2018/09/28

“Гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд” хэлэлцүүлгийн нээлтийн үг

Гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд хэлэлцүүлгийг нээсэн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы нээлтийн үг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Монголын гадаад худалдааны гол зохицуулагч, оролцогч байгууллагуудын төлөөлөл, эрхэм зочид, төлөөлөгч Та бүхэндээ талархлаа илэрхийлье!
Монголбанкнаас эдийн засгийн бодлогын асуудлыг хөндсөн хурал, хэлэлцүүлгийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтэн, эрдэмтэд, судлаачдыг хамруулан өргөн хүрээд тогтмол зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн ээлжит хэлэлцүүлэг нь манай улсын гадаад худалдааны бодлого, түүнд тулгарч буй саад бэрхшээл, анхаарах асуудлын талаар хамтдаа нэгдсэн ойлголтод хүрч, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын чиглэл, үндэс суурийг тодорхойлоход оршиж байна.
Дэлхийн хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнууд гадаад худалдааны орлого, түүний үр өгөөжид тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэх, тэлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Учир нь өнөөгийн даяарчлагдсан нийгэмд улс орнуудын эдийн засаг, хөгжилд олон улсын худалдаа, хамтын ажиллагаа их хэмжээгээр нөлөөлж байна. Тухайлбал экспортын орлого нь тухайн улсын эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт, валютын ханшийн тогтвортой байдал болон гадаад өрийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Түүнчлэн Монгол улс хангалттай хэмжээний гадаад валютын нөөц бүрдүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын санхүүгийн баталгаа тул валютынхаа нөөцийг байнга нэмэгдүүлэх бодлого баримтлах учиртай. Хэдийгээр гадаад валютын нөөц нэмэгдэж 3 тэрбум ам.доллар буюу импортын 6 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн хэдий ч, түүний хүрэлцээт түвшинг нэмэгдүүлэх бодлого чухал хэвээр байна. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх нь бодлогын асуудал бөгөөд Монголбанк дангаар хийж хүч хүрэх ажил биш юм. Гадаад валютын нөөцийг дорвитой нэмэгдүүлэхдээ гадаад өрөөр бус, төлбөрийн тэнцлийн урсгал дансны ашгаар нэмэгдүүлэх нь илүү үр дүнтэй. Үүнд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого чухал үүрэгтэй. Монголчууд бид худалдаа, арилжаагаар амьжиргаагаа зохицуулан амьдарч байгаа атлаа тодорхой үр дүнд хүрсэн гадаад худалдааны цогц бодлогогүй, энэ асуудлыг дангаар хариуцсан яамгүй явж ирлээ. Ялангуяа дэлхийд "худалдааны маргаан", худалдааны дайн эхэлж буй энэ цаг үед ингэж амирлангуй сууж таарахгүй. Мөн Дэлхийн Худалдааны Байгууллагатай сүүлийн жилүүдэд харилцаа хэрэг дээрээ зогсонги байдалд оров.
Иймээс Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхнээс Монгол улсын гадаад худалдааны бодлогын асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөний талаар эрдэм, оюунаа чилээн, мэдлэг, туршлагаа хуваалцан, хувь нэмрээ оруулахыг хүсч байна.
Та бүхэнд баярлалаа!

2018/09/27

Төгрөгийн ханш

ТӨГРӨГИЙН ХАНШИД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛ

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш оны эхнээс 3.9 хувиар суларсан. Манай улсын валютын ханшны хөдөлгөөнд дотоод засгийн идэвхжил, түүнийг дагасан импортын өсөлт (эхний 8 сарын байдлаар жилийн өсөлт 38%) нөлөөлж байгаа боловч гадаад нөхцөл байдал томоохон нөлөө үзүүллээ. Гадаад зах зээл дээр өөрчлөлт авчирч буй дараах том хоёр хүчин зүйл байна. Үүнд:
  •  Гадаад зах зээлийн эрсдэлгүй хүү өсч байна. Холбооны нөөцийн банк хүүгээ 2019 оны эцэс гэхэд 3.25% хүртэл өсгөж болзошгүй байна. Малайз, Индонез, Филиппин, Энэтхэг, ОХУ, Турк, Аргентин зэрэг улсууд бодлогын хүүгээ чангаруулаад байна. 
  • Том гүрнүүдийн хооронд худалдааны маргаан ширүүсч, улмаар дэлхийн эдийн засгийн идэвхжилд тодорхой бус байдлыг нэмэгдүүлээд байна.
Дээрх хоёр хүчин зүйл нь валютын болон металлын захад хүчтэй нөлөөллөө. Үүнд:
  • Хөгжиж буй эдийн засгаас хөрөнгө гадагшлах хандлага бий болсон. 
  • Ам.долларын ханш ихэнх улс орнуудын валютын эсрэг чангарсан. 170 гаруй улс орноос 83 хувийнх нь валют ам.долларын эсрэг суларсан, үүнээс 31% нь 4%-иас давж суларсан байна. Манай худалдааны түнш эдийн засгууд болох БНХАУ-ын юань оны эхнээс ам.долларын эсрэг 5.4%, Солонгосын вон 5.5%, ОХУ-ын рубль 13.2%, Евро 1.5%-иар тус тус сулраад байна. Хэдийгээр төгрөг ам.долларын эсрэг суларч байгаа ч юань (-1.6%), вон (-1.7%), рубль (-9.6%)-ийн эрсэг чангаралттай байна.
  • Эрдэс бүтээгдэхүүний үнэд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, оны эхнээс зэсийн үнэ 14 хувиар, алтны үнэ 12 хувиар унаад байна.
  • Манай экспортын том зах зээл болох БНХАУ-ын эдийн засгийн төлвийн талаарх тодорхой бус байдал нэмэгдэж байна. Тус эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 6.5 болгож бууруулаад байна.

2018/09/25

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2019 ОНД
БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТУХАЙ
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн барилаа.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл нь эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэлээ. Мэдээллийн технологийн болон тогтвортой санхүүжилтийн сайн туршлагыг нэвтрүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр санхүүгийн зах зээлийн хөгжлийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийн хүртээмжийг нэмэгдүүлэх болно.
Өнгөрсөн 2 жилд манай гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байсны зэрэгцээ уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын үр дүнд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж бизнесийн орчин алгуур сайжирч байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжин 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өсөв. Эдийн засгийн өсөлтийг дагаж инфляци алгуур сэргэж байгаа ч Монголбанкны 2018 оны зорилтот түвшинд хадгалагдана.
Цаашид эдийн засгийн өсөлт, түүний үр өгөөжийг тогтвортой түвшинд хамгаалахад инфляцийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай.
Гадаад эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, улс орны эдийн засгийн дархлааг сайжруулах, гадаад секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, гадаад өрийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд гадаад валютын улсын нөөцийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай.  Гадаад валютын орох урсгалын нэмэгдүүлэхэд Монгол Улсад үйлдвэрлэгдэж буй бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх нь нэн чухал болж байна. Иймээс Монголбанк гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг дангаар болон төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх байдлаар үндсэн чиглэлд тусгалаа.
Ирэх онд хийгдэх банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл нь банк санхүүгийн салбарын зохицуулалтыг олон улсын стандартын шаардлага, зарчимд нийцүүлж, мөрдүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэхэд томоохон алхам болно.
Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, институцийг бэхжүүлэх хүрээнд нэгд: байгаль орчин, нийгэмд ээлтэй, олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд нэвтрүүлнэ, хоёрт: технологийн дэвшилд тулгуурласан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зарчим, стандартыг тодорхойлж, мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангахад чиглэсэн дэд бүтцийг хөгжүүлж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг бий болгож нэвтрүүлнэ, гуравт: чанаргүй активыг бууруулах стратегийн хэрэгжилтийг хангана, дөрөвт: санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн тогтолцоог бий болгоно.
Санхүүгийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх, банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийттэй харилцах харилцааг үр ашигтай болгох зэрэг институцийн хөгжилд чухал ач холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахаар Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа.

                  2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр