2017/01/18

ЧАНАРГҮЙ АКТИВУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ


“Banking in Mongolia” Монголын банкны холбооны сэтгүүл №4, 2017 оны 1-р сар

ЧАНАРГҮЙ АКТИВУУДЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭСНЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛЖ ЧАДНА
Та Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллаж эхлээд чамгүй ажил хийлээ. Онцлон авсан арга хэмжээнүүдийн талаар ярилцлагаа эхэлье.
            2016 он эдийн засгийн гадаад, дотоод орчин муудсан, гадаад хөрөнгө оруулагчдын итгэл буурсан, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдсан хүндхэн жил болж өнгөрлөө. Би энэхүү амаргүй үед Төв банкны Ерөнхийлөгчийн хариуцлагатай албыг авч тулгарсан нөхцөл байдлыг сайтар дүгнэж, хариу арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлэхээс ажлаа эхэлсэн.
Намайг ажлаа авахад гадаад валютын ханш огцом нэмэгдэх, улмаар иргэдийн амьжиргааны төвшин буурах, банк санхүүгийн салбарын тогтвортой байдал алдагдах зэрэг эрсдэл үүссэн байсан. Иймд мөнгөний бодлогын хүүг 4.5 хувиар нэмэгдүүлж, үндсэний мөнгөн тэмдэгтийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, банкны салбарын эрсдэлийг бууруулах, гадаад валютын ханшийн огцом өсөлтийг хязгаарлах арга хэмжээг авлаа.
Монгол Улсын хувьд дотоод болон гадаад өрийн дарамт харьцангуй өндөр байна. Иймд Сангийн яамтай хамтран Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка зэрэг олон улсын санхүүгийн байгууллагад хандаж, өрийн оновчтой бүтцийг хангах замаар өрийн дарамтыг бууруулах чиглэлээр хэлэлцээр эхлүүллээ. Хэлэлцээр амаргүй байсан боловч эхний үр дүнгээ өгч эхлээд байна.
Банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс эрх зүйн шинэчлэлийг хийх цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Векселийн тухай хууль, Банкны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж байна. Үүний зэрэгцээ Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Активын удирдлагын тогтолцооны тухай хууль зэргийг шинэчлэн боловсрууллаа. Монголбанкнаас гаргасан дүрэм, журам, зааврыг шинэчлэх ажил давхар хийгдэж байна. Үүнд банкны хөрөнгийн үнэлгээг олон улсын жишигт нийцүүлэх, зээлийн эрсдэлийг бууруулах үүднээс активын ангиллын журмыг шинэчлэн батлах арга хэмжээг авлаа.
Мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн онцлог юу вэ? Мөнгөний бодлогыг хэрэгжүүлснээр гарах эерэг хүлээлтийн талаар манай уншигчдад сонирхуулбал?
            Ирэх оны мөнгөний бодлого макро эдийн засгийн харьцангуй амаргүй нөхцөл байдалд хэрэгжинэ. Бид улс орны хэмжээнд үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар даван туулах, макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн дунд болон урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд 2017 оны мөнгөний бодлогыг чиглүүлсэн. Иймд Монголбанкнаас 2017 онд инфляцийг 8 хувиас ихгүй төвшинд барих, төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоох, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх үүднээс санхүүгийн салбарын үнэлгээг олон улсын байгууллагаар хийлгэх, макро зохистой бодлогын арга хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөж байна.
Банкуудын хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль тогтоомжид бас нэлээн анхаарал хандуулдаг. Энэ чиглэлд хийхээр төлөвлөсөн ажил байгаа юу?
            Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлын үндсэн баталгаа нь гэрээ, хэлцлийн хэрэгжилтийг хангах эрх зүйн тогтолцоо юм. Монгол улсын эрх зүйн тогтолцооны хувьд гэрээ хэлцэлтэй холбоотой гарсан аливаа маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэх зохицуулалт давамгайлах хандлагатай байна. Шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлэхэд олон шат дамжлага дамжих шаардлага гардаг. Энэ нь нэг талаас талуудын эрх ашгийг хамгаалах, алдаатай шийдвэр гарахаас сэргийлэх чухал ач холбогдолтой боловч нөгөө талаас цаг хугацаа алдах, гэрээний хэрэгжилтийн зардлыг өсгөх зэрэг сөрөг үр дагавартай. Иймд гэрээ хэлцлийн хэрэгжилтийг түргэн шуурхай хангах, улмаар эдийн засаг дахь хөрөнгө мөнгөний урсгалыг түргэтгэх үүднээс олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай. Тухайлбал, талууд харилцан тохиролцсон бол зээлийн барьцаа хөрөнгийг шүүхийн бус журмаар шийдвэрлэх бололцоог бүрдүүлэх асуудал нэн чухал ач холбогдолтой хэвээр байна. Монголбанк энэ асуудлыг дангаараа шийдвэрлэх бололцоогүй тул эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Саяхан зэрэглэл тогтоогч олон улсын байгууллагуудаас манай арилжааны банкуудын зээлжих зэрэглэлийг буурууллаа. Үүний гол шалтгаан нь юунд байв?
            Монгол улсын экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ огцом буурсан, гадаад эрэлт хумигдсан зэрэг нь манай улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөллөө. Эдийн засгийн өсөлт саарахын хэрээр банкны зээлийн чанар муудаж байна. Тайлант үеийн байдлаар банкны системийн чанаргүй зээлийн хувийн жин 2015 онтой харьцуулахад хоёр дахин өсч 8.7 хувьд хүрсэн. Энэ нь цаашлаад банкны ашигт ажиллагааг бууруулж, төлбөрийн болон бусад зохистой харьцааны үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна.
Зэрэглэл тогтоогч олон улсын байгууллагуудаас эдийн засгийн өсөлт саарсан, 2016 онд төсвийн алдагдал эрс нэмэгдсэн, гадаад өрийн дарамтыг бууруулах бололцоо хязгаарлагдмал болсон зэрэг үндэслэлээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Улсын зээлжих зэрэглэл харилцан холбоотой байдаг учраас дотоодын 7 банкны зээлжих зэрэглэл үүнийг дагаж буурлаа. Энэ үүсээд байгаа эрсдэлийг бууруулах талаар бодитой алхмууд эс хийвэл ирээдүйд Монголын Засгийн газар болон арилжааны банкууд гадаад зах зээлээс эх үүсвэр татах боломжийг хязгаарлах юм. Иймд энэхүү эрсдэлийг үүсгэхгүй байх үүднээс Сангийн яам болон бусад бүх холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна.
Банкуудад үүсч байгаа эрсдэлийг бууруулах, цаашид үүсч болох эрсдэлээс сэргийлэх чиглэлд ямар ажил хийж байгаа вэ?
            Банкны хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлэн бодитой тогтоох үүднээс активын ангиллын журмыг Сангийн яамтай хамтран шинэчлэн баталлаа. Энэ журам батлагдсанаар зээлийн эрсдэлийг илүү бодитойгоор түргэн шуурхай тооцох бололцоо бүрдэж байна. Зээлийн эрсдэлийн тооцоог боловсронгуй болгож байгаатай холбоотойгоор банкууд дээр хуримтлагдаад байгаа чанаргүй активын хэмжээг бодитойгоор тогтоож, шийдвэрлэх боломж бүрдээд байна. Иймд бид активын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх асуудлыг төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд тусгаж, энэ чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрээд байна.
Чанаргүй активыг түргэн шуурхай шийдвэрлэснээр банкны эрсдэл даах болон зээлжих чадвар эрс дээшилж, эдийн засагт тулгараад байгаа хүндрэлийг богино хугацаанд даван туулахад чухал алхам болно.
Гадаадын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор нэр бүхий УИХ-ын гишүүдээс Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төслийг өргөн бариад байгаа. Гадаадын банкны талаар Монголбанкнаас ямар байр суурь баримталж байгаа вэ?
            Гадаадын банк дотоодын зах зээл дээр орж ирэх нь 2 талтай асуудал юм. Гадаадын нэр хүнд бүхий томоохон банк орж ирсэн нөхцөлд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ технологи, удирдлагын шинэ арга барил нэвтрэх давуу талтай. Мөн түүнчлэн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг зардал буурах, засаглал бэхжих зэрэг эерэг үр дагаврууд гардаг. Дотоодын банк, санхүүгийн байгууллагын зүгээс энэ өрсөлдөөнд бэлтгэл муутай орох нөхцөлд зах зээл дэх байр сууриа алдах, улмаар санхүү төлбөрийн чадварын хүндрэлд орох зэрэг эрсдэлтэй. Иймд Монголбанкны хувьд гарч болзошгүй эерэг болон сөрөг үр дагаврыг сайтар дэнсэлж, Монгол Улсад ашигтай хувилбараар шийдэх зарчим баримтлан ажиллаж байна.
Монголын Банкны Холбоо олон талаар арилжааны банкуудын дуу хоолой болж ирсэн. Монголбанк, Монголын Банкны Холбооны цаашдын хамтын ажиллагааны талаар танд бодож төлөвлөж байгаа зүйл байгаа юу?
            Арилжааны бүх банкийг эгнээндээ нэгтгэн тэдний нэгдсэн дуу хоолой болон ажиллаж чадаж байгаа Монголын Банкны Холбоо нь бусад мэргэжлийн холбоодтой харьцуулахад үйл ажиллагаа нь тогтворжиж бэхэжсэн нь харагдаж байна. Арилжааны банкууд нь банкны хууль тогтоомж түүний дотор Монголбанкны зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг учраас дээрх эрх зүйн харилцааг боловсронгуй болгоход Монголбанк болон МБХ-ны хамтын ажиллагаа маш чухлыг онцолмоор байна. Салбарын эрх ашиг нийтийн эрх ашигтай нийцэн хөгжих боломжтой, бид нэг зорилтын төлөө, нэг зүгт, нэг багаар ажиллаж байгаа. Үр дүнд нь Монгол улсын санхүүгийн салбарын эрчимтэй хөгжих ёстой юм.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

2017/01/10

АКТИВЫН УДИРДЛАГЫН КОМПАНИТАЙ БОЛНО.

Сэтгүүлч Б.Баярын ярилцлага
“Зууны мэдээ” 2017 оны 1-р сарын 10, №006
АКТИВЫН УДИРДЛАГЫН КОМПАНИТАЙ БОЛНО
Өнгөрсөн онд банк, санхүүгийн салбарт гарсан голлох үйл явдлуудын талаар ярилцлагаа эхэлье.
            2016 он бол эдийн засгийн гадаад, дотоод орчин муудсан, гадаад хөрөнгө оруулагчдын итгэл буурсан, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдсан хүндхэн жил болж өнгөрлөө. Би энэхүү амаргүй үед Төв банкны Ерөнхийлөгчийн хариуцлагатай албыг авч тулгарсан нөхцөл байдлыг сайтар дүгнэж, хариу арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлэхээс ажлаа эхэлсэн.
Намайг ажлаа авахад гадаад валютын ханш огцом нэмэгдэх, улмаар иргэдийн амьжиргааны төвшин буурах, банк санхүүгийн салбарын тогтвортой байдалд алдагдах зэрэг эрсдэл үүссэн байсан. Иймд мөнгөний бодлогын хүүг 4.5 хувиар нэмэгдүүлж, үндсэний мөнгөн тэмдэгтийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, банкны салбарын эрсдэлийг бууруулах, гадаад валютын ханшийн огцом өсөлтийг хязгаарлах арга хэмжээг авлаа.
Монгол улсын хувьд дотоод болон гадаад өрийн дарамт харьцангуй өндөр байна. Иймд Сангийн яамтай хамтран Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудад хандаж, өрийн оновчтой бүтцийг хангах замаар өрийн дарамтыг бууруулах чиглэлээр хэлэлцээр эхлүүллээ. Хэлэлцээрийн явц амаргүй байсан боловч, эхний үр дүнгээ өгч эхлээд байна.
Банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс эрх зүйн шинэчлэлийг хийх цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Векселийн тухай хууль, Банкны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж байна. Үүний зэрэгцээ Төлбөрийн системийн тухай хууль, Активын удирдлагын тогтолцооны тухай хууль зэргийг шинэчлэн боловсрууллаа. Монголбанкнаас гаргасан дүрэм, журам, зааврыг шинэчлэх ажил давхар хийж байна. Үүнд банкны хөрөнгийн үнэлгээг олон улсын жишигт нийцүүлэх, зээлийн эрсдэлийг бууруулах үүднээс активын ангиллын журмыг шинэчлэн баталлаа.
Банкуудаас олгосон зээлийн чанар ямар байгаа вэ?
            Монгол улсын экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ огцом буурсан, гадаад эрэлт хумигдсан зэрэг нь манай улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөллөө. Эдийн засгийн өсөлт саарахын хэрээр банкны зээлийн чанар муудаж байна.
Тайлант үеийн байдлаар банкны системийн чанаргүй зээлийн хувийн жин 2015 оныхтой харьцуулахад хоёр дахин өсч 8.7 хувьд хүрсэн. Энэ нь цаашлаад банкны ашигт ажиллагааг бууруулж, төлбөрийн болон бусад зохистой харьцааны үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна.
Үүнээс болж арилжааны банкуудын зээлжих зэрэглэл буурсан уу?
            Зэрэглэл тогтоогч олон улсын байгууллагуудаас эдийн засгийн өсөлт саарсан, 2016 онд төсвийн алдагдал эрс нэмэгдсэн, гадаад өрийн дарамтыг бууруулах бололцоо хязгаарлагдмал болсон зэрэг үндэслэлээр Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Үүнийг дагаж дотоодын 7 банкны зээлжих зэрэглэл буурлаа. Энэ нь үүсээд байгаа эрсдэлийг бууруулах талаар бодитой алхмууд хийхгүй бол ирээдүйд Монголын Засгийн газар болон арилжааны банкууд гадаад зах зээлээс эх үүсвэр татах боломжийг хязгаарлах юм. Иймд энэхүү эрсдэлийг үүсгэхгүй байх үүднээс Сангийн яам болон бусад бүх холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна.
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед арилжааны банкуудад томоохон сорилт тулгарч байгаа байх. Та банкны салбарын гол эрсдэлүүдийн талаар тодруулж хэлээч?
            Эдийн засгийн өсөлт саарсан нь банкуудын зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байгааг өмнө дурьдсан. Үүний зэрэгцээ гадаад валютын ханшийн хэлбэлзэл банкуудад нэмэлт дарамт, эрсдэлийг бий болгоод байна.
Эрсдэлээс сэргийлэх, бууруулах чиглэлд ямар ажил хийж байгаа вэ?
            Банкны хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлэн бодитой тогтоох үүднээс активын ангиллын журмыг Сангийн яамтай хамтран шинэчлэн баталлаа. Энэ журам батлагдсанаар зээлийн эрсдэлийг илүү бодитойгоор түргэн шуурхай тооцох бололцоо бүрдэж байна.
Зээлийн эрсдэлийн тооцоо ийнхүү боловсронгуй болсон тул банкууд дээр хуримтлагдаад байгаа чанаргүй активын хэмжээг бодитойгоор тогтоож, шийдвэрлэх боломж бүрдээд байна. Иймд бид активын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх асуудлыг төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд тусгаж, энэ чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрээд байна.
Чанаргүй активыг түргэн шуурхай шийдвэрлэснээр банкны эрсдэл даах болон зээлжих чадвар эрс дээшилж, эдийн засагт тулгараад байгаа хүндрэлийг богино хугацаанд даван туулахад чухал алхам болно.
Активын удирдлагын талаар олон улсын туршлага ямар байдаг вэ?
            Активын удирдлагын компани байгуулах асуудал бол шинэ зүйл биш юм, учир нь энэ чиглэлээр 30 гаруй жилийн түүх болон олон улсын туршлага бий. АНУ, Шведийн вант улс, БНСУ, Индонези, Филиппин, Мексик, Малайз, Турк, Ирланд, Нигери, Испани зэрэг олон улс орон активын удирдлагын тогтолцоог бий болгож, банк санхүүгийн салбарт тулгараад байсан хүндрэлийг даван туулах арга хэмжээг авч байсан. Эдгээр улс орны туршлагыг судалж, алдаа оноон дээрээс нь суралцах боломж бидэнд байна. Активын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр чанаргүй зээлийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, санхүүгийн сахилгыг дээшлүүлэх, банк санхүүгийн байгууллагын эрсдэл даах болон зээлжих чадварыг нэмэгдүүлэх, улмаар хямралаас хурдан гарч эдийн засгийн өсөлтийг дэмжих бодит боломж бололцоо бүрдэж байсан байна.
Монгол улсад активын удирдлагын тогтолцоог бий болгоход ямар асуудал дээр анхаарах вэ?
            Олон улсын шилдэг туршлагаас харахад активын удирдлагыг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн оролцоо зайлшгүй нь тодорхой байна. Тухайлбал, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, санхүүжилтийг шийдэх зэрэг асуудлаар. Монгол улсын хувьд ч төрийн эрх бүхий байгууллагууд эдгээр асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.
Нэг зүйлийг онцлон хэлэхэд, төсөв санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд активын удирдлагын тогтолцоог төр дангаараа санхүүжүүлэх бололцоо хязгаарлагдмал байна. Иймд бид олон улсын санхүүгийн байгууллагуудад энэ чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан болно. Эхний шатны яриа хэлэлцээр хийж байна, тодорхой үр дүн гарна гэдэгт итгэж байна.
Үүнээс гадна активын удирдлагыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд урьдчилсан болон дараалсан хяналтыг үр ашигтай зохион байгуулах, эрх бүхий байгууллагын удирдлагыг хараат бусаар томилох, дотоод аудит болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгох, активыг олон улсын стандартын дагуу үнэлэх, зээлийг багцлан секьюритизэйшн хийх, хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах гээд олон асуудал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.
Банкуудын эрүүл орчин, нөхцөл байдал ямар байгаа бол?
            Банкуудын эрсдэл даах чадварыг өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, актив хөрөнгийн чанар зэрэг үзүүлэлтээр хэмждэг. Монголбанкнаас өөрийн хөрөнгийн хүрэлцээний доод хэмжээг томоохон буюу системд нөлөө бүхий банкуудын хувьд 14 хувь, бусад банкны хувьд 12 хувиар тогтоон мөрдүүлж байна. 2016 оны эцсийн байдлаар банкны системийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 17.2 хувь байгаа нь банкуудын эрсдэл даах чадвар боломжийн төвшинд байгааг харуулж байна.
Харин төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт нь богино хугацаанд гарч болзошгүй мөнгөн урсгалыг түргэн шуурхай гүйцэтгэх банкны чадварыг тодорхойлдог. Банкуудын хувьд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн 25 хувийг хөрвөх чадвартай найдвартай хөрөнгөд байршуулах шаардлагыг Монголбанкны зүгээс мөрдүүлэн ажилладаг. Өнөөдрийн байдлаар банкны салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 42 хувьтай байна. Энэ нь тогтоосон доод хэмжээнээс харьцангуй өндөр буюу эрсдэл багатай байна.
Цаашид банк, санхүүгийн салбарын хүрээнд Монголбанкнаас давын өмнө хийх ажил юу вэ?
            Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа өнөөгийн нөхцөлд Засгийн газар, Монголбанк хамтран хүндрэлээс гарах хувилбарыг сонгон хэрэгжүүлж эхэлж байна. УИХ-аас эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталж, хийх ажлыг тодорхой болгосон.
Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, иргэд аж ахуйн нэгж, компаниудын харилцах, хадгаламжийн аюулгүй байдлыг хангах зорилгоор арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Арилжааны банкинд тавих хяналт шалгалтыг улам боловсронгуй болгох, банкинд үүсч болзошгүй эрсдэлийг цаг алдалгүй илрүүлж, шийдвэрлэх, банкуудын засаглалын орчин болон эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк хяналт шалгалтын чиг үүргээ шинэ бүтэц зохион байгуулалтаар хэрэгжүүлэхээр болсон.
Мөн банкууд дахь активын чанарыг алдагдуулахгүй байх , чанаргүй зээлийн эргэн төлөлтийг сайжруулах чиглэлээр олон талын шийдлийг судалж байгаа. Тухайлбал, Активын удирдлагын компани байгуулах болно. Энэ нь банкны тэнцэл дээр байгаа чанаргүй зээлийг тодорхой шалгуураар багцлан хямдруулан худалдаж авах замаар тэнцэл дээр байгаа хөрвөх чадвар багатай, чанаргүй активыг хөрвөх чадвар сайтай хөрөнгөөр сольж, дахин зээл олгох боломжийг банкуудад олгоно. Ийм компани нь бусад орны хувьд шинэ зүйл биш бөгөөд олон улсад активын удирдлагын чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж буй туршлага бий. Манай улсын санхүүгийн салбарын дэд бүтцийн хүрээнд ч Активын удирдлагын компани нь зайлшгүй байх ёстой гэж үздэг. Иймээс Монголбанк энэ ажлын хүрээнд хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд цаашид Активын удирдлагын компанийг үүсгэн байгуулах, түүний бүтэц зохион байгуулалт, засаглалыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн ажиллах болно.
Санхүүгийн салбарыг тогтворжуулах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийж байгаа. Хөтөлбөр нь санхүүгийн нийт салбарыг хамарсан, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан байх зорилт дэвшүүлэн Олон улсын валютын сантай хамтарч ажиллахаар төлөвлөж байна.
Гадаадын банкны талаар Монголбанкнаас ямар байр суурь баримталж байгаа вэ?
            Гадаадын банк дотоодын зах зээл дээр орж ирэх нь 2 талтай асуудал юм. Гадаадын нэр хүнд бүхий томоохон банк орж ирсэн нөхцөлд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ технологи, удирдлагын шинэ арга барил нэвтрэх давуу талтай. Мөн түүнчлэн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр зарим бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг зардал буурах, засаглал бэхжих зэрэг эерэг үр дагаврууд гардаг. Дотоодын банк, санхүүгийн байгууллагын зүгээс энэ өрсөлдөөнд бэлтгэл муутай орох нөхцөлд зах зээл дэх байр сууриа алдах, улмаар санхүү төлбөрийн чадварын хүндрэлд орох зэрэг эрсдэлтэй. Иймд Монголбанкны хувьд гарч болзошгүй эерэг болон сөрөг үр дагаврыг сайтар дэнсэлж, Монгол улсад ашигтай хувилбараар шийдэх зарчим баримтлан ажиллаж байна.
Гадаадын банкны талаар Монголбанкнаас ямар шаардлага тавьдаг вэ?
            Гадаадын банк Монголын санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан нөхцөлд Монголбанк эхний ээлжид төлөөлөгчийн газар байгуулахыг санал болгодог. Төлөөлөгчийн газар нь зөвхөн мэдээлэл түгээх, судалгаа хийх эрхтэй тул зээл олгох, харилцах хадгаламж татах болон банкны бусад үйл ажиллагаа явуулах эрхгүй. Энэ асуудлыг журмаар зохицуулсан байгаа. Төлөөлөгчийн газар байгуулах замаар асуудлыг зохицуулах нь хэд хэдэн давуу талтай. Монголын хувьд гадаадын банкийг сайн таних бололцоо олдож байгаа тул цаашид банкны үйл ажиллагааны зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдэхэд дөхөмтэй байдаг. Гадаадын банкны хувьд ч давуу талтай, учир нь ажиллах гэж байгаа зах зээлээ сайн мэдрэх бололцоо олдож байгаа юм.  
Төлөөлөгчийн газар байгуулах хүсэлт гаргасан гадаадын банк байгаа юу?
            Одоогийн байдлаар БНХАУ-ын ICBC банк төлөөлөгчийн газар байгуулах хүсэлт гаргасан. Бид энэ асуудлаар төрийн эрх бүхий бүх байгууллагатай зөвшилцсөн. Нааштай хариу авсан. Иймд Монгол улсад үзүүлэх эерэг нөлөө, мөн түүнчлэн хоёр улсын хоорондын харилцаа зэргийг харгалзан үзэж, энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэн болно.
Ярилцсанд баярлалаа.

2017/01/04

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ ЭЕРЭГ САЙН БАЙГАА

“Өдрийн сонин” 2017 оны 1-р сарын 4, №002
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ
ЭЕРЭГ САЙН БАЙГАА
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай энэ оны эдийн засгийн сорилт, онцлог, ОУВС-гийн хөтөлбөр авах ажлын явц, мөнгөний бодлого, эдийн засгийн төлөв байдлын талаар уулзаж ярилцлаа.
Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе. Энэ онд баримтлах төсөв, мөнгөний бодлого болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг УИХ баталсан. Эдийн засгийн хувьд энэ оны онцлог, сорилтыг Та юу гэж харж байна вэ?
Монголчууддаа шинэ оны мэнд хүргэж эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эдгээр бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг нэг бүрчлэн баталсан. Одоо үр дүнтэй хэрэгжүүлэх ажил эхлээд байна. Энэ оны хувьд бидний өмнө 3 том сорилт тулгараад байна. Нэгд, 3 дугаар сарын 21-нд Хөгжлийн банкны олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргасан бондыг төлөх ёстой. Бондын үндсэн болон хүүний төлбөрт нийт 600 гаруй сая ам.доллар төлөхөөр байна. Хоёрт, Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хугацаа 8 дугаар сарын 21-нд дуусна. Своп хэлцлийн хүрээнд манай тал 1.7 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт авч ашигласан буюу эргэн төлөхөөр байна. Гуравт, Монгол улсын олон улсын зах зээлд арилжаалсан Чингис бондын эхний төлбөр энэ оны сүүлээр төлөгдөнө. Бондын үндсэн болон хүүний төлбөр болох 550-580 сая ам.долларыг төлөх ёстой. Эдгээр сорилтыг хэрхэн амжилттай даван туулахаас манай эдийн засгийн цаашдын төлөвт ихээхэн хамаарахаар байна.
Зарим сонин, цахим хуудсанд Монгол улс дефолт зарлаж болзошгүй талаар мэдээлэл гарч байгаа. Эдгээр гадаад төлбөрийг хэрхэн төлөхөөр төлөвлөж байна?
            Хөгжлийн банкны бонд, Чингис бонд нь Монгол улсын олон улсын зах зээл дээр гаргасан анхны өрийн бичгүүд юм. Олон улсын хөрөнгө оруулагчид Монгол улс эдгээр бондын төлбөрөө хугацаанд нь төлөх эсэхийг анхааралтай ажиглаж байгаа. Иймд хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах, цаашид Монгол улс руу орж ирэх хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс эдгээр бондын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулах болно. Эдгээр бондын төлбөрт шаардлагатай гадаад санхүүжилтийг бүрдүүлэх чиглэлд Засгийн газар, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Удахгүй эерэг, сайн мэдээ дуулгана гэдэгт итгэлтэй байна.
Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хувьд хугацааг 3 жилээр сунгах, хэмжээг нь 10 тэрбум юанаар нэмэгдүүлэхээр ярилцаж байна. Энэ дагуу ажил хэргийн уулзалтууд хийж байна.
Зээлжих зэрэглэл буурсан нь гадаад санхүүжилт татахад хүндрэл учруулах уу?
            Зээлжих зэрэглэл богино хугацаанд олон шатлалаар буурсан нь манай эдийн засагт хүнд цохилт болсон. Ялангуяа улсын зээлжих зэрэглэлийг даган 7 банкны зээлжих зэрэглэл буурч, Засгийн газар болон хувийн сектор гадаад зах зээлээс санхүүжилт бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрт Монгол улс хамрагдаж, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээгээ олон улсын хөрөнгө оруулагчдад тайлбарлан таниулснаар гадаад зах зээлээс эх үүсвэр татах боломж нээлттэй байна.
ОУВС-гийн хөтөлбөрт орох нь зэрэглэл тогтоогч байгууллагууд, донор байгууллага, хөрөнгө оруулагч нарт Монгол улсын макро бодлого нь эдийн засгийг тогтворжуулах зөв чиглэл рүү явж байна гэсэн дохио өгч, итгэлийг сэргээх ач холбогдолтой. Түүнчлэн “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т туссан эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийг ойрын хугацаанд эхлүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь эдийн засгийн төлөвийг эерэг болгож, зэрэглэл тогтоогч, хөрөнгө оруулагч нарт эерэг хүлээлт бий болгох юм.
ОУВС-гийн хөтөлбөр авах асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
            Эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг богино хугацаанд, хохирол багатай даван туулахын тулд олон улсын санхүүгийн байгууллагуудын тусламж, дэмжлэг бидэнд нэн шаардлагатай байна. Энэ хүрээнд ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА зэрэг санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллана. Энэ талаарх Монголбанкны байр суурийг өнгөрсөн 9 дүгээр сард УИХ-д өргөн барьсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн баримт бичигт тусгасан.
ОУВС-гийн хөтөлбөр авах нь санхүүгийн эдгээр байгууллагаас санхүүгийн дэмжлэг авахад туслахаас гадна олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол улсад итгэх итгэлд эергээр нөлөөлөх чухал ач холбогдолтой.
ОУВС-гийн хөтөлбөр тохирох хэлэлцээрийн ажлын хэсэг энэ оны 1 дүгээр сарын сүүлийн хагаст ирж ажиллахаа бидэнд мэдэгдсэн. Тус хөтөлбөр нь манай орны хөрсөнд буусан, хөтөлбөр тохирсон хугацаандаа үр дүндээ хүрсэн байх зэрэг суурь зарчмуудыг үндэс болгож хэлэлцээр хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Ойрын жилүүдэд Монгол улсын эдийн засгийн төлөв ямар байхаар хүлээгдэж байна вэ?
Энэ оны сорилтыг амжилттай даваад гарвал Монгол улсын дунд, урт хугацааны эдийн засгийн төлөв эерэг сайн харагдаж байна. Хэрэгжүүлж буй бодлогын нөлөөллийг оруулан ОУВС-тай хамтран хийсэн төсөөллөөр төлбөрийн тэнцэл 2018 оноос сайжирч гадаад валютын нөөц сэргэх, 2018-2021 онд инфляци 3-6 хувь, мөнгө, зээлийн өсөлт 10-15 хувь, эдийн засгийн өсөлт 5-8 хувьтай байх эерэг төсөөлөлтэй байна. Эдийн засгийн цаашдын төлөвт төсвийн сахилга, гадаадын хөрөнгө оруулалт, бодит секторт чиглэсэн бодлого, арга хэмжээнүүд чухал үүрэг гүйцэтгэхээр байгааг онцолмоор байна. Эдийн засгийн байдал эргээд сайжирч, макро эрсдэлүүд нь буураад ирэхээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих зээл нэмэгдэж, хүү буурна.
Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн 12 дугаар сард бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулах шийдвэр гаргасан. Цаашид мөнгөний бодлогын төлөв ямар байх вэ?
            Өнгөрсөн оны 8 дугаар сард бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн нь валютын ханшийн тогтворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлж, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад үр дүнгээ өгсөн.
Харин энэ удаа гадаад худалдаа, энэ оны улсын төсөв, инфляци болон эдийн засгийн өсөлтийн төлөвт суурилан хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторт дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлсэн. Тухайлбал, инфляци ирэх жилүүдэд зорилтот төвшнээс бага байх, манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ өсч байгаа нааштай дүр зураг харагдаж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад чулуун нүүрсний экспортын хилийн үнэ 52 хувь, төмрийн хүдрийн үнэ 56 хувь, зэсийн үнэ 14 хувь өсөөд байна.
Мөнгөний бодлогын зөвлөлөөс цаашид гадаад өрийн эргэн төлөлтүүд тодорхой болж, төсвийн сахилгыг тууштай сахисан тохиолдолд бодлогын хүүг үргэлжлүүлэн бууруулах болно.
Ярилцсанд баярлалаа.