2019 ОН
ЭРҮҮЛ ЧИЙРЭГ БАНКНЫ ЖИЛ БОЛНО
Монголбанкны Ерөнхийлөгч
Н.Баяртсайхантай 2019 оны эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцлаа.
Ярилцлагаа
2018 оны эдийн засаг, банкны салбарт бий болсон үйл явдлыг хэрхэн дүгнэж байна
вэ гэсэн асуултаар эхлүүлье.
2018 он бол эдийн засагт тулгарч байсан олон сорилтуудыг
амжилттай даван туулж, эдийн засаг сэргэсэн, банк санхүүгийн салбарт реформ
хийгдсэн шинэчлэлийн жил болж өнгөрлөө. Монголбанк үндсэн зорилтынхоо хүрээнд дунд хугацааны
үнийн тогтвортой байдлыг хадгалж, инфляцийн дарамтгүй эдийн засгийн өсөлтөд
дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүллээ. Үүний үр дүнд
банкуудын зээлийн хүү буурч 2018 oны эцэст дунджаар 17 хувь болсон нь 2017
онтой харьцуулахад 2.4 нэгж хувиар бага үзүүлэлт юм. Зээлийн хүүний бууралтын
нөлөөгөөр 2018 онд банкуудын зээл олголт, ялангуяа бизнесийн зориулалттай,
төгрөгөөр олгосон зээл өнгөрсөн онуудтай харьцуулахад нэлээд нэмэгдэв. Энэ нь
бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлж, эдийн
засаг дахь нийт эрэлт өсч, ажлын байр, үйлдвэрлэл өсөхөд чухал түлхэц болсон.
Эдийн засаг хүлээлтээс давж 6.4 хувиар өсч, эдийн засгийн
идэвхжлийг даган шууд хөрөнгө оруулалтын цэвэр орох урсгал 2017 онтой
харьцуулахад 36 хувиар өсөв.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС
болон бусад донор байгууллагуудаас 2017, 2018 онд нийт 970 орчим сая
ам.долларын санхүүжилт орж ирсэн, экспортын голлох түүхий эдүүдийн үнэ болон
биет хэмжээний өсөлтөөс үүдэн нийт экспорт 6.5 тэрбум ам.долларыг давж гарсны
зэрэгцээ улсын зээлжих зэрэглэл ч өсөв.
Банкны салбарын тулгуур үндсэн хуулиуд болох Төв банкны
тухай хууль, Банкны тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлын тухай хууль
зэргийг шинэчлэн батлуулснаар Төв банк сайн засаглалын элементүүдийг
нэвтрүүлэн, бодлогын шийдвэрийг хамтын зарчмаар гаргадаг болж, макро зохистой
бодлогыг хэрэгжүүлэх шинэ чиг үүрэгтэй болсон нь яахын аргагүй санхүүгийн
салбарт хийгдсэн онцлох чухал үйл явдал байлаа. Энэ нь мөнгөний бодлогын үр
нөлөөг дээшлүүлэх, банкны салбарыг илүү эрүүл байлгаж, санхүүгийн зуучлалыг
хэвийн үргэлжлүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, санхүүгийн секторт эрсдэл
хуримтлагдахаас сэргийлэх боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.
Улсын төсвийн орлого 2018 онд өсч, улмаар төсвийн нийт тэнцэл эерэг гарлаа.
Энэхүү өөрчлөлт нь хэрхэн мөнгөний бодлогод нөлөөлсөн бэ?
Төсвийн орлого төлөвлөгөөнөөс давж, төсвийн орлого
бүрдүүлэлт нэмэгдсэн нь нийт төсвийн тэнцлийг ашигтай байхад нөлөөллөө.
Тухайлбал 2018 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлого 10 их наяд төгрөг давж,
тэнцэл ашигтай гарсан нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх дотоод эх үүсвэрийн
хэрэгцээг бууруулсан. Төсөв хэр тогтвортой, тэнцвэртэй байна төдий чинээ
мөнгөний бодлого, түүний хэрэгжилтэд том орон зай бий болгож байна гэсэн үг.
Иймдээ ч, Төв банк бодлогын хүүгээ 2018 оны эхэнд бууруулж эдийн засгийн
идэвхжлийг дэмжиж өгсөн. Үүний илрэл нь ээлийн хүү буурч, мөн бизнесийн зээл
нэмэгдсэн явдал юм. 2018 онд төсөв, мөнгөний бодлого уялдаатай байсан нь эдийн
засгийн өсөлтөд том түлхэц нөлөө боллоо.
Монголбанк
2018 онд 22 тонн үнэт металл худалдан авсан байна. Цаашид үнэт металл худалдан
авалтын хувьд ямар байр суурьтай ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
Монголбанк
2018 онд нийт 22 тонн үнэт металл худалдан авсан нь 2017 оноос 9.5 хувиар
нэмэгдэж, Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэж
байна. Зөвхөн алтны худалдан авалтаар Монголбанк ГВАН-ийг ойролцоогоор 710 гаруй сая ам.доллараар
нэмэгдүүллээ. 2018 онд “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг улс орон
даяар амжилттай өрнүүлэв. Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан алтны сорьц
тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь үр дүнгээ өглөө. Монголбанк
2019 онд алт худалдан авалтын хэмжээг өнгөрсөн оны түвшнээс бууруулахгүй байх чиглэлээр
ажиллана. Гэхдээ алтны татварын
хөнгөлөлтийн хугацааг сунгахгүй бол ийм хэмжээний алт тушаагдахгүй байх
эрсдэл үүсч болзошгүй. Өмнөх түүхээс харахад ийм эрсдэл үүсч байжээ. Монголбанкны
зүгээс алтны татварын хөнгөлөлтийг сунгах нь зүйтэй гэсэн
байр суурьтай байгаа.
Та
Монголбанкны үнэт металл худалдан авалт Монгол Улсын гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж хэллээ. ГВАН хэд байгаа, ханшийн
талаар ямар бодлого хэрэгжүүлж байгаа талаараа яриач.
ГВАН
2018 оны эцсээр 3.5 тэрбум ам.долларт хүрэв. Монгол Улсын нийт гадаад өрийн
хэмжээ 27.9 тэрбум ам.доллар байгаа нь бидэнд гадаад өр төлбөрийн эрсдэл өндөр
хэвээр байгааг илтгэж байна. Иймд бид ГВАН-ийг цаашид тууштай нэмэгдүүлэх
чиглэлд бодлогоо хандуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Монголбанк богино
хугацаанд ханшийг тогтвортой байлгаж, огцом савлагааг гаргахгүй байх үүднээс
валютын захад нийлүүлэлт хийдэг. Экспортын томоохон хувийг бүрдүүлдэг нүүрсний
экспортод тодорхой хэмжээний саатал гарсан, мөн АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ
нэмсэн зэргээс ам.долларын эрэлтийг зөвхөн Монголд биш дэлхий даяар нэмэгдүүлэх
шалтгаан болж байна. Эдгээрээс үүдэлтэй төгрөгийн ханшийг сулруулах нөлөө
үзүүлсэн ч, Монголбанк валютын зах дээрх оролцоо болон мөнгөний бодлогын арга
хэрэгслээр эрэлт нийлүүлэлтийн зөрүүнээс үүдэлтэй богино хугацааны огцом
савлагааг зах зээлд үүсэхээс сэргийлж ажилласнаар төгрөгийн ханш тогтворжиж эхлэв.
Манай
эдийн засаг гадаад орчноос ихээхэн хамааралтай учраас гадаад, ялангуяа хөрш орнуудын
эдийн засгийн нөхцөл байдал энэ онд хэрхэн өөрчлөгдөх талаар мэдээлэл өгнө үү.
Манай
улсын хувьд гадаад худалдааны түнш болсон хөрш орнуудын эдийн засгийн төлөв
байдал болон бодлогын шийдвэр гаргалт манай эдийн засагт тодорхой хэмжээнд
нөлөөтэй байдаг. Олон улсын байгууллагуудын үзэж байгаагаар 2019 онд дэлхийн
эдийн засгийн дундаж өсөлт 2.8 орчим хувьтай, манай худалдааны түнш орнууд
болох Хятадын эдийн засаг 6.2%, ОХУ 1.8%-ийн өсөлттэй байхаар байна. Энэ онд
АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны зөрчил үргэлжилж, импортын бараа,
үйлчилгээнд ногдуулах нэмэлт тарифууд хэрэгжих эрсдэл байгаа. Гэхдээ сүүлийн
өдрүүдийн үйл явдлаас харахад БНХАУ-ын тал байр сууриа нэлээд зөөлрүүлж байна.
Харин ОХУ-ын хувьд өнгөрсөн онд газрын тосны үнэ буурч, рублийн ханш суларч,
татварын шинэчлэлт хийсэн зэргийн үр дүн эдийн засагт хэрхэн тусахаас хамаарна.
Таны харж байгаагаар гадаад худалдаа 2019 онд ямар төлөвтэй байна гэж бодож
байна вэ?
Гадаад
худалдааны нөхцөлийн хувьд 2019 онд дунд хугацаандаа сайжрах төлөвтэй байгаа.
Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний 90 орчим хувийг уул уурхайн
бүтээгдэхүүний экспорт бүрдүүлдэг. Үүн дотор зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр
гээд голлох цөөн бүтээгдэхүүнийг дурдаж болно. Өнгөрөгч 2018 онд БНХАУ-ын эдийн
засгийн өсөлтийн төлөв болон АНУ, БНХАУ-ын худалдааны зөрчилдөөний тодорхой бус
байдал зэргээс үүдэн зэс, алтны үнэ буурсан. ОПЕК-ийн орнууд болон ОХУ энэ оны
1 дүгээр сарын 1-ээс эхлэн 6 сарын турш үйлдвэрлэлээ танах зөвшилцөлд хүрсэн
байгаа. Ираны нефтийн экспортын эсрэг тавьсан хориг арга хэмжээ, Венесуэлийн
үйлдвэрлэлд үүссэн саатал зэрэг нь газрын тосны нийлүүлэлтэд тодорхой бус
байдлыг үүсгэж байна.
Монголбанк 2019 онд банкны салбарт ямар ямар ажлуудад гол анхаарлаа
хандуулан ажиллахаар төлөвлөж байна вэ?
Монгол Улс Ази тивийн улсуудаас хамгийн түрүүн активын
чанарын үнэлгээ 2018 онд /AQR/-г хийлгэв. Активын чанарын үнэлгээний болон
холбогдох бусад арга хэмжээний үр дүнг үндэслэн Монголбанкнаас төлөвлөгөө
гарган ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөөнд активын чанарын үнэлгээний үр дүнг
банкуудын тайланд тусгах, чанаргүй активыг шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй
болгох, банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай буюу дахин
хөрөнгөжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна. Банкуудад
өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг өгсний дагуу банкууд 2018 оны турш нийт 505.4
тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж 3.4 их наяд төгрөгт хүргээд байна. Эрүүл
банктай байх нь эрүүл санхүүгийн салбарыг бий болгож, эрүүл санхүүгийн салбар
нь эрүүл эдийн засгийн суурийг бүрдүүлдэг тул Монголбанкнаас 2019 онд банкны
салбарт хийгдэж буй ажлуудыг үргэлжлүүлэн, банкны салбарын эрсдэл даах чадварыг
нэмэгдүүлэх, эрх зүйн орчинг сайжруулах талаар эрчимтэй ажиллах болно. 2019 он Монголын банкны салбарыг хүчирхэг
болгох жил байх болно.
Дараагийн хийх гол ажлын нэг бол түрүүн дурдсан ГВАН-ыг
нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. ГВАН-ийн зохистой хэмжээ нь улс орны тусгаар
тогтнолын санхүүгийн баталгаа болдог гэдгийг маш сайн ойлгох учиртай.
Эдгээрээс гадна мэдээж одоо хэрэгжүүлж буй ОУВС-гийн “Өргөтгөсөн
санхүүжилтийн хөтөлбөр”-өө амжилттайгаар дуусгахад анхаарлаа хандуулна. Гурван
жилийн хугацаатай хэрэгжиж буй тус хөтөлбөрийн үнэлгээг ОУВС улирал тутам хийж
байгаа бөгөөд бид одоогийн байдлаар нийт 6 удаагийн хөтөлбөрийн гүйцэтгэлийг
амжилттай даваад байна. Цаашид хөтөлбөрөө амжилттай дуусгах нь Монголын олон улс
дахь нэр хүндэд сайнаар нөлөөлөхөөс гадна, ирээдүйн он жилүүддээ илтгэлтэй байх
үндэс болж өгнө.
2019 оны төсөв, мөнгөний бодлогын гол өөрчлөлтүүд
юу байх вэ?
Төсөв
2019 онд нэлээн тэлж, төсвийн зардал нэмэгдэнэ. Ялангуяа, хөрөнгө оруулалт
нэмэгдэж байна. Энэ нь төсвийн зардлаар дамжиж эдийн засагт тэлэлт явагдана
гэсэн үг. Гадаад зах зээл 2019 онд өмнөх онуудаас илүү тодорхой бус байгаа нь
түүхий эдийн үнэд нөлөөлөх, улмаар манай улсын экспортод сөргөөр нөлөөлж
болзошгүй. Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлийн алдагдлын санхүүжилтийн эх
үүсвэрийг харахад гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал голчлон нөхөж
байгаа хэдий ч тогтвортой биш байна. Улс төрийн орчин тогтворгүй байх нь гадаад
хөрөнгө оруулалт татрах эрсдэлийг үүсгэдэг. Иймд улс төрийн тогтвортой орчин
дахь төсөв, мөнгөний бодлогын хослол тун чухал юм.
Монгол
Улс саарал жагсаалтад орох эрсдэлтэй байгаа талаар нэлээд яригдаж байна. Монголбанкны зүгээс энэ чиглэлээр гүйцэтгэж
байгаа ажлын дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
ФАТФ-ын
Ази, Номхон далайн бүсийн байгууллага /АНДББ/-аас Монгол Улсын мөнгө угаах,
терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны хоёр дахь удаагийн Харилцан
үнэлгээг хийж, улмаар Монгол Улсыг 2019
оны 6 дугаар сар хүртэл “эрчимтэй хяналтад” авав. ФАТФ-аас Монгол Улсыг саарал
жагсаалтад оруулах эсэх асуудлыг 2019 оны 10 дугаар сарын 19-нд авч хэлэлцэх
тов гарсан байгаа. Энэхүү жагсаалтад орохгүйн тулд Монгол Улс Засгийн газар
2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 327 дугаар тогтоолоор “Ази, Номхон далайн
бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын
төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын
хүрээнд Монгол Улс юуны түрүүнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх хууль эрх зүйн орчныг 2018 онд шинэчлэх ажлыг хийж эхлэв. Энэ нь Монгол
Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог ФАТФ-ын
зөвлөмжид нийцүүлж, хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх, хяналт шалгалтыг эрсдэлд
суурилсан хэлбэрт шилжүүлэх, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг эрсдэлд
суурилан гүйцэтгэх, хуулийн нэр томьёоны тодорхойлолтуудыг олон улсын
стандартад нийцүүлэх, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг эрс чангатгахад
чухал алхам. Хийж гүйцэтгэж байгаа ажилд ахиц гарч байгаа ч саарал жагсаалтад
орох эрсдэл хэвээр байгаа тул 2019 онд холбогдох байгууллагуудтай хамтран
онцгой анхааран ажиллана.
Монголбанк макро зохистой
бодлогыг хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ ойлголт сүүлийн үед олон нийтэд нэлээд
сонсогдох боллоо. Яагаад энэ төрлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа талаар
тайларлаж өгнө үү?
Төв
банкны гол зорилго бол үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллах явдал. Өнгөрсөн
оноос сэргэж буй эдийн засгийн өсөлтийг мөнгөний бодлогын зөв арга хэрэгслээр
хангаж ажиллах шаардлагатай байгаа. Эдийн засагт аж ахуйн нэгжүүдээс гадна
иргэдийн хэрэглээний зээл нэмэгдсээр байна. Энэхүү зээлийн өсөлт нь эдийн засаг
уналтад орсон үед иргэдийг өрийн дарамтад оруулах эрсдэлийг дагуулдаг.
Ирээдүйд эдгээр эрсдэлээс болгоомжлох зорилгоор уламжлалт мөнгөний бодлого
болох хүүний бодлоготой хоршуулан макро зохистой бодлогын арга хэмжээнүүдийг
авч ажиллаж байна. Бид 2019 онд банкны салбарын дархлааг нэмэгдүүлэх, эдийн
засгийн гадаад орчны нөлөөгөөр гадаад валютын урсгалаас шалтгаалсан санхүүгийн
хэлбэлзлийн далайцыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дагасан зээлийн огцом
тэлэлтээс сэргийлэх зэрэг зорилгоор бизнесийн мөчлөг сөрсөн макро зохистой
бодлогын хэрэгслүүдийг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ. Энэхүү арга
хэмжээ нь бодит эдийн засгийн идэвхжлээс хамаарч хэт халалт үүсэх, эсвэл эдийн
засгийн уналт үүссэн тохиолдолд түүнээс урьдчилан сэргийлэхэд чухал ач
холбогдолтой. Тиймээс банкны системийн эрсдэл хуримтлагдахаас сэргийлсэн макро
зохистой бодлогыг хүүнд суурилсан мөнгөний бодлоготой хослуулах нь илүү үр
дүнтэй.
Макро
зохистой бодлогыг эдийн засагт үүсэх эрсдэлүүдээс сэргийлж авч хэрэгжүүлж
байгаа гэж ойлголоо. Тэгвэл ирэх онд ямар эрсдэлүүд үүснэ гэж үзэж байна вэ?
Өнгөрсөн онд үүсээд буй эдийн засгийн өсөлт, идэвхжлийг
дагаад бизнесийн зээл, иргэдийн хэрэглээний зээл нэмэгдэж байна. Нөгөө талдаа
манай эдийн засгийн бүтэц зөвхөн уул уурхайн салбарын гадаад эрэлтээс өндөр
хамааралтай эмзэг эдийн засаг. Манай судлаачдын ажиглалтаар гадаад орчны
тодорхой бус байдал цаашид улам нэмэгдэж болзошгүй. Хэрвээ манай улсын
экспортын орлого, улмаар эдийн засагт орох орлого буурвал зээлийн эргэн төлөлт
буурч, санхүүгийн сектор хүнд байдал орно. Өрхийн бодит орлого буурвал иргэдийн төлбөрийн чадвар
суларч дагаад зээлийн чанар муудан, нийт хэрэглээ хумигдаж эдийн засгийн уналт үүсэх эрсдэлтэй. Түүнчлэн банкны зээл болон
импортын өндөр өсөлт нь гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлснээр гадаад валютын
нөөц болон ханшинд дарамт учруулах байдал 2018 оны сүүлийн хагаст бидэнд
тохиолоо. Тиймээс эдгээр эрсдэлүүдийг тооцоолсны үндсэн дээр Мөнгөний бодлогын
хорооноос гаргасан иргэдийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон
зээлийн хугацаанд дээд хязгаар тогтоох шийдвэрүүд нь 2019 оны эхнээс хэрэгжиж
эхлээд байна.
Гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг
удирдах бололцоо хязгаарлагдмал иргэн, ААН, байгууллагад гадаад валютын зээл
олгох нь эдгээр харилцагчдыг гадаад секторын шокоос хамаарсан эмзэг байдлыг
нэмэгдүүлдэг. Иймд санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс
иргэд, ААН-д олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150%
болгон нэмэгдүүлж, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэн ажиллаж байна. Ерөнхийд нь
хэлбэл макро зохистой бодлогын хүрээнд банкны зохистой харьцааны хэрэгслүүдээр
дамжуулан банкны зээлийн хэт өсөлт, аль нэг салбар, бүтээгдэхүүн эсхүл гадаад
валютад хэт төвлөрсөн байдлыг оновчтой удирдахад чиглэсэн арга хэмжээг авч
ажиллаж байна.
Зээлийн хүү буурч байгаа ч өндөр хэвээр байна гэсэн
шүүмжлэл нийгэмд их байгаа. Та энэ талаар тайлбар өгнө үү?
Зээлийн хүүг захиргаадалтын аргаар
бууруулснаар зах зээл, эдийн засагт нэмэлт гажуудлыг үүсгэдэг учир Монголбанкнаас баримталж
ирсэн бодлого, чиглэл нь эдийн засаг, санхүү, хууль, эрх зүйн таатай орчинг
бүрдүүлэх замаар зээлийн хүүг бууруулах нь зүйтэй гэж үздэг. Тиймээс ч “Зээлийн
хүүг бууруулах стратеги 2018-2023” баримт бичгийг боловсруулж 11 зорилтыг
дэвшүүлэн ажиллаж байна. 2018 оны 12 дугаар сарын байдлаар иргэдэд олгосон
зээлийн үлдэгдэлд жигнэсэн дундаж хүү 18 хувьтай байгаа нь өмнөх оноос 1.2 нэгж
хувиар, ААН-д олгосон зээлийн хүү 15.5 хувьтай байгаа нь өмнөх оноос 0.9
нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иргэдийн зээлийн үлдэгдэл 2018 оны
эцсийн байдлаар 8.9 их наяд төгрөгт хүрч 2017 оноос даруй 35 хувиар өссөн
байна. Иймээс 2019 оны 1 дүгээр сараас иргэдийн буюу хэрэглээний зээлийн
хугацаанд дээд хязгаар тогтоож өр орлогын харьцааг
тогтоож эхэлснээр иргэдийн өрийн дарамтыг бууруулж харин бизнес
эрхлэгч аж ахуйн нэгжийн зээлийн эх үүсвэр нэмэгдэх болно.
Хадгаламжийн хүү өөрчлөгдөж байна уу?
Сүүлийн жил банкуудын нэрлэсэн хадгаламжийн хүү
аажмаар буурсаар байна. 2018 оны 12 дугаар сарын байдлаар шинээр татсан
хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 11.2 хувьтай байгаа нь өмнөх оноос 0.5 нэгж
хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ хугацаагүй болон богино хугацаатай
хадгаламж нийт хадгаламжийн үлдэгдлийн 89.9 хувийг эзэлж байгаа
нь банкуудад дунд болон урт хугацааны эх үүсвэр татахад хүндрэл болж
байна. Үүнийг эдийн засгийн тогтворгүй
байдал инфляцийн түвшин тодорхой бус байгаатай холбон тайлбарлаж
болно.
Засгийн газар оны өмнөхөн ипотекийн зээлийн шинэ журам
баталсан. Ирэх оны санхүүжилт хэрхэн явагдах вэ?
Засгийн газар өнгөрсөн онд 369 тоот тогтоолоороо “Орон
сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлан энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж байна.
Монголбанк, ЗГ-аас ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд нийт 309.3
тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4676
иргэнд олгосон бөгөөд үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 191.2 тэрбум төгрөгийн
санхүүжилтийг 2768 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 118.1 тэрбум төгрөгийг
1908 иргэнд олгоод байна.
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 2019 онд нэмж 500 орчим тэрбум
төгрөг болгоно. Үүний 300 орчим тэрбум
төгрөгийг ЗГ-аас, Монголбанкнаас сар бүр
16 тэрбум төгрөг буюу нийт 192 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ.
Сар шинийн босгон дээр бидний урилгыг хүлээн авч ярилцсан
Танд баярлалаа. Монголбанкны ажилд амжилт, амьдралд тань аз жаргал хүсье.
Баярлалаа. 2019 онд манай Монголбанк үүсгэн
байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. 1924 оны 6-р сарын 2-ны өдөр
Монгол-Оросын хамтарсан Худалдаа-Аж үйлдвэрийн банк нэртэйгээр үүсгэн
байгуудагджээ. Иймд энэ онд ой тэмдэглэж банкны салбарыг бэхжүүлэх, эрүүл чийрэг
болгоход чиглэсэн олон ажил санаачлан хэрэгжүүлэх болно. Билгийн тооллын 17
дугаар жарны айлчлан ирж буй “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилд Монгол
түмэн минь амар тайван, эрүүл энх, аз жаргалтай, ажил үйлс нь өөдрөг, амжилт
бүтээлээр арвин байхын өлзий дүүрэн ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
No comments:
Post a Comment