Монголбанкны 100
жилийн
Ойд
Мэндчилгээ
Монгол Улсын Төв
Банкны 100 жилийн ойг тохиолдуулан Банк, Санхүүгийн нийт ажилтан нар, банкны
үйлчилгээ авдаг хүн нэг бүрт баярын мэнд хүргэж эрүүл энх, амжилт бүтээл, аз
жаргалтай амьдралыг хүсэн ерөөж байна.
Улс орон бүр Төв
банктай байдаг нь тухайн орны тусгаар тогтнолын нэгэн том билэг тэмдэг,
баталгаа юм. Энэхүү жишгийн дагуу Монгол Улс 1924 онд Шинэ Үндсэн хуулиа
батлан, Бүрэн эрхэт тусгаар тогтносон Бүгд Найрамдах Улс хэмээн Дэлхий дахинд
өргөмжлөн тунхаглахын өмнө Төв Банк- Монголбанкаа үүсгэн байгуулж, Үндэсний
шинэ мөнгөн тэмдэгтээ “Төгрөг” хэмээн нэрлэж олон түмэнд танилцуулжээ. Монгол
орон, Монголбанкны яруу түүхэн замналыг бид сайн мэднэ.
Ойн баярын энэ
сайхан өдөр ойрын ирээдүйд тулгарч болзошгүй сорилтын талаар саналаа нэмэрлэх
нь чухал санагдав.
Дэлхийн 2 дугаар
дайны дараа бүрэлдэн тогтносон Олон улсын Дэг журам, эрх зүй өөрчлөгдөн
шинэчлэгдэх үйл явц бидний нүдэн дээр өрнөж эхэллээ. Зэвсэгт мөргөлдөөн гарч
тэмцэл хурцдаж дэлхий дахины байдал түгшүүртэй, тогтвор муутай болж олон
сорилтуудтай тулгарч байна. Бидний нүдэн дээр дэлхий ертөнц хувиран өөрчлөгдөх
болов. Дэлхийн шинэ дэг журам тогтнох үйл явц наад зах нь 15-20 жил үргэлжлэх
төлөвтэй. Иймд Монголчууд бид эв найртай аж төрж улс орны төлөө хамтран хүчин
зүтгэх, тусгаар тогтнолын сонор сэргэг байдлаа өндөржүүлэх, үүний дотор Гадаад
Валютын албан нөөцөө тогтмол нэмэгдүүлэн хадгалах, гэнэтийн хямрал, дажинд
бэлэн байж даван туулах чадвар, тэсвэртэй байдлаа ахиулах хэрэгтэй юм. Гадаад
Валютын найдвартай хэмжээний албан нөөц бол Улс орны тусгаар тогтнолын
санхүүгийн баталгаа мөн.
Аливаа орны Төв
банкны Үндсэн чиг үүрэг бол үнийн өсөлт, мөнгөний ханш уналтын эсрэг бодлого
хэрэгжүүлэх явдал юм. Ингэснээрээ иргэдийн халаас хоослогч, нүдэнд үл үзэгдэгч
далд хулгайч хэмээн тооцогддог үнийн өсөлтийг хязгаарлаж, ард иргэдийн
амьжиргааны төвшинг хамгаалагч болно. Энэ үүргээ ямагт сахин хэрэгжүүлэх нь
Монголбанкны гол эрмэлзэх зүйл юм.
Эдүгээ олон
улсад богино хугацаанд хүмүүсийн сайшаал дэмжлэг авч, дараагийн сонгуулийн
бэлтгэл хангах гэсэн ойрын зайны улстөрийн популист үйл ажиллагаа нийтлэг
ажиглагдах болов. Ийм популизмыг Төв Банк тооцоо судалгаа муутайгаар даган
өөгшүүлвэл тухайн улс орон, эдийн засаг маш хүнд байдалд орж дэлхий дахинд
хурдтай явагдаж буй өөрчлөлт шинэчлэлтээс хоцрон үлдэнэ.
Төв Банк бие
даан хараат бус ажиллах нь улс орон урагшлан хөгжих чухал нөхцөл билээ. Үүнийг
хангаж чадаагүй улс оронд эдийн засаг уруудан доройтож, мөнгөний ханш их
хэмжээтэй унаж ирсэнийг бид дэлхийн түүхээс мэднэ.
Монголбанк бие
даан хараат бус ажиллаж, Мөнгөний бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх эрх зүйг
бүрдүүлэх саналаа Монгол Улсын Үндсэн хуулинд тусгуулахаар миний бие
Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Улсын Их Хурал, Үндэсний Аюулгүй
байдлын Зөвлөлд хүргүүлж байсан болно. Монголбанк, Монголбанкны Удирдлагын баг,
Мөнгөний Бодлогын Хороо, Хяналт Шалгалтын Хороо хараат бус ажиллах учиртай.
Монголбанкны 100
жилийн ой бол хоёр шатлалтай банкны тогтолцооны нэгэн чухал хэсэг болох манай
Банкуудын баяр юм. Банкны салбар бол 1990 оноос хойш үсрэнгүй хурдан хөгжсөн
тэргүүлэгч, эдийн засгийн зүтгүүр хүч гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Үүнд манай
арилжааны банкуудын оруулсан хувь нэмэр, үүрэг асар өндөр. Монголын банкууд нь
дэлхийн төвшинд үйлчилгээ үзүүлдэг өндөр хөгжилтэй, шилдэгт тооцогдоно. Тэд бол
баялаг бүтээгчид. Эдийн засаг идэвхижвэл иргэд орлого сайтай болно. Иргэн
мөнгөтэй чинээлэг бол банк хүчтэй. Хүчтэй банктай улс орон урагшлана, хөгжинө,
бүтээн байгуулна.
Манай орны
хөгжил дэвшил, эдийн засаг, санхүүгийн аюулгүй байдлыг ханган хамгаалахад
Монгол банкируудын хийсэн ажил, одоо гүйцэтгэж буй үүрэг үнэлж баршгүй. Монгол
Улсын Их Хурлын гишүүнээр 16 жил ажиллаж, Их хурлын хэд хэдэн байнгын хорооны
дарга, Сангийн сайд, Үйлдвэр Худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч болон
Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа дэлхийн олон оронд очиж ажиллаж
байсан бөгөөд тэдгээрийн зарим нь банкны салбараа гадаадын томоохон банк
санхүүгийн бүлэглүүдэд хувьчлан худалдаад тэднээс бүрэн хамааралтай болж, одоо
гундуу царайлан байгаатай тааралдаж л байлаа. Миний бие, банкны салбарт гадны
хөрөнгө оруулагч нар орж ирж үндэсний банкируудтай мөр зэрэгцэн ажиллаж банкны
үйлчилгээ сайжрахыг дэмждэг нэгэн гэдгээ илэрхийлье. Та нартаа бүгдэд нь эрүүл саруул
амьдарч, эрч хүч ихтэй ажиллаж, амжилт бүтээл арвинтай сайн сайхан байхын ерөөл
өргөн дэвшүүлье.
Монгол орон хөгжин дэвжиж, мөнх оршин тогтнох болтугай
Монгол хүн бүрийн амьдрал аз жаргалтай, амар төвшин байх
болтугай
Монголбанк хүчирхэг Төв банк байх болтугай
Монгол банкируудын үйлс нь өөдрөг,буянтай байх болтугай
хэмээн хүсэн ерөөсөн Н. Баяртсайхан - Эдийн засгийн
ухааны доктор, Профессор
2024 оны 6 сарын 2 нд.
No comments:
New comments are not allowed.