2017/07/21

Монголбанкны баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөнийг нээж хэлсэн үг

Монголбанкны баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөнийг нээж Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн үг

(Монголбанкны хянан шалгагч нарын сургалтын нээлт. 2017.07.21)
Та бүхний энэ өдрийн амгаланг эрье!
Банкны салбар бол манай оронд хамгийн хурдацтай өсч байгаа салбарын нэг гэж хэлж болно. Өнөөдөр нийт хүн амд ногдох банкны данс эзэмшигчдийн тоо (2014: 92%) г.м. зарим стандарт үзүүлэлтээр Монгол Улс аль хэдийн хөгжсөн орны төвшинд хүрээд буй. Түүнчлэн өнөөдөр аль ч аймаг, суманд мобайл банк, цахим гүйлгээ гэх мэт сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглах боломж бүрдсэн байна. Цаашид ч банкны салбарынхан маань санхүүгийн зуучлагчийн үүргээ сайн гүйцэтгэх, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүртээмжтэй түгээх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн найдвартай түнш байхыг зорин ажиллацгааж байна. Тэгвэл Монголбанкны ажилтнууд юунд анхаарах нь зүйтэй вэ?
Эдийн засгийн нэгэн чухал тулгуур болсон санхүүгийн тогтолцооны эрүүл бөгөөд найдвартай байдал, өрсөлдөх чадвар, цаашдын ирээдүй Монголбанкны ажилтнууд, тэр дундаа хянан шалгагч Та бүхний хичээл зүтгэл, мэргэжлийн ёс зүй, боловсрол мэдлэг, ур чадвараас шууд шалтгаалах болно. Бид бүхэн банкны салбартаа шинэчлэлт өөрчлөлтийг хийж, дэлхийн жишигт нийцэх хөгжлийн төвшинд хүргэх том зорилгын дор нэгдэж, улс орныхоо эдийн засагт тулгарсан сорилтуудыг шийдэмгий даван туулахад хувь нэмрээ оруулахаар эрчимтэй ажиллаж байна. Энэхүү зорилгыг амжилттай биелүүлэхэд хянан шалгагч нар маань өөрсдийгөө тогтмол хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч байх ёстой. Ингэх боломжийг нэмэгдүүлэх тал дээр ч Монголбанкны удирдлагын зүгээс анхаарч ажиллах болно.
Миний бие Монголбанкны Ерөнхийлөгч болоод Төв банкны үйл ажиллагаанд шинэчлэлт хийхээр боловсруулсан дунд хугацааны хөтөлбөрт оруулсан нэг чухал хэсэг бол хүний нөөцийн асуудал юм. Монголбанкны ажилтнуудын чадавхийг сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд ажилтнуудаа тасралтгүй сургаж хөгжүүлэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, дэвшилт техник технологиор хангах гэх мэт олон цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бид орчин үеийн Төв банк яаж ажилладаг вэ, тэр л зарчмаар ажиллаж, тийм арга барилыг нэвтрүүлэхийг зорих болно. Энэхүү шинэчлэлээс орон нутгийн салбар хэлтсийн ажилтнууд, хянан шалгагч нар маань хоцрох ёсгүй.
Энэ удаагийн Баруун бүсийн зөвлөгөөн маань зөвхөн төв Монголбанкны ажилтнуудын тавих лекц сургалтуудаас гадна, та бүхэн бие биенээсээ харилцан туршлага судлах боломжийг бий болгох зорилготой юм. Түүнчлэн, орон нутагт ажиллахад ямар асуудал байдаг, тэдгээрийг шийдэх, ажлаа улам сайжруулах ямар хувилбар бий талаар Та бүхний санаа бодлыг Монголбанк, Монголбанкны удирдлагад хүргэх боломж гэдэг утгаар нь харах нь зүйтэй болов уу.
Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

(Баруун бүсийн зөвлөгөөний нээлт 2017.07.22)
Та бүхний энэ өдрийн амгаланг эрье!
Өнөөдөр бид энд Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлого, Монголбанкны Баруун бүсийн салбаруудын зохион байгуулалт, хяналт шалгалтын ажил, эрсдэл, аюулгүй байдлын асуудал, бүртгэл тооцоо, эмиссийн үйл ажиллагаа зэрэг сэдвээр зөвлөлдөхөөр цуглараад байна.
Яг одоо олон улсад ч тэр, Монголын эдийн засагт ч тэр харьцангуй эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлж буй шийдвэрлэх цаг үе юм. 2017 оны эхний 6 сар бол дэлхийн эдийн засагт 2008 оны их хямралаас хойш тохиосон хамгийн өөдрөг эхний хагас жил байв. Америк, Европ, Япон гээд хөгжсөн эдийн засагт ажилгүйдэл буурч, өсөлт сэргэж, итгэл бий болоод байна. Сүүлийн жилүүдэд удаашраад байсан Хятадын эдийн засгийн хувьд “чанга газардах” эрсдэл буурч, Оросын эдийн засаг хямралаасаа гарах төлөвтэй. Уламжлалт бус арга хэрэгслүүдийг түлхүү ашиглаж байсан дэлхийн голлох төв банкуудын бодлого “хэвийн болох” буюу хэвийн голдиролдоо орох үйл явц эхэлсэн нь эдийн засгийн том эрсдэлүүд нэгэнт ард үлдсэний дохио болж байна.
Монголын хувьд ч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн сэргэлт, ОУВС-гийн хөтөлбөр зэргийн үр дүнд эдийн засгийн хүндрэл алсуур өнгөрлөө гэсэн итгэл нэмэгдэж эхэллээ. Монгол Улс богино хугацаанд өмнөө тулгамдаад байсан гадаад өрийн асуудлаа эхнээс нь шийдвэрлээд явж байна, зээлжих зэрэглэл тогтворжлоо, төгрөгт итгэх итгэл ч сэргэж, ханш савлах эрсдэл буурсан гэх мэт олон эерэг өөрчлөлтийг бид харцгаалаа.
Гэхдээ цаашид бидэнд хийх ажил, шийдэх асуудал цөөнгүй байна. Монголын эдийн засаг, 3 сая хүний сайн сайхан байдал цаашид хэрхэх вэ гэдэг нь бид банкны тогтолцоогоо хэр эрүүл бөгөөд найдвартай байлгаж чадахаас, мөнгөний бодлогоо хэр оновчтой хэрэгжүүлж чадахаас ихээхэн шалтгаална. Төв банкны ажилтан бүр энэ талаар байнга бодож ажиллах учиртай.
Бидний өмнө банк санхүүгийн системийн хуулийн өөрчлөлтүүдийг оновчтой хийх, Төв банкны засаглалын тогтолцоог сайжруулах, илүү оновчтой бүтэц зохион байгуулалттай болгох, боловсон хүчнийхээ мэдлэг ур чадавхийг тогтмол дээшлүүлэх, дэвшилт техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төрийн болоод олон улсын байгууллагуудтай хэрхэн харилцан үр ашигтай хамтран ажиллах вэ гээд олон ажил байна.
Үүнээс гадна, бид зах зээлийг үнэн бодит мэдээллээр хангах, хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдээ олон нийтэд зөв ойлгуулж тайлбарлахгүйгээр амжилтад хүрэхэд бэрх. Төв банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад Монголбанк ямар үйлдэл хийх вэ гэдгээс гадна, ямар үг хэлж, хэн юу гэж ойлгож авав гэдэг чухал. Иймд зах зээлийг, эдийн засгаа тогтвортой байлгахын тулд Монголбанк илүү нээлттэй, ил тодоор ажиллаж, мэдээллийн тэгш бус байдлыг бууруулахыг зорьж байна.
Тэгэхээр, эдгээр зорилгыг биелүүлэхэд орон нутгийн салбарууд маань чухал үүрэгтэй. Монгол Улсын нийт хүн амын тэн хагасаас илүү нь орон нутагт ажиллаж амьдарч байна. Та бүхэн Монголбанкны нүүр царай болж, аймаг орон нутагтаа Төв банкны бодлогыг хэрэгжүүлж, шийдвэрийг таниулж байгаа хүмүүс. Тийм ч учраас 2017 онд бид орон нутгийн салбар хэлтсүүдтэй хамтран ажиллах төлөвлөгөөг гаргаад оны эхнээс сургалт, семинаруудыг зохион байгуулаад явж байна. Энэ удаагийн Баруун бүсийн зөвлөгөөн ч мөн үүний хүрээнд хийж буй нэг гол ажил юм.
Тэгэхээр, энэ удаагийн зөвлөгөөний үеэр танилцуулах албан ёсны лекц, сургалтуудаас олж авах мэдээллээс гадна орон нутгийн салбарын удирдлагууд Tа бүхэн бие биенээсээ харилцан туршлага судлах нь чухал. Түүнчлэн, энэхүү зөвлөгөөнийг орон нутагт ажиллахад ямар асуудал тулгардаг, тэдгээрийг шийдэх, ажлаа улам сайжруулах ямар хувилбар байж болох талаар Та бүхний санаа бодлыг Монголбанк, Монголбанкны удирдлагад хүргэх боломж олгож байгаагаар нь ойлгох нь зүйтэй.
Ингээд Баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөнийг албан ёсоор нээснийг мэдэгдье. Баярлалаа!

No comments:

Post a Comment