь цаашид эрүүл эдийн засгийг бий болгох, тогтвортой өсөлтийн суурийг бүрдүүлэхэд чухал гэдгийг бүгд онцолж байна. Өмнө нь хэлсэнчлэн, энэ бол Монгол Улсын хувьд ч их чухал зүйл юм.

Үүгээр бид ярилцлагаа өндөрлөе. Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа!

2017/11/07

2018 ОН БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН РЕФОРМУУДАА ХИЙХ ЦАГ

"Өнөөдөр" сонин. 2017.11.07 №267
2018 ОН БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН РЕФОРМУУДАА ХИЙХ ЦАГ
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг баталсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай 2018 онд Төв банкнаас хэрэгжүүлэх бодлогын талаар ярилцлаа.

Яг нэг жилийн өмнө 1.4% агшиж байсан эдийн өсөлт 5.8%-д хүрснийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр зарласан. Эдийн засаг ийнхүү сэргэж эхэлж байгаа үед 2018 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ баталлаа. Цаашид Төв банкнаас баримтлах бодлогыг юу гэж тодорхойлж байна вэ?
            Төв банкны бодлого илүү ирээдүйг харсан, ингэхдээ нээлттэй бөгөөд ил тод, хариуцлагатай чиглэлд шилжсэн гэж ойлгож болно. Өнгөрсөн жилийн хувьд нэн тэргүүнд эдийн засагт үүсээд байсан хүндрэл бэрхшээлүүдийг аль болох богино хугацаанд даван туулахын тулд тогтворжуулах арга хэмжээнүүдийг авахад бодлогын гол зорилго оршиж байв. Үр дүн нь ч валютын нөөцийн өсөлт, төлбөрийн тэнцлийн ашиг, ханшийн тогтворжилт, эдийн засгийн өсөлт гээд олон хэмжүүрээр илрээд эхэлчихлээ. Тэгвэл үүнээс цааш эдийн засагт бий болсон эдгээр эерэг үр дүнгээ баталгаажуулах, улмаар дунд урт хугацаанд тогтвортой байлгах үндэс суурийг бүрдүүлэхийг зорьж байна. Эдийн засаг маань бүрэн сэргэх хараахан болоогүй байна шүү дээ. Үүний тулд шаардлагатай бодлогын өөрчлөлт, институци засаглалын суурь реформууд, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах зэрэг олон ажил хийх юм. Ингэснээр макро эдийн засгийн гол индикатор үзүүлэлтүүд маань савлагаа багатай, санхүүгийн зах зээл үр ашигтай, бизнесийн орчин илүү таатай, эдийн засгийн эрүүл мэнд хэвийн, цаашлаад улс орны ирээдүйн хөгжил тогтвортой байх хөрсийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн баримт бичигт тусгасан олон реформ зарим нь нэлээд хүнд, магадгүй эсэргүүцэлтэй тулгарахаар зүйл ч харагдаж байсан.
            Магадгүй зарим бодлого хүн бүрт таалагдахгүй байж болно. Гэхдээ бид эдийн засагтаа хийх ёстой суурь шинэчлэлтүүдийг хийх л хэрэгтэй. Нийтийн эрх ашгийн тусын тулд, улс орны ирээдүйн сайн сайхны төлөө тойрч гарахын аргагүй, засаж залруулах хэрэгтэй зүйлс гэж байна. Тэдгээрийг хийх цаг нь хэзээ вэ гэхээр – яг одоо юм. Дэлхийн эдийн засагт сэргэлт ажиглагдахын зэрэгцээ дотоодын эдийн засагт маань ч эерэг өөрчлөлтүүд бий болоод эхэлчихлээ. Саяхан Дэлхийн банк, ОУВС-гийн жилийн уулзалтын үеэр дэлхийн шилдэг эдийн засагчид, экспертүүд үүнийг ”үүлэн чөлөөний нар”-тай зүйрлэж байсан. Энэ бол нэг талаас сайн мэдээ ч, нөгөө талаас чухал сэрэмжлүүлэг. Иймд яг л энэ боломжтой үед бид цаашдын Монгол Улсын 5-10 жилийн ирээдүйн тогтвортой хөгжлийн хөрсийг бүрдүүлэх бодлогын суурь реформуудаа хийх шаардлага тулгарч байна. Харин Төв банк илүү нээлттэй, ил тодоор гаргасан шийдвэр, хэрэгжүүлж байгаа бодлого, авч буй арга хэмжээнийхээ талаар тайлбарлах болно. Шаардлагатай шинэчлэлтүүдээ амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засагт тулгамдаад буй хүндрэлийг хамтдаа даван туулахын тулд бид бүгд нэг ойлголттой, бүгд “нэг завин дээр суусан” байх нь чухал юм.
Төв банкин дээр төсвийн шинж чанартай үйл ажиллагаанаас гарах, санхүүгийн зах зээлтэй холбоотой 10-аад хуулийн шинэчлэлт, бодлого шийдвэрийн илүү нээлттэй ил тод байдал гэх мэт томоохон өөрчлөлтүүд хийгдэж байна гэж ойлгож байгаа. Эдгээр суурь реформууд мөнгөний бодлогын үр дүнтэй байдлыг хэрхэн дээшлүүлнэ гэж үзэж байна вэ?
            Тухайлбал, мөнгөний бодлогын хувьд инфляцийг тогтворжуулах, ханш эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нь нийцтэй уян хатан тогтох гэдэг зорилгыг авч үзье. Үүний ард ямар реформууд хийгдэж байна вэ гэхээр, Төв банкны тухай хуулинд оруулахаар төлөвлөсөн нэмэлт өөрчлөлтүүдийг юуны өмнө нэрлэж болно. Хуулийн өөрчлөлтөөр Монголбанкны үндсэн зорилтыг илүү тодорхой болгох, хараат бус байдлыг эрх зүйн хүрээнд баталгаажуулах, засаглалын тогтолцоог сайжруулах гэх мэт олон суурь шинэчлэлт хийж байгаа. Ингэснээр бид үнийг тогтвортой байлгах зорилгоо тууштай биелүүлэх бололцоо дээшилж, Төв банк илүү хариуцлагатай ажиллах суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Түүнчлэн, валютын нөөцийг нэмэгдүүлэх цогц бодлого хэрэгжээд явж байна. Үр дүн нь ч илэрч, нөөц маань жилийн дотор 40% нэмэгдлээ. Мөн валют арилжааны чухал дэд бүтэц болох цахим биржийг хөгжүүлэх, улмаар зах зээл дээрх мэдээллийн ил тод байдал дээшилж, ханшийн өндөр хэлбэлзэл үүсэх эрсдэл буурах бололцоотой. Тэгэхээр эдгээр эрх зүй, техник технологийн дэд бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлт маань эцсийн дүндээ Төв банк үнийг тогтвортой байлгах гол зорилгоо амжилттай биелүүлэх үндсийг тавьж байна гэсэн үг.
Манайх шиг ихэнх зүйлээ гаднаас худалдаж авдаг орны хувьд ханш нэлээд эмзэг, хүн бүрийн сонирхдог чухал асуудал байдаг шүү дээ. Төв банк болохоор ханшийг хатуу тогтоохгүй, зөвхөн огцом савлагааг л зогсооход анхаарна гээд байдаг?
            Ханш өөрөө дэлхийн эдийн засгийн байдал, Монгол Улсад орж ирж буй валютын урсгал, экспорт хийж валют олох эсвэл импортыг орлох Монгол компаниудын ур чадвар, гаднаас хөрөнгө оруулалт татах таатай орчин, төрийн оновчтой бодлого, заах зээл дээрх хүлээлт, итгэл гээд их олон зүйлээс шалтгаална. Монголбанкны хувьд, ханшийн огцом хэлбэлзэл үүсгэхгүй байхад хувь нэмэр оруулахын тулд валютын нөөцөө нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд алт худалдан авах үйл ажиллагаа, дээр дурдсан цахим валют арилжааны дэд бүтцийн шийдэл, олон улсын байгууллагуудтай хийсэн хамтын ажиллагаа, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн цогц арга хэмжээний үр дүнд валютын маань нөөц аль хэдийн 2 тэрбум ам.доллар давчихлаа. Төв банк төгрөг тогтвортой байх бодлого руу шилжиж, валютын нөөцөө нэмэгдүүлэх замаар ханшийн хэлбэлзлийн эрсдэл эрс буурсан болов уу. Та хэрэв анзаарсан бол ирэх жил долларын ханш одоогийн төвшнээс өсчих вий гэсэн болгоомжлол арилж, зах зээл дээр итгэл тогтон, ханш тогтворжиж байна шүү дээ.
Үнэхээр ч одоо ханш эргээд өсчих вий гэсэн болгоомжлол багасч, итгэл сэргэсэн гэж бодож байна. Энэ 7 хоногт батлагдсан төсөв 2.4 их наяд төгрөг буюу их өндөр алдагдалтай батлагдлаа гэсэн шүүмжлэл байх шиг байна. Энэ тал дээр Төв банк ямар байр суурьтай байгаа вэ?
            Өнгөрсөн жил ДНБ-ийн 15% давж байсан төсвийн алдагдал ирэх жил 9% руу ороод ирнэ гэдгийг харин ч эерэг үзүүлэлт гэж үзэх нь зүйтэй болов уу. Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд төсөв дээр шаардлагатай тохиргоо хийгдээд, алдагдлыг бууруулах чиглэлд явж байгаа. Өнгөрсөн сард хөтөлбөрийн 2-р шатны үнэлгээг хийгээд явсан ОУВС-гийн ажлын хэсэгтэй төсвийн орлого, зарлага, алдагдал гээд үндсэн үзүүлэлтүүд, гол тоонууд дээрээ тохиролцсон. Сангийн яам, Монголбанкны удирдлагууд өмнөх 7 хоногт ОУВС-гийн удирдлагуудтай Токиод уулзахад тэд Монгол Улс ажлын хэсэгтэй тохиролцсон төсвөө цаг хугацаанд нь батлах нь чухал гэдгийг л онцолж байсан. Одоо Сангийн яам энэхүү амлалтаа цаг хугацаандаа биелүүлсэн учраас цаашид хамтын ажиллагаат орнууд, олон улсын байгууллагуудын зүгээс орж ирэх санхүүжилтүүд саадгүй байх болов уу. Дээр нь 2018 онд хүлээгдэж байсан Чингис бондын эхний төлбөр гэх мэт гадаад өр төлбөрүүд амжилттай шийдвэрлэгдлээ. Тэгэхээр 2018 он бол бодлогын реформуудаа хийх, эдийн засгийн өсөлт нэмэгдэх сэргэлтийн жил байх болно гэж үзэж байна.
Ярилцсанд баярлалаа!

2017/09/29

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэлийг батлах

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэлийг батлах үед Монгол банкны ерөнхийлөгчийн УИХ-ын намрын чуулган дээр хийсэн мэдээлэл. 2017.09.29
Макро эдийн засагт бодит эерэг өөрчлөлтүүд эхнээсээ мэдрэгдэж эхэллээ
УИХ-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт 2017 онд олон хүнд сорилт тулгарч, Та бид сорилтыг амжилттай даван туулж байна. Өнгөрсөн оны энэ цаг үед эдийн засгийн байдал хүндэрснийг нийтээр хүлээн зөвшөөрч, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг УИХ-аар хэлэлцэн баталж байсан билээ. Бидний өмнө хугацаа нь тулсан гадаад өр төлбөрийг эдийн засагт сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэх, макро эдийн засгийг тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх гээд олон сорилт байсан. Өнгөрсөн оны эхний 3 улирлын байдлаар эдийн засаг -1.4 хувийн уналттай, -0.8 хувийн дефляцитай байж, банкны систем дэх чанаргүй зээлийн хэмжээ өсч, эрсдэл хуримтлагдаад байсан.
Гадаад валютын улсын нөөц дундарсан үед Хөгжлийн банкны бондын төлбөрийг энэ оны 3 дугаар сард төлөх, Хятадын Ардын Банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хугацаа 8 дугаар сард дуусгавар болохоор хүлээгдэж байсан. Эдгээр богино хугацааны гадаад өрийн дарамт нь төсвийн болон төлбөрийн тэнцлийн хүндрэлийг давхар бий болгож болзошгүй байв. Эдгээр өр төлбөрийн хугацааг хойшлуулж, дефолт болох эрсдэлээс бүрэн сэргийлээгүй тохиолдолд гадаад зээлжих зэрэглэл үргэлжлэн буурах, өмнө нь орж ирээд байсан гадаад эх үүсвэрүүд эргэн татагдах, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, эдийн засаг гүнзгий уналтад орж, эдийн засгийн өсөлт, хөгжил 10 жилээр ухрах том эрсдэл тулгарч байв.
Улсын өр нэмэгдэн өндөр төвшинд хүрч, гадаад валютын нөөц буурч, хөрөнгө оруулагчдын итгэл суларсан үед төсөв, мөнгөний бодлогоор эдийн засгийг идэвхжүүлэх боломж хязгаарлагдмал байв. Харин макро эдийн засгийн зохицуулалтыг оновчтой болгох замаар тулгарч байсан сорилтуудыг богино хугацаанд хохирол багатайгаар даван туулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бүрдүүлэх сорилт бидний өмнө тулгарсан билээ. Гэхдээ бидэнд энэ сорилтыг дан ганц дотоод нөөц бололцоогоор шийдвэрлэх санхүүгийн чадамж хангалтгүй байлаа. Өнгөрсөн жилүүдийн бодлогын алдааны үр дагавар ил гарч, эдийн засгийн нөхцөл байдал муудахын хэрээр гадаад зах зээл дээр улсын бондыг бага хүүтэй гаргах боломж хумигдсан. Өндөр хүүтэй гадаад эх үүсвэр авч ашиглах нь улсын төсөв дэх хүүний төлбөрийн дарамтыг нэмэгдүүлж, өрийн тогтворгүй байдалд хүргэхээр байв. Өнгөрсөн оны төсвийн алдагдал өндөр байж, түүнийг санхүүжүүлэх хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр дотоод зах зээл дэх бондын хүү ч өсч байв.
Иймд хөрөнгө оруулагчдын Монгол Улсын макро эдийн засгийн бодлогод итгэх итгэлийг сэргээх, доноруудаас санхүүгийн тусламж авч эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх суурийг тавихын тулд Олон улсын валютын сан (ОУВС)-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх шаардлагатай тухай Монгол Улсын Засгийн газрын байр суурийг Монголбанк дэмжиж ажиллав. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол улс 2017-2020 онд баримтлах макро эдийн засгийн цогц бодлогыг тодорхойлж, нийтэд нээлттэй, ил тод зарлан хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Монгол Улс энэ оны 3 дугаар сард Хөгжлийн банкны бондыг Засгийн газрын бондоор амжилттай сольсон, 7 дугаар сард Хятадын Ардын Банк болон Монголбанкны хооронд байгуулсан своп хэлцлийн гэрээг 3 жилийн хугацаагаар сунгаж, богино хугацааны өр төлбөрийн дарамтыг бууруулж чадлаа. Хөтөлбөрийн хүрээнд доноруудын амласан гадаад валютын санхүүжилтүүд орж ирж, гадаад валютын нөөц ч сэргэж, одоогийн байдлаар 1.6 тэрбум ам.долларт хүрээд байна.
Макро эдийн засгийн бодлогыг эдийн засгийг тогтворжуулахад чиглүүлснээс гадна манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний хилийн үнэ өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш тогтвортой өсч, үнийн өсөлтийг дагасан тоо хэмжээний өсөлт ч гарлаа. Үүний дүнд нүүрсний экспорт нэмэгдэж, татварын орлого сайжран, уул уурхайгаас хамааралтай салбаруудын үйл ажиллагаа идэвхжиж, улмаар эдийн засаг богино хугацаанд сэргэх нөхцөл бүрдэж эхлэв. Экспортын өндөр орлоготой цаг үетэй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсвийн, мөнгөний болон бүтцийн бодлогууд давхцаж байгаа нь эдгээр бодлогын үр дүнг сайжруулахад эергээр нөлөөлж байна.
Макро эдийн засагт бодит эерэг өөрчлөлтүүд эхнээсээ мэдрэгдэж эхэлж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 5.3 хувьд хүрсэн бол ажил эрхлэлт 9.4 хувиар өсөв. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляци Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд тусгагдсан зорилт болох 8 хувиас бага төвшинд байна.
Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал буурч, хөрөнгө ба санхүүгийн дансанд цаашид эерэг өөрчлөлтүүд гарахаар хүлээгдэж байна. Гадаад валютын нөөц сүүлийн нэг жилийн хугацаанд 400 сая ам.доллараар нэмэгдлээ. Оны эцэс хүртэл дахин 200 сая ам.доллараар нэмэгдэнэ гэж бид тооцож байна. Энд нефть импортлогч компаниудад гадаад валютын хэрэгцээг саадгүй, тэргүүн ээлжинд хангах зарчим Монголбанк баримталж ажилласнаа тэмдэглэн хэлмээр байна. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд донор орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас гадаад валютын том урсгал орж ирэхээр хүлээгдэж байгаа нь цаашид төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлж, гадаад валютын улсын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ.
Дээрх эерэг өөрчлөлтүүдээс шалтгаалан төгрөгийн гадаад валюттай харьцах ханш оны эхнээс чангарах хандлагатай байв. Харин энэ оны 7 дугаар сард нүүрсний экспорт огцом буурсан, 8 дугаар сард нүүрсний экспорт сэргэсэн хэдий ч өмнөх саруудын төвшнээс бага байж, 9 дүгээр сард хүлээгдэж байсан том дүнтэй төлбөрүүд гарсан, мөн улстөрийн тодорхой шалтгаанаар бодлогын тодорхой бус байдал бий болсон зэрэг нь олон нийтийн валютын ханшийн талаарх хүлээлтэд нөлөөлж, улмаар валютын зах дээр төгрөгийн ханш сулрах дарамттай байлаа. Гэхдээ Монголбанк макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй бус, харьцангуй түр зуурын шинжтэй энэ хэлбэрийн валютын ханшийн сулралт эрчимжихээс сэргийлж, валютын захад тухай бүр оролцсоноор төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байна.
Макро эдийн засгийн суурь нөхцөл байдал сайжрах суурь тавигдсан, гадаад эрэлт, түүхий эдийн үнэ харьцангуй өндөр төвшинд хадгалагдаж байгаа энэ цагийг ашиглан бодлогын тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийг тогтворжуулах нь бидний өмнө тулгарч буй том сорилт болж байна. Эдийн засаг сэргэж байгаа хэдий ч эмзэг хэвээр байна. Ялангуяа, богино хугацааны гадаад өр, төлбөрийн асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна. Ирэх 2018 оны эхээр төлөх ёстой Чингис бондын 500 сая ам.долларын төлбөрийн асуудал шийдлээ хүлээж байна. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж буй бодлогуудын тогтвортой байдлыг хадгалж, үр дүнг дээшлүүлэх шаардлагатай байна.
Миний бие Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдон ажилласнаас хойших нэг жил гаруй хугацаанд Монголбанкны бодлогын алдааг залруулах, алдаа гаргах нөхцөлийг хаах, мөнгөний бодлогыг эдийн засгийг тогтворжуулахад чиглүүлэх, банкны салбарт хуримтлагдсан эрсдэлийг бууруулах, гадаад валютын нөөцийг сэргээх чиглэлд ажиллалаа. Эдгээр ажлыг дараах 5 хэсэгт багцлан товч танилцуулъя.

Нэгдүгээрт. Банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийг баталлаа.
Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн тогтолцоонд үүссэн хүндрэл, бэрхшээлийг даван туулах, ололт амжилтыг бэхжүүлэх талаар УИХ-аас гаргасан бодлого, шийдвэр (УИХ-ын 2016 оны 68, 71 дүгээр тогтоол, 2017 оны 11 дүгээр тогтоол)-ийн хүрээнд 1) эдийн засгийн тогтвортой өсөлтийг бүрдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах талаарх бодлогыг тодорхойлох, 2) түүнийг хэрэгжүүлэх, 3) үр дүнг бэхжүүлэх үндсэн 3 чиглэлд банкны салбарын гол гол хуулийг шинэчлэх зорилт бүхий “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж байна.
Эхний чиглэлийн хүрээнд Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн үнэ цэнийг хадгалах, түүний худалдан авах чадварыг хамгаалж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиг үүрэгтэй бодлого тодорхойлох институци болох Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлж, шийдвэр гаргалтыг сайжруулах, хариуцлага, ил тод байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг бий болгох юм. Олон улсын банк санхүүгийн байгууллагын судалгаагаар Монголбанкны бие даасан байдал “хангагдаагүй” гэсэн дүгнэлт гарсныг энд дурдах нь зүйтэй болов уу.
Банк санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй авч байхын тулд Монголбанкны чиг үүргийг шинэчлэн тодорхойлж, мөнгөний бодлогын зорилтыг дунд хугацаанд тогтвортой байхаар томъёлох, түүний хэрэгжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ хэрэгцээ, шаардлагын үүднээс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголбанкны хуримтлуулсан туршлага, олон улсын жишиг, зарчимд тулгуурлан Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн саналыг хууль санаачлагчдад уламжлан, Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Хоёр дахь чиглэлийн хүрээнд мөнгөний бодлого хэрэгжих гол суваг болсон банк, санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Эрсдэлийг дааж, санхүүгийн зуучлалын чиг үүргээ гүйцэтгэдэг, санхүүгийн хувьд бат бөх, үр ашигтай банкны тогтолцоотой байх нь манай улсын хувьд тулгамдаж буй асуудлын нэг болоод байна. Эрүүл банк бол эрүүл эдийн засгийн үндэс юм.
УИХ-аас 2010 онд Банкны тухай хуулийг шинэчлэн баталснаас хойшхи хугацаанд банкны хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалтын талаарх олон улсын стандарт, чиглэл, зарчим өөрчлөгдөж “Гүйцэтгэлд суурилсан хяналт шалгалт”-аас “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт”-ын зарчим руу шилжээд байна. Зөрчил илрүүлж албадлагын арга хэмжээ авахаас илүүтэйгээр банкны эрсдэлийг илрүүлж, урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай болж байна. Эрсдэлийг хаах даатгалын хэлбэртэй “хамгаалах тогтолцоо” (safety net)-г нөхөн бүрдүүлэх, хямрал бий болсон тохиолдолд асуудлыг Төрөөс зардал багатай, үр дүнтэй шийдвэрлэх арга хэмжээний зохицуулалт шаардлагатай болоод байна.
Эрх зүйн дээрх зохицуулалтыг хуульчлах зорилгоор банкинд зохистой засаглалыг бүрдүүлэх, ашиг сонирхлын болон банкинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төлбөрийн чадварын хүндрэлд орсон банкийг тогтворжуулах, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг оролцооны арга хэмжээг тусгасан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан хууль санаачлагчдад уламжлаад байна. Банкны эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны бүтцийн өөрчлөлтөд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр болон банкны салбарын чанаргүй активыг оновчтой шийдвэрлэх үүднээс Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Монголбанкнаас боловсруулж байна. Түүнчлэн Активын удирдлагын тухай хуулийн төслийг Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл орсон ажлын хэсэг Азийн Хөгжлийн Банктай хамтран боловсруулан Сангийн яаманд хүргүүлсэн.
Гуравдугаар чиглэлийн хүрээнд зөв зохистой бодлого, төрийн институци болон найдвартай санхүүгийн чадавхи бүхий эрүүл банкны тогтолцоог бүрдүүлсний үндсэн дээр банкны салбарын дэд бүтцийг бэхжүүлэх, боловсронгуй болгохоор холбогдох хуулиудыг үе шаттайгаар шинэчлэхээр ажиллаж байна.
Монгол Улсын төлбөр тооцооны систем, түүний оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхойлж, төлбөр тооцооны зарчмыг тогтоосон Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл Улсын Их Хурлаар батлагдан 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөх гэж байгаа билээ. Энэ хуулийг ажил хэрэгч, хурдан шуурхай хэлэлцэн баталж өгсөн УИХ-ын бүх гишүүдэд талархсанаа илэрхийлье. Энэ хууль нь банкны системд томоохон шинэчлэл, өөрчлөлтийн эхлэл тавьж байгаа болно.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зүйн зохицуулалтыг олон улсын стандарт, зарчим, шаардлагад нийцүүлэх, гадаад төлбөр тооцооны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, валютын зах, валютын гүйлгээний зохицуулалтыг боловсронгуй болгон хөгжүүлэх үүднээс Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг боловсруулж байна.
Банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл нь банк санхүүгийн зах зээлийн зохицуулалтыг олон улсын стандартын шаардлага, зарчимд нийцүүлэх томоохон алхам болох төдийгүй хөрөнгө оруулагч, харилцагчдын итгэлийг бэхжүүлэх улмаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хөшүүрэг болно гэсэн хүлээлттэй байна.
Эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийг амжилттай даван туулах, цаашид урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн бодлогын санал, банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд УИХ-ын дэмжлэг, хамтын ажиллагаа туйлын чухал болоод байна.

Хоёрдугаарт. Гадаад валютын улсын нөөцийг 400 сая ам.доллараар 
нэмэгдүүллээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн эрэлт, үнэ унасан он жилүүдэд төгрөгийн нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн нь гадаад худалдаа, урсгал тэнцлийн алдагдал, төлбөрийн тэнцлийн өндөр алдагдлаар дамжин төгрөгийн ханш сулрах, гадаад валютын нөөц буурах дарамтыг бий болгосон. Улмаар 2012 оны эцэст 4 тэрбум ам.доллар байсан гадаад валютын улсын нөөц 2016 оны 7 дугаар сард 1.2 тэрбум ам.доллар болтлоо буурч, гадаад валютын цэвэр нөөц сөрөг утгатай болоод байв.
Сүүлийн жил гаруй хугацаанд Монголбанк 680 сая ам.долларын өр төлбөрийг гадаад валютын улсын нөөцөөс төлж барагдууллаа. Тухайлбал, дотоодын арилжааны банкуудтай байгуулсан урт хугацаат своп хэлцлийн өр төлбөрийг цэвэр дүнгээр 160 сая ам.доллараар бууруулж, Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад зээлийн үйлчилгээний эргэн төлөлт, бондын хүүгийн төлбөрт 340 сая ам.доллар, Монголбанкны алтны урьдчилгаа санхүүжилтийн зээл, Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн хүүгийн төлбөрт 180 сая ам.долларыг тус тус төлсөн. Түүнчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад валютыг дотоодын валютын захад нийлүүлэв. Өөрөөр хэлбэл, сүүлийн жил гаруй хугацаанд нийт 1.7 тэрбум ам.долларын өр төлбөрийг Монголбанкнаас санхүүжүүлж, зах зээлд нийлүүлсний дараа гадаад валютын нөөц 400 сая ам.доллараар нэмэгдэж, 1.6 тэрбум ам.долларт хүрээд байна. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”ийн хүрээнд тохирсон тодорхойлолтоор гадаад валютын цэвэр нөөц өнгөрсөн нэг жилийн хугацаанд 760 сая ам.доллараар сайжирсан үзүүлэлттэй байна.
Энэ нь гадаад валютын нөөцийг сэргээх чиглэлд авсан дараах арга хэмжээний үр дүн юм. Нэгд, Монголбанкны гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн өртөг өндөр, хугацаа богино, алтаар эргүүлэн төлөх нөхцөлтэй өмнө нь авсан зээлийг 2016 онд багтаан бүрэн төлж барагдуулав. Ингэснээр 2017 оноос эхлэн дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдийн Монголбанкинд тушаасан алт нь өмнө тавьсан өрийг барагдуулахад бус, харин гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүллээ. Хоёрт, Монголбанкны алт худалдаж авах үнийг Лондонгийн үнэт металлын захын ханшаар, аливаа хямдруулалтгүйгээр худалдан авч эхэлсэн. Ингэснээр алт тушаалт оны эхний 8 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 5%-иар нэмэгдэж, 12.2 тонн-д хүрээд байна. Оны эцэст 18 тонноос давах төлөвтэй байгаа. Гуравт, Хятадын Ардын Банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг 2020 он хүртэл 3 жилээр сунгалаа. Энэ нь богино хугацааны гадаад өр төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын нөөц нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Монголбанкны гадаад валютын нөөцөөс улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал шууд хамаарна. Гадаад валютын улсын нөөц өндөр байх нь тухайн улсын санхүүгийн эрсдэл даах чадавхийг илтгэдэг тул зээлжих зэрэглэлийн агентлагуудаас эерэг үнэлгээ авах, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх гол үзүүлэлт болдог. Гадаад валютын нөөцийн хэмжээ нь Монгол Улсын гадаад өр төлбөрийг төлж барагдуулахад хангалттай бус байгаа тул нөөцийг сэргээж, хуримтлуулах хүртэл богино хугацаанд хүлээгдэж буй гадаад төлбөрийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, дахин санхүүжүүлэх шаардлагатай байлаа.
Цаашид гадаад валютын нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр зохих арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авах болно. УИХ, Засгийн газрын зүгээс уул уурхайн том төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь гол суваг байх болно.
Гуравдугаарт. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт 
хамрагдлаа.
Монгол Улс эдийн засгийн хүндрэлд ороход хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн. Гадаад секторын өөрчлөлт, түүхий эдийн үнийн уналт, гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсноос эхэлсэн эдийн засгийн хүндрэл мэдрэгдэж эхлэхэд эдийн засгийн өсөлтийг өндөр төвшинд хадгалах зорилгоор төсөв, мөнгөний хэт тэлэх бодлого хэрэгжүүлсэн нь эдийн засгийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлж, дунд, урт хугацааны тогтвортой байдал алдагдахад хүргэсэн байна. Эдийн засагт үүссэн тогтворгүй байдал нь гадаад валютын нөөц шавхагдах, улсын төсвийн санхүүжилтэд дутагдал үүсэх, гадаад төлбөрийн чадвар алдагдах, эдийн засаг агших, дефляци ажиглагдах зэрэг шинжээр илрээд байв.
Төсвийн орлого буурч буй үед төсвийн орлогыг бодит байдалд нийцгүй хэт өндрөөр төлөвлөж, төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас тойрон, төсөв болон түүнтэй адилтгах зардлыг гадаад, дотоод өрөөр санхүүжүүлэн нэмэгдүүлсэн нь 2011 онд 3.9 их наяд төгрөг байсан Засгийн газрын нэрлэсэн өрийн хэмжээ (ЗГ-ын шууд өр, төлбөр болон ЗГ-ын баталгаатай өрийг оруулсан)-г 2016 онд 22.3 их наяд төгрөгт хүрч 5.7 дахин өсөхөд нөлөөлсөн (Өр, ДНБ-ий харьцаа 29%-аас 93% болж огцом өссөн). Ийнхүү Засгийн газрын өр хэт их нэмэгдсэнээс Засгийн газар өрийн үйлчилгээ болон өрийн эргэн төлөлтийн хүндрэл үүсгэж, өр төлөх санхүүжилтийн хэмжээг 2016 онд 5.7 их наяд, 2017 онд нийт 7.72 их наяд төгрөгт хүргэсэн юм (Өрийг дахин санхүүжүүлэх нөхцөлийг оруулж тооцоогүй. Төсвийн тодотголоор 3.1 их наяд төгрөгийн өрийг хугацаанаас нь өмнө төлөхөөр төлөвлөсөн). 
Өмнөх оны энэ цаг мөчид Монгол Улсын гадаад төлбөрийн чадвар алдагдах нөхцөл байдал үүсээд байв. Өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн хэт тэлсэн төсөв, мөнгөний бодлогын нөлөөгөөр Монгол улсын гадаад валютын нөөц шавхагдаж, гадаад валютын цэвэр нөөц сөрөг дүнд хүрээд байв. Монголбанкнаас 2012 оноос 2016 оны эхний хагас хүртэл нийтдээ 7.3 их наяд төгрөгийн төсөвтэй адилтгах зардлыг санхүүжүүлжээ. Гадаад сөрөг шокийн нөлөөг валютын ханш дээр бус, гадаад валютын нөөц дээр илүү шингээж авч нөөцийг шавхсан нь бодлогын том алдаа байв.
2016 оны 9 дүгээр сарын байдлаар Монгол Улс нийтдээ 2.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад өр төлбөрийг дараагийн 12 сард санхүүжүүлэх шаардлагатай тулгараад байсан бөгөөд үүнийг санхүүжүүлэх хүлээгдэж буй орлого болоод гадаад валютын нөөцийн боломж байгаагүй. Дээр дурьдсанчлан Монгол улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл буурсан нь өрийг дахин санхүүжүүлэх боломжгүй, дефолт зарлах нөхцөлийг үүсгээд байв. Манай улсын эдийн засаг 2016 оны эхний 3 улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар агшсан бөгөөд эдийн засагт 2016 оны сүүлийн саруудад дефляци ажиглагдаж эхэлсэн юм.
Гадаад секторын таагүй нөлөөнөөс гадна бодлогын алдаанаас үүдэн зах зээлд оролцогчдын хүлээлт муудаж, итгэлийг алдсан нь эдийн засгийн уналт эрчимжихэд хүргэж болзошгүй байв. Банкны салбарын эх үүсвэр Монголбанк болон Засгийн газрын санхүүжилтээс ихээхэн хамааралтай болоод байв. Эдийн засаг агшихын хэрээр чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл нэмэгдэж зээлийн тасалдал гарах болов.
Монгол улс төсвийн болон урсгал тэнцлийн өндөр алдагдалтай, өрийн дарамттай, банкны салбарт чанаргүй зээл өсч, зээлийн тасалдал үүссэн нь макро эдийн засгийг тогтворжуулах, түүнд шаардлагатай зохицуулалтуудыг цаг алдалгүй хийх шаардлагыг бий болгосон.
Иймээс төлбөрийн тэнцлийн болон төсвийн алдагдлыг хүү багатай гадны санхүүжилтээр хангах цорын ганц сонголт л үлдээд байв. Гэвч гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, өмнөх зээлээ төлж чадахааргүй нөхцөл байдал давхцсан тул Монгол улс олон улсын зах зээлээс дангаараа санхүүжилт босгох боломжгүйд хүрсэн. Хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олох ганц боломж нь гадаад валютын нөөцийг бүрдүүлэх, өрийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын шинэчлэл хийх, тэр бодлого амжилттай хэрэгжинэ гэсэн итгэлийг тэдэнд төрүүлэх явдал байв. Энэхүү нөхцөл, байдалд цорын ганц сонголт нь ОУВС-гийн дэмжлэг авч, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, макро эдийн засгийн бодлогын бүтцийн шинжтэй өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийх явдал байсан юм. Энэ бол эдийн засгийг богино хугацаанд хохирол багатай тогтворжуулах хамгийн зөв сонголт байсан гэж Монголбанк үзэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хандивлагч орнууд, олон улсын байгууллагууд болон ОУВС-гаас нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт Монгол Улсын эдийн засагт орж ирнэ.
Хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засгийн цаашдын тогтвортой байдлыг хангахын тулд төсвийн бодлого, мөнгөний бодлого, санхүүгийн салбарын бодлого болон эдийн засгийн өрсөлдөх чадвар, төрөлжилтийг дэмжих бодлогыг уялдуулан, цогц байдлаар хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд төсвийн алдагдал буурч, өрийн тогтвортой байдал хангагдах, санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар сайжирч, улмаар эдийн засаг тогтвортой өсөх орчин бүрдэнэ гэж үзэж байна. Тухайлбал, хөтөлбөр хэрэгжиж дуусахад Монгол улсын гадаад валютын нөөц 4 орчим тэрбум ам.долларт хүрч, эдийн засгийн өсөлт 8 хувьд тогтворжино гэж хүлээж байна.    
       
Дөрөвдүгээрт. Банк, санхүүгийн системийн чанар, эрсдэл даах чадварыг сайжруулах ажлуудыг эхлүүллээ.
Эдийн засгийн хүндрэл нь банкны системд эрсдэл хуримтлуулж байна. Эдийн засгийн хүндрэлийн үр дагаварт банкны систем дэх чанаргүй зээлийн хэмжээ өсч, зээлийн тасалдал үүсч, улмаар эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх төвшинд хүрч болзошгүй болоод байв.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд банк, санхүүгийн системийн эмзэг байдлыг бууруулж, илүү бат бэх, тогтвортой хөгжлийн суурийг тавихад анхааран ажиллалаа. Энэ хүрээнд Монголбанк чанаргүй зээлийг тодорхойлох, ангилах олон улсын тэргүүн туршлага болох Базелын хорооны стандартын аргачлалын дагуу банкны активыг ангилах, үнэлэх журмыг 2016 он болон 2017 онд тус бүр шинэчлэн баталж, мөрдүүлж эхлээд байна. Ингэснээр банкны чанаргүй зээлийг үнэн зөв, бодитой тогтоох, цаашид үүсгэхгүй байх, үүссэн цаг тухай бүрт нь хурдан шуурхай арга хэмжээ авах суурь өөрчлөлтийг хийлээ.
Банкны системд чанаргүй зээл нэмэгдэж 2017 оны 8 дугаар сард системийн нийт зээлийн 7.1 хувь буюу 935.2 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн зээл, 7.4 хувь буюу 968.8 тэрбум төгрөг нь чанаргүй зээл болж, нийт зээлийн үлдэгдлийн 14.5 хувь буюу 1.9 их наяд төгрөгийн зээл нь эрсдэлтэй зээлд тооцогдож байна. Зээлдэгчийн төлбөрийн чадвараас шалтгаалан хугацаа сунгасан зээл нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд хугацаа хэтэрч буй зээлүүдийн чанар муудахад чанаргүй зээл цаашид ч нэмэгдэх эрсдэлтэй байна.
Чанаргүй зээл нэмэгдэж, эрсдэл даах чадвар сулрахад банк зээл олголтоо хумьж, эрсдэл өндөртэй салбарт нэмэлт санхүүжилт олгохоос зайлсхийдэг. Манай орны банкны салбарт энэ хандлага мөн ажиглагдаж байгаа бөгөөд 2010 оны эцэст зээл нь банкны активын 66 хувийг бүрдүүлж байсан бол өнгөрсөн оны эцэст 46 хувьд хүрч 20 нэгж хувиар буураад байна.
2016 онд эдийн засгийн гол салбарууд болох уул уурхай, барилга, боловсруулах үйлдвэрлэл, худалдааны салбарын зээлийн нийт зээлд эзлэх хувь буурч 40 хувьд хүрсэн бол иргэдийн хэрэглээний зээл өсөх хандлагатай байна. Ирээдүйд баялаг бүтээх, хөрөнгө оруулалтын зориулалттай эдгээр бодит секторын зээл хумигдаж буй үндсэн шалтгаан нь аж ахуйн нэгжид олгосон зээлийн эрсдэл нь иргэдийн зээлийн эрсдэлээс харьцангуй өндөр байгаатай холбоотой. Тухайлбал, 2017 оны 8 дугаар сард аж ахуйн нэгжийн зээлийн 11.1 хувь, иргэдийн зээлийн 3.5 хувь нь чанаргүй ангилалд байна. Гэхдээ иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт нь өрхийн өрийн дарамтыг нэмэгдүүлж, улмаар хэрэглээний зээлийн чанар ч цаашид муудах эрсдэл хуримтлагдаж эхэлж байна. Түүнчлэн банкны салбар дахь долларжилт нь зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд Монголбанкнаас хэрэглээний зээлийн өсөлтийг өрхийн орлоготой нь уялдуулах, өрхийн санхүүгийн дарамтыг нэмэгдүүлэхгүй байх, долларжилтыг бууруулах зохицуулалтын арга хэмжээг ойрын хугацаанд оновчтой хэлбэрээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Чанаргүй зээл өсч, бодит секторын зээл буурахад эдийн засаг уналтад орох эрсдэлтэй тулгардаг нь олон улсын туршлагаар батлагдсан. Иймд Монголбанкнаас урт, дунд болон богино хугацаанд чанаргүй зээлийг бууруулах талаар бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Урт хугацаанд мөнгөний оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр төгрөгийн тогтвортой байдал хангагдаж, эдийн засгийн тогтвортой өсөлт бий болсноор зээлдэгчдийн төлбөрийн чадвар сайжирч, зээл үр дүнтэй ашиглагдаж, хугацаандаа эргэн төлөгдөх нөхцөл бүрдэнэ. Эдийн засаг тогтвортой үед чанаргүй зээлийг шийдвэрлэх орчин, хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь урт хугацааны санхүүгийн хөгжлийн үндэс суурийг бүрдүүлдэг тул Монголбанк чанаргүй зээлийг шийдвэрлэх стратегийн баримт бичгийг боловсруулан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэн батлахаар ажиллаж байна.
Дунд хугацаанд чанаргүй зээлийн хэмжээг бууруулах арга зам нь актив удирдлагын компани байгуулан үйл ажиллагааг төлөвшүүлэх явдал гэж үзэж байна. Монголбанк нь сүүлийн жилүүдэд банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, түүнийг үр ашигтай шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн идэвхтэй ажиллаж ирсэн. Тухайлбал, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд активын удирдлагын мэргэшсэн тогтолцоог хөгжүүлэх арга хэмжээг тусган олон улсын байгууллага, бусад төрийн байгууллагуудтай хамтран актив удирдлагын компаний тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д Засгийн газраас өргөн барихад бэлэн болоод байна.
Чанаргүй зээлийг бууруулах богино хугацааны арга хэмжээний эхлэл болгон активын чанарын иж бүрэн үнэлгээ буюу AQR-ийг дэлхийн улс орнуудын төв банк, зохицуулагч байгууллагаас олон улсын нягтлан бодох бүртгэлийн болон зээлийн эрсдэлийн талаарх бусад стандартад үндэслэн банкуудын хөрөнгийн эрсдэлийн төвшинг бодитоор тогтоох зорилгоор хэрэгжүүлж байна.
Активын чанарын үнэлгээг Европын төв банкнаас гишүүн орнуудын банкинд үнэлгээ хийх, ОУВС-гаас эдийн засгийн хүндрэлд орсон гишүүн орнуудад санхүүгийн туслалцааны хөтөлбөр үзүүлэхээс өмнө банкны салбарын эрсдэл даах чадварыг ийнхүү бодитоор тогтоох зорилгоор хэрэгжүүлдэг. 
            Монгол Улсын хувьд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хадгалах хүрээнд банкуудын санхүүгийн зуучлалын үйл ажиллагаанд цаашид эрсдэл хуримтлахаас урьдчилан сэргийлэх, зээл олголтыг олон улсын сайн туршлагад нийцүүлэх, зээлийн эрсдэлийн төвшинг үнэн зөв тодорхойлж, зохих эрсдэлийн санг байгуулах, банкны салбарын эрсдэл даах чадварыг бодитоор тодорхойлох зорилгоор банкуудын активын чанарыг үнэлгээг хийж байна. Активын чанарын үнэлгээ нь зөвхөн банкуудын одоогийн нөхцөл байдлыг дүгнэхээс гадна, цаашид зээл олгох чадамжийг нэмэгдүүлж, улмаар эрсдэл даах чадварыг сайжруулахад чиглэж байна.
Активын чанарын үнэлгээ хийгдсэний дараагаар банкууд нь шаардлагатай хөрөнгө оруулалтыг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдаас татах хугацааг 2018 оны 8 дугаар сар хүртэл Монголбанкнаас олгох бөгөөд ингэснээр банкуудын хөрөнгө оруулагч, санхүүгийн салбарын хэрэглэгчийн эрхийн хамгаалалт сайжирч, зах зээлийн интеграц, мэдээллийн ил тод байдал, шударга өрсөлдөөн нэмэгдэж, нийтлэг эрх ашиг зохистойгоор хангагдах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Үүний дараагаар банкуудын алдагдсан чадавхийг зохих төвшинд хүргэхэд шаардлагатай арга хэмжээг Монголбанк, Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх нөхцөл тулгарч болзошгүй юм. Иймд эдгээр арга хэмжээг авах боломж, бололцоог Засгийн газар болон УИХ-аас дэмжин, хамтран ажилласнаар эдийн засгийн хямралыг амжилттай даван гарч, Монгол улсынхаа эдийн засгийн бодит өсөлтийг нэмэгдүүлнэ.

Тавдугаарт. Төв банкны дотоод үйл ажиллагааны шинэчлэл хийж, санхүүгийн байдлыг сайжрууллаа.
Монголбанкны үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтцийг олон улсын сайн туршлага, нийтлэг жишигт хүргэн сайжруулахад чиглэсэн “Монголбанкны үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байна.
Монголбанкны үйл ажиллагаанд тулгамдаж буй болон цаашид өөрчлөх, шинээр нэвтрүүлэх ажлуудыг тодорхойлсон хөтөлбөрийг 
(i) хууль, эрх зүйн орчинг сайжруулах, 
(ii) засаглал, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, 
(iii) хүний нөөцийн удирдлага, хөгжлийг боловсронгуй болгох, 
(iv) дэвшилт технологи, арга ажиллагааг нэвтрүүлэх, 
(v) хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн таван чиглэлд боловсрууллаа. Чиглэл тус бүрт хийх ажлын хуваарийг 2019 он хүртэл баталж, хуваарийн дагуу биелэлтийг ханган ажиллаж байна.
Мөнгөний бодлогын талаарх Монголбанкны шийдвэр нь хамтын шийдвэр байх тогтолцоог бүрдүүлж, Захирлуудын зөвлөл, Мөнгөний бодлогын зөвлөл зэрэг харилцан уялдаатай хамтын бүтэц, нэгж дээр тулгуурлан гол гол шийдвэрийг гаргадаг боллоо.
Монголбанкны газар, хэлтсүүдийн бүтэц, чиг үүргийг Олон улсын төв банкны туршлагад нийцүүлэн шинэчлэн, Монголбанкны засаглал, удирдлагын уялдаа холбоог сайжруулан ажиллаж байна. Монголбанкны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар, PwC-ээр аудит хийлгэж, бодит нөхцөл байдлыг тодорхойллоо. Монголбанк 2000-2012 оны хооронд цэвэр дүнгээр алдагдалгүй ажиллаж байсан боловч 2012 оноос хойш тогтмол өндөр хэмжээний алдагдалтай ажиллан 2016 онд алдагдлын хэмжээ огцом нэмэгдсэнээр Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3.1 их наяд төгрөгт хүрээд байна.
Цаашид Монголбанкны алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх, одоогийн хуримтлагдсан алдагдлыг тогтвортой бууруулахын тулд Төв банкны алдагдлыг бууруулах стратеги, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа. Монголбанк төсвийн шинж чанартай үйл ажиллагаанаас татгалзах зарчим баримталж, ипотекийн хөтөлбөрөөс бусад төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг зогсоож байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Өнгөрсөн оны сүүлээс авч хэрэгжүүлсэн дунд хугацааны макро тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээнүүд нь зах зээл дээрх тодорхой бус байдлыг бууруулж, эдийн засгийн идэвхжилд эергээр нөлөөлж байгааг эдийн засгийн тоон үзүүлэлтүүд харуулсаар байна. Энэ чухал цаг мөчид бодлогын тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн идэвхжилийг бэхжүүлэх, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг том сорилтууд бидний өмнө тулгарч байна.
Эдгээр сорилтыг амжилттай даван туулахад төсөв, мөнгөний бодлого харилцан уялдаатай, тогтвортой байх, эдийн засгийн бодлогын тодорхой бус байдлыг арилгах зайлшгүй шаардлага тулгараад байна. Энэ чиглэлд Та бүхнийг хамтран дэмжиж ажиллахыг хүсэж, уриалж байна.
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.