2017/01/04

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ ЭЕРЭГ САЙН БАЙГАА

“Өдрийн сонин” 2017 оны 1-р сарын 4, №002
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ
ЭЕРЭГ САЙН БАЙГАА
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай энэ оны эдийн засгийн сорилт, онцлог, ОУВС-гийн хөтөлбөр авах ажлын явц, мөнгөний бодлого, эдийн засгийн төлөв байдлын талаар уулзаж ярилцлаа.
Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе. Энэ онд баримтлах төсөв, мөнгөний бодлого болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг УИХ баталсан. Эдийн засгийн хувьд энэ оны онцлог, сорилтыг Та юу гэж харж байна вэ?
Монголчууддаа шинэ оны мэнд хүргэж эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эдгээр бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг нэг бүрчлэн баталсан. Одоо үр дүнтэй хэрэгжүүлэх ажил эхлээд байна. Энэ оны хувьд бидний өмнө 3 том сорилт тулгараад байна. Нэгд, 3 дугаар сарын 21-нд Хөгжлийн банкны олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргасан бондыг төлөх ёстой. Бондын үндсэн болон хүүний төлбөрт нийт 600 гаруй сая ам.доллар төлөхөөр байна. Хоёрт, Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хугацаа 8 дугаар сарын 21-нд дуусна. Своп хэлцлийн хүрээнд манай тал 1.7 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт авч ашигласан буюу эргэн төлөхөөр байна. Гуравт, Монгол улсын олон улсын зах зээлд арилжаалсан Чингис бондын эхний төлбөр энэ оны сүүлээр төлөгдөнө. Бондын үндсэн болон хүүний төлбөр болох 550-580 сая ам.долларыг төлөх ёстой. Эдгээр сорилтыг хэрхэн амжилттай даван туулахаас манай эдийн засгийн цаашдын төлөвт ихээхэн хамаарахаар байна.
Зарим сонин, цахим хуудсанд Монгол улс дефолт зарлаж болзошгүй талаар мэдээлэл гарч байгаа. Эдгээр гадаад төлбөрийг хэрхэн төлөхөөр төлөвлөж байна?
            Хөгжлийн банкны бонд, Чингис бонд нь Монгол улсын олон улсын зах зээл дээр гаргасан анхны өрийн бичгүүд юм. Олон улсын хөрөнгө оруулагчид Монгол улс эдгээр бондын төлбөрөө хугацаанд нь төлөх эсэхийг анхааралтай ажиглаж байгаа. Иймд хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах, цаашид Монгол улс руу орж ирэх хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс эдгээр бондын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулах болно. Эдгээр бондын төлбөрт шаардлагатай гадаад санхүүжилтийг бүрдүүлэх чиглэлд Засгийн газар, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Удахгүй эерэг, сайн мэдээ дуулгана гэдэгт итгэлтэй байна.
Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хувьд хугацааг 3 жилээр сунгах, хэмжээг нь 10 тэрбум юанаар нэмэгдүүлэхээр ярилцаж байна. Энэ дагуу ажил хэргийн уулзалтууд хийж байна.
Зээлжих зэрэглэл буурсан нь гадаад санхүүжилт татахад хүндрэл учруулах уу?
            Зээлжих зэрэглэл богино хугацаанд олон шатлалаар буурсан нь манай эдийн засагт хүнд цохилт болсон. Ялангуяа улсын зээлжих зэрэглэлийг даган 7 банкны зээлжих зэрэглэл буурч, Засгийн газар болон хувийн сектор гадаад зах зээлээс санхүүжилт бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрт Монгол улс хамрагдаж, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээгээ олон улсын хөрөнгө оруулагчдад тайлбарлан таниулснаар гадаад зах зээлээс эх үүсвэр татах боломж нээлттэй байна.
ОУВС-гийн хөтөлбөрт орох нь зэрэглэл тогтоогч байгууллагууд, донор байгууллага, хөрөнгө оруулагч нарт Монгол улсын макро бодлого нь эдийн засгийг тогтворжуулах зөв чиглэл рүү явж байна гэсэн дохио өгч, итгэлийг сэргээх ач холбогдолтой. Түүнчлэн “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т туссан эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийг ойрын хугацаанд эхлүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь эдийн засгийн төлөвийг эерэг болгож, зэрэглэл тогтоогч, хөрөнгө оруулагч нарт эерэг хүлээлт бий болгох юм.
ОУВС-гийн хөтөлбөр авах асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
            Эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг богино хугацаанд, хохирол багатай даван туулахын тулд олон улсын санхүүгийн байгууллагуудын тусламж, дэмжлэг бидэнд нэн шаардлагатай байна. Энэ хүрээнд ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА зэрэг санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллана. Энэ талаарх Монголбанкны байр суурийг өнгөрсөн 9 дүгээр сард УИХ-д өргөн барьсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн баримт бичигт тусгасан.
ОУВС-гийн хөтөлбөр авах нь санхүүгийн эдгээр байгууллагаас санхүүгийн дэмжлэг авахад туслахаас гадна олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол улсад итгэх итгэлд эергээр нөлөөлөх чухал ач холбогдолтой.
ОУВС-гийн хөтөлбөр тохирох хэлэлцээрийн ажлын хэсэг энэ оны 1 дүгээр сарын сүүлийн хагаст ирж ажиллахаа бидэнд мэдэгдсэн. Тус хөтөлбөр нь манай орны хөрсөнд буусан, хөтөлбөр тохирсон хугацаандаа үр дүндээ хүрсэн байх зэрэг суурь зарчмуудыг үндэс болгож хэлэлцээр хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Ойрын жилүүдэд Монгол улсын эдийн засгийн төлөв ямар байхаар хүлээгдэж байна вэ?
Энэ оны сорилтыг амжилттай даваад гарвал Монгол улсын дунд, урт хугацааны эдийн засгийн төлөв эерэг сайн харагдаж байна. Хэрэгжүүлж буй бодлогын нөлөөллийг оруулан ОУВС-тай хамтран хийсэн төсөөллөөр төлбөрийн тэнцэл 2018 оноос сайжирч гадаад валютын нөөц сэргэх, 2018-2021 онд инфляци 3-6 хувь, мөнгө, зээлийн өсөлт 10-15 хувь, эдийн засгийн өсөлт 5-8 хувьтай байх эерэг төсөөлөлтэй байна. Эдийн засгийн цаашдын төлөвт төсвийн сахилга, гадаадын хөрөнгө оруулалт, бодит секторт чиглэсэн бодлого, арга хэмжээнүүд чухал үүрэг гүйцэтгэхээр байгааг онцолмоор байна. Эдийн засгийн байдал эргээд сайжирч, макро эрсдэлүүд нь буураад ирэхээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих зээл нэмэгдэж, хүү буурна.
Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн 12 дугаар сард бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулах шийдвэр гаргасан. Цаашид мөнгөний бодлогын төлөв ямар байх вэ?
            Өнгөрсөн оны 8 дугаар сард бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн нь валютын ханшийн тогтворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлж, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад үр дүнгээ өгсөн.
Харин энэ удаа гадаад худалдаа, энэ оны улсын төсөв, инфляци болон эдийн засгийн өсөлтийн төлөвт суурилан хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторт дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлсэн. Тухайлбал, инфляци ирэх жилүүдэд зорилтот төвшнээс бага байх, манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ өсч байгаа нааштай дүр зураг харагдаж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад чулуун нүүрсний экспортын хилийн үнэ 52 хувь, төмрийн хүдрийн үнэ 56 хувь, зэсийн үнэ 14 хувь өсөөд байна.
Мөнгөний бодлогын зөвлөлөөс цаашид гадаад өрийн эргэн төлөлтүүд тодорхой болж, төсвийн сахилгыг тууштай сахисан тохиолдолд бодлогын хүүг үргэлжлүүлэн бууруулах болно.
Ярилцсанд баярлалаа.

No comments:

Post a Comment