Өчигдөр Монголын телевизээр Эрдэнэжонон ван Ширмэндамдингийн тухай нэвтрүүлэг үзэв. Богд хаант Монгол Улсын Гадаад хэргийн сайд, нэрт дипломатч, Монгол улсыг тусгаар тогтнох үйлсэд мэдлэг дадлага туршлага, нэр хүндээ зориулсан Монгол төрийн зүтгэлтэн энэ хүн “Дотооддоо эв нэгдэлгүй бол гадаад улс орны тоглоом, хоол болно” хэмээн сургажээ.
Дотооддоо эв нэгдэлгүй бол гадаад улс орны тоглоом, хоол болно гэх энэ үгийг баталсан үйл явдал Украйн улсад болж байна. Энэ улсад 2013 оны 11 сараас эхлэн өрнөсөн үйл явдлыг нилээд анхааралтай харлаа. Учир нь Монгол, Украйны газарзүйн байрлал олон талаар төстэй юм. Монгол нь Орос, Хятад гэсэн дэлхийн хоёр том гүрний дунд байрладаг бол Украйн нь Орос, Европын Холбооны дунд байрладаг. 2010 онд Виктор Янукович Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Украйныг Европын холбоонд ойртуулах, хамтын ажилгааны гэрээ байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн билээ. Энэ ажил сүүлийн хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд 2013 оны 10 сард бэлэн болсон гэрээнд гарын үсэг зурах цаг ирэхэд Ерөнхий сайд Азаров уг гэрээний төслийг Украйн улсад ашигтай бус болсон тул хугацааг хойшлуулж байгаагаа зарласан юм. Миний ойлгосноор Украйны талаас гэрээнд гарын үсэг зурах болзол болгож Европын холбооноос 30 тэрбум еврогийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл хүссэн бөгөөд энэ нь боломжгүй болох тухай хариу сонсмогц ухарсан хэрэг байв. Украйны энэ хүсэлт ч бас үндэслэлтэй хэрэг. Европын холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулах нь евростандартыг хүлээн зөвшөөрч нэвтрүүлж эхэлнэ гэсэн хэрэг бөгөөд энэхүү шаардлага, стандартад нийцээгүй үйлдвэрлэлийг хумиж, зогсооход хүрнэ. Энэ нь Украйны эдийн засгийн олон салбарт хүндрэл үүсгэх тул Европын холбоо, Европын төв банкаас тусламж хүсэхээс өөр аргагүй.
Европын холбоотой байгуулах гэрээг хойшлуулсан явдлын улмаас дургүйцсэн хүмүүс Киев хотын төв талбай болох Майданд цуглан эсэргүүцлийн цуглаан хийж эхлэв. Энэ цуглаан идэвхжин эрчимжиж байх үед Ерөнхийлөгч В.Янукович Орост айлчилсан бөгөөд айлчлалын үед Орос улсаас Украйнд нийлүүлэх байгалийн хийн үнийг бууруулан 1 куб метрийг 400 доллараар өмнө нь борлуулж байсныг 288 доллар болгох, мөн 15 тэрбум ам долларын зээл олгох тухай гэрээ байгуулав. Эхний 3 тэрбум ам долларыг тэр даруй Украйны талд Орос улс шилжүүлэв.
Оросоос ийм дэмжлэг тусламж авах болсон нь Майданы талбайд цугларсан хүмүүсийн уурыг бадраан эсэргүүцэл улам ширүүсэв. Тэгээд ч тэр үед Европ болон Америкийн олон улс төрчид Киевд цугларсан хүмүүсийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Зарим нь чихэр хоол тараав. Талбайд цугларсан эсэргүүцэгчдийн гол удирдагч болох Яценюк, Тягнябок, Кличко нарыг гадаадын улс оронд урьж, төрийн тэргүүнүүд хүлээн авч уулзах болов.
Украйны цагдаагийн тусгай хүчин болох “Беркут”–ын цэрэг дайчид талбайг чөлөөлөх гэж хэд хэдэн удаа оролдсон хэдий ч амжилт олсонгүй. Тэд бамбай, бороохойгоор зэвсэглэсэн байсан бөгөөд тэдний эсрэг жагсагчид Молотовын Коктейл буюу архины шилэнд бензин хийж даавуугаар бөглөөд, даавуугаа шатаан цагдаа нарын зүгт шиддэг аюултай зэвсэг ашиглах болов. Ийм байдалтай 2014 оны 2 сарын 17 хүрсэн бөгөөд энэ өдөр байдал ширүүсэж гудамжинд гардан тулалдаан эхэлсэн юм. Цагдаа нар одоо зөвхөн бороохой бус резинин сумтай буугаар эсэргүүцэгчдийг буудах болов. Бас гарал үүсэл нь тодорхойгүй мэргэн буудагч нар өндөр байшингийн орой дээрээс эсэргүүцэгч нар болон цагдаа нарыг ялгалгүй буудах болов. Нийтдээ 100 орчим хүн амь насаа алдсан.
Нөхцөл байдал ингэж аюултайгаар эргэн өрнөх болсон тул Украйны Ерөнхийлөгч Януковичид үзүүлэх даралт хүчтэй болж эхлэв. АНУ–ын дэд ерөнхийлөгч ноён Байден түүнд утасдав. ХБНГУ, Франц, Полшын гадаад хэргийн сайд нар Киевт ирж Януковичтай уулзан сөрөг хүчинтэйгээ хэл амаа ололцон гэрээ байгуулах, хүч хэрэглэхээс татгалзахыг шахаж шаардав. Эцсийн дүнд Янукович гудамжны дайралт болон гадна талаас ирэх шахалтыг тэсвэрлэхээ больж сөрөг хүчинтэйгээ 2014 оны 2 сарын 21 нд гэрээ байгуулав. Европын 3 орны гадаад хэргийн сайд нар гэрээ хэрэгжүүлэх батлан даагч нар болон мутараа зурав.
Гэрээний гол агуулга бол
a) Үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулах
b) Парламентын сонгуулийг хугацаанаас өмнө зарлан явуулах
c) 2014 оны 9 сард Украйны Ерөнхийлөгчийн сонгууль явуулах
d) 2004 онд баталсан Украйны Үндсэн хуулийг сэргээж Украйн нь Ерөнхийлөгчийн засаглалтай бус Парламентын бүгд найрамдах улс болох, эдгээр байв.
Гэрээнд гарын үсэг зурсан сөрөг хүчний 3 удирдагч Майданы талбайд ихэд бахархалтайгаар очин гэрээний агуулга танилцуулахад хурсан олон дургүйцэн хүлээж авав. Тэдний нэг удирдагч Парубий гэгч индэр дээр гарч Януковичийг маргаашийн дотор албан тушаалаасаа огцрохыг шаардав. Тэр орой Янукович Киевээс гарч явсан. Маргааш нь буюу 2 сарын 22 нд Харьковд шоронд хоригдож байсан Елена Тимошенко майданы талбайд ирж Януковичыг даруй баривчлан авчрэхийг шаардан хашгирав.
Украйнд болж буй энэ их үймээн бужигнааныг ашиглан Крымын хойгыг Украйнаас салган тусгаарлах явуулгыг Орос улс эхлэв.
Крым нь хар далай дахь нэгэн томоохон арал, хойг бөгөөд Османы эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байв. Тэнд Татарууд амьдардаг байсан нь Бат Хааны аян дайны үед ирж суурьшсан байх магадлалтай. Османы эзэнт гүрэн нуран унаж олон жижиг улс болон тарж сарнисаны дараа 1854 онд Крымын хойгын төлөө нэг талаас Орос, нөгөө талаас Их Британи, Франц улсын хооронд том дайн дэгдсэн бөгөөд оросууд ялалт байгуулсанаар оросын эзэнт гүрний харьяанд ирсэн түүхтэй. Крымын байгаль нутаг, хүн ардын талаар оросын алдарт яруу найрагчид А.С Пушкин, М.А Лерментов нар магтан бичсэн байдаг. Бас Лев Толстойн өгүүллүүд бий.
Дэлхийн 2–р дайны үед Крымын хойг, ялангуяа Севастополь хотын төлөө зөвлөлтийн улаан арми болон фашистын Германы хооронд 248 хоног үргэлжилсэн тулалдаан болсон бөгөөд 150 гаруй мянган зөвлөлтийн дайчид амь насаа алдсан байна.
1954 онд ЗХУ–ын удирдагч байсан Н.С Хрушев гэнэт Крымын хойгыг ОХУ–ын бүрэлдэхүүнээс гаргаж Украйнд шилжүүлэх санаа гарган Дээд зөвлөлөөр дэмжүүлсэн байдаг. Тэр үед Орос, Украйн ялгаагүй ЗХУ гэдэг нэг улсын бүрэлдэхүүнд багтаж байсан тул Крым хэний харьяанд байх нь чухал биш байсан бололтой. Одоо нийт хүн амын 60% нь Оросууд, 12% нь Татарууд, 24% нь Украйнууд.
1991 онд Беларусийн Былые Рощи хэмээх нэгэн амралтын газар Оросын Ельцин, Украйны Кравчук, Беларусын Шушкевич, Казакстаны Назарбаев нар цуглан ЗХУ-ыг тараах, СНГ буюу бие даасан улсуудын холбоо байгуулах гэрээ байгуулахдаа Крымын хойгын талаар дурсахгүй өнгөрсөн байдаг. Ингэж Крым нь Украйны харьяанд үлдсэн юм. Гэхдээ автомит эрхэт мужийн статустай байдаг. Энэ хойгыг Украйнд өрнөж буй үймээн самууныг ашиглан автономит буюу бие даасан эрхтэй бүгд найрамдах улс болох үйл ажиллагаа аль хэдийн эхлэв. Энэ 3 сард багтаан бүх ард түмний санал асуулга явуулан АРК буюу Автономная Республика Крыма байгуулах, Киевээс хараат байдлаа багасгах, өөрийн гэсэн цэрэг арми, батлан хамгаалах яамтай болох ажил ид өрнөж байна. Крымд Оросын хар далайн цэргийн бааз байрладаг бөгөөд 2042 он хүртэл байрших эрхтэй байгуулсан гэрээг Украйны шинэ эрх баригч нар цуцлахаас Оросууд эмээж байгаа нь ойлгомжтой. Мөн Украйн нь Европын холбоо улмаар НАТО–гийн гишүүн болбол одоогын Севастополь хотод Орос бус харин НАТО–гйин цэргийн бааз ирж байрлах нь Оросуудын хувьд хар дарсан зүүд мэт зүйл.
Ийм нөхцөл байдалд В.В.Путин Оросын цэргийн хүчинг Украйнд оруулах зөвшөөрөлийг Холбооны Дээд зөвлөлөөр гаргуулж авав. Тэд Орос иргэдээ хамгаалах, Оросын эрх ашгийг хамгаалах гэсэн хоёр үндэслэл гаргаж ирж байгаа. Гэхдээ тэд цэргээ оруулаагүй байна. Бараг ч оруулахгүй байх. Аль хэдийн хар далайд усан цэргийн бааз байрлаж байгаа шүү дээ. Путины санаа, сэдлийг ойлгож болмоор байгаа юм. Энэ нь Украйнд цэргээ нэмж оруулвал дэлхий дахины дургүйцэл, зэвүүцэл төрүүлэх тул ийм алхам хийхгүй биз. Нөгөө талаар цэрэг оруулна хэмээн сүр үзүүлэхгүй бол Оросын иргэд, олон түмэн Украйн дахь ах дүү оросуудыг хамгаалах алхам хийсэнгүй хэмээн Ерөнхийлөгчөө буруутгах тул аль аль талаа, бас 2018 онд дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалаа тооцсон нь дамжиггүй. Аль ч тохиолдолд Украйнд Крым хэмээх бие даасан нэгэн тоглогч гарч ирж Москвагийн чиглэл, заавраар явах нь ойлгомжтой болов. Крымын төлөө Украйныг хамгаалан Оростой хэн ч дайн хийхгүй гэдэг ч ойлгомжтой. Украйны эдийн засаг нурж унахын даваан дээр ирсэн байна. Өр төлбөр ДНБ-ны 80%-тай тэнцэж, улсын төсөв нь хувхайран хоосорсон байна. Дайн хийх нь бүү хэл, тэтгэвэр, цалин тавьж олгох мөнгөгүй, ОХУ-д ашигласан байгалийн хийн төлбөрөө барагдуулах чадамжгүй, гадаад улс орон байгууллагаас 35 тэрбум ам долларын зээл, тусламж хүсээд байгаа. Цаашид олон үйл явдал өрнөнө. Дөнгөж эхэлж байна.
Бодогтун, Тунгаагтун
Н.Баяртсайхан
2014.3.5
No comments:
Post a Comment