Сэтгүүлч Э.Болдын
ярилцлага
“Өдрийн сонин”
2017.06.12, №131
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛ,
ТОГТВОРТОЙ БАЙДАЛД ЧИГЛЭСЭН БОДЛОГЫН ШИЙДВЭР ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Монголбанкны
Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай Төв банкинд УИХ-аас хийсэн шалгалтын үр дүн,
Киргиз улсад явсан албан томилолт, удахгүй хуралдах Мөнгөний бодлогын зөвлөлийн
хурал зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Улсын
Их Хурал Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэн тогтоол баталсан шүү дээ.
Харин Та тухайн үед байж таарсангүй. Тийм болохоор энэ талаар таны байр суурь
ямар байгааг юун түрүүнд сонирхмоор байна?
Өнгөрсөн
2-р сарын сүүлээс эхлээд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон
ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд мөнгөний бодлогын
хэрэгжилт, Төв банкны үйл ажиллагаа, гаргасан тушаал шийдвэрүүд зэрэг нийт 10
чиглэлээр хяналт, шалгалт хийсэн. Үүний үндсэн дээр УИХ - Төрийн эрх барих дээд
байгууллагын тогтоол гарлаа. Монголбанк тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө
ажиллана. Ажил ерөнхийдөө эхэлсэн байгаа.
Шалгалтын
дүнг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед Монголбанк өмнө гаргасан алдаа
дутагдлаа дахин давтахгүйн тулд Төв банкны ерөнхийлөгчийн эрх үүрэг, засаглал,
хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэсэн саналууд гарч байсан. Энэ
талаар ямар ажлууд хийх вэ?
Төв
банкны бие даасан, хараат бус байдлыг баталгаажуулж, засаглалыг сайжруулах нь
нэн чухал байна. Тийм ч учраас миний бие Монголбанкны Ерөнхийлөгч болоод Төв
банкны үйл ажиллагааг 5 чиглэлээр шинэчлэх хөтөлбөр боловсруулан, хууль эрх
зүйн орчин, засаглал бүтэц зохион байгуулалтын асуудлыг хамгийн эхэнд нь
тусгасан. Ер нь судлаач эрдэмтэд ч, олон улсын байгууллагууд ч үүнийг зөвлөсөөр
ирсэн байдаг. Бидний явуулсан түүвэр судалгаа, нээлттэй хэлэлцүүлгээр олон нийт
ч Төв банкийг хараат бус байлгах, засаглалыг сайжруулах ажлыг дэмжиж байгаагаа
илэрхийлсэн. Одоогийн байдлаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
төсөл бэлэн болоод байна. УИХ-д өргөн барих процедур эхлээд явж байна.
Судалгааны
ажлаас харж байхад Монголбанкны хараат бус байдал сайн хангагдаагүйн улмаас
эдийн засагт олон асуудал үүсч байсныг онцолсон байдаг. Үүнийг шийдвэрлэхийн
тулд Төв банкны хуульд ямар гол гол өөрчлөлт орох вэ?
Хуулийн
гол өөрчлөлт нь Монголбанкны үндсэн зорилтыг дэлхий нийтийн түгээмэл чиг
хандлага болсон “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчлөхөөс эхэлж байгаа. Төв
банкны зорилтыг ийнхүү илүү тодорхой болгож, олон улсын жишигт нийцүүлснээр Төв
банк илүү хариуцлагатай байх, зорилтоо амжилттай биелүүлэх нөхцөл бүрдэх юм.
Түүнчлэн, бодлогын эцсийн шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч ганцаар гаргах
бус Мөнгөний бодлогын зөвлөлөөрөө шийддэг байх, Засгийн газарт зээл олгох,
Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах Монголбанкны үйл ажиллагааг тодорхой
зааж, хязгаарлалтыг тусгасан. Мөн Монголбанкны удирдлагыг албан тушаалд томилох
шалгуур, чөлөөлөх үндэслэл журмыг илүү нарийн тодорхойлж өгсөн байгаа. Эдгээр нь 1996 онд
анх батлагдсан одоогийн хуульд нарийн тусгагдаагүй байдаг. Иймд мэргэжлийн баг
хуульд ямар сул талууд байна, тэдгээрийг хэрхэн нөхөх тал дээр нэлээд хугацааны
турш олон улсын шилдэг туршлагыг судалж, шийдлүүдийг хооронд нь харьцуулж,
гадна дотны хөндлөнгийн мэргэжилтнүүд, иргэд болон аж ахуйн нэгжүүд, олон
нийтийн саналыг нэгтгэж ажилласны эцэст гол нэмэлт, өөрчлөлтүүдийг
тодорхойлсон.
Та
саяхан Киргиз улсад ажиллаад ирсэн гэсэн. Явсан сонин сайхнаасаа манай
уншигчидтай хуваалцана уу?
Монголбанкны
баг, төлөөлөгчид Киргиз улсад 3 хоног ажиллаад ирлээ. УИХ-аас 2017 онд Төрөөс
мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа Монголбанкинд хэд
хэдэн үүрэг даалгавар өгсөн. Үүний нэг нь валютын бирж үүсгэн байгуулж
ажиллуулах явдал. Энэ нь цаашид санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, улмаар валютын
ханшийн савлагаа үүсэх эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой дэд бүтэц
юм. Хэдийгээр олон жил яригдсаар ирсэн ч ажил хэрэг болоогүй байсныг энэ жил
бид бодит ажил болгож, өнгөрсөн 4-р сард “Банк хоорондын валют арилжааны цахим
талбар”-ын албан ёсны нээлтийг хийсэн. Шинэ ажил учраас эхлүүлэхээсээ өмнө
нэлээд судалгаа хийж үзсэн, цаашид ч улам сайжруулах тал дээр олон ажил хийнэ.
Валютын бирж байгуулан амжилттай ажиллаж байгаа улс орны тоонд Орос, Армен,
Киргиз, Азербайджан зэрэг улс ордгоос бид нутаг ойр, шууд нислэгтэйгээр нь
Киргиз улсын биржийн үйл ажиллагаатай танилцахаар шийдсэн. Тэд Швейцарийн Төв
банкны тусламжтайгаар валют арилжааны автомат систем байгуулж ажиллуулсан юм
байна. Бид үйл ажиллагааны зарчимтай нь танилцаж, мэргэжлийн хүмүүстэй уулзаж
ажил хэргийн холбоо тогтоогоод ирсэн, нэлээд тустай ажил боллоо.
Монгол
Улс саяхан эдийн засагт тулгарсан хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд
ОУВС-гийн хөтөлбөрт албан ёсоор хамрагдах болсон. Киргиз мөн ОУВС-ийн хөтөлбөрт
хамрагдсан. Тэнд байдал ямар байна вэ?
Бидний
явсан ажлын бас нэг чухал зорилго бол Киргизэд хэрэгжиж буй ОУВС-гийн
хөтөлбөрийн явцтай танилцах явдал байв. Монгол, Киргизийн хооронд нүүдлийн соёл
иргэншил, шилжилтийн үеийн туулсан зам, одоо нийгэм эдийн засагт тулгарч буй
асуудал, цаашдын сорилт зэрэг адил төстэй зүйл олон байна. Киргиз улс 2015 онд
3 жилийн хугацаатай Extended Credit Facility буюу “Өргөтгөсөн зээлийн хөтөлбөр”
авч хэрэгжүүлээд одоо төгсгөлийн шатандаа оржээ. Биднийг очихын өмнөхөн
ОУВС-гаас хөтөлбөрийн 3 дахь шатны үнэлгээний дүнг нийтэлсэн байсан. Киргизийн
бодлого боловсруулагчид хөтөлбөрийн явцад үүссэн сорилт, ололтоо илэн далангүй
ярьж бидэнд тусаллаа. Энэ дашрамд Киргизийн Төв банк, Киргиз улс дахь Монгол
Улсын Консулын газар бидэнтэй хамтран ажилласанд талархлаа илэрхийлье!
Ярилцсанд баярлалаа.
No comments:
Post a Comment