2014/09/23

ХААН Хайлаас шиг Бараадууз

2011 оны хүн амын тооллогын дүнг Та бүгд нэг аваад хараарай. Монгол улс залуу орон болсон нь тодорхой байдаг. Нийт хүн амын 48 орчим хувь нь 18 хүртэл насны хүүхдүүд, 3 хүний 2 нь 35 хүртэлх насны залуус бөлгөө. Монгол орны ингэж залуужиж байгаа нь мэдээж баярлаж бахархууштай үзэгдэл. Гэтэл анхаарал татсан нэг зүйл бол ахмадуудын нийгэмд эзлэх хувь хэмжээ багасаж буй явдал юм. Хүн амын тооллогын нэгдсэн дүнгээс харвал 75 наснаас дээш ахмадууд нийт Монголчуудын 0.7 хувьтай тэмцэж байгаа юм. Та бүгд оршин амьдардаг баг, хороо, орон сууцны байрандаа зориуд нэг хараарай, ахмад настай хүмүүс ховордож байна шүү. Иймд миний бие ахмад настай хүнтэй уулзан учрах, амар мэндийг мэдэж ярилцахдаа дуртай. Тэгээд ч 70, 80 хүртэл насална гэдэг нь хэн бүхэнд заяагаад байдаггүй бурханы том хишиг, буян гэлтэй.
9 дүгээр сарын эхээр би Өмнөговь аймагт очиж хөдөө аж ахуйн хоршоологчидтой уулзсан юм. Уулзалт хурлын үеэр Д.Бараадууз гуайтай тааралдав. Тэрээр 1982-1984 онд намайг Намын дээд сургуульд залуу багш байхад суралцаж төгссөн бөгөөд дараа нь Өмнөговь аймгийн ХАА-н удирдах газар даргаар ажиллах болсныг би мэдэж байлаа. Бараадууз гуай надтай мэндэлж гар бариад хуран цугласан хүмүүст хандан – Энэ хүн бол миний багш хэмээн танилцуулав. Өөрийгөө Бараадууз гуайн багш гэхэд би ч бас эртний л хүн юм даа гэж санагдав. Одоо нас сүүдэр 74 хүрч байгаа гэнэ. Монгол улсын “Байгаль орчны гавъяат ажилтан”-ы алтан тэмдэг энгэртээ гялалзуулжээ.
           Бараадууз гуай говьд хүний гараар бүтээсэн Баянбүрд тойром байгуулан мод, цэцэг, жимс тариалж байгаа талаар олон удаа сонсож байсан тул нүдээрээ очиж үзэхээр Бага булгийн зүгт хамт явлаа. Замдаа машин дотор хэрхэн ойн төгөл байгуулж, ой модчин болсноо ярилаа. Өмнөговь аймгийн бүх сумдыг хамарсан том судалгаа хийжээ. Эндээс үзвэл мод тариалж буй сумдад бороо хур ордог, мод тарьдаггүй сумдад ган гачиг тохиож байгааг олон жилийн ажиглалт, судалгаагаар нотлосноо танилцуулав. Маш сонирхолтой чухал дүгнэлт.
           Д.Бараадууз нь Өмнөговь аймагт сүүлийн 10 жилд орсон хур тунадасыг сум бүрээр гаргаж, хур тунадасны хэмжээнд тарьсан модны тоо нөлөөлж байгааг нотлох гэж оролджээ. Тухайлбал сүүлийн 10 жилд 137470 мод тариалсан Даланзадгад хур тунадас 135-183.9мм байхад мод харьцангуй бага тариалсан Баян-Овоо, Мандал-Овоо, Ханбогд, Ноён, Номгон сумдад өндөр давтамжтайгаар ган гачиг тохиож буйг гаргажээ.
           1992 онд Бага булаг хэмээх газар хэрхэн ганцаараа нүүн очиж ганц жижиг гэр барин ажлаа эхэлсэн, хүчтэй салхи жижиг гэрийг нь авч шидэх гээд байсан тул хэрхэн ганцаараа түүхий тоосго цохиж, түүгээрээ 1 давхар жижиг байшин барьж авснаа, мод, жимс, цэцэг тарих ажлаа хэрхэн эхэлснээ ярьж, түүнийг сонсож явтал 60 км замыг дорхноо туулж Ханбогд сумын Бага булаг хэмээх газар давхин ирлээ. Нүдэнд торох бут харганагүй говь талаар давхисаар нэгэн хонхордуу газарт уруудан орж ирэхэд урдаас нов ногоон ой, төгөл угтах нь үнэхээр гайхамшигтай санагдав. Ногоон төмөр хашаагаар талбайгаа хашиж хамгаалжээ. Түүн дотроо 2 давхар дүнзэн байшин барьж  амьдардаг аж. Хийж бүтээсэн ажилтай нь танилцаж нүдээр харж бахдан биширлээ. Академич Ч.Дугаржав гуай нэг удаа ирж үзээд Өмнийн их говьдоо “Мөнхийн ногоон суварга” босгосон байна гэсэнтэй санаа нийлэхээс аргагүй. Энд 100 гаруй төрлийн мод, сөөг, жимс, хүнс, бэлчээр тэжээлийн ургамал тариалж байна.
           А.Бараадууз гуай надад 2014 онд бичсэн “Хаан хайлаас” номоо өгч энэ номын талаарх сэтгэгдлээ бичихийг хүссэн юм.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч хүн төрөлхтний амьдралд олон сорилт, бэрхшээл үүсэж буй бөгөөд Монгол оронд ч мэдэгдэхүйц өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Манай эрдэмтдийн судалгаа дүгнэлтээс үзвэл Монгол оронд цөлжилт, элсний нүүлт эрчтэй явагдаж байгаа бөгөөд ойрын 30 жилд говийн их элс нүүсээр Хангайн нуруунд тулж ирж болзошгүй байгаа юм. Ийм нөхцөл байдалд Монгол улсын Байгаль орчны гавъяат ажилтан Д.Бараадууз 20 гаруй жилийн ажиглалт, туршилт, судалгаан дээрээ үндэслэн “Хаан хайлаас” ном бичсэн байна. Хайлаас нь ус, салхины эрсдлээс хөрсийг хамгаалах, элсний нүүлт зогсоох, ус чийг хадгалахад онцгой чухал үүрэгтэйг онцлон харуулжээ. Бие гүйцсэн нэг том хайлаас мод дороо 4-5 тонн ус хадгалдаг байна.
Цөлжсөн болон цөлжиж болзошгүй газрыг салхины элэгдлээс хамгаалах ойн зурвас байгуулахад хайлаас маш тохиромжтой. Түргэн өсөлттэй, ган гачиг, хүйтэн халуунд онцгой тэсвэртэй, хөрс голдоггүй мод бөгөөд Монгол, Орос, Америк улсын ихэнх нутаг, Хятадын хойт талын газар нутгаар тархан дэлгэрч ургадаг байна. Өмнөговь аймагт 12000 гаруй хайлаас мод байгааг зохиогч тоолж гаргажээ.
           Өмнөговь аймагт 1930 оноос хойших 80 жилийн хугацаанд байгаль орчин хэрхэн өөрчлөгдөж, заг хайлаас, сухайн төгөл хэрхэн хумигдан багасч ирсэнийг судалсан байна. Судалгаа зөвхөн Өмнөговиор тогтсонгүй. Монгол улсад хайлаас мод Ховд, Баян-Өлгийгөөс бусад аймгуудад тархан ургаж буй талаар бичжээ. Архангай аймагт 2.8 мянган га талбайд, Булганд 30.8 мянган га-д, Сэлэнгэд 37.7 мянга га, Хөвсгөл аймагт 16.8 мянган га талбайд хайлаас мод эзлэн ургаж байгаа гэнэ. Хайлаасны талаарх ажиглалт нь зөвхөн Монголоор хязгаарлагдсангүй, дэлхийн бусад орнуудад хэрхэн тархсан, гол дайсан хортон шавьж, өвчин эмгэгийн талаар тусгайлан авч үзжээ.
           1992-2014 онд 9 аймгийн 66 байгууллагад 166 мянган ширхэг хайлаасны тарьц суулгац шилжүүлэн өгсөнөө зохиогч бас тооцсон байв.
Номын төгсгөлд Хайлаас модыг “Хаан мод” хэмээх цоллох болсон үндэслэлээ Хаан хайлаас шүлэгтээ хэлсэн байна.
                     ...Дэлхийг аврах хаан хайлаас
                     Дэлгэрэн бүрхэх хаан хайлаас
                     Дэлхийг дэндийлгэх хаан хайлаас...
“Хаан хайлаас” хэмээх энэ номыг аль болох олон хүн уншаасай. Танд урам зориг, шинэ мэргэн санаа заавал орж ирнэ. Мод тарьмаар заавал санагдана. Би хувьдаа хайлаас мод тарихаар шийдсэн байгаа. Юутай ч аавынхаа хашаанд эхэлж тарина даа.
          Бүгдээрээ ой модчин болцгооё. Одоо цагийн модчин бол мод унагаадаг биш, харин мод тарьдаг, ургуулдаг хүмүүс байх болтугай.

    Н.Баяртсайхан
 Монголын ХАА-н хоршоологчдын
   үндэсний холбооны ерөнхийлөгч

2014.09.22

No comments:

Post a Comment