2013/03/07

ГОСУДАРСТВО И ЭКОНОМИКА

Сайн байцгаана уу.
       Шинэ жилээс хойш блогоо шинэчлээгүй байна. Нилээд завгүй байлаа. 2012 оны төгсгөлд миний бичсэн Государство И Экономика ном Орос хэл дээр хэвлэгдэн гарсан. Энэ номоо дуусгах санаатай нилээд ажиллалаа. Сүүлийн үед надтай уулзсан танил Орос хүмүүс Монголын эдийн засгийн талаар ойлголт, төсөөлөл тааруу байгаа талаар ярих болсон тул ном бичихээр шийдсэн юм. Үндсэн 3 зорилт тавив.
  • Сүүлийн 20 жилд Монголын эдийн засагт хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлийн талаар авч үзэж, үнэлэлт дүгнэлт өгөх. Энэ надад боломжтой даалгавар юм. Миний бие 1992 оноос хойш 16 жил Их Хурлын гишүүн, Хүнс Хөдөө Аж Ахуй Байгал орчин болон Төсвийн байнгын хороооны дарга, Сангийн  сайдаар ажиллан Монголын эдийн засгийн амьдралын гол тогоонд оролцож явав.
  • Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг судлан үзэж, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар байр сууриа илэрхийлэв. Нийгэмд тулгарч ирээд буй сорилтуудад хэрхэн бэлдэх, даван туулах арга замын талаар хариулт олох оролдлого гэж болно.
  • Бизнес, аж ахуй эрхлэх орчин нөхцөл, татварын болон банкны тогтолцооны давуу болон сул талыг харуулахыг хичээв. Ингэхдээ Орос, Хятад, Америк, Япон, Солонгос зэрэг орны тогтолцоотой харьцуулан эдгээрийн туршлага, авууштай зүйлийг чухалчлан харуулахыг зүйтэй гэж үзлээ.

        Миний бичсэн ном судлаачдын, аж ахуй эрхлэгчдийн сонирхлыг татаж эхэлж буй бололтой. Монголын ШУА саяхан уг номыг дахин хэвлүүлэхээр болсон тул дахин засварлан шинэчлэн найруулан өөрчлөхөд сүүлийн 1 сар хиртэй хугацааг зарав. Удахгүй хэвлэгдэнэ. Харин Оросын байгалийн эдийн засаг, хууль эрх зүйн сургууль санаачлан Эрхүү хотод дахин хэвлүүлэх, Оросын судлаачид, Монгол орныг сонирхогчдод танилцуулах ажлыг эхлүүлж байгаа талаар ойрын өдрүүдэд надад мэдэгдэв.
       Номоо хэвлүүлснээс гадна Монголын ХААХҮХ-ны Удирдах зөвлөлийн хурлаа Дархан хотод хийж  2013 оны гол ажлаа амжуулав. Удахгүй 4 сарын эхээр Хятадын Хайнан арал дээр болох Боаогийн чуулга уулзалтад оролцохоор явна даа.
      Та бүхэнд эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхныг хүссэн ерөөе.

2013 оны 3 дугаар  сарын 7-ны өдөр


No comments:

Post a Comment