Хятадын Хайнан мжуийн Боао
хотод жил бүр болдог чуулга уулзалтад оролцоод ирэв. Энэ жилийн хурал нь “Ази
бүгдээрээ хөгжих зам эрэлхийлж байна, бүтцийн өөрчлөлт, хариуцлага, хамтын
ажиллагаа” гэсэн уриан дор болж өнгөрөв. Хуралд 2000 орчим төлөөлөгчид оролцсон
нь өмнөх жилүүдийн хурлаас цөөрсөн тоо юм. Анх 2002 онд Боао - чуулганд
Монголоос П.Очирбат – экс Ерөнхийлөгч, С.Дэмбэрэл бид нар оролцож байхад Боао
нь голдуу нэг давхар байшингаас тогтсон жижиг тосгон байсан бол өнгөрсөн 11
жилийн дотор танигдахгүй болтол өөрчлөгджээ. Аялал жуулчлалын томоохон төв
газар болж алдартай нэртэй олон том зочид буудал баригдсан байна. Зам харгуй,
дэд бүтцэд том хөгжил, бүтээн байгуулалт хийгдсэн байна. 2013 оны хуралд Хятад,
Казахстан, Финлянд, Бруней, Мяньмар, Замби, Мексик, Перу зэрэг орны Төрийн
тэргүүн нар, Австрали, Шинэ зеланд, Кампучи зэрэг олон орны Ерөнхий сайд нар,
Монгол, Алжир зэрэг орны парламентын дарга нар оролцож үг хэлэв. Бас НҮБ, ОУВС,
АХБ зэрэг олон улсын байгууллагын дарга нар чуулганд сууж, салбар
хуралдаануудад үг хэлж байв.
Боао чуулганд дэлхийн улс
төр, эдийн засаг, бизнес, байгаль орчин, нийгмийн хөгжлийн асуудлуудыг хамарсан
нийт 15 салбар хуралдаанууд болсноос би 5 хуралдаанд амжиж оролцлоо. Олон
хүнтэй уулзаж танилцав. Урьд нь би хуралд оролцохдоо голдуу улс төрчидтэй уулзаж
танилцаж ярилцдаг байжээ. Би энэ удаад нэгэнт улс төрч гэж явахаа больсон тул
бизнесийн чиглэлийн хүмүүстэй танилцав. Тухайлбал, Microsoft компаний
ерөнхийлөгч Билл Гейтс, Сорос сангийн дарга Жорж Сорос, ОУВС-ын
захирал Лагарде нартай хийсэн уулзалтад оролцов. Бусад хүмүүстэй санал солилцож
ярилцаж байхад ажиглагдсан нэг зүйл бол манай Монголд татварын орчин ихээхэн
тааламжтай гэж хэлж болмоор юм. Дэлхийд газар сайгүй татвар нэмэгдэж, татварын
диваажин хэмээн нэрлэгдэж байсан off-shore бүсүүдэд хөрөнгө, мөнгөө хадгалах нь
их л эрсдэлтэй болж байгаа гэнэ. Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Холланд 1 сая
еврогоос дээш орлоготой хүмүүст 75 хувийн татвар ногдуулах санаачилга гарган
хэрэгжүүлж эхэлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама бас татвар нэмэгдүүлэх хэд
хэдэн санаачилга гаргасны нэг нь жилийн 400 мянган доллараас дээш орлоготой
хүмүүсийн хүн амын орлогын албан татварыг эрс нэмэгдүүлж буй явдал юм. Иймэрхүү
байдал бусад улс орнуудад нь ажиглагдаж гарч эхэллээ. Кипр улсад бүр хэтэрч
хүмүүсийн банкинд хадгалуулсан мөнгөнөөс 60 хувийн татварыг нэг удаагийн
татварт суутгаж эхлэв. Байдал ингэж өөрчлөгдөж байхад Монголд хүн амын орлогын
албан татвар нэг хэмжээтэй буюу, орлогын хэмжээнээс үл хамааран 10 хувь байгаа
нь хөрөнгөө хаана байрлуулахаа олохгүй яваа хүмүүст тун содон
дуулдах шиг болсон. Би зарим хүмүүсийг хувиараа урьсан, тэд ирж
танилцаг, хараг.
Боао чуулганд Монголын
бизнес эрхлэгчид, судлаачид очиж оролцох хэрэгтэй. Яг ийм төрийн буюу Давосын
эдийн засгийн чуулганд оролцоход 50000 евро төлж байж оролцох
эрх олж авч байж. Гэтэл Боаод яригдаж буй асуудал, хэмжээ далайц адилхан шүү
дээ. Харин оролцохын тулд 50000 евро бус 3000 доллар төлөх хэрэгтэй. Сонирхсон
асуудлаараа салбар хуралдаануудад сууж, асар их мэдээлэл олж авч, дэлхийн улс
төр, бизнесийн томчуудтай танилцан уулзаж, тэдний санаа бодол, сэтгэлгээний
хүрээг мэдрэх боломжтой болно. Хятад бол дэлхийн хамгийн том зах зээл болжээ.
Тухайлбал сард 1,5 сая автомашин борлогддог тул автомашин үйлдвэрлэлийн бүх
компаниуд чуулганд оролцож бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан байв.
Ийм хэлбэрийн хурал,
зөвлөгөөн зохион явуулна гэдэг бол том бизнес болсон байна. Дараагийн томоохон
чуулган хурлуудад оролцохыг урьсан зарлал, мэдээлэл нилээд хийгдэв. Тухайлбал
2013 оны 4 сард Японы Киото хотод шинжлэх ухаан, технологийн дээд уулзалт, 2013
оны 9 сард Монгол дахь Давос чуулган болох тухай, оролцохыг уриалсан мэдээлэл
хийгдсэн болно.
Сайн үйлс дэлгэрэх
болтугай.
No comments:
Post a Comment