2014/10/20

Монголын хөгжлийн талаархи бодрол


 НЭГ. Улс орныг хөгжүүлэхийн тулд юуны өмнө эрчим хүчний хангамж шийдэх хэрэгтэй. Дэлхий даяар энергийн эрин зуун оволзож байна. Энэ эрин зуунд эрчим хүчээ хөгжүүлсэн нь хожно, хоцорвол үүрд хаягдана. Ийм ч учир Орос, Хятад, Франц, Америк зэрэг том гүрнүүд эрчим хүчний эх үүсвэрийн төлөө тэмцэл хийж байна. Украйнд болж байгаа үйл явдал бол Европын эрчим хүчний зах зээлийн төлөөх тэмцэл явагдаж буйн илрэл.
Монголд хаана олон хэрэглэгч байна, түүнийг түшиглэн эрчим хүчний станц барих хэрэгтэй. Ингэхдээ үйлдвэрлэсэн эрчим хүч, дулаанаа хэрэглэгчдэд  шилжүүлэх, түгээх дамжлагаа давхар тооцон шийдвэрлэх хэрэгтэй. Энэ үүднээс авч үзвэл Улаанбаатар хотод цахилгаан, дулаан үйлдвэрлэх V цахилгаан станц байгуулах тухай шийдвэр гаргасан нь зүйтэй. Харин хэрэгжүүлэх шатанд дэндүү цалгар назгай байна.
Эрчим хүчний үнийг эргэж харах нэмэгдүүлэх цаг болсон байх аа. Эрчим хүчний салбарынхан тооцоогоо хийгээд шийдвэрээ гаргаж байхад Шударга бус өрсөлдөөнтэй тэмцэх газраас эсэргүүцэж байгаа нь буруу практик. Үнэ нэмэхгүй бол салбар ашигтай ажиллахгүй, энэ нь улс орны ирээдүйн хөгжилд ихээхэн хохирол авч ирнэ. Өнөө маргаашдаа хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалсан популист үйл ажиллагаа нь олон нийтэд таалагдах хэдий ч алс хойчдоо бол салбарын хөгжил, цаашилбал улс оронд олигтой үр дагавар авч ирэхгүй.
Энэ талаар Дэлхийн банкнаас  хийсэн маш том судалгаа бий. Судалгааны дүнг Түмэнцогт гэдэг инженер надад танилцуулж байсан. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсдог, хүндэтгэдэг байх хэрэгтэй.

ХОЁР. Таван Толгойн орд газрыг үндэсний шилдэг 20 компанид шилжүүлэн ашиглуулах хэрэгтэй. Ингэж байж үндэсний том компаниудтай болно. Ийм түшиг тулгууртай байж улс орон өндийнэ. Ашиглалтын менежментийг бас үндэсний компаниудад даатгах нь чухал.  Манай бизнес эрхлэгчид өсөн өндийж томоохон орд газар, төслийг хариуцан хэрэгжүүлэх чадавхи, хүчин чадалтай болсон.

ГУРАВ. Төмөр замын цариг ямар байх вэ гэж маргасаар 7-8 жил боллоо. Ямар их цаг хугацаа алдав аа. Энэ хооронд Орост Тывагийн нутагт, Саяны нуруунд 20 тэрбум тонн коксжих нүүрсний орд газар илрүүлсэн бөгөөд удахгүй олборлох ажлаа эхлүүлж Монголын нутгаар дамжуулан Хятадад тээвэрлэх ажил ид оволзон бэлтгэл хийгдэж байна.
Оросууд өөрсдийн хүчээр орд газраасаа Хөвсгөлийн Мөрөн хот хүртэл төмөр зам байгуулна. Харин Монголын төмөр замыг өргөтгөн Эрдэнэтээс Мөрөн хүртэл төмөр замны шинэ чиглэл үүсгэнэ. Ингээд л Тывагийн нүүрс Монголын нутгаар өдөр шөнөгүй Хятад руу урсан тээвэрлэгдэнэ. Харин бид өргөн үү, нарийн уу гэж цариг дээрээ маргасаар л үлдэнэ. Гунигтай амьдрал.
Миний бодлоор бол Таван Толгойгоос өргөн, нарийн 2 төмөр зам барих цаг болсон. Нарийн царигтай нь Хятад улс руу Ганц модны боомт, Гашуун сухайт руу чиглэнэ. Өргөн царигтай төмөр зам нь Замын үүд рүү чиглэнэ.

ДӨРӨВ. Шинээр Монголын баруун зүүн хязгаарыг холбосон хөндлөн төмөр зам барих судалгаа эхлэх хэрэгтэй. Энэ хөндлөн төмөр замыг дагуулж боловсруулах аж үйлдвэрийн томоохон төвүүд босох учиртай. Ингэж суурь, дэд бүтэц болох эрчим хүч, зам тээвэр, холбоог тавьж босгож өгвөл Монгол орон хурдан хөгжинө. Бусдыг хувийн хэвшлийнхэн, шинэ залуу үеийнхэнд даатгаж болно.

ТАВ. Монголыг хөгжүүлэхэд өндөр мэргэжлийн инженер, технологич, геологичид их хэрэгтэй болж байна. иймд залуус энэ чиглэлийн мэргэжил эзэмшвэл ирээдүйн амьдрал баталгаатай болно. Монголд сүүлийн 20 жилд хангалттай эдийн засагч, хуульч бэлтгэгдлээ. Одоо бидэнд нарийн мэргэжлийн химич, технологич, эмч нар, инженерүүдийн хэрэгцээ асар их өсөж байна. залуус шинэ мэргэжил эзэмшвэл зохино. Монголын дарга удирдагчид гадаадад ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад айлчлахдаа мэргэжилтэн бэлтгэх, сургах талаар санал, хүсэлт тавьдаг байх нь чухал. Сайн бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүс алт адил үнэтэй болоод байна. Үүний хамт Монголдоо МСҮТ-ийг чадавхижуулахад их анхааръя. Багш нарын цалин бага тул тэнд олигтой мэргэжилтэн очиж ажиллахгүй. Багш сайн биш бол төгсөгчид олигтой биш. Иймд МСҮТ-үүдийг ХХК болгон өөрчлөн зохион байгуулаад, хувьцааг багш нарт олгож эхэлвэл чанар чансаа нь дээшилмээр санагдана.

ЗУРГАА. Бүтээж, хийж яваа хүмүүс, бизнес эрхлэгчдийн үгийг сонсдог байх хэрэгтэй болжээ. Ганц нэг танилтайгаа уулзаж ярихад тэд хүнд нөхцөлд ажиллаж зүтгэж байна. Үндэсний холбооны ерөнхийлөгчийн хувьд миний бие хоршоологчидтой байнга уулздаг. Тэд бол адилхан бүтээгч нар. Монголд бизнес эрхлэнэ гэдэг нь бүх зүйлийг мэдэгч, бүх зүйлийг зохицуулагч байхыг шаардана. Бусад оронд бол мэргэжлийн зөвлөх компанитай гэрээ байгуулан ажилладаг. Бидэнд ийм зөвлөөд, хэлээд, хийгээд өгдөг компани хүмүүс олдохгүй байна. гадаадад олон жил мэргэжлээрээ ажилласан монголчуудыг урьж авч ирэн зөвлөхөөр ажиллуулж болно. Гэхдээ тэд нэг л ажлыг өдөр бүр давтан хийж сурсан байдаг бололтой. Гэтэл Монголд өдөр бүр шинэ сорилт, шинэ санаа, шинэ ажил оволзож байдаг. Ийм шинэ зүйлд дасаагүй тул гаднаас ирсэн монголчууд амархан шантрах явдал ажиглагдав. Монголд амьдрал оволзож байна даа. Бусад оронд, бусад цаг үед 10 жилд болох үйл явдал Монголд нэг жилд л өрнөж байна шүү дээ.
Сонирхолтой цаг үед амьдарч байна даа. 

No comments:

Post a Comment