Нэг уншигчаас надад асуулт тавьжээ. Солонгосын хойгт дайн болох уу гэсэн байна. Дайн эхлэхгүй, эсвэл магадгүй хэмээн хариу өгвөл гэнэн хэрэг болно. Энэ дэлхий дээр дайн дажин, өвчин эмгэггүй амар тайван байгаасай гэж ерөөж явдаг.
Солонгосын хойгийн үйл явдлын өрнөл харахад дайн тулаандаа тулж очихгүй хэлж болмоор байна. Хойд Солонгос цөмийн зэвсгийн 3 удаагийн туршилт хийсэн нь хөрш орнуудыг айлгаж, Япон, Өмнөд Солонгос, Америкийн хамтарсан цэргийн сургууль эхэлсэн. Бас НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг авах хориг арга хэмжээг эрс чангатгаж байгаагаа мэдэгдсэн. Үүний хариуд Хойд Солонгосын зүгээс пуужингийн харвалт хийхээр сүрдүүлж байгаа бөгөөд байдал ноцтой түгшүүртэй байна. Хэд хоногийн өмнө Хятадын Хайнан арлын Боао хотод болсон чуулганд би оролцов. Хятад улсын Ерөнхийлөгч Ши Жинпин чуулганд хэлсэн үгэндээ Солонгосын хойг, түүний эргэн тойронд болж буй үйл явдалд оролцогч талуудыг, аль алин нь аядуу намжуу байдалд эргэн орох, өдөөн хатгалгад автахгүй байх, дахин хэлэлцээрийн ширээнд суухыг ятгав. Бас гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэл хийж Хятад улсын үүд, босгоны дэргэд үй самуун үүсгэхийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Хойд Солонгос дахь Хятад иргэд, аж ахуйн байгууллагын эрх ашгийг хамгаална гэдгээ илэрхийллээ. Энэхүү мэдэгдлийн дараа Өмнөд Солонгосын армийн Жанжин Штабын дарга АНУ-д айлчлах хугацаагаа хойшлуулж байгаагаа, АНУ-ын зүгээс пуужингийн туршилт, харвалт хийх гэж байгаагаа түр зогсоосноо зарлав. Тэд байдлыг улам хурцатгах хүсэлгүй байгаагаа ингэж харуулж байна. Дайн хэнд ч хэрэггүй, асар их хор хөнөөл авч ирнэ. Тэр тусмаа цөмийн зэвсэг хэрэглэхээр заналхийлж байгаа нь бүр ч аюултай. Дайн эхэлвэл Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улс сүйрч устана. Энэ улс 4 цөмийн бөмбөгтэй гэж байгаа. Цэргийн техник нь олон хоногийн дайн хийх шатахууны нөөцгүй, гаднаас, Хятад улсаас бүх түлш шатахуунаа татаж хэрэглэдэг. Хятад улс хөрш зэргэлдээ оронд дайн үүссэнээр олон сая дүрвэгсэд зугатааж хүмүүс хил зөрчин орж ирэх нөхцөл үүсэхээс болгоомжлон цэргээ зүүн хойд хилийн зурвас руугаа татаж эхэлсэн бололтой. Солонгосын хойгийн үймээн самуун удахгүй намжиж хэлэлцээр эхэлнэ биз дээ. БНСАУ-ын хувьд гаднаас авах хоол хүнс, санхүү, техник, эрчим хүчний дэмжлэг туслалцаа л чухал байгаа шүү дээ.
No comments:
Post a Comment