2019/06/12

Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк аяны нээлтийн үг


ХАРИУЦЛАГАТАЙ ХАРИЛЦАГЧ-ХАРИУЦЛАГАТАЙ БАНК
 АЯНЫ НЭЭЛТИЙН ҮГ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Энэ жил Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд “Банкны хөгжил – 95 жил” аяныг оны эхний хагаст амжилттай хэрэгжүүлж дууслаа. Ойг угтан олон арга хэмжээг шат дараатай зохион байгуулав.

2018 оны 1 дүгээр сард Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Монголбанкны үйл ажиллагааны чиглэлд банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” заалт шинээр орж ирэв. Монголбанкнаас “Банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр”, “олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аяныг өнгөрсөн оны эхний хагаст зарлан хэрэгжүүлж, үр дүнд нь “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл” боловсруулаад байна. Тус хуулийн үндсэн үзэл санаа нь нэг талаас санхүүгийн хэрэглэгч санхүүгийн үйлчилгээний талаар хангалттай ойлголттой болоход дэмжлэг үзүүлж хохирохоос хамгаалах, нөгөө талаас хариуцлагатай харилцагчийг төлөвшихөд дэмжлэг үзүүлснээр банк санхүүгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг энэ оны намрын чуулганаар УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Цаашид санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн сахилга батыг өндөржүүлэх, шударга өрсөлдөөнийг бэхжүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна. Энэ зорилтын хүрээнд санхүүгийн чадавхаа ил тод мэдээлдэг, харилцагчдад санхүүгийн мэдээлэл, зөвлөгөөг эрх тэгш өгдөг хариуцлагатай банк, санхүүгийн байгууллага чухал үүрэг гүйцэтгэнэ.

 Тиймээс олон нийтэд “Хариуцлагатай харилцагч - Хариуцлагатай банк” аяныг банкны үйл ажиллагааны талаар цогц мэдээлэл олгох зорилгоор 6 сарын хугацаатай зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Аяны хүрээнд:
· Банкны санхүүгийн чадавхийг илэрхийлдэг үзүүлэлтүүдийг иргэдэд ойлгомжтой мэдээлж, тайлбарлах,
·   Санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг зохистой сонгоход дэмжлэг үзүүлэх, мэдээлэл сургалт зохион байгуулах,
·    Хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар бүрэн мэдээлэл өгөх,
·    Банкны үйл ажиллагааны талаарх цогц ойлголтыг олгох,

Аян хэрэгжих хугацаанд арилжааны банк тус бүр аяны төлөвлөгөө гаргаж, банкны үйл ажиллагааг таниулах бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд чиглэсэн өргөн хүрээтэй сургалт зохион байгуулна. Мөн аяны хүрээтэй Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбоо хамтран уулзалт, семинар хийхээр төлөвлөж байна. “Хариуцлагатай харилцагч Хариуцлагатай банк” аян нь дан ганц Улаанбаатар хотоос гадна, орон нутагт хэрэгжинэ. Энэ аян нь банкны салбарын үйл ажиллагааг таниулах чухал ач холбогдолтой тул Та бүхнийг идэвхтэй оролцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Та бүгдийн ажилд өндөр амжилт хүсэн ерөөе!

No comments:

Post a Comment