Монголчууд бид байгалийн баялагаараа дэлхийд толгой цохих цөөн хэдэн орны нэгэнд хүн болон төрсөн заяатай ард олон. Тэгээд бас цөөхөн, гурван сая орчим. Бид энэ газар нутагтаа эзэн болон амьдарч, хүний дайтай амь зуун хөгжих бүрэн эрхтэй, боломжтой. Харамсалтай нь хүн ардын дийлэнх хэсэг нь сүүлийн жилүүдэд дэндүү мөлжлөг, шулалтад өртөөд байна уу даа. Хэд хэдэн хэлбэр байна. Үүнд:
1. Цалин хөлсний хэмжээ харьцангуй бага
2. Бүх төрлийн зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр. Бизнес эрхлэхэд дарамт болдог.
3. Нийгмийн халамж үйлчилгээнээс үзүүлж буй дэмжлэг хэт бага бас хэт хавтгайрсан. Өгөх учиртай хүмүүсээ оновчтой тогтоож чаддаггүй, зорилтот бүлгээ тодорхойлоогүй.
4. Насаараа ажилласан хүмүүст олгож буй тэтгэвэрийн хэмжээ бага, амь зуулгад хүрэлцээ муутай.
5. Малчид нийгмийн даатгалын тогтолцоонд хамрагддагүй, зөндөө орхигдсон.
6. Албан ёсны ажилгүйдэл бага мэт харагдавч, далд ажилгүйдэл, албан бус нь нуугдмал, хэт өндөр.
Энэ мэтчилэн жагсаалтыг цаашид үргэлжлүүлж болох хэдий ч үүгээр хязгаарлан зарим нэг санааг тодруулан авч үзье.
Нэг. Цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлье
Би дээд сургуульд багш байхдаа хөдөлмөрийн бүтээмж ,цалин хөлсийг өсөлтийг харилцааны талаар хичээл заадаг байлаа. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь дундаж цалин хөлсний өсөлтөөс заавал түрүүлж байх тухай эдийн засгийн зарчим байдаг. Энэ зарчим нь аль ч нийгэм, улсад мөрдөгдөх учиртай. Эндээс үзвэл цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, нөөц боломжоо гүйцэд дайчлах явдалтай холбогдоно. Нөгөө талаар урамшуулал зохистой байх тусам бүтээмж, өсөлт нэмэгдэнэ.
2014 оны байдлаар хөдөлмөрийн хөлсний дундаж төвшин манай оронд 660 мянган төгрөгтэй тэнцэж байна. Гэхдээ дотроо ялгаа байна. 200-аас дээш ажилтантай байгууллага, аж ахуйн нэгжид 1 сая 55 мянга төгрөгний дундаж цалин байгаа бол 9-өөс доош ажилтантайд нь 200-300 мянган төгрөгтэй тэнцэнэ. Аль ч тохиолдолд цалин хөлс нь олигтой урамшуулал болж чадахгүй байгаа юм. Өнөөдөр дэлхий дахин даяаршин улс орнуудын хил хязгаар бүдгэрэн, Европын холбоо, NAFTA, APEC зэрэг том том холбоо бүлэглэлүүд бий болж байхад Монголын амьдрал бидэндээ хамаатай, хангалттай хэмээн суух ямар ч боломжгүй болов.
660 000 төгрөг нь ойролцоогоор 370 доллар болж байна. Үүнийг 1 сард ажиллах хоногт хуваавал 17 доллар болно. Өдөрт 17 долларын цалинтай. Өдөрт дунджаар 8 цаг ажиллана гэж тооцвол 1 цагийн хөлс 2,1 доллар болно. Энэ бол дундаж тоо. Гэтэл үүнээс бага цалинтай хүмүүс олон байгаа. Хангалтгүй бага хэмжээтэй цалин олгогдож буйг бүгд ойлгож ухаарах цаг болсон.
Цалин хөлс бага байгаагаас төрийн албан хаагчдын авилга, хахууль, ажлын идэвхи сул, амьжиргааны төвшин доогуур, үйлчилгээний чанар сул зэрэг нь бүгд үүсэлтэй. Иймээс эдийн засгийн өсөлт, бүтээмжийг нэмэхэд бүх нөөц боломжоо дайчлах, саад тотгор болж буй зүйлсийг устган зайлуулах, улмаар хүн ардын амьжиргааны боломжтой түвшинг хангах зорилт бидэнд тулгарч байна.
Хоёр. Бүх төрлийн зээлийн хүү өндөр байгаа нь Мөлжлөг болоод байна
Монгол оронд мөнгө хүүлэх гадаадын капитал 1920 оноос өмнө ноёрхож байв. Энэ байдал 21 дүгээр зуунд дахин давтагдах байдал үүсээд буйг бид анзаарахгүй байж болохгүй.
Мэдээж зээлийн хүү өндөр байгаа нь мөнгөний үнэгүйдэл, инфляци явагдаж буйтай шууд холбогдоно. Инфляци өндөр байгаагийн шалтгаан нь төрийн Санхүү-мөнгөний бодлогын алдаа, гадаад хөрөнгө оруулалтын бууралт, экспорт импортын зөрүү, худалдааны төлбөрийн балансын алдагдал, төсвийн алдагдал их гэх зэрэг олон учир шалтгаантай. Гэхдээ энэ бүхнээр халхавчлан иргэд, аж ахуйн нэгжүүдэд очиж буй зээлийн хүү өндөр байгааг зөвтгөн өмөөрөх ямар ч арга байхгүй.
Хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагаас иргэд аж ахуйн нэгжид олгож буй зээлийн хүү өнөөдөр сарын төвшин 3-5 хувьд хүрээд байна. Зарим тохиолдолд 10 хувь хүрч байгаа тухай мэдээлэл бидэнд бий. Ийм өндөр хүүтэй зээл аваад бизнес арилжаа, үйлдвэрлэл хөгжүүлэхэд маш хэцүү. Тийм ч учраас Монголын ажил хэрэгч хүмүүс бол үнэхээр баатарлаг хүмүүс. Эдийн засаг, санхүүгийн маш хүнд нөхцөл дунд баялаг бүтээж, нэмүү өртөг бий болгохыг зорьж явна.
Өнөөдөр арилжааны банкуудаас олгож буй орон сууцны 8 хувийн хүүтэй зээл бол өндөр хүүтэйд тооцогдоно. Бага зэргийн энгийн тооцоо хийж үзье. Иргэн Дорж жилийн 8 хувийн хүүтэй 60 сая төгрөгийг 15 жилийн хугацаатай авсан гэж үзье. Энэ зээлийг авахын тулд урьдчилсан барьцаанд 30 хувь буюу 20 сая төгрөг төлнө. Үлдсэн 40 сая төгрөгийн жилийн 8 хувь нь 3,2 сая төгрөг болно. Банк эхлээд үндсэн зээлийг бус хүүг тооцож төлүүлдэг тул 15 жилийн зээлийн хүү болох 48 сая төгрөг төлөгдөж эхэлнэ. 15 жилийн хугацаанд Дорж нь сар бүр 500.0 төгрөг зээлээ дарахаар төлөх хэдий ч эхний 8 жилд зөвхөн хүүгээ төлнө гэсэн хэрэг. 9 дэх жилээс эхэлж үндсэн зээл төлбөрөө багасгаж эхлэхээр байгаа юм.
Орон сууцны зээлийн хүү жилд АНУ-д 4 хувь, Европын орнууд 2-3 хувь, Япон зэрэг оронд 1-2 хувьтай тэнцэж байгаа.
Гурав.Хүнд хортой нөхцөл, хөдөлмөрийн аюултай орчинд ажиллаж байгаа нь мөлжлөг юм.
Өдөр бүр сонин хэвлэл дээр барилгаас ажилчид унаж үхсэн тухай мэдээ гардаг болов. Өчигдөр гэхэд л 18 настай залуу бүсгүй унаж эндсэн тухай мэдээ гарсан. Даанч харамсалтай. Амьдрах гэж ядаж, ажил хөдөлмөр хийж эхлэнгүүт хорвоогоос халин оджээ. Хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарах цаг иржээ. Аюул гаргасан компаний захирлууд барилгын дарга, даамалаа зааж буруутгаад өөрсдөө гэмгүй мултарч байна.
Бусад оронд явахдаа ажиглан харж байхад аюулгүй байдалд асар их анхаардаг бөгөөд барилгын талбай дээрээ ажилчдаа өглөө бүр цуглуулан зааж зааварлаж, хувцас, хэрэглэл, аюулгүй ажиллагааны заавар үзлэг хийж байгаа нь харагддаг.
Safety is first гэдэг уриатай. Бүхний түрүүнд аюулгүй байдал. Хоёр жилийн өмнө Төв аймгийн Жаргалант суманд амьдардаг ах, дүү нар дээрээ очив. Сумын нутагт гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компани, аж ахуй ажилладаг байна. Ажиллах хүчнээ голдуу тус сумын иргэдээс авч ажиллуулдаг бөгөөд сарын цалин 250-300 мянган төгрөг гэв. Үйлдвэрт химийн олон төрлийн бодис хэрэглэдэг тул тэнд ажилласан залуус 1 жилийн дараа хөдөлмөрийн чадваргүй болж хордлогод орж байгаа талаар иргэд ярив. Бүтэн сар ажиллаад 200 хүрэхгүй долларын цалин авахын төлөө бүх насаараа ажиллах чадваргүй болно гэдэг ямар харамсалтай хэрэг вэ?
Сум, аймгийн удирдлага, мэргэжлийн хяналтынхан, эрүүл мэндийн байгууллага юу харж, сонсож сууна вэ?
Иргэдээ төр хамгаалах учиртай. Төрийн гол үүрэг бол улсын аюулгүй байдлыг хамгаалах, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, үйлдвэрийн дэд бүтэц, зам, эрчим хүч, харилцаа холбоог бий болгон хөгжүүлэх явдал. Бусдыг хувийн хэвшилд даатгаж болно.
Олон хүмүүсийн нэрлэж заншсанаар “нинжа” хэмээх зэрлэг омгийнхон Монголд бий болоод нилээд хэдэн жил боллоо. Тэнд юу болоод байгааг мэдэж судалдаг байгууллага, хүмүүс байна уу? Дам яриа сонсвол тэнд нүхэнд ороод шороонд дарагдан үхэх, сураггүй болох, боолчлогдох, хүчирхийлэлд өртөх, архидан согтуурах, химийн хортой бодис, мөнгөн ус хэрэглэх явдал ердийн үзэгдэл болсон бололтой.
Энэ хүмүүсийг бүртгэлжүүлэх, албан ёсны зохион байгуулалт, хэлбэрт оруулах, татвар, нийгмийн даатгалд хамруулах шаардлагатай болоод байна. 21 дүгээр зууны Монгол оронд зэрлэг омгийнхон оршин байх учиргүй.
No comments:
Post a Comment