“Banking in Mongolia” Монголын банкны холбооны сэтгүүл №4, 2017 оны 1-р сар
ЧАНАРГҮЙ АКТИВУУДЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭСНЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛЖ ЧАДНА
Та Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллаж эхлээд чамгүй ажил хийлээ. Онцлон авсан арга хэмжээнүүдийн талаар ярилцлагаа эхэлье.
2016 он эдийн засгийн гадаад, дотоод орчин муудсан, гадаад хөрөнгө оруулагчдын итгэл буурсан, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдсан хүндхэн жил болж өнгөрлөө. Би энэхүү амаргүй үед Төв банкны Ерөнхийлөгчийн хариуцлагатай албыг авч тулгарсан нөхцөл байдлыг сайтар дүгнэж, хариу арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлэхээс ажлаа эхэлсэн.
Намайг ажлаа авахад гадаад валютын ханш огцом нэмэгдэх, улмаар иргэдийн амьжиргааны төвшин буурах, банк санхүүгийн салбарын тогтвортой байдал алдагдах зэрэг эрсдэл үүссэн байсан. Иймд мөнгөний бодлогын хүүг 4.5 хувиар нэмэгдүүлж, үндсэний мөнгөн тэмдэгтийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, банкны салбарын эрсдэлийг бууруулах, гадаад валютын ханшийн огцом өсөлтийг хязгаарлах арга хэмжээг авлаа.
Монгол Улсын хувьд дотоод болон гадаад өрийн дарамт харьцангуй өндөр байна. Иймд Сангийн яамтай хамтран Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка зэрэг олон улсын санхүүгийн байгууллагад хандаж, өрийн оновчтой бүтцийг хангах замаар өрийн дарамтыг бууруулах чиглэлээр хэлэлцээр эхлүүллээ. Хэлэлцээр амаргүй байсан боловч эхний үр дүнгээ өгч эхлээд байна.
Банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс эрх зүйн шинэчлэлийг хийх цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Векселийн тухай хууль, Банкны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж байна. Үүний зэрэгцээ Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Активын удирдлагын тогтолцооны тухай хууль зэргийг шинэчлэн боловсрууллаа. Монголбанкнаас гаргасан дүрэм, журам, зааврыг шинэчлэх ажил давхар хийгдэж байна. Үүнд банкны хөрөнгийн үнэлгээг олон улсын жишигт нийцүүлэх, зээлийн эрсдэлийг бууруулах үүднээс активын ангиллын журмыг шинэчлэн батлах арга хэмжээг авлаа.
Мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн онцлог юу вэ? Мөнгөний бодлогыг хэрэгжүүлснээр гарах эерэг хүлээлтийн талаар манай уншигчдад сонирхуулбал?
Ирэх оны мөнгөний бодлого макро эдийн засгийн харьцангуй амаргүй нөхцөл байдалд хэрэгжинэ. Бид улс орны хэмжээнд үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар даван туулах, макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн дунд болон урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд 2017 оны мөнгөний бодлогыг чиглүүлсэн. Иймд Монголбанкнаас 2017 онд инфляцийг 8 хувиас ихгүй төвшинд барих, төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоох, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх үүднээс санхүүгийн салбарын үнэлгээг олон улсын байгууллагаар хийлгэх, макро зохистой бодлогын арга хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөж байна.
Банкуудын хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль тогтоомжид бас нэлээн анхаарал хандуулдаг. Энэ чиглэлд хийхээр төлөвлөсөн ажил байгаа юу?
Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлын үндсэн баталгаа нь гэрээ, хэлцлийн хэрэгжилтийг хангах эрх зүйн тогтолцоо юм. Монгол улсын эрх зүйн тогтолцооны хувьд гэрээ хэлцэлтэй холбоотой гарсан аливаа маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэх зохицуулалт давамгайлах хандлагатай байна. Шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлэхэд олон шат дамжлага дамжих шаардлага гардаг. Энэ нь нэг талаас талуудын эрх ашгийг хамгаалах, алдаатай шийдвэр гарахаас сэргийлэх чухал ач холбогдолтой боловч нөгөө талаас цаг хугацаа алдах, гэрээний хэрэгжилтийн зардлыг өсгөх зэрэг сөрөг үр дагавартай. Иймд гэрээ хэлцлийн хэрэгжилтийг түргэн шуурхай хангах, улмаар эдийн засаг дахь хөрөнгө мөнгөний урсгалыг түргэтгэх үүднээс олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай. Тухайлбал, талууд харилцан тохиролцсон бол зээлийн барьцаа хөрөнгийг шүүхийн бус журмаар шийдвэрлэх бололцоог бүрдүүлэх асуудал нэн чухал ач холбогдолтой хэвээр байна. Монголбанк энэ асуудлыг дангаараа шийдвэрлэх бололцоогүй тул эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Саяхан зэрэглэл тогтоогч олон улсын байгууллагуудаас манай арилжааны банкуудын зээлжих зэрэглэлийг буурууллаа. Үүний гол шалтгаан нь юунд байв?
Монгол улсын экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ огцом буурсан, гадаад эрэлт хумигдсан зэрэг нь манай улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөллөө. Эдийн засгийн өсөлт саарахын хэрээр банкны зээлийн чанар муудаж байна. Тайлант үеийн байдлаар банкны системийн чанаргүй зээлийн хувийн жин 2015 онтой харьцуулахад хоёр дахин өсч 8.7 хувьд хүрсэн. Энэ нь цаашлаад банкны ашигт ажиллагааг бууруулж, төлбөрийн болон бусад зохистой харьцааны үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна.
Зэрэглэл тогтоогч олон улсын байгууллагуудаас эдийн засгийн өсөлт саарсан, 2016 онд төсвийн алдагдал эрс нэмэгдсэн, гадаад өрийн дарамтыг бууруулах бололцоо хязгаарлагдмал болсон зэрэг үндэслэлээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Улсын зээлжих зэрэглэл харилцан холбоотой байдаг учраас дотоодын 7 банкны зээлжих зэрэглэл үүнийг дагаж буурлаа. Энэ үүсээд байгаа эрсдэлийг бууруулах талаар бодитой алхмууд эс хийвэл ирээдүйд Монголын Засгийн газар болон арилжааны банкууд гадаад зах зээлээс эх үүсвэр татах боломжийг хязгаарлах юм. Иймд энэхүү эрсдэлийг үүсгэхгүй байх үүднээс Сангийн яам болон бусад бүх холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна.
Банкуудад үүсч байгаа эрсдэлийг бууруулах, цаашид үүсч болох эрсдэлээс сэргийлэх чиглэлд ямар ажил хийж байгаа вэ?
Банкны хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлэн бодитой тогтоох үүднээс активын ангиллын журмыг Сангийн яамтай хамтран шинэчлэн баталлаа. Энэ журам батлагдсанаар зээлийн эрсдэлийг илүү бодитойгоор түргэн шуурхай тооцох бололцоо бүрдэж байна. Зээлийн эрсдэлийн тооцоог боловсронгуй болгож байгаатай холбоотойгоор банкууд дээр хуримтлагдаад байгаа чанаргүй активын хэмжээг бодитойгоор тогтоож, шийдвэрлэх боломж бүрдээд байна. Иймд бид активын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх асуудлыг төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд тусгаж, энэ чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрээд байна.
Чанаргүй активыг түргэн шуурхай шийдвэрлэснээр банкны эрсдэл даах болон зээлжих чадвар эрс дээшилж, эдийн засагт тулгараад байгаа хүндрэлийг богино хугацаанд даван туулахад чухал алхам болно.
Гадаадын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор нэр бүхий УИХ-ын гишүүдээс Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төслийг өргөн бариад байгаа. Гадаадын банкны талаар Монголбанкнаас ямар байр суурь баримталж байгаа вэ?
Гадаадын банк дотоодын зах зээл дээр орж ирэх нь 2 талтай асуудал юм. Гадаадын нэр хүнд бүхий томоохон банк орж ирсэн нөхцөлд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ технологи, удирдлагын шинэ арга барил нэвтрэх давуу талтай. Мөн түүнчлэн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг зардал буурах, засаглал бэхжих зэрэг эерэг үр дагаврууд гардаг. Дотоодын банк, санхүүгийн байгууллагын зүгээс энэ өрсөлдөөнд бэлтгэл муутай орох нөхцөлд зах зээл дэх байр сууриа алдах, улмаар санхүү төлбөрийн чадварын хүндрэлд орох зэрэг эрсдэлтэй. Иймд Монголбанкны хувьд гарч болзошгүй эерэг болон сөрөг үр дагаврыг сайтар дэнсэлж, Монгол Улсад ашигтай хувилбараар шийдэх зарчим баримтлан ажиллаж байна.
Монголын Банкны Холбоо олон талаар арилжааны банкуудын дуу хоолой болж ирсэн. Монголбанк, Монголын Банкны Холбооны цаашдын хамтын ажиллагааны талаар танд бодож төлөвлөж байгаа зүйл байгаа юу?
Арилжааны бүх банкийг эгнээндээ нэгтгэн тэдний нэгдсэн дуу хоолой болон ажиллаж чадаж байгаа Монголын Банкны Холбоо нь бусад мэргэжлийн холбоодтой харьцуулахад үйл ажиллагаа нь тогтворжиж бэхэжсэн нь харагдаж байна. Арилжааны банкууд нь банкны хууль тогтоомж түүний дотор Монголбанкны зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг учраас дээрх эрх зүйн харилцааг боловсронгуй болгоход Монголбанк болон МБХ-ны хамтын ажиллагаа маш чухлыг онцолмоор байна. Салбарын эрх ашиг нийтийн эрх ашигтай нийцэн хөгжих боломжтой, бид нэг зорилтын төлөө, нэг зүгт, нэг багаар ажиллаж байгаа. Үр дүнд нь Монгол улсын санхүүгийн салбарын эрчимтэй хөгжих ёстой юм.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
No comments:
Post a Comment