2015/03/20

LOSE YOUR PASSPORT, LOSE YOUR HOLIDAYS

Сайн байцгаана уу. Та нартаа   XYII жарны “ Согтоогч” хэмээн Модон хонин жилийн Сар шинийн мэнд дэвшүүлж Элгээрээ Энх амгалан, Төрлөөрөө төвшин жаргалтай, элбэг дэлбэг, эв найртай амьдрахын ерөөл дэвшүүлж байна.
2015 оны төлөвлөсөн ажил маань  Цагаан сарын цаг хугацаатай давхцан таарсан тул миний бие монголд байсангүй. Харин Европ-д байх мөчид Хонин жилийг угтлаа.Европын олон улс, хотуудаар явлаа. Хэд хэдэн хотод “LOSE YOUR PASSPORT, LOSE YOUR HOLIDAYS” гэсэн анхааруулгын бичиг наалттай байгааг анзаарав. Тэгээд дотроо “Паспортоо алдаж гээвэл, таны амралт, аялал  бас байхгүй болж гээгдэнэ шүү” гэсэн сануулга байна даа гэж бодон өнгөрч байсан юм. Энэ удаад би Итали, Испани, Франц, Герман, Монако зэрэг улсуудын нилээд олон хотоор орж тухайн улс орнуудын өнөөгийн байдал, хөгжил, түүх соёлын газруудаар нь орж сонирхсон. Улс орноо, хотоо сайхан байлгаж жуулчдыг татах, тэдний нүдийг хужирлах түүхийн дурсгалт үзвэрүүд, жуулчдын заавал очиж үзэх дуртай газруудыг нь, үзвэр, үйлчилгээг нь аль болох тэдний сэтгэлд нийцүүлэн сайхан сэтгэгдэл төрүүлэхийг эрмэлзэн хотоороо, улсаараа хөдлөн хийж байгаа засварын  ажлуудтай ч таарч  харж явлаа.
Жуулчдын  ирдэг оргил үе нь 5 дугээр сараас эхэлдэг бололтой. Гэсэн ч  2 дугаар сард бас л  их жуулчид байна билээ. Дэлхий дээр байгаа гайхамшигтай газар орныг үзчих санаатай тэдгээр үнэт зүйлийг харж хажууд нь зураг авахуулан ирж байснаа батлах мэт бодолтой, мөн түүнчлэн дэлгүүр хэсэж, хоол, үйлчилгээ сайхантай зоогийн газар, бар цэнгээний газруудаар ороод үзэхийг зорьсон жуулчдад аль ч  цаг улирал хамаагүй бололтой. Аялал жуулчлалтай холбоотой нэгэн баримт дурьдахад: Италийн Неапаль хотын ойролцоох МЭӨ 7-6 дугаар зуунд үүсэн байгуулагдаад МЭӨ 4 дүгээр зуунд эртний Ромын эзэнт гүрний эрхшээлд орж манай эрний   79 оны 8 сарын 24 нд  ойролцоох  Везуви /Mount Vesuvius/  галт уул дэлбэрч түүний дэлбэрэлтэнд өртөн  Помпеи хот тэр чигээрээ галт уулын лаванд автан сүйрсэн юм. Тэр хотын суурийг үзэхээр жилд ойролцоогоор 2.5 сая жуулчид ирдэг байна. Тиймээс ч улс орноороо, хотоороо хөдлөх нь зүйн хэрэг.
Дээрхи сайхан бүгдийг харж байсан ч  анхаармаар юм бас байнаа. Тэр талаараа хэдэн юм бичих санаа төрлөө.
“ Европ үнэхээр өөрчлөгдөж байна. Бидний мэддэг байсан шиг амар тайван, баян чинээлэг, европ мөн үү гэж асуухаар газар олон болжээ. Тухайлбал: Италийн Палермо /Palermo/, Неапаль/ Naples/, Испанийн Барселон / Barcelona/, Францын Тулон / Toulon/  зэрэг хотуудад ийм бодол төрснийг нуугаад яах вэ?
Эдгээр өөрчлөлт нь Европ дахь Цагаачлалтай холбоотой мэт санагдав. Араб, Африкийн улс орнуудаас Европт өдөр бүр хэдэн мянган хүн цагаачлан хууль бусаар хил зөрчин орж ирж, заримынх нь сууж явсан завь, жижиг усан онгоц нь эргийн хад, чулуу мөргөн живдэгээс амь насаа зуу, зуугаараа алдаж байгаа тухай сонин хэвлэл, телевизээр  мэдээлэх болжээ.
Сүүлийн үед зарим зальтай хүмүүс, луйварчид нутгийн арабууд, хар арьстан иргэдийг европт хүргэж өгнө хэмээн мөнгө, хөрөнгийг нь барьцаалан Европ руу хүрэх хамгийн ойрхон газар нь Итали улс тул Италийн эрэгт дөхөж ирмэгц, өөрсдөө усан онгоцноос бууж зугатан, сууж яваа зорчигчдыг эрэг чиглүүлэн жолоодлогогүй хаяж явуулаад ор сураггүй болдог явдал нилээдгүй гарч байгааг телевизээр, хэвлэлээр мэдээллэх нь ихссэн байна. Өдөр бүр нэмэгдэн ирж буй тэдгээр цагаачдыг Итали улс зогсоон Сицилиин баруун эргийн ойролцоох Леванцо /Levanzo/ арал дээр хорьж саатуулдаг юм байна. Тэнд хэдэн мянган хүмүүс багширч байгаа гэсэн. Би тэнд очиж үзээгүй.
Тэдгээр Цагаачдын хамгийн том мөрөөдөл бол Европын эрэг дээр хөл тавин, тэгээд цааш нь Их Британи, Франц, Герман, Испани, Итали, Швед, Щвейцарь зэрэг улс орнууд руу очин боломж бололцоо, арга эвээ олвол тэндээ суурьшин амьдрах. Гэтэл тэдгээр цагаачдын дийлэнхи олонхид нь ямарч биеийн байцаалт, баримт бичиг байхгүй байдаг бололтой. Иймээс одоо европын орнуудад ялангуяа Италид паспортын араас жинхэнэ ангуучлал явагдаж байна. Паспорт маш үнэтэй, арилжааны хэрэгсэл болж байгаа юм байна. Иймээс паспорт салгах гэсэн оролдлоготой Та нилээд таарах болно. Юуны өмнө хулгайлах гэж оролдоно. Ялангуяа Италийн томоохон  хотуудын төмөр замын буудал, онгоцны буудал, хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбайд хулгайч нар маш идэвхитэй ажилладаг бололтой, ялангуяа жуулчдын ихээр очиж сонирхдог түүхийн дурсгалт газруудын эргэн тойронд нь цагдаагийн эргүүл их харагдах хэдий ч тэдний хажуугаар хулгай хийгчид, цыганууд мөн их. Тэдэнд мөнгө, еврогоос илүү баримт бичиг хэрэгтэй болсон бололтой. Биднийг газарчлан явсан нэгэн бичиг баримтаа, цүнхээ сайн хянамгай харж яваарай гэдгийг дахин дахин сануулахыг бодоход хулгай, луйвар их гардагаа нуулгүй хүлээн зөвшөөрч байгаа мэт. Тэр бүү хэл Ромын төмөр замын буудалын эргэн тойронд дүрэмт хувцасгүй атлаа Цагдаагийн үнэмлэх үзүүлж сүржигнэж, паспортоо гарган үзүүлэхийг шаардах, нэг бол хүзүүндээ ямарч хамаагүй зурагтай хуудас зүүсэн албаны мэт харагдах нэгэн танд тусламж хэрэгтэй юу гэж асуух, та галт тэргэнд суухаасаа өмнө билетээ електрон машинд уншуулсан уу, уншуулаагүй бол би туслаад уншуулаад өгөх үү гэсэн залуус, хүүхнүүд, мөн түүнчлэн газрын зураг барин би очих газраа олохгүй байна та туслаад өгөөч гэж тусламж хайсан нэгэн ийм л олон арга хэрэглэн луйвардах, хулгайлах, олон ачаатай нэгний ачааг нь авч зугтах зэрэгтэй та таарч болно. Тиймээс  та хэнд ямар учраас биеийн байцаалтаа үзүүлэх үү гэдэг дээр их анхааралтай хянуур хандах хэрэгтэй. Хэрвээ та сонор сэрэмжээ алдан хэн шаардсан болгонд нь Паспортоо үзүүлэхээр гаргасан нь бол  Паспорт алдагдлаа гэсэн үг.  Тиймээс өөрөө өөрийнхөө баримт бичгийг найдвартай хадгалж явах хэрэгтэй. Гадуур гарч явахдаа зочид буудалд, төмөр авдарт/сейфэнд/ үлдээж байсан нь дээр”.  Тэгээд би хэд хэдэн хотуудад харж байсан өнөөх LOSE YOUR PASSPORT, LOSE YOUR HOLIDAYSанхааруулга сануулгын учрыг тайлах шиг болсон.
Хэд хоногийн өмнө Берлинээс Улаанбаатар луу нисэхээр хүлээж байхдаа МИАТ-ын Берлин дэх Төлөөлөгчтэй уулзаж Европ их өөрчлөгдсөн талаар ярилцахад, тэрээр:  Харин тиймээ, “Саяхан монголын хэсэг хүмүүс Италид очоод автобусны доод ачааны саванд ачаа, тээшээ тавиад автобусанд ороод сууж байтал нэг жижиг хүүхэд гүйж ирээд автобусны дугуйруу хутга зоож дугуйг хагалаад зугтаж,  автобусны жолооч хүүхдийн араас хөөж барих гэж оролдох хооронд хэсэг залуус гүйлдэн ирж автобусны доод ачаанд хийсэн ачаа тээшийг буулган авч зугатахыг оролджээ. Автобусны зорчигчид амжиж бууж өөрсдийн ачаа, тээшийг хамгаалж авсан байна”  хэмээн ярив.
Гэхдээ зөвхөн цагаачлаж байгаа хүмүүс энэ луйвар, хулгай хийгээд байгаа гэж би хэлээгүй юм шүү. Гаднаас нь харахад тэдгээр нь голдуу нутгийн цыганууд байна уу гэж бодогдсон.
Европын орнуудад өдөр бүр амь тэмцэн  ирж буй хүмүүсийг буруутгах, хорьж цагдах арга бас алга. Учир нь гэвэл эх оронд нь өлсгөлөн, гуйланчлал, эбола өвчин, дайн самуун болж байна. Ирак, Ливи, Сири зэрэг орнуудад яг одоо Иргэний дайн болж, олон сая хүмүүс гэр орноо алдаж, хөрш зэргэлдээ Турк, Иордан, Ливан зэрэг орнууд руу зугатан толгой хорогдох газар хайж байна. Өдөр бүр хэдэн зуугаараа алуулж, тахир дутуу болж, өмч хөрөнгөнөөсөө салж, хүчинд автагдаж байна. Нигэр, Сомали, өмнөд, хойд Судан, Сеора-Леон зэрэг оронд нутгийн иргэдийг барьцаалан, тосгоноор нь шатааж түймэрдэх явдал гарч байгаа талаар мэдээлж байна. Ийм нөхцөлд Африк, Арабын орны хүмүүс европыг газрын  диваажин мэт санах нь аргагүй. Энд ажиглагдсан нэг сонин зүйл бол, цагаачлагчид  өмнө нь  аль улсын  колони байсан улсаас  ирсэн нь чухал бололтой. Тухайлбал: Италид ирж буй цагаачдын 60 орчим хувь нь зөвхөн Франц явах хүсэлтэй гэсэн тоо баримт байдаг байна. Яагаад гэвэл Африкийн нилээд улсууд  өмнө нь Францын колони байсан тул нутгийн иргэд францаар чөлөөтэй  ярьдагтай ч холбоотой байж болох юм.
Бүх эрчүүддээ баярын мэнд хүргэе.
.
Анхаарал, болгоомжтой явууштай цаг ирсэн байна.
Сайн сайхан бүгдийг хүсэн ерөөсөн                   Н. Баяртсайхан


2015 оны 3 сарын 18

No comments:

Post a Comment