МОНГОЛБАНКНЫ
ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАНЫ “АЛТНЫ ФОРУМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТЭД ЗОРИУЛАН ХЭЛСЭН
НЭЭЛТИЙН ҮГ
Та бүхний энэ өдрийн амар
амгаланг эрэн мэндчилье!
“Алтны
Форум”-ыг зохион байгуулж буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, болон Блүүмберг
телевизийн хамт олонд талархал илэрхийлье.
Өнөөдрийн арга хэмжээг
зохион байгуулж буй энэ цаг үед дэлхийн санхүү, эдийн засагт томоохон үйл
явдлууд өрнөж байна. Тухайлбал, АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны
дайн, АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгийн өсөлт, үүнээс улбаатай ам.долларын
ханшийн чангаралт зэргээс гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж байна.
Гадаад салбараас өндөр хамааралтай манай улсын хувьд цаашид эрсдэл нэмэгдэж
болзошгүй тул эдийн засгийн дархлааг бэхжүүлэх, үүний хүрээнд гадаад валютын
улсын нөөцийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
Гадаад валютын улсын
нөөцийг хүрэлцээт түвшинд хуримтлуулах нь ирээдүйд учирч болзошгүй гэнэтийн
гадаад сөрөг нөлөөллөөс улс орны эдийн засгийг хамгаалж, түүний хор уршгийг
бууруулах, үндэсний мөнгөн тэмдэгт- төгрөгийн тогтвортой байдлыг хангах, улс
орны эдийн засгийн аюулгүй байдал, дархлааг бэхжүүлэх, улсын зээлжих
зэрэглэлийг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой. 2008-09 онд тохиосон
Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын туршлагаас харахад тухайн үед гадаад валютын
нөөц харьцангуй өндөртэй улс орнууд хямралыг хохирол багатай даван туулж, банк,
санхүүгийн гүнзгий хямралыг тойрч гарсан байдаг.
Манай улсын хувьд алтны
салбар нь гадаад валютын нөөцийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой стратегийн
салбар бөгөөд Монголбанк үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авсан алтаа олон
улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрүүдээр цэвэршүүлж, цэвэршүүлсэн алтыг олон
улсын санхүүгийн байгууллагуудад байршуулснаар уг алт Монгол Улсын гадаад
валютын нөөцөд бүртгэгддэг. Иймд үндэсний алт үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор
дэмжиж, тулгарч буй хууль эрх зүйн зохицуулалтын шинжтэй хүндрэл бэрхшээлийг
төрийн байгууллагууд хамтран шийдвэрлэх нь алтны салбарын хөгжил төдийгүй
Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал юм.
Монгол Улс ОУВС-тай
хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бүтцийн
өөрчлөлтийн арга хэмжээний үр дүнд эдийн засаг харьцангуй богино хугацаанд
сэргэж, эдийн засагт нааштай дүр зураг бий болж байна. 2018 он гарсаар эдийн
засгийн өсөлт 6.3 хувь хүртэл нэмэгдэж, гадаад валютын албан нөөц 3.0 тэрбум
ам.доллар хүртэл өсч, хөрөнгө
оруулагчдын итгэл сэргэж
байна. Эдийн засагт тулгараад байсан дээрх хүндрэлийг богино хугацаанд даван
туулахад алтны салбарт ажиллаж буй та бүгдийн хувь нэмэр өндөр байсныг энд
цохон тэмдэглэх нь зүйтэй. Нэгэн жишээ дурдахад алт олборлогч иргэд, аж ахуйн
нэгжүүдийн Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 2017 онд түүхэн дээд хэмжээндээ
буюу 20 тоннд хүрсэн бөгөөд энэ нь гадаад валютын нөөцийг 700 орчим сая
ам.доллараар нэмэгдүүлжээ.
Монголбанк цаашид ч алтны
салбарыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллахаа үүгээр
мэдэгдэхийн зэрэгцээ өнөөдрийн байдлаар авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг
дурдъя.
- Засгийн
газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар тогтоолоор батлан
хэрэгжүүлж буй “Алт-2” хөтөлбөрийг Монголбанк дэмжин ажиллаж байна.
- Түүнчлэн
Монголбанк алтны салбарт олгож буй санхүүжилтийн өртгийг бууруулах,
зээлийн хүүг бууруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч ажиллаж
байна.
- Мөн бид алтны олборлолт ихтэй бүс нутгууд болох Дархан-Уул, Баянхонгор аймгуудад сорьцын лаборатори байгуулан, олборлосон алтыг тухайн аймгуудад нь Монголбанк шууд худалдан авах боломжийг бүрдүүлзхззр ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Сорьцын лабораториудын албан ёсны нээлтийг Дархан-Уул аймагт 10 дугаар сарын 15-ны өдөр, Баянхонгор аймагт 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахад бэлэн болоод байна.
- Үүнээс гадна “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг энэ оны 6 дугаар сараас эхлэн зохион байгуулж байна. Энэхүү аяны талаар болон Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр бид дэлгэрэнгүй танилцуулах болно.
Алтны салбарын хайгуул,
олборлолтоос эхлээд байгаль орчны нөхөн сэргээлт хүртэлх шат шатандаа тулгарч
буй асуудал бэрхшээлээ өнөөдөр бид илэн далангүй ярилцаж, цаашид авах арга
хэмжээний талаар санал солилцон, салбарын хөгжлийн талаар нэгдсэн ойлголцолд
хүрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Алтны салбараа
хариуцлагатайгаар олон улсын сайн жишигт нийцүүлэн хөгжүүлж, гадаад валютын
улсын нөөцөө нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий
болгоход төрийн эрх бүхий байгууллагууд, алт үйлдвэрлэгчид, та бидний хамтын
ажиллагаа чухал ач холбогдолтойг онцлон, өнөөдрийн энэхүү арга хэмжээнд өндөр
амжилт хүсье.
Анхаарал тавьсанд
баярлалаа.
No comments:
Post a Comment