2011 онд Монгол улсын ДНБ 17.4%-аар өсөв. Сайхан мэдээ. Гэтэл энэ
өсөлт хүн ардын амьдралд тусахгүй байгаа гэсэн яриа дуулдах болов. Миний
бодоход ийм яриа эрт гарч байна. Зөвхөн нэг жилийн үзүүлэлт хараад ингэж дүгнэж
болохгүй. Хоёр жилийн өмнө 2009 онд эдийн засаг 1.2%-аар унаж байсан билээ.
Ойрын хэдэн жилд эдийн засгийн өсөлт өндөр байх төлөв ажиглагдаж байна. Харин
өсөлт хүнд хандаж тусахгүй байна гэж дүгнүүлэхгүйн тулд дараахь хэдэн зүйлд
анхаарвал зохино. Үүнд:
Нэг. Эдийн засгийн хурдан өсөлтөөс орж ирэх мөнгө, төсвийн
хөрөнгийг нийгмийн халамж байдлаар тэгшитгэн тарааж болохгүй. Үүний оронд хүн
амын бүлгүүдийн амин хэрэгцээг хангах боломж бүрдүүлэх явдал чухал. Тухайлбал
залуучуудад боловсролын чанар, хүртээмж гол хэрэгцээ. Дундаж насныханд орон
сууц байртай болох нь амьдралыг нь сайжруулна. Ахмад насныханд эмнэлэг,
сувиллын үйлчилгээний хүртээмж, чанар хэрэгтэй.
Хоёр. Эдийн засгийн орчныг эрүүлжүүлэх, тэгш шударгаар өрсөлдөх
нөхцөл бүрдүүлж дангаар ноёрхох явдлыг хязгаарлах, үнэ ханшийг үгсэн хуйвалдаж
нэмэгдүүлэх, зах зээлийн сектор, газар нутгаар нь тохиролцон хувааж ноёрхол,
эзэмшлээ тогтоодог явдалтай тэмцдэг баймаар байна. Манай аж ахуйн нэгжүүдийн
өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь хөгжлийн зүтгүүр тэрэг болно.
Гурав. Бүх төвшинд инноваци гэж ярьдаг, зорьдог, хэрэгжүүлдэг
болмоор байгаа юм. Ялангуяа аж ахуй, бизнесийн байгууллагууд болон төрийн
захиргааны байгууллагуудад, хэдийгээр манай улсын өөрчлөлт, шинэчлэл сүүлийн
жилүүдэд асар түргэн явагдсан хэдий ч дэлхийн хөгжилтэй орнуудтай харьцуулахад
бид хоцрогдож байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Дөрөв. Ажлын байр шинээр бий болгох асуудал өнөөдөр хамгийн гол
үзүүлэлт болох цаг ирэв. Албан ёсны ажилгүйдлээс гадна албан бус ажилгүйдэл
өндөр байна. 45-аас дээш насныханд зориулсан давтан сургалт, шинээр мэргэшүүлэх
ажил өрнүүлбэл сайн байна. Гадны хөрөнгө оруулалт татах, үндэсний үйлдвэрлэлээ
өргөжүүлэх замаар ажлын байр ихээхэн нэмэгдүүлэх нөөц нилээд бий.
Тав. Банкны системд том өөрчлөлт хэрэгтэй болов. Бодлогын хүү
12.75% гэдэг дэндүү өндөр байна. Төв банкны үнэт цаасны хүү 16.25% гэдэг бол
эдийн засгаа боомилсон явдал болов. Инфляцитай зөвхөн ийм аргаар тэнцэхгүй.
Манжийн төр хүртэл Монголд үйл ажиллагаа явуулж байсан хятадын пүүсүүдээс олгох
зээлийн сарын хүү 3%-аас хэтрэхгүй байх тухай захирамж гаргаж байсан байна.
Гэтэл зарим ББСБ өнөөдөр сарын 10%-ийн хүүтэй зээл олгож байна. Арилжааны
банкууд сарын 2 хувь орчим хүүтэй зээл олгож байна.
Зургаа. Хоршоолол хөгжүүлэхгүйгээр хөгжсөн улс энэ дэлхийд байхгүй.
Монгол хөгжье гэвэл хоршооллыг хөгжүүлэх хэрэгтэй. Үүнийг Ю.Цэдэнбал дарга
ойлгож нэгдэлжих хөдөлгөөн нь Монгол улсад 1921 оны Ардын хувьсгалтай тэнцэхүйц
ач холбогдолтой үйл явдал болсон тухай тэмдэглэж байсан байна.
Хоршоог хөгжүүлэхийн тулд:
- Хоршооны
шинэ хуультай болох
- Хоршооны
тухай сэдвийг дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөрт оруулах
- Их
дээд сургуулиудад хоршооны менежерийн анги нээх
- Хоршоог
НӨАТ-ын татвараас чөлөөлөх
- Хоршооллын
банк байгуулах
- Цахим
хоршоо төсөл улс орон даяар эхлүүлэх саналыг Засгийн газарт толилуулж
байна.
Долоо. Шударга ёс алдагдсан. Үүнийг сэргээхгүй бол ямар ч хөгжил
дэвшлийн тухай яриад нэмэргүй. Хууль журмыг мөрддөг болохын тулд хууль, шүүхийн
байгууллагуудад том шинэчлэл хэрэгтэй. Авилга, албан тушаалаа буруу ашиглах
явдал том тэмцэл, тулалдаанд ч хүргэж болно. Гэтэл бидэнд тогтвортой байдал,
тогтуун амьдрал хэрэгтэй байна.
No comments:
Post a Comment