2013/10/09

Исландад зорчив

Исландад очоод ирлээ. Сонин, сайхан нутаг,улс юм. 320 мянган хүнтэй, үүний 220 мянга нь нутгийн зүүн урд талын газарт төвлөрч амьдардаг.
Нийслэл Рьякявикад 120 мянган хүн оршин суудаг, цэвэрхэн сайхан хот. Газар нутаг нь өвөрмөц тогтоцтой юм. Далайн гүнд орших галт уулын дэлбэрэлтээр усны гадаргаас дээш түрэгдэн гарч ирсэн лаав чулуун хөрстэй,зарим хэсгээрээ уур савсан байх,энд тэндээ хагарч тэлэгдсэн өвөрмөц байгалийг харуулна.  Тэр нь  анх очиж, харж байгаа хүмүүст харь гаригт байна уу гэсэн сонин сэтгэгдэл яахын аргагүй төрүүлэхээр. Нилээд олон газарт уур савсан харагдах мөн  газрын гүнээсээ халуун ус ойр ойрхон булгилан гарч харагдахаасаа гадна нилээд олон метрийн өндөрт сүртэй дууг дагуулан цацарч байна.
Эдийн засгийн гол салбар нь загас агнуур экспортын тал орчим  хувийг загасны мах, нөгөө хагасыг эрчим хүч, цахилгаан энерги эзэлдэг. Газрын гүний дулааныг ашиглан дулааны цахилгаан станц байгуулан эрчим хүч үйлдвэрлээд түүнийг далайн гүнд байрдуулсан кабель шугам хоолойгоор европын орнууд, Их британид нийлүүлдэг. Дулааны хоёр станц дээр очиж үзлээ. Монгол дахь дулааны станцын гадна нүүрс, үнс хөглөрч байдаг. Тэгвэл Исландын цахилгаан станцын орчин цэвэрхэн, гадна талдаа ямарч үнс,хоггүй гадагш, дотогш сүлжилдсэн том турбин хоолой, эрчим хүчний шугам л харагдана. Газрын гүнээс дулаан авч түүгээрээ турбин генератороо ажиллуулан цахилгаан эрчим хүч гаргаж авдаг.
Эдийн засгийн гуравдахь том салбар нь бол яриангүй аялал жуулчлал, үйлчилгээний сектор юм байна. Үйлчилгээний дэд бүтэц сайхан хөгжүүлсэн харагдана. Гадныхан Исландыг үзэхээр олноор ирж байна. Тэдэнд хэд хэдэн төрлийн аялал санал болгож байв. Үүнд:
·         Мөсөн ууланд /Glacier Safari/
·         Газрын гүний ус ашиглан байгалын задгай орчинд  халуун усны газар байгуулан хүмүүсийг усанд нь шумбуулах,рашаан эмчилгээ, гоо сайханы эмчилгээ / The Blue Lagoon/
·         Томосгон өндөрлөсөн жийп машинаар хүмүүсийг хөдөө тал,уул нуруугаар аялуулах / Super 4x4 Adventure/
·         Галт уулын тогоо үзүүлэх / Ring of Fire/
·         Халим харуулах / Whale Watching Experience/
·         Байгалийн үзэсгэлэнг үзэх морин аялал /Iceland Landscapes by Horseback/
Хот тосгод, нутгийн иргэдийн амьдрал ахуйтай танилцуулах зэрэг орно.
Исландчууд найрсаг, зочломтгой, нутгийн хэлээс гадна англиар ярина. Эрчүүд нь туранхай өндөр, эмэгтэйчүүд нь биерхүү том гэхээр харагдсан. Голдуу улаан шаргал үстэй хүмүүс.
Сүүлийн хэдэн жилд эдийн засаг хямарч үүнээс хамааран иргэдийн амьдрал амаргүй болж байгаа талаар бидний аялалын хөтөч нилээд ярив. 1990-2000 онуудад Англи, европын хөрөнгөтэй хүмүүс улс,улсынхаа татвараас зугтаан Исландын банкуудад мөнгөө их хэмжээгээр хадгалуулдаг байжээ. Тэр он жилүүдэд Исландууд мөнгөөр туйлж байсан гэв. Иргэд нь том хэмжээтэй зээл авч байр, машин зэргийг худалдан авч, бас бизнес эрхэлдэг байв. 12 настай хүүхдэд 2 сая еврогийн зээл олгосон тохиолдол гарч байв. Хүсэлт гаргасан хүн бүр л зээл авдаг байжээ. Гэтэл 2008 оноос дэлхийн эдийн засгийн хямрал эхлэн, исландад мөнгөө хадгалуулж байсан гадныхан хөрөнгөө буцаан татаж эхлэхэд исландын арилжааны банкууд шил дараалан хөрөнгийн чадвар муудаж, зарим нь дампуурч эхэлжээ. Хямд зээл арилжааны банкнаас авч чадахгүй, тэр нь олдохгүй болсон тул компани, аж ахуйн байгууллагууд олноор үйл ажлаа зогсоон хаалгаа барьж эхлэв. Хүмүүс олноор ажлаас халагдав. Цалин орлогогүй хүмүүс урьд авсан зээлээ төлж дийлэхээ болсоноос байр сууцаа олноор зарж эхэлсэн тул үл хөдлөх хөрөнгийн үнэ хурдан доошлов. Эдгээр нь банкны барьцаанд тавигдсан хөрөнгө байсан бол үл хөдлөх хөрөнгийн үнэ унаснаас арилжааны банкууд дахин цохилтонд оров. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш нилээд унасан байна. Одоо 1 америк доллар 120 исланд кронтой тэнцэнэ. Хямрал болохоос урд 1 америк доллар нь 40-50 исланд кронтой тэнцэж байсан гэнэ.
Эдийн засгийн хямралыг урьдчилан харж, сэргийлэх алхам хийгээгүй, зарим мэдээллийг олон нийтээс нууж хаасан гэдэг үндэслэлээр ерөнхий сайд байсан хүндээ ял ногдуулсан юм байна. Хямралаа удахгүй даван туулж гарах байхаа.
Газар хөдлөлт байнга болж байдаг тул өндөр байшин барьдаггүй, дийлэнх айл өрх нь хувийн жижиг байшин хаустай юм билээ.
Цаг агаарын хувьд чийглэг, сэрүүн, өвөл, зун гэж ялгаагүй 10-15 орчим градус байдаг гэсэн.

Исланд яваад ирсэн талаар товч бичихэд ийм байна. Аян замд авсан зарим зураг хавсаргав.

No comments:

Post a Comment