2016/02/18

ТАЙЛАНД

ТАЙЛАНД

Тайланд явж хэд хоноод ирэв. Урд нь энэ улсад болсон ОУ-ын хуралд 2 удаа очиж 3-4 хонож байв. Энэ удаад нилээд тухтай танилцлаа.  Тайланд улс 2015 оны байдлаар 68 сая хүн амтай, хүн амынхаа тоон хэмжээгээр дэлхийд 20 дугаарт, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 51 дүгээрт тооцогддог, нэг хүнд ноогдох дотоодын бүтээгдэхүүн 5426 америк доллар юм байна. Аялал жуулчлал бол эдийн засгийн чухал боловч тэргүүлэх салбар биш юм. 2012 оны тоон үзүүлэлтээрээ Дотоодын нийт бүтээгдэхүүнд үйлдвэрлэл  39.2%,  үйлчилгээний салбар 52.4% юм байна.
  Экспортын бараа:  Нэхмэл болон бөс даавуу, гутал, загас болон загасны аж ахуйн бүтээгдэхүүн, цагаан будаа, резин, үнэт эдлэл, автомашин, компьютер, цахилгаан бараа
 Импортын бараа: Капитал болон завсрын бараа, түүхий эд материал, өргөн хэрэглээний бараа, түлш
Хөдөө аж ахуйд цагаан буудайн үйлдвэрлэл давамгайлдаг ч, загасны аж ахуй эрхлэхээс гадна шувуу, гахай үржүүлдэг мөн үйлдвэрийн аргаар боловсруулсан лаазалсан туна загас, хан боргоцой,  хөлдөөсөн сам хорхойн зэргийн экспорт эрчимтэй хөгжсөн байна.
Аж үйлдвэрлэл бас эрчтэй хөгжиж байгаа газар гэдэг нь харагдав. Азийн орнууд тухайлбал Хятад, Солонгос, Арабын орнуудын болон Оросын худалдаачид голлон буудалладаг зочид буудалд тохиолдлоор таарч, тэдний хийж буй бизнес, далайц, хэмжээг нь нүдээр харлаа.
Худалдаа арилжаа нь зочид буудлынхаа өмнөх том талбайд шөнийн 3 цагт эхлэх бөгөөд худалдаачид бараа, товараа сонгон тоо хэмжээгээ  л тохирно. Өглөөний цай уугаад 10 цагийн орчим буудлын урд талбайд гарч ирэхэд жимбийтэл цэвэрлэн, шөнөжин худалдаа наймаа явагдсан царай харагдахааргүй болгосон байх ажээ.
Үйлдвэрлэл- Худалдаа- Үйлчилгээ хүчтэй хөгжсөн орон байна.
Эдийн засгийн хоёрдахь том салбар бол мэдээж аялал-жуулчлал юм. Жилд 26 сая жуулчид ирдэг байна. Нэг жуулчин буудал, хоол, худалдаа гээд хамгийн багаар бодоход 1000 америк доллар үлдээгээд явдаг гэж тооцвол 26 тэрбум ам.доллар болох юм. Аялал жуулчлалын дэд бүтцээ сайн хөгжүүлжээ. Зам, харилцаа, Онгоц тээвэр, зочид буудал, үйлчилгээ бүгд багтана. Жуулчдын аюулгүй байдалд их хүч тавьж байгаа нь харагдав. Харуул хамгаалалт газар сайгүй. Гэхдээ тэр нь нүдэнд тусаж тэр бүр анзаарагдахгүй.
2014 онд Тайландад ирсэн жуулчдын 59 хувь нь  Хятад, Хонг Конг, Япон, Солонгос, Тайванаас ,  ОХУ- 6.5 хувь, Их Британи- 3.7 хувь, Австрали- 3.4 хувь,  АНУ-  3.1 хувь жуулчид ирсэн гэсэн тоо баримт байдаг юм байна. Эдгээр жуулчдын 55 орчим хувь нь эргэн ирдэг гэсэн мэдээлэл байна.  Ялангуяа   барууны орнуудаас ирж байгаа  жуулчдын ихэнх нь тухайн газар нутагт нь хүйтний эрч чангарч буй үе болон  Христийн мэндэлсний баярын болон Шинэ жилийн баярын үеэр  ирдэг байна.
Би ч бас энэ үеэр явсан болохоор буудалд ч, далайн эрэг орчим ч, худалдаа, үйлчилгээний газруудад  үнэндээ бол миний эргэн тойронд гаднаас ирсэн  жуулчид, Тай нар бараг л харагдахгүй гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Энийг бичиж байхад ... 3 жилийн өмнө Монголд ирсэн эмэгтэй надад хутгаар зүсүүлсэн цүнхээ харуулан уйлж, бүх баримт бичиг, мөнгө, зээлийн картаа алдсанаа ярьж байсан нь гэнэт санаанд буув.  Банконг хотод “Grand Palace”- үзэж байхад үүдний нэг самбар дээр хулгайчаас болгоомжил гэсэн бичиг байсныг харсанаас өөр газруудад тийм санамж хараагүй.  Италийн Ром хотод бол хөл хөдөлгөөн жуулчид их очдог газруудад бол газар сайгүй  хулгайчаас болгоомжил гэсэн санамж бичигтэй тааралдана. Тэгээд  Банконг хотод хулгайч болон хулгайн асуудал жуулчдыг зовоогоод байдаггүй ямарч гэсэн энэ талын асуудлыг шийдсэн юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Бид  аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд  гудамжны гэх үү, карманы гэх үү хулгайч нарыг цэгцлэх учиртай энэ тал дээр нилээд хатуухан байр суурьтай хандаж байж энэхүү салбарыг хөгжүүлэх юм байна шүү.
Жуулчид бүх улс орноос ирдэг байна. Тай хүмүүс аятайхан, найрсаг хүмүүс байна. Тэдэнд Европ хүмүүсийн хямсгар яравгар зан, эсвэл Азийн зарим орны иргэдийн омгорхох, догшин ширүүн байдал ажиглагдсангүй. Нилээд сахилга, замбараатай ард олон бололтой. Энэ нь дээрээ эзэн хаантай-эцэг аавтай байдагтай ч холбоотой мэт санагдсан.
Эдийн засгийн дараагийн салбар бол Эмнэлэг, эмнэлгийн аялал жуулчлал. Сайн эмнэлэг, эмч нартай юм билээ. Аль ч эмнэлэгт яваад ороход англи хэлтэй хүмүүс угтаж авна. Манай Монголчууд голдуу Бумрунград эмнэлэг очдог юм байна. Энэ бол нилээд үнэтэй эмнэлэг. Азийн орнууд дахь олон улсын байгууллагын ажилтануудад үйлчилдэг. Бас элчин сайдын яаманд ажиллагсдад. Тиймээс харьцангуй өндөр үнэтэй. Би өндөр үнэтэй энэ эмнэлэгт очихгүй гэж шийдэж миний буусан буудлаас холгүй байх эмнэлэгт алхаж очсон.Тэгээд тэнд эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээ хийлгэхэд  5000 ватт болов. Урьд нь ийм шинжилгээг Бумрунградад 14000 ваттаар хийлгэж байсан юм. Саяхан тэр эмнэлэгээс надад email ирүүлж бүх шинжилгээний хариу, эмчийн зөвлөлгөө дүгнэлт, хавсаргасан байна. Хэрэгтэй бол энэ эмнэлгийн хаяг, холбогдох утас надаас авч болно.
Тайландын эдийн засагт мэдээж үйлчилгээний салбар чухал үүрэгтэй. Хүн амын бараг 18 хувь нь энэ салбарт ажилладаг гэсэн. Мотоцикл-Такси гэж байна. Хүмүүсийг ардаа суулгаад явж буй харагдсан. Өөрийнх нь суухаас гадна  гадныхан хүртэл энэхүү унаагаар их үйлчлүүлдэг юм байна лээ.
Бас ардаа нэмэлт суудал хийж 3 дугуйтай болгоод үйлчилгээнд явна. Түүнийгээ  Тук Тук-Такси гэж нэрлэнэ. Тук Тукээрээ их л олон үйлчилгээ хийж байгаа нь харагдсан. Бас  ч чамгүй чадалтай бололтой. 3-5 хүн ч сууж яваа харагдсан, овор ихтэй ачаанаас  гадна ойр зуурын авсан ногоо, жимсээ хүртэл ачаад ер нь их л эрэлттэй үйлчилгээ байна билээ. Ойр зуурын газарт бол дажгүй л унаа.  Ажиглахад гадныханд анхны үнэ 200 ват гээд нутгийн улсуудад  бол 20-40 ват л төлж байх жишээтэй.
Хотоо тойруулаад усан суваг татсан түүгээрээ бас Boat-Taxi үйлчилнэ. Үнийн хувьд нилээд хямд 7-10 ват. Тэр нь харин түгжлэлгүй болохоор тэр үү хүмүүс нь их үйлчлүүлдэг юм байна.
Суудлын такси үйлчилгээ нь харин их цэвэрхэн, жижиг суудлын тэрэгнээс аваад микро, жийп гээд ... зарим нь их ганган нэмэлт тоноглол суулгасан ер нь хүнд тохитой үйлчлэх гэсэн санаа юу эсвэл жуулчдыг татах гэсэн өрсөлдөөн үү.
Суудлын такси үйлчилгээ авахад анхаармаар ч юм байна. Ялангуяа онгоцны буудлаас хотын төв рүү орохдоо жолооч нар нь тоолуур байх атал хэзээ ч тоолуураа ажиллуулахгүй үнэ тохиролцохыг л хүснэ. Гэхдээ тэдний хэлсэн үнэнд за гэж хариулахаасаа өмнө онгоцны буудлаас хотын төв рүү ойролцоогоор 31-33 км дундажаар 310-350 ват л гардаг гэдгийг санахад илүүдэхгүй гэхдээ тэд жуулчдад энэ үнээр явахыг хэзээ ч зөвшөөрөхгүй тиймээс 600-800 ват гэсэн ханшаар л тохироход буруудахгүй. Харин онгоцны буудал дээр байгаа таксигаар үйлчилнэ гэсэн хувийн компаниудын үнэ доод тал 1700 ват гэсэн үнэ санал болгоно шүү дээ.
Хот дотор зам дагуу таксид суухад нэг их тохиролцоод байх юмгүй 35 ват-аас эхлээд явсан км болон түгжрэлтэй зогсох цагийг хүртэл тооцоод авчихна.  Харин байрласан буудалын доороос юм уу олны их очиж үздэг газраас такси барихад бас л тохирох хэрэг гардаг юм. Тиймээс таксины жолооч нартай их аятайхан харьцаарай гэж TripAdvisor  дээр нэгэн жуулчин саналаа бичсэн байсныг уншсан нь надад их хэрэг болсон.  
Ер нь хүн ард нь их хөдөлмөрч юм. Хүн бүр л амьдрахын төлөө зүтгэж уйгагүй хөдөлмөрлөж буй нь харагдана.
Айл бүр том, дунд, жижиг өөрийн бизнестэй. Ядаж л гэрийнхээ гадаа хоол хийж үйлчилнэ. Энэ талын зүйл нь надад сонин байв. Айл бүр өөрсдийн амьдралыг дэмжих аж ахуйтай болохыг зорих учиртай юм байна.
Хэдэн жилийн өмнө Л.Түдэв гуай Монгол өрх бүр үйлдвэрлэгч болох ёстой гэхэд сайн ухаж ойлгохгүй байжээ. Тэгвэл одоо айл бүр, өрх бүр хичээх учиртайг ухаарав. Манай малчид бол мал аж ахуйтай, тэд бол үйлдвэрлэгчид, аж ахуй бизнес эрхлэгчид. Тэгвэл бусад өрх айлууд бас өөр өөрсдийн боломж чадалд таарсан үйл ажиллагаа, аж ахуй эрхлэн явуулах хэрэгтэй юм. Аж ахуй, бизнес эрхлэнэ гэдэг бол зөвхөн бизнесмен хүмүүсийн хийх ажил биш. Ер нь амьдарч, оршин байгаа нийгэмдээ ингэж л гар бие оролцон өөрөө өөрийнхөө төлөө зүтгэж амьдрах  л хэрэгтэй. Айл өрх бүр өөртөө тохирсон аж ахуйтай, өрхийн бие даасан бизнестэй болцгооё. Зөвхөн төрийн ч бай, төрийн бус ч бай, хувийн ч бай аль нэгэн байгууллагаас хамаарч өгөх цалин харж амьдарч болохгүй. Тэгээд ч цалингийн хэмжээ манайд бага, амьдралд хүрэлцэхгүй.
Төгсгөлд нь хэлэхэд, Монголчууд бид өргөн уудам газар нутагт тааваараа амьдарч буй эрх чөлөөтэй, жаргалтай ард түмэн юм.
Би та нарт нэг зураг харуулъяа. Энэ зураг дээр олдсон өчүүхэн газар дээр өөр өөрсдийн байраа барьсан байгааг  дээрээс нь харсан хэн бүхэнд багширсан,  ганц хүн зөрөх шахуу гудамжаар алхан гэр лүүгээ орж буй хүмүүсийн шавааралдан амьдарч байгааг харах болно. Ийм байшин барилгууд олон ч таарна.
 Гэхдээ энэхүү өнгө төрхөө Банконг хот өдрөөс өдөрт өөрчлөн шинэчилж орчин үеийн орон сууцууд барилгууд олноор баригдаж байгааг онгоцны буудлаас ирэх, буцах зам зуураа таксины цонхоор харахад мэдэгдэнэ дээ.
Тайландад 2014 оны 10 сард очиход Такшин Синаватрагийн дүү бүсгүйн толгойлсон засгийн газрыг огцоруулах тэмцэл хөдөлгөөн өрнөж, жагсаал цуглаан болж, зам хааж, түгшүүртэй байсан. Уг тэмцэл  хөдөлгөөнөөр Тугулук Синаватрааг Ерөнхий сайдаас огцруулан Засгийн газрыг буулгаж төрийн эрх мэдэлд цэргийнхэн гарч иржээ.
Ерөнхий сайдын үүргийг нэг генерал гүйцэтгэж байна. Ер нь улс төрийн намууд нь засаг төрийн эрх мэдлийн төлөө тэмцэж, улаан, хар цамц өмсөн ялгарч хоорондоо тэрсэлдэн, улс орон, ард олноо үймүүлэх байдал үүсмэгц эзэн хаан нь төрийн гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг цэргийнхэнд шилжүүлдэг бололтой. Одоо Тайландад парламент байхгүй, харин National counsil for Peace and Order’s /NCPO/ гэж байгуулагдан ажиллаж байгаад голдуу цэргийн цолтонгууд байна.
Ер нь Зүүн Азийн орнууд,тухайлбал Тайланд, Мяньмар,Филиппин, Вьетнам, Кампучи,Индонези зэрэг оронд цэргийнхэн нийгэмд асар нөлөөтэй байдаг.
Та бүгдэд Бичин жилд Эрүүл Энх, Амжилт,  Бүтээл,
Сайн сайхныг хүссэн Н. Баяртсайхан
2016-02-15

No comments:

Post a Comment