2017/09/29

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэлийг батлах

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэлийг батлах үед Монгол банкны ерөнхийлөгчийн УИХ-ын намрын чуулган дээр хийсэн мэдээлэл. 2017.09.29
Макро эдийн засагт бодит эерэг өөрчлөлтүүд эхнээсээ мэдрэгдэж эхэллээ
УИХ-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт 2017 онд олон хүнд сорилт тулгарч, Та бид сорилтыг амжилттай даван туулж байна. Өнгөрсөн оны энэ цаг үед эдийн засгийн байдал хүндэрснийг нийтээр хүлээн зөвшөөрч, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг УИХ-аар хэлэлцэн баталж байсан билээ. Бидний өмнө хугацаа нь тулсан гадаад өр төлбөрийг эдийн засагт сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэх, макро эдийн засгийг тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх гээд олон сорилт байсан. Өнгөрсөн оны эхний 3 улирлын байдлаар эдийн засаг -1.4 хувийн уналттай, -0.8 хувийн дефляцитай байж, банкны систем дэх чанаргүй зээлийн хэмжээ өсч, эрсдэл хуримтлагдаад байсан.
Гадаад валютын улсын нөөц дундарсан үед Хөгжлийн банкны бондын төлбөрийг энэ оны 3 дугаар сард төлөх, Хятадын Ардын Банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хугацаа 8 дугаар сард дуусгавар болохоор хүлээгдэж байсан. Эдгээр богино хугацааны гадаад өрийн дарамт нь төсвийн болон төлбөрийн тэнцлийн хүндрэлийг давхар бий болгож болзошгүй байв. Эдгээр өр төлбөрийн хугацааг хойшлуулж, дефолт болох эрсдэлээс бүрэн сэргийлээгүй тохиолдолд гадаад зээлжих зэрэглэл үргэлжлэн буурах, өмнө нь орж ирээд байсан гадаад эх үүсвэрүүд эргэн татагдах, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, эдийн засаг гүнзгий уналтад орж, эдийн засгийн өсөлт, хөгжил 10 жилээр ухрах том эрсдэл тулгарч байв.
Улсын өр нэмэгдэн өндөр төвшинд хүрч, гадаад валютын нөөц буурч, хөрөнгө оруулагчдын итгэл суларсан үед төсөв, мөнгөний бодлогоор эдийн засгийг идэвхжүүлэх боломж хязгаарлагдмал байв. Харин макро эдийн засгийн зохицуулалтыг оновчтой болгох замаар тулгарч байсан сорилтуудыг богино хугацаанд хохирол багатайгаар даван туулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бүрдүүлэх сорилт бидний өмнө тулгарсан билээ. Гэхдээ бидэнд энэ сорилтыг дан ганц дотоод нөөц бололцоогоор шийдвэрлэх санхүүгийн чадамж хангалтгүй байлаа. Өнгөрсөн жилүүдийн бодлогын алдааны үр дагавар ил гарч, эдийн засгийн нөхцөл байдал муудахын хэрээр гадаад зах зээл дээр улсын бондыг бага хүүтэй гаргах боломж хумигдсан. Өндөр хүүтэй гадаад эх үүсвэр авч ашиглах нь улсын төсөв дэх хүүний төлбөрийн дарамтыг нэмэгдүүлж, өрийн тогтворгүй байдалд хүргэхээр байв. Өнгөрсөн оны төсвийн алдагдал өндөр байж, түүнийг санхүүжүүлэх хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр дотоод зах зээл дэх бондын хүү ч өсч байв.
Иймд хөрөнгө оруулагчдын Монгол Улсын макро эдийн засгийн бодлогод итгэх итгэлийг сэргээх, доноруудаас санхүүгийн тусламж авч эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх суурийг тавихын тулд Олон улсын валютын сан (ОУВС)-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх шаардлагатай тухай Монгол Улсын Засгийн газрын байр суурийг Монголбанк дэмжиж ажиллав. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол улс 2017-2020 онд баримтлах макро эдийн засгийн цогц бодлогыг тодорхойлж, нийтэд нээлттэй, ил тод зарлан хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Монгол Улс энэ оны 3 дугаар сард Хөгжлийн банкны бондыг Засгийн газрын бондоор амжилттай сольсон, 7 дугаар сард Хятадын Ардын Банк болон Монголбанкны хооронд байгуулсан своп хэлцлийн гэрээг 3 жилийн хугацаагаар сунгаж, богино хугацааны өр төлбөрийн дарамтыг бууруулж чадлаа. Хөтөлбөрийн хүрээнд доноруудын амласан гадаад валютын санхүүжилтүүд орж ирж, гадаад валютын нөөц ч сэргэж, одоогийн байдлаар 1.6 тэрбум ам.долларт хүрээд байна.
Макро эдийн засгийн бодлогыг эдийн засгийг тогтворжуулахад чиглүүлснээс гадна манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний хилийн үнэ өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш тогтвортой өсч, үнийн өсөлтийг дагасан тоо хэмжээний өсөлт ч гарлаа. Үүний дүнд нүүрсний экспорт нэмэгдэж, татварын орлого сайжран, уул уурхайгаас хамааралтай салбаруудын үйл ажиллагаа идэвхжиж, улмаар эдийн засаг богино хугацаанд сэргэх нөхцөл бүрдэж эхлэв. Экспортын өндөр орлоготой цаг үетэй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсвийн, мөнгөний болон бүтцийн бодлогууд давхцаж байгаа нь эдгээр бодлогын үр дүнг сайжруулахад эергээр нөлөөлж байна.
Макро эдийн засагт бодит эерэг өөрчлөлтүүд эхнээсээ мэдрэгдэж эхэлж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 5.3 хувьд хүрсэн бол ажил эрхлэлт 9.4 хувиар өсөв. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляци Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд тусгагдсан зорилт болох 8 хувиас бага төвшинд байна.
Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал буурч, хөрөнгө ба санхүүгийн дансанд цаашид эерэг өөрчлөлтүүд гарахаар хүлээгдэж байна. Гадаад валютын нөөц сүүлийн нэг жилийн хугацаанд 400 сая ам.доллараар нэмэгдлээ. Оны эцэс хүртэл дахин 200 сая ам.доллараар нэмэгдэнэ гэж бид тооцож байна. Энд нефть импортлогч компаниудад гадаад валютын хэрэгцээг саадгүй, тэргүүн ээлжинд хангах зарчим Монголбанк баримталж ажилласнаа тэмдэглэн хэлмээр байна. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд донор орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас гадаад валютын том урсгал орж ирэхээр хүлээгдэж байгаа нь цаашид төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлж, гадаад валютын улсын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ.
Дээрх эерэг өөрчлөлтүүдээс шалтгаалан төгрөгийн гадаад валюттай харьцах ханш оны эхнээс чангарах хандлагатай байв. Харин энэ оны 7 дугаар сард нүүрсний экспорт огцом буурсан, 8 дугаар сард нүүрсний экспорт сэргэсэн хэдий ч өмнөх саруудын төвшнээс бага байж, 9 дүгээр сард хүлээгдэж байсан том дүнтэй төлбөрүүд гарсан, мөн улстөрийн тодорхой шалтгаанаар бодлогын тодорхой бус байдал бий болсон зэрэг нь олон нийтийн валютын ханшийн талаарх хүлээлтэд нөлөөлж, улмаар валютын зах дээр төгрөгийн ханш сулрах дарамттай байлаа. Гэхдээ Монголбанк макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй бус, харьцангуй түр зуурын шинжтэй энэ хэлбэрийн валютын ханшийн сулралт эрчимжихээс сэргийлж, валютын захад тухай бүр оролцсоноор төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байна.
Макро эдийн засгийн суурь нөхцөл байдал сайжрах суурь тавигдсан, гадаад эрэлт, түүхий эдийн үнэ харьцангуй өндөр төвшинд хадгалагдаж байгаа энэ цагийг ашиглан бодлогын тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийг тогтворжуулах нь бидний өмнө тулгарч буй том сорилт болж байна. Эдийн засаг сэргэж байгаа хэдий ч эмзэг хэвээр байна. Ялангуяа, богино хугацааны гадаад өр, төлбөрийн асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна. Ирэх 2018 оны эхээр төлөх ёстой Чингис бондын 500 сая ам.долларын төлбөрийн асуудал шийдлээ хүлээж байна. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж буй бодлогуудын тогтвортой байдлыг хадгалж, үр дүнг дээшлүүлэх шаардлагатай байна.
Миний бие Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдон ажилласнаас хойших нэг жил гаруй хугацаанд Монголбанкны бодлогын алдааг залруулах, алдаа гаргах нөхцөлийг хаах, мөнгөний бодлогыг эдийн засгийг тогтворжуулахад чиглүүлэх, банкны салбарт хуримтлагдсан эрсдэлийг бууруулах, гадаад валютын нөөцийг сэргээх чиглэлд ажиллалаа. Эдгээр ажлыг дараах 5 хэсэгт багцлан товч танилцуулъя.

Нэгдүгээрт. Банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийг баталлаа.
Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн тогтолцоонд үүссэн хүндрэл, бэрхшээлийг даван туулах, ололт амжилтыг бэхжүүлэх талаар УИХ-аас гаргасан бодлого, шийдвэр (УИХ-ын 2016 оны 68, 71 дүгээр тогтоол, 2017 оны 11 дүгээр тогтоол)-ийн хүрээнд 1) эдийн засгийн тогтвортой өсөлтийг бүрдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах талаарх бодлогыг тодорхойлох, 2) түүнийг хэрэгжүүлэх, 3) үр дүнг бэхжүүлэх үндсэн 3 чиглэлд банкны салбарын гол гол хуулийг шинэчлэх зорилт бүхий “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж байна.
Эхний чиглэлийн хүрээнд Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн үнэ цэнийг хадгалах, түүний худалдан авах чадварыг хамгаалж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиг үүрэгтэй бодлого тодорхойлох институци болох Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлж, шийдвэр гаргалтыг сайжруулах, хариуцлага, ил тод байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг бий болгох юм. Олон улсын банк санхүүгийн байгууллагын судалгаагаар Монголбанкны бие даасан байдал “хангагдаагүй” гэсэн дүгнэлт гарсныг энд дурдах нь зүйтэй болов уу.
Банк санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй авч байхын тулд Монголбанкны чиг үүргийг шинэчлэн тодорхойлж, мөнгөний бодлогын зорилтыг дунд хугацаанд тогтвортой байхаар томъёлох, түүний хэрэгжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ хэрэгцээ, шаардлагын үүднээс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголбанкны хуримтлуулсан туршлага, олон улсын жишиг, зарчимд тулгуурлан Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн саналыг хууль санаачлагчдад уламжлан, Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Хоёр дахь чиглэлийн хүрээнд мөнгөний бодлого хэрэгжих гол суваг болсон банк, санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Эрсдэлийг дааж, санхүүгийн зуучлалын чиг үүргээ гүйцэтгэдэг, санхүүгийн хувьд бат бөх, үр ашигтай банкны тогтолцоотой байх нь манай улсын хувьд тулгамдаж буй асуудлын нэг болоод байна. Эрүүл банк бол эрүүл эдийн засгийн үндэс юм.
УИХ-аас 2010 онд Банкны тухай хуулийг шинэчлэн баталснаас хойшхи хугацаанд банкны хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалтын талаарх олон улсын стандарт, чиглэл, зарчим өөрчлөгдөж “Гүйцэтгэлд суурилсан хяналт шалгалт”-аас “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт”-ын зарчим руу шилжээд байна. Зөрчил илрүүлж албадлагын арга хэмжээ авахаас илүүтэйгээр банкны эрсдэлийг илрүүлж, урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай болж байна. Эрсдэлийг хаах даатгалын хэлбэртэй “хамгаалах тогтолцоо” (safety net)-г нөхөн бүрдүүлэх, хямрал бий болсон тохиолдолд асуудлыг Төрөөс зардал багатай, үр дүнтэй шийдвэрлэх арга хэмжээний зохицуулалт шаардлагатай болоод байна.
Эрх зүйн дээрх зохицуулалтыг хуульчлах зорилгоор банкинд зохистой засаглалыг бүрдүүлэх, ашиг сонирхлын болон банкинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төлбөрийн чадварын хүндрэлд орсон банкийг тогтворжуулах, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг оролцооны арга хэмжээг тусгасан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан хууль санаачлагчдад уламжлаад байна. Банкны эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны бүтцийн өөрчлөлтөд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр болон банкны салбарын чанаргүй активыг оновчтой шийдвэрлэх үүднээс Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Монголбанкнаас боловсруулж байна. Түүнчлэн Активын удирдлагын тухай хуулийн төслийг Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл орсон ажлын хэсэг Азийн Хөгжлийн Банктай хамтран боловсруулан Сангийн яаманд хүргүүлсэн.
Гуравдугаар чиглэлийн хүрээнд зөв зохистой бодлого, төрийн институци болон найдвартай санхүүгийн чадавхи бүхий эрүүл банкны тогтолцоог бүрдүүлсний үндсэн дээр банкны салбарын дэд бүтцийг бэхжүүлэх, боловсронгуй болгохоор холбогдох хуулиудыг үе шаттайгаар шинэчлэхээр ажиллаж байна.
Монгол Улсын төлбөр тооцооны систем, түүний оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхойлж, төлбөр тооцооны зарчмыг тогтоосон Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл Улсын Их Хурлаар батлагдан 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөх гэж байгаа билээ. Энэ хуулийг ажил хэрэгч, хурдан шуурхай хэлэлцэн баталж өгсөн УИХ-ын бүх гишүүдэд талархсанаа илэрхийлье. Энэ хууль нь банкны системд томоохон шинэчлэл, өөрчлөлтийн эхлэл тавьж байгаа болно.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зүйн зохицуулалтыг олон улсын стандарт, зарчим, шаардлагад нийцүүлэх, гадаад төлбөр тооцооны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, валютын зах, валютын гүйлгээний зохицуулалтыг боловсронгуй болгон хөгжүүлэх үүднээс Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг боловсруулж байна.
Банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл нь банк санхүүгийн зах зээлийн зохицуулалтыг олон улсын стандартын шаардлага, зарчимд нийцүүлэх томоохон алхам болох төдийгүй хөрөнгө оруулагч, харилцагчдын итгэлийг бэхжүүлэх улмаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хөшүүрэг болно гэсэн хүлээлттэй байна.
Эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийг амжилттай даван туулах, цаашид урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн бодлогын санал, банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд УИХ-ын дэмжлэг, хамтын ажиллагаа туйлын чухал болоод байна.

Хоёрдугаарт. Гадаад валютын улсын нөөцийг 400 сая ам.доллараар 
нэмэгдүүллээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн эрэлт, үнэ унасан он жилүүдэд төгрөгийн нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн нь гадаад худалдаа, урсгал тэнцлийн алдагдал, төлбөрийн тэнцлийн өндөр алдагдлаар дамжин төгрөгийн ханш сулрах, гадаад валютын нөөц буурах дарамтыг бий болгосон. Улмаар 2012 оны эцэст 4 тэрбум ам.доллар байсан гадаад валютын улсын нөөц 2016 оны 7 дугаар сард 1.2 тэрбум ам.доллар болтлоо буурч, гадаад валютын цэвэр нөөц сөрөг утгатай болоод байв.
Сүүлийн жил гаруй хугацаанд Монголбанк 680 сая ам.долларын өр төлбөрийг гадаад валютын улсын нөөцөөс төлж барагдууллаа. Тухайлбал, дотоодын арилжааны банкуудтай байгуулсан урт хугацаат своп хэлцлийн өр төлбөрийг цэвэр дүнгээр 160 сая ам.доллараар бууруулж, Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад зээлийн үйлчилгээний эргэн төлөлт, бондын хүүгийн төлбөрт 340 сая ам.доллар, Монголбанкны алтны урьдчилгаа санхүүжилтийн зээл, Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн хүүгийн төлбөрт 180 сая ам.долларыг тус тус төлсөн. Түүнчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад валютыг дотоодын валютын захад нийлүүлэв. Өөрөөр хэлбэл, сүүлийн жил гаруй хугацаанд нийт 1.7 тэрбум ам.долларын өр төлбөрийг Монголбанкнаас санхүүжүүлж, зах зээлд нийлүүлсний дараа гадаад валютын нөөц 400 сая ам.доллараар нэмэгдэж, 1.6 тэрбум ам.долларт хүрээд байна. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”ийн хүрээнд тохирсон тодорхойлолтоор гадаад валютын цэвэр нөөц өнгөрсөн нэг жилийн хугацаанд 760 сая ам.доллараар сайжирсан үзүүлэлттэй байна.
Энэ нь гадаад валютын нөөцийг сэргээх чиглэлд авсан дараах арга хэмжээний үр дүн юм. Нэгд, Монголбанкны гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн өртөг өндөр, хугацаа богино, алтаар эргүүлэн төлөх нөхцөлтэй өмнө нь авсан зээлийг 2016 онд багтаан бүрэн төлж барагдуулав. Ингэснээр 2017 оноос эхлэн дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдийн Монголбанкинд тушаасан алт нь өмнө тавьсан өрийг барагдуулахад бус, харин гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүллээ. Хоёрт, Монголбанкны алт худалдаж авах үнийг Лондонгийн үнэт металлын захын ханшаар, аливаа хямдруулалтгүйгээр худалдан авч эхэлсэн. Ингэснээр алт тушаалт оны эхний 8 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 5%-иар нэмэгдэж, 12.2 тонн-д хүрээд байна. Оны эцэст 18 тонноос давах төлөвтэй байгаа. Гуравт, Хятадын Ардын Банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг 2020 он хүртэл 3 жилээр сунгалаа. Энэ нь богино хугацааны гадаад өр төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын нөөц нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Монголбанкны гадаад валютын нөөцөөс улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал шууд хамаарна. Гадаад валютын улсын нөөц өндөр байх нь тухайн улсын санхүүгийн эрсдэл даах чадавхийг илтгэдэг тул зээлжих зэрэглэлийн агентлагуудаас эерэг үнэлгээ авах, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх гол үзүүлэлт болдог. Гадаад валютын нөөцийн хэмжээ нь Монгол Улсын гадаад өр төлбөрийг төлж барагдуулахад хангалттай бус байгаа тул нөөцийг сэргээж, хуримтлуулах хүртэл богино хугацаанд хүлээгдэж буй гадаад төлбөрийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, дахин санхүүжүүлэх шаардлагатай байлаа.
Цаашид гадаад валютын нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр зохих арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авах болно. УИХ, Засгийн газрын зүгээс уул уурхайн том төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь гол суваг байх болно.
Гуравдугаарт. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт 
хамрагдлаа.
Монгол Улс эдийн засгийн хүндрэлд ороход хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн. Гадаад секторын өөрчлөлт, түүхий эдийн үнийн уналт, гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсноос эхэлсэн эдийн засгийн хүндрэл мэдрэгдэж эхлэхэд эдийн засгийн өсөлтийг өндөр төвшинд хадгалах зорилгоор төсөв, мөнгөний хэт тэлэх бодлого хэрэгжүүлсэн нь эдийн засгийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлж, дунд, урт хугацааны тогтвортой байдал алдагдахад хүргэсэн байна. Эдийн засагт үүссэн тогтворгүй байдал нь гадаад валютын нөөц шавхагдах, улсын төсвийн санхүүжилтэд дутагдал үүсэх, гадаад төлбөрийн чадвар алдагдах, эдийн засаг агших, дефляци ажиглагдах зэрэг шинжээр илрээд байв.
Төсвийн орлого буурч буй үед төсвийн орлогыг бодит байдалд нийцгүй хэт өндрөөр төлөвлөж, төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас тойрон, төсөв болон түүнтэй адилтгах зардлыг гадаад, дотоод өрөөр санхүүжүүлэн нэмэгдүүлсэн нь 2011 онд 3.9 их наяд төгрөг байсан Засгийн газрын нэрлэсэн өрийн хэмжээ (ЗГ-ын шууд өр, төлбөр болон ЗГ-ын баталгаатай өрийг оруулсан)-г 2016 онд 22.3 их наяд төгрөгт хүрч 5.7 дахин өсөхөд нөлөөлсөн (Өр, ДНБ-ий харьцаа 29%-аас 93% болж огцом өссөн). Ийнхүү Засгийн газрын өр хэт их нэмэгдсэнээс Засгийн газар өрийн үйлчилгээ болон өрийн эргэн төлөлтийн хүндрэл үүсгэж, өр төлөх санхүүжилтийн хэмжээг 2016 онд 5.7 их наяд, 2017 онд нийт 7.72 их наяд төгрөгт хүргэсэн юм (Өрийг дахин санхүүжүүлэх нөхцөлийг оруулж тооцоогүй. Төсвийн тодотголоор 3.1 их наяд төгрөгийн өрийг хугацаанаас нь өмнө төлөхөөр төлөвлөсөн). 
Өмнөх оны энэ цаг мөчид Монгол Улсын гадаад төлбөрийн чадвар алдагдах нөхцөл байдал үүсээд байв. Өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн хэт тэлсэн төсөв, мөнгөний бодлогын нөлөөгөөр Монгол улсын гадаад валютын нөөц шавхагдаж, гадаад валютын цэвэр нөөц сөрөг дүнд хүрээд байв. Монголбанкнаас 2012 оноос 2016 оны эхний хагас хүртэл нийтдээ 7.3 их наяд төгрөгийн төсөвтэй адилтгах зардлыг санхүүжүүлжээ. Гадаад сөрөг шокийн нөлөөг валютын ханш дээр бус, гадаад валютын нөөц дээр илүү шингээж авч нөөцийг шавхсан нь бодлогын том алдаа байв.
2016 оны 9 дүгээр сарын байдлаар Монгол Улс нийтдээ 2.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад өр төлбөрийг дараагийн 12 сард санхүүжүүлэх шаардлагатай тулгараад байсан бөгөөд үүнийг санхүүжүүлэх хүлээгдэж буй орлого болоод гадаад валютын нөөцийн боломж байгаагүй. Дээр дурьдсанчлан Монгол улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл буурсан нь өрийг дахин санхүүжүүлэх боломжгүй, дефолт зарлах нөхцөлийг үүсгээд байв. Манай улсын эдийн засаг 2016 оны эхний 3 улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар агшсан бөгөөд эдийн засагт 2016 оны сүүлийн саруудад дефляци ажиглагдаж эхэлсэн юм.
Гадаад секторын таагүй нөлөөнөөс гадна бодлогын алдаанаас үүдэн зах зээлд оролцогчдын хүлээлт муудаж, итгэлийг алдсан нь эдийн засгийн уналт эрчимжихэд хүргэж болзошгүй байв. Банкны салбарын эх үүсвэр Монголбанк болон Засгийн газрын санхүүжилтээс ихээхэн хамааралтай болоод байв. Эдийн засаг агшихын хэрээр чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл нэмэгдэж зээлийн тасалдал гарах болов.
Монгол улс төсвийн болон урсгал тэнцлийн өндөр алдагдалтай, өрийн дарамттай, банкны салбарт чанаргүй зээл өсч, зээлийн тасалдал үүссэн нь макро эдийн засгийг тогтворжуулах, түүнд шаардлагатай зохицуулалтуудыг цаг алдалгүй хийх шаардлагыг бий болгосон.
Иймээс төлбөрийн тэнцлийн болон төсвийн алдагдлыг хүү багатай гадны санхүүжилтээр хангах цорын ганц сонголт л үлдээд байв. Гэвч гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, өмнөх зээлээ төлж чадахааргүй нөхцөл байдал давхцсан тул Монгол улс олон улсын зах зээлээс дангаараа санхүүжилт босгох боломжгүйд хүрсэн. Хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олох ганц боломж нь гадаад валютын нөөцийг бүрдүүлэх, өрийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын шинэчлэл хийх, тэр бодлого амжилттай хэрэгжинэ гэсэн итгэлийг тэдэнд төрүүлэх явдал байв. Энэхүү нөхцөл, байдалд цорын ганц сонголт нь ОУВС-гийн дэмжлэг авч, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, макро эдийн засгийн бодлогын бүтцийн шинжтэй өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийх явдал байсан юм. Энэ бол эдийн засгийг богино хугацаанд хохирол багатай тогтворжуулах хамгийн зөв сонголт байсан гэж Монголбанк үзэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хандивлагч орнууд, олон улсын байгууллагууд болон ОУВС-гаас нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт Монгол Улсын эдийн засагт орж ирнэ.
Хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засгийн цаашдын тогтвортой байдлыг хангахын тулд төсвийн бодлого, мөнгөний бодлого, санхүүгийн салбарын бодлого болон эдийн засгийн өрсөлдөх чадвар, төрөлжилтийг дэмжих бодлогыг уялдуулан, цогц байдлаар хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд төсвийн алдагдал буурч, өрийн тогтвортой байдал хангагдах, санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар сайжирч, улмаар эдийн засаг тогтвортой өсөх орчин бүрдэнэ гэж үзэж байна. Тухайлбал, хөтөлбөр хэрэгжиж дуусахад Монгол улсын гадаад валютын нөөц 4 орчим тэрбум ам.долларт хүрч, эдийн засгийн өсөлт 8 хувьд тогтворжино гэж хүлээж байна.    
       
Дөрөвдүгээрт. Банк, санхүүгийн системийн чанар, эрсдэл даах чадварыг сайжруулах ажлуудыг эхлүүллээ.
Эдийн засгийн хүндрэл нь банкны системд эрсдэл хуримтлуулж байна. Эдийн засгийн хүндрэлийн үр дагаварт банкны систем дэх чанаргүй зээлийн хэмжээ өсч, зээлийн тасалдал үүсч, улмаар эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх төвшинд хүрч болзошгүй болоод байв.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд банк, санхүүгийн системийн эмзэг байдлыг бууруулж, илүү бат бэх, тогтвортой хөгжлийн суурийг тавихад анхааран ажиллалаа. Энэ хүрээнд Монголбанк чанаргүй зээлийг тодорхойлох, ангилах олон улсын тэргүүн туршлага болох Базелын хорооны стандартын аргачлалын дагуу банкны активыг ангилах, үнэлэх журмыг 2016 он болон 2017 онд тус бүр шинэчлэн баталж, мөрдүүлж эхлээд байна. Ингэснээр банкны чанаргүй зээлийг үнэн зөв, бодитой тогтоох, цаашид үүсгэхгүй байх, үүссэн цаг тухай бүрт нь хурдан шуурхай арга хэмжээ авах суурь өөрчлөлтийг хийлээ.
Банкны системд чанаргүй зээл нэмэгдэж 2017 оны 8 дугаар сард системийн нийт зээлийн 7.1 хувь буюу 935.2 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн зээл, 7.4 хувь буюу 968.8 тэрбум төгрөг нь чанаргүй зээл болж, нийт зээлийн үлдэгдлийн 14.5 хувь буюу 1.9 их наяд төгрөгийн зээл нь эрсдэлтэй зээлд тооцогдож байна. Зээлдэгчийн төлбөрийн чадвараас шалтгаалан хугацаа сунгасан зээл нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд хугацаа хэтэрч буй зээлүүдийн чанар муудахад чанаргүй зээл цаашид ч нэмэгдэх эрсдэлтэй байна.
Чанаргүй зээл нэмэгдэж, эрсдэл даах чадвар сулрахад банк зээл олголтоо хумьж, эрсдэл өндөртэй салбарт нэмэлт санхүүжилт олгохоос зайлсхийдэг. Манай орны банкны салбарт энэ хандлага мөн ажиглагдаж байгаа бөгөөд 2010 оны эцэст зээл нь банкны активын 66 хувийг бүрдүүлж байсан бол өнгөрсөн оны эцэст 46 хувьд хүрч 20 нэгж хувиар буураад байна.
2016 онд эдийн засгийн гол салбарууд болох уул уурхай, барилга, боловсруулах үйлдвэрлэл, худалдааны салбарын зээлийн нийт зээлд эзлэх хувь буурч 40 хувьд хүрсэн бол иргэдийн хэрэглээний зээл өсөх хандлагатай байна. Ирээдүйд баялаг бүтээх, хөрөнгө оруулалтын зориулалттай эдгээр бодит секторын зээл хумигдаж буй үндсэн шалтгаан нь аж ахуйн нэгжид олгосон зээлийн эрсдэл нь иргэдийн зээлийн эрсдэлээс харьцангуй өндөр байгаатай холбоотой. Тухайлбал, 2017 оны 8 дугаар сард аж ахуйн нэгжийн зээлийн 11.1 хувь, иргэдийн зээлийн 3.5 хувь нь чанаргүй ангилалд байна. Гэхдээ иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт нь өрхийн өрийн дарамтыг нэмэгдүүлж, улмаар хэрэглээний зээлийн чанар ч цаашид муудах эрсдэл хуримтлагдаж эхэлж байна. Түүнчлэн банкны салбар дахь долларжилт нь зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд Монголбанкнаас хэрэглээний зээлийн өсөлтийг өрхийн орлоготой нь уялдуулах, өрхийн санхүүгийн дарамтыг нэмэгдүүлэхгүй байх, долларжилтыг бууруулах зохицуулалтын арга хэмжээг ойрын хугацаанд оновчтой хэлбэрээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Чанаргүй зээл өсч, бодит секторын зээл буурахад эдийн засаг уналтад орох эрсдэлтэй тулгардаг нь олон улсын туршлагаар батлагдсан. Иймд Монголбанкнаас урт, дунд болон богино хугацаанд чанаргүй зээлийг бууруулах талаар бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Урт хугацаанд мөнгөний оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр төгрөгийн тогтвортой байдал хангагдаж, эдийн засгийн тогтвортой өсөлт бий болсноор зээлдэгчдийн төлбөрийн чадвар сайжирч, зээл үр дүнтэй ашиглагдаж, хугацаандаа эргэн төлөгдөх нөхцөл бүрдэнэ. Эдийн засаг тогтвортой үед чанаргүй зээлийг шийдвэрлэх орчин, хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь урт хугацааны санхүүгийн хөгжлийн үндэс суурийг бүрдүүлдэг тул Монголбанк чанаргүй зээлийг шийдвэрлэх стратегийн баримт бичгийг боловсруулан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэн батлахаар ажиллаж байна.
Дунд хугацаанд чанаргүй зээлийн хэмжээг бууруулах арга зам нь актив удирдлагын компани байгуулан үйл ажиллагааг төлөвшүүлэх явдал гэж үзэж байна. Монголбанк нь сүүлийн жилүүдэд банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, түүнийг үр ашигтай шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн идэвхтэй ажиллаж ирсэн. Тухайлбал, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд активын удирдлагын мэргэшсэн тогтолцоог хөгжүүлэх арга хэмжээг тусган олон улсын байгууллага, бусад төрийн байгууллагуудтай хамтран актив удирдлагын компаний тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д Засгийн газраас өргөн барихад бэлэн болоод байна.
Чанаргүй зээлийг бууруулах богино хугацааны арга хэмжээний эхлэл болгон активын чанарын иж бүрэн үнэлгээ буюу AQR-ийг дэлхийн улс орнуудын төв банк, зохицуулагч байгууллагаас олон улсын нягтлан бодох бүртгэлийн болон зээлийн эрсдэлийн талаарх бусад стандартад үндэслэн банкуудын хөрөнгийн эрсдэлийн төвшинг бодитоор тогтоох зорилгоор хэрэгжүүлж байна.
Активын чанарын үнэлгээг Европын төв банкнаас гишүүн орнуудын банкинд үнэлгээ хийх, ОУВС-гаас эдийн засгийн хүндрэлд орсон гишүүн орнуудад санхүүгийн туслалцааны хөтөлбөр үзүүлэхээс өмнө банкны салбарын эрсдэл даах чадварыг ийнхүү бодитоор тогтоох зорилгоор хэрэгжүүлдэг. 
            Монгол Улсын хувьд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хадгалах хүрээнд банкуудын санхүүгийн зуучлалын үйл ажиллагаанд цаашид эрсдэл хуримтлахаас урьдчилан сэргийлэх, зээл олголтыг олон улсын сайн туршлагад нийцүүлэх, зээлийн эрсдэлийн төвшинг үнэн зөв тодорхойлж, зохих эрсдэлийн санг байгуулах, банкны салбарын эрсдэл даах чадварыг бодитоор тодорхойлох зорилгоор банкуудын активын чанарыг үнэлгээг хийж байна. Активын чанарын үнэлгээ нь зөвхөн банкуудын одоогийн нөхцөл байдлыг дүгнэхээс гадна, цаашид зээл олгох чадамжийг нэмэгдүүлж, улмаар эрсдэл даах чадварыг сайжруулахад чиглэж байна.
Активын чанарын үнэлгээ хийгдсэний дараагаар банкууд нь шаардлагатай хөрөнгө оруулалтыг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдаас татах хугацааг 2018 оны 8 дугаар сар хүртэл Монголбанкнаас олгох бөгөөд ингэснээр банкуудын хөрөнгө оруулагч, санхүүгийн салбарын хэрэглэгчийн эрхийн хамгаалалт сайжирч, зах зээлийн интеграц, мэдээллийн ил тод байдал, шударга өрсөлдөөн нэмэгдэж, нийтлэг эрх ашиг зохистойгоор хангагдах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Үүний дараагаар банкуудын алдагдсан чадавхийг зохих төвшинд хүргэхэд шаардлагатай арга хэмжээг Монголбанк, Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх нөхцөл тулгарч болзошгүй юм. Иймд эдгээр арга хэмжээг авах боломж, бололцоог Засгийн газар болон УИХ-аас дэмжин, хамтран ажилласнаар эдийн засгийн хямралыг амжилттай даван гарч, Монгол улсынхаа эдийн засгийн бодит өсөлтийг нэмэгдүүлнэ.

Тавдугаарт. Төв банкны дотоод үйл ажиллагааны шинэчлэл хийж, санхүүгийн байдлыг сайжрууллаа.
Монголбанкны үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтцийг олон улсын сайн туршлага, нийтлэг жишигт хүргэн сайжруулахад чиглэсэн “Монголбанкны үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байна.
Монголбанкны үйл ажиллагаанд тулгамдаж буй болон цаашид өөрчлөх, шинээр нэвтрүүлэх ажлуудыг тодорхойлсон хөтөлбөрийг 
(i) хууль, эрх зүйн орчинг сайжруулах, 
(ii) засаглал, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, 
(iii) хүний нөөцийн удирдлага, хөгжлийг боловсронгуй болгох, 
(iv) дэвшилт технологи, арга ажиллагааг нэвтрүүлэх, 
(v) хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн таван чиглэлд боловсрууллаа. Чиглэл тус бүрт хийх ажлын хуваарийг 2019 он хүртэл баталж, хуваарийн дагуу биелэлтийг ханган ажиллаж байна.
Мөнгөний бодлогын талаарх Монголбанкны шийдвэр нь хамтын шийдвэр байх тогтолцоог бүрдүүлж, Захирлуудын зөвлөл, Мөнгөний бодлогын зөвлөл зэрэг харилцан уялдаатай хамтын бүтэц, нэгж дээр тулгуурлан гол гол шийдвэрийг гаргадаг боллоо.
Монголбанкны газар, хэлтсүүдийн бүтэц, чиг үүргийг Олон улсын төв банкны туршлагад нийцүүлэн шинэчлэн, Монголбанкны засаглал, удирдлагын уялдаа холбоог сайжруулан ажиллаж байна. Монголбанкны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар, PwC-ээр аудит хийлгэж, бодит нөхцөл байдлыг тодорхойллоо. Монголбанк 2000-2012 оны хооронд цэвэр дүнгээр алдагдалгүй ажиллаж байсан боловч 2012 оноос хойш тогтмол өндөр хэмжээний алдагдалтай ажиллан 2016 онд алдагдлын хэмжээ огцом нэмэгдсэнээр Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3.1 их наяд төгрөгт хүрээд байна.
Цаашид Монголбанкны алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх, одоогийн хуримтлагдсан алдагдлыг тогтвортой бууруулахын тулд Төв банкны алдагдлыг бууруулах стратеги, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа. Монголбанк төсвийн шинж чанартай үйл ажиллагаанаас татгалзах зарчим баримталж, ипотекийн хөтөлбөрөөс бусад төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг зогсоож байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Өнгөрсөн оны сүүлээс авч хэрэгжүүлсэн дунд хугацааны макро тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээнүүд нь зах зээл дээрх тодорхой бус байдлыг бууруулж, эдийн засгийн идэвхжилд эергээр нөлөөлж байгааг эдийн засгийн тоон үзүүлэлтүүд харуулсаар байна. Энэ чухал цаг мөчид бодлогын тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн идэвхжилийг бэхжүүлэх, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг том сорилтууд бидний өмнө тулгарч байна.
Эдгээр сорилтыг амжилттай даван туулахад төсөв, мөнгөний бодлого харилцан уялдаатай, тогтвортой байх, эдийн засгийн бодлогын тодорхой бус байдлыг арилгах зайлшгүй шаардлага тулгараад байна. Энэ чиглэлд Та бүхнийг хамтран дэмжиж ажиллахыг хүсэж, уриалж байна.
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.

No comments:

Post a Comment