2018/10/10

Дархан-Уул аймаг дахь үнэт металлын сорьцын лабораторийн нээлтийн үг

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ҮНЭТ МЕТАЛЛЫН
СОРЬЦЫН ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!
Төвийн бүсийн Үнэт металлын сорьцын лаборатори, алт худалдан авах нэг цэгийн үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгч Та бүхэнд Монголбанкны нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье!
Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, Стандарт хэмжил зүйн газартай хамтран, Дархан-Уул аймгийн дэмжлэгтэйгээр олон улсын стандарт, шаардлагыг хангасан орчин үеийн тоног төхөөрөмж бүхий орон нутаг дахь үнэт металлын сорьцын лабораторийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлж байгаадаа  бид баяртай байна. Мөн Швейцарын хөгжлийн агентлагт хамтран ажиллаж Монголд дэм тус болдогт талархлаа илэрхийлье.
Монгол Улсад хэмжил зүйн алба үүссэний 95 жил, стандартчиллын алба байгуулагдсаны 65 жил, сорьц хяналтын алба үүссэний түүхт 55 жилийн ой тохиож байгаад та бүхэнд баярын мэнд хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. Өнөөдөр Дархан хот байгуулагдсаны ойн баярын өдрүүд эхэлж байна. Найрамдлын Дархан гэдэг нэрээр дэлхийд танигдсан хот юм.

1963 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улсын банкны ерөнхий хороонд “Үнэт металлын чанар шалгах тасаг” байгуулагдсанаар сорьц тогтоох, шалгах, магадлах ажиллагаа эхэлсэн түүхтэй, бид энэ түүхэн замналаа үргэлжлүүлэн Стандарт, хэмжил зүйн газартай хамтран орон нутагт Үнэт металлын сорьцын лабораторийг байгууллаа.

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 275 дугаар тогтоолоор “Орон нутагт үнэт металлын сорьц тогтоох чиг үүрэг бүхий төвийн бүсийн лаборатори-ийг Дархан-Уул аймагт, баруун бүсийн лабораторийг Баянхонгор аймагт байгуулахаар тогтож, өнөөдрийн бэлгэт сайн өдөр Дархан-Уул аймагт нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэх гэж  байна.

Орон нутаг дахь үнэт металлын сорьцын 2 лабораторыг байгуулахад нийт 700 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд энэ нь төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн Засаг даргын тамгын газар, бусад байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн юм.

Монголбанк өнгөрсөн онд дотоодын зах зээлээс алт худалдан авалт түүхэн дээд хэмжээндээ буюу 20 тоннд хүрснээр гадаад валютын улсын нөөц 3 тэрбум ам.долларт хүрэхэд голлох нөлөө үзүүлсэн. 2018 оны 10 сарын эхний байдлаар Монголбанкны Эрдэнэсийн сан нийт 15,тонн алт худалдан аваад байна. Нийт 22 тонн алт энэ онд худалдан авч гадаад валютын улсын нөөцийг 700 сая ам.доллараар баяжуулах зорилготой байгаа.

Төвийн бүсийн үнэт металлын сорьц тогтоох лаборатори байгуулагдсанаар Дархан-Уул (Хонгор, Шарын гол сум), Сэлэнгэ(Хүдэр, Ерөө, Бугант, Мандал, Баянгол сумд), Төв(Заамар, Жаргалант сум, Борнуур), Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад алт олборлох, үйлдвэрлэх үйл ажиллагааг эрхэлж буй аж ахуйн нэгж, бичил уурхайчид олборлосон алтаа тухайн бүс нутагтаа сорьцлуулах боломжтой болж байна. Орон нутаг дахь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа өргөжих, ажлын байр нэмэгдэх, татварын орлого өсөх зэрэг боломжууд бий болох юм.

Мөн дэлхийн зах зээлийн үнээр орон нутаг дахь Монголбанкны хэлтэс, банкуудад алтаа худалдах нөхцөл бүрдэж, улмаар алтны худалдан авалт нэмэгдэх, гадаад валютын улсын нөөц өсөх, олон шат дамжлага багасах, цаг хугацааг хэмнэх, бодит сорьцын дүнгээр албан ёсны алтны арилжаа хийгдэх зэрэг давуу талууд бий болж байгааг дуулгахад таатай байна.


“ЭХ ОРНЫХОО АЛТЫГ ЭРДЭНЭСИЙН САНДАА ТУШААЖ, ЭДИЙН ЗАСАГТАА ХҮН БҮР ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ ТА БҮХЭНДЭЭ ХҮСЬЕ.”

2018/10/02

“Алтны Форум” арга хэмжээний нээлтийн үг

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАНЫ “АЛТНЫ ФОРУМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТЭД ЗОРИУЛАН ХЭЛСЭН НЭЭЛТИЙН ҮГ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье!

“Алтны Форум”-ыг зохион байгуулж буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, болон Блүүмберг телевизийн хамт олонд талархал илэрхийлье.
Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буй энэ цаг үед дэлхийн санхүү, эдийн засагт томоохон үйл явдлууд өрнөж байна. Тухайлбал, АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн, АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгийн өсөлт, үүнээс улбаатай ам.долларын ханшийн чангаралт зэргээс гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж байна. Гадаад салбараас өндөр хамааралтай манай улсын хувьд цаашид эрсдэл нэмэгдэж болзошгүй тул эдийн засгийн дархлааг бэхжүүлэх, үүний хүрээнд гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
Гадаад валютын улсын нөөцийг хүрэлцээт түвшинд хуримтлуулах нь ирээдүйд учирч болзошгүй гэнэтийн гадаад сөрөг нөлөөллөөс улс орны эдийн засгийг хамгаалж, түүний хор уршгийг бууруулах, үндэсний мөнгөн тэмдэгт- төгрөгийн тогтвортой байдлыг хангах, улс орны эдийн засгийн аюулгүй байдал, дархлааг бэхжүүлэх, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой. 2008-09 онд тохиосон Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын туршлагаас харахад тухайн үед гадаад валютын нөөц харьцангуй өндөртэй улс орнууд хямралыг хохирол багатай даван туулж, банк, санхүүгийн гүнзгий хямралыг тойрч гарсан байдаг.
Манай улсын хувьд алтны салбар нь гадаад валютын нөөцийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой стратегийн салбар бөгөөд Монголбанк үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авсан алтаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрүүдээр цэвэршүүлж, цэвэршүүлсэн алтыг олон улсын санхүүгийн байгууллагуудад байршуулснаар уг алт Монгол Улсын гадаад валютын нөөцөд бүртгэгддэг. Иймд үндэсний алт үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжиж, тулгарч буй хууль эрх зүйн зохицуулалтын шинжтэй хүндрэл бэрхшээлийг төрийн байгууллагууд хамтран шийдвэрлэх нь алтны салбарын хөгжил төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал юм.
Монгол Улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үр дүнд эдийн засаг харьцангуй богино хугацаанд сэргэж, эдийн засагт нааштай дүр зураг бий болж байна. 2018 он гарсаар эдийн засгийн өсөлт 6.3 хувь хүртэл нэмэгдэж, гадаад валютын албан нөөц 3.0 тэрбум ам.доллар хүртэл өсч, хөрөнгө
оруулагчдын итгэл сэргэж байна. Эдийн засагт тулгараад байсан дээрх хүндрэлийг богино хугацаанд даван туулахад алтны салбарт ажиллаж буй та бүгдийн хувь нэмэр өндөр байсныг энд цохон тэмдэглэх нь зүйтэй. Нэгэн жишээ дурдахад алт олборлогч иргэд, аж ахуйн нэгжүүдийн Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 2017 онд түүхэн дээд хэмжээндээ буюу 20 тоннд хүрсэн бөгөөд энэ нь гадаад валютын нөөцийг 700 орчим сая ам.доллараар нэмэгдүүлжээ.
Монголбанк цаашид ч алтны салбарыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллахаа үүгээр мэдэгдэхийн зэрэгцээ өнөөдрийн байдлаар авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг дурдъя.

  • Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж буй “Алт-2” хөтөлбөрийг Монголбанк дэмжин ажиллаж байна.
  • Түүнчлэн Монголбанк алтны салбарт олгож буй санхүүжилтийн өртгийг бууруулах, зээлийн хүүг бууруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч ажиллаж байна.
  • Мөн бид алтны олборлолт ихтэй бүс нутгууд болох Дархан-Уул, Баянхонгор аймгуудад сорьцын лаборатори байгуулан, олборлосон алтыг тухайн аймгуудад нь Монголбанк шууд худалдан авах боломжийг бүрдүүлзхззр ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Сорьцын лабораториудын албан ёсны нээлтийг Дархан-Уул аймагт 10 дугаар сарын 15-ны өдөр, Баянхонгор аймагт 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахад бэлэн болоод байна.
  • Үүнээс гадна “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг энэ оны 6 дугаар сараас эхлэн зохион байгуулж байна. Энэхүү аяны талаар болон Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр бид дэлгэрэнгүй танилцуулах болно.
Алтны салбарын хайгуул, олборлолтоос эхлээд байгаль орчны нөхөн сэргээлт хүртэлх шат шатандаа тулгарч буй асуудал бэрхшээлээ өнөөдөр бид илэн далангүй ярилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцон, салбарын хөгжлийн талаар нэгдсэн ойлголцолд хүрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Алтны салбараа хариуцлагатайгаар олон улсын сайн жишигт нийцүүлэн хөгжүүлж, гадаад валютын улсын нөөцөө нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгоход төрийн эрх бүхий байгууллагууд, алт үйлдвэрлэгчид, та бидний хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцлон, өнөөдрийн энэхүү арга хэмжээнд өндөр амжилт хүсье.


Анхаарал тавьсанд баярлалаа.

2018/09/28

“Гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд” хэлэлцүүлгийн нээлтийн үг

Гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд хэлэлцүүлгийг нээсэн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы нээлтийн үг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Монголын гадаад худалдааны гол зохицуулагч, оролцогч байгууллагуудын төлөөлөл, эрхэм зочид, төлөөлөгч Та бүхэндээ талархлаа илэрхийлье!
Монголбанкнаас эдийн засгийн бодлогын асуудлыг хөндсөн хурал, хэлэлцүүлгийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтэн, эрдэмтэд, судлаачдыг хамруулан өргөн хүрээд тогтмол зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн ээлжит хэлэлцүүлэг нь манай улсын гадаад худалдааны бодлого, түүнд тулгарч буй саад бэрхшээл, анхаарах асуудлын талаар хамтдаа нэгдсэн ойлголтод хүрч, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын чиглэл, үндэс суурийг тодорхойлоход оршиж байна.
Дэлхийн хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнууд гадаад худалдааны орлого, түүний үр өгөөжид тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэх, тэлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Учир нь өнөөгийн даяарчлагдсан нийгэмд улс орнуудын эдийн засаг, хөгжилд олон улсын худалдаа, хамтын ажиллагаа их хэмжээгээр нөлөөлж байна. Тухайлбал экспортын орлого нь тухайн улсын эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт, валютын ханшийн тогтвортой байдал болон гадаад өрийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Түүнчлэн Монгол улс хангалттай хэмжээний гадаад валютын нөөц бүрдүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын санхүүгийн баталгаа тул валютынхаа нөөцийг байнга нэмэгдүүлэх бодлого баримтлах учиртай. Хэдийгээр гадаад валютын нөөц нэмэгдэж 3 тэрбум ам.доллар буюу импортын 6 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн хэдий ч, түүний хүрэлцээт түвшинг нэмэгдүүлэх бодлого чухал хэвээр байна. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх нь бодлогын асуудал бөгөөд Монголбанк дангаар хийж хүч хүрэх ажил биш юм. Гадаад валютын нөөцийг дорвитой нэмэгдүүлэхдээ гадаад өрөөр бус, төлбөрийн тэнцлийн урсгал дансны ашгаар нэмэгдүүлэх нь илүү үр дүнтэй. Үүнд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого чухал үүрэгтэй. Монголчууд бид худалдаа, арилжаагаар амьжиргаагаа зохицуулан амьдарч байгаа атлаа тодорхой үр дүнд хүрсэн гадаад худалдааны цогц бодлогогүй, энэ асуудлыг дангаар хариуцсан яамгүй явж ирлээ. Ялангуяа дэлхийд "худалдааны маргаан", худалдааны дайн эхэлж буй энэ цаг үед ингэж амирлангуй сууж таарахгүй. Мөн Дэлхийн Худалдааны Байгууллагатай сүүлийн жилүүдэд харилцаа хэрэг дээрээ зогсонги байдалд оров.
Иймээс Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхнээс Монгол улсын гадаад худалдааны бодлогын асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөний талаар эрдэм, оюунаа чилээн, мэдлэг, туршлагаа хуваалцан, хувь нэмрээ оруулахыг хүсч байна.
Та бүхэнд баярлалаа!

2018/09/27

Төгрөгийн ханш

ТӨГРӨГИЙН ХАНШИД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛ

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш оны эхнээс 3.9 хувиар суларсан. Манай улсын валютын ханшны хөдөлгөөнд дотоод засгийн идэвхжил, түүнийг дагасан импортын өсөлт (эхний 8 сарын байдлаар жилийн өсөлт 38%) нөлөөлж байгаа боловч гадаад нөхцөл байдал томоохон нөлөө үзүүллээ. Гадаад зах зээл дээр өөрчлөлт авчирч буй дараах том хоёр хүчин зүйл байна. Үүнд:
  •  Гадаад зах зээлийн эрсдэлгүй хүү өсч байна. Холбооны нөөцийн банк хүүгээ 2019 оны эцэс гэхэд 3.25% хүртэл өсгөж болзошгүй байна. Малайз, Индонез, Филиппин, Энэтхэг, ОХУ, Турк, Аргентин зэрэг улсууд бодлогын хүүгээ чангаруулаад байна. 
  • Том гүрнүүдийн хооронд худалдааны маргаан ширүүсч, улмаар дэлхийн эдийн засгийн идэвхжилд тодорхой бус байдлыг нэмэгдүүлээд байна.
Дээрх хоёр хүчин зүйл нь валютын болон металлын захад хүчтэй нөлөөллөө. Үүнд:
  • Хөгжиж буй эдийн засгаас хөрөнгө гадагшлах хандлага бий болсон. 
  • Ам.долларын ханш ихэнх улс орнуудын валютын эсрэг чангарсан. 170 гаруй улс орноос 83 хувийнх нь валют ам.долларын эсрэг суларсан, үүнээс 31% нь 4%-иас давж суларсан байна. Манай худалдааны түнш эдийн засгууд болох БНХАУ-ын юань оны эхнээс ам.долларын эсрэг 5.4%, Солонгосын вон 5.5%, ОХУ-ын рубль 13.2%, Евро 1.5%-иар тус тус сулраад байна. Хэдийгээр төгрөг ам.долларын эсрэг суларч байгаа ч юань (-1.6%), вон (-1.7%), рубль (-9.6%)-ийн эрсэг чангаралттай байна.
  • Эрдэс бүтээгдэхүүний үнэд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, оны эхнээс зэсийн үнэ 14 хувиар, алтны үнэ 12 хувиар унаад байна.
  • Манай экспортын том зах зээл болох БНХАУ-ын эдийн засгийн төлвийн талаарх тодорхой бус байдал нэмэгдэж байна. Тус эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 6.5 болгож бууруулаад байна.

2018/09/25

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2019 ОНД
БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТУХАЙ
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн барилаа.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл нь эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэлээ. Мэдээллийн технологийн болон тогтвортой санхүүжилтийн сайн туршлагыг нэвтрүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр санхүүгийн зах зээлийн хөгжлийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийн хүртээмжийг нэмэгдүүлэх болно.
Өнгөрсөн 2 жилд манай гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байсны зэрэгцээ уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын үр дүнд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж бизнесийн орчин алгуур сайжирч байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжин 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өсөв. Эдийн засгийн өсөлтийг дагаж инфляци алгуур сэргэж байгаа ч Монголбанкны 2018 оны зорилтот түвшинд хадгалагдана.
Цаашид эдийн засгийн өсөлт, түүний үр өгөөжийг тогтвортой түвшинд хамгаалахад инфляцийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай.
Гадаад эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, улс орны эдийн засгийн дархлааг сайжруулах, гадаад секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, гадаад өрийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд гадаад валютын улсын нөөцийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай.  Гадаад валютын орох урсгалын нэмэгдүүлэхэд Монгол Улсад үйлдвэрлэгдэж буй бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх нь нэн чухал болж байна. Иймээс Монголбанк гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг дангаар болон төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх байдлаар үндсэн чиглэлд тусгалаа.
Ирэх онд хийгдэх банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл нь банк санхүүгийн салбарын зохицуулалтыг олон улсын стандартын шаардлага, зарчимд нийцүүлж, мөрдүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэхэд томоохон алхам болно.
Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, институцийг бэхжүүлэх хүрээнд нэгд: байгаль орчин, нийгэмд ээлтэй, олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд нэвтрүүлнэ, хоёрт: технологийн дэвшилд тулгуурласан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зарчим, стандартыг тодорхойлж, мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангахад чиглэсэн дэд бүтцийг хөгжүүлж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг бий болгож нэвтрүүлнэ, гуравт: чанаргүй активыг бууруулах стратегийн хэрэгжилтийг хангана, дөрөвт: санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн тогтолцоог бий болгоно.
Санхүүгийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх, банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийттэй харилцах харилцааг үр ашигтай болгох зэрэг институцийн хөгжилд чухал ач холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахаар Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа.

                  2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

2018/01/19

“Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулган”-ыг нээж хэлсэн үг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Төсвийн байнгын хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Үндэсний статистикийн хорооны дарга болон Монголын санхүүгийн зах зээлийн гол зохицуулагч, оролцогч байгууллагуудын төлөөлөл, эрхэм зочид төлөөлөгч Та бүхэндээ Монголбанкны нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье!
Шинэ оны эхэнд бид ажил хэрэгчээр ийнхүү уулзаж байгаа нь улс орныхоо эдийн засаг, санхүүгийн секторт шийдвэрлэх асуудлуудаа ярилцах, нэгдсэн гарц гаргалгаанд хүрэх үнэтэй боломжийг бүрдүүлнэ гэж найдаж байна.  
Өнгөрсөн 2017 он бол Та бидний хувьд эдийн засгаа тогтворжуулж чадсан маш чухал жил байлаа. Амаргүй ч жил байсан. Дефолт, ханшийн огцом савлагаа, санхүүгийн системийн хямрал, эдийн засгийн уналт.., магадгүй үүнийг даган нийгмийн тогтворгүй байдалд ч хүрч болох аюултай нүүр тулахад ойрхон байв. Дахиж ийм сорилт, ийм хүнд үетэй Монгол орон бүү тулгараасай!
Та бид хамтын зүтгэлээр саад бэрхшээлийг давж гарч чадсан. Өнөөдөр төлбөрийн тэнцэл, валютын нөөц, богино хугацааны өрийн дарамт, зээлжих зэрэглэл, өсөлт гээд эдийн засгийн олон үзүүлэлт дээр эерэг хандлагууд ажиглагдаж, зах зээл дээрх итгэл сэргэж эхлээд байгааг бид бүхэн харж байна. Энэ бол Та бидний хөдөлмөрийн, зүтгэлийн үр дүн юм.
Эдийн засагт тулгарсан аюул, эрсдэлүүд биднээс түр холдсон ч цаашид хийх ажил нөр их байна. 2018 он бидний хувьд бий болсон эерэг өөрчлөлтөө бататгаж, ирээдүйн тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэх маш чухал жил юм. Макро түвшний таатай өөрчлөлтүүдийн үр өгөөж нийгмийн өргөн хүрээнд мэдрэгдэхийн тулд энэ жил юу хийж хэрэгжүүлэх вэ гэдэг шийдвэрлэх нөлөөтэй байх болно.   
Өнөөдөр Та бүхэнтэй уулзсан энэхүү завшааныг ашиглан дараах 3 зүйлийн талаар өөрийн санаа бодлоо хуваалцъя.
1.     2018 он бол шинэчлэл, реформын жил
Хүндрэлийг даван туулах, цаашдын тогтвортой хөгжилд реформ чухал
Хямрал хүндрэлээс аливаа улс орон сургамж авч, алдаа дутагдлаа засаж залруулах ёстой. Манай улсын хувьд 2009 онд тулгарсан хямралын үед хийсэн шинэчлэл өөрчлөлтүүдээ тууштай хэрэгжүүлэх, бүрэн ажил хэрэг болгох зүтгэл дутсанаас өнөөгийн хүндрэл үүссэн юм. Бидний даван туулахыг зорьж буй эдийн засгийн энэ  хүндрэл бол цар хүрээний хувьд, үргэлжилсэн хугацааны хувьд 90-ээд оны хүнд хэцүү жилүүдээс хойш тулгарсан хамгийн том сорилт болж байна. Угийн эмзэг бүтэцтэй эдийн засагт алсын хараагүй, тогтворгүй бодлого явуулсны хор уршиг л ингэж хүндээр мэдрэгдсэн гэж дүгнэж болно. Тухайлбал:
·        Төсвийн сахилга бат алдагдаж, 2013 оноос хойш улсын сан хөмрөг өндөр алдагдалтай явж ирэв. ДНБ-ийн 2%-аас хэтрэх ёсгүй төсвийн алдагдал 2 оронтой тоогоор хэмжигдэх болсон;
·        Өрийн оновчтой удирдлага, хяналттай зарцуулалт байгаагүйгээс болж улсын сектор эдийн засгийн хэмжээтэйгээ тэнцэхүйц өртэй болов. Гаднаас татсан санхүүжилтүүдийн ашиг тус нь төдийлөн мэдрэгдээгүй хэрнээ их наяд төгрөгөөр хэмжигдэх хүүний зардал төлж байгаа нь татвар төлөгчид томоохон дарамт болж байна;
·        Төв банк хараат бус байдлаа алдаж, зах зээлийн бус хэлцлүүд ихээр хийсэн нь ёс зүйн гажуудал (moral-hazard), нөөцийн үр ашиггүй хуваарилалт, хөрөнгийн үнийн хөөсрөл, гадаад валютын нөөцийн хомсдол, төв банкны алдагдал, төгрөгийн ханшийн огцом савлагааны гол шалтгаан болов;
·        Нийтийн эрх ашигт нийцэхгүй хувийн инсентив, улс төржилт, популизмаас болж мега төслүүдээ гацааж, хөрөнгө оруулагчдаа үргээсэн нь цаг хугацаа алдаж, улс орны нэр хүндийг унаган, асар их хэмжээний алдагдсан боломжийн өртгийг үүсгэв;
·        Эдгээр бодлогын алдаа нь гадаад секторын сөрөг шоктой нийлээд төлбөрийн тэнцлийн архаг хүндрэл болсон. Улмаар төлбөрийн тэнцлийн, банкны секторын, үндэсний мөнгөн тэмдэгтийн гурвалсан хямралд орох эрсдэлд хүргэв.
Энд өнгөрснийг шүүмжилж, одоо цагаа үрэх нь бидний зорилго биш ээ. Харин бидний хийх ёстой зүйл бол хүндрэлийн шалтгаан болсон эдгээр алдаа дутагдлууд дээр шаардлагатай бүх өөрчлөлт тохиргоо, засваруудыг хийж, цаашид өөрчлөлт шинэчлэлээ тууштай хэрэгжүүлэх явдал билээ.
Реформ хийх цаг хугацаа нь яагаад заавал 2018 он бэ?
Хэдийгээр одоо бид ангал руу унах аюулаас аврагдсан ч, хавцлын ирмэг дээрээс тийм ч холдоогүй байна. 2017 он бол олон улс орны хувьд дэлхийн эдийн засгийн хямралаас хойшхи 10 жилд тохиосон хамгийн таатай жил болсон. Сэргэлт 2018 онд ч үргэлжилж, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал сайжрах төсөөлөлтэй байна. Нэг талаар бидэнд ийнхүү аз тохиосон ч, хөдөлмөр зүтгэлийг аз ивээдэг юм. Гэхдээ гадаад орчны энэхүү эерэг нөлөөг бид үүрд үргэлжилнэ гэж бодож болохгүй. Учир нь:
·        Томоохон эдийн засгуудын мөнгөний бодлогын төлөв чангарахтай холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд олон улс орнуудад бий болсон өрийн ачаалал, дарамт нэмэгдэх төлөвтэй байна;
·        Дэлхийн эдийн засгийн хямралын дараах мөнгөний хүчтэй тэлэх бодлогын үр дүнд улс орнуудын хөрөнгийн зах зээл дээр бий болсон хувьцааны үнийн өсөлт эргэж засварлагдан, савлагаа үүсгэх эрсдэл байна;
·        Зөвхөн хөгжсөн төдийгүй, зарим гол хөгжиж буй орнуудад хурдтай явагдаж буй хүн амын насжилт, бүтээмжийн бууралт нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг дунд, урт хугацаанд дэмжихээргүй байна;
·        Дээр нь геополитикийн асуудлууд, протекционист эдийн засгийн бодлогууд экспортлогч орнуудад, ялангуяа сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол зүтгүүр болсон Азийн орнуудад сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна.   
Тэгэхээр, “үүлэн чөлөөний нар гийсэн” яг энэ таатай цаг үеэр бид шаардлагатай өөрчлөлтүүдээ хийх хэрэгтэй. Энэ л боломжийг ашиглан эдийн засгаа эрүүлжүүлэх, хүндрэлийн шалтгаан болсон гажуудлуудыг арилгах, эдийн засгийг илүү дархлаатай болгох шинэчлэл, реформуудаа хийх учиртай.
2.     Бидний хамтын ажиллагаа
2018 онд зээлжих зэрэглэлээ өсгөх, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх тогтолцоогоо сайжруулан “саарал жагсаалт”-д орох эрсдэлээс гарах, өрийн дарамтаа бууруулах, валютын нөөцөө үргэлжлүүлэн нэмэгдүүлэх зэрэг тодорхой зорилгууд, сорилтууд бидний өмнө бий. Түүнчлэн түүхий эдийн үнийн уналтын дараагийн цикл, эдийн засгийн хүндрэлд ч бэлтгэлтэй байх нь чухал. Үүний тулд банк санхүүгийн сектор, татварын бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын бодлого гээд олон чиглэлээр томоохон реформууд, тогтолцооны шинж чанартай өөрчлөлтүүдийг ч хийх шаардлага тулгарч байна.
Энэ бүгдийг амжилттай хийж, хэрэгжүүлж, зорьсон үр дүндээ хүрэхийн тулд бидэнд нэгдсэн ойлголцол, хамтын ажиллагаа, бодлогын уялдаа хэзээ хэзээнээс илүү чухлаар тавигдаж байна.
Монголбанкны хувьд, эдийн засагт хувь нэмэр оруулах шинэчлэл өөрчлөлтүүдээ төлөвлөөд, эхнээс нь хийгээд явж байгаа билээ. Тухайлбал:
·        Монголбанк инфляцийг нам тогтвортой байлгах үндсэн зорилгоо амжилттай биелүүлэхээр бодлогын, үйл ажиллагааны цогц өөрчлөлтийн стратеги боловсруулаад хэрэгжүүлээд явж байна. Төв банкны тухай хуулийн өөрчлөлтөөс эхлээд, дотоод бүтэц зохион байгуулалт, засаглалын оновчтой хувилбар, бодлогын шинэ арга хэрэгслүүдийн судалгаа шинжилгээ, хүний нөөц боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зэрэг томоохон өөрчлөлтүүд үүнд хамаарах юм. 
·        Мөн банк санхүүгийн салбарын эрүүл найдвартай байдлыг хангах гол зорилгынхоо хүрээнд санхүүгийн секторыг зохицуулж буй хууль эрх зүйн орчны цогц шинэчлэл, Төв банкны хяналт шалгалтын тогтолцооны өөрчлөлт ч давхар хийгдээд явж байгаа.
Гэхдээ Төв банк хийж чадах зүйл гэж байгаа ч, дангаараа эсхүл огт хийж чадахгүй зүйлс ч бас бий. Эдийн засгийн эрэлтийн талыг зохицуулан, инфляцийн дарамтгүй эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжсэн бодлого явуулах явдал бол Монголбанк эдийн засагтаа оруулах хамгийн том хувь нэмэр юм. Өсөлт иргэдийн амьдралд наалдацтай байхад инфляци тодорхой түвшинд тогтвортой байх нь чухал билээ. Бидний зорьж буй “инфляцийн дарамтгүй эдийн засгийн тогтвортой өсөлт”-ийг   амжилттай хэрэгжүүлэхэд Та бүхний шийдвэр, үйл ажиллагаа ч багагүй нөлөөлнө гэдгийг энд онцлох нь зүйтэй. Тухайлбал:
·        Санхүүгийн салбарт хийгдэх реформын суурь болсон хуулийн шинэчлэлүүд маань УИХ-аас шууд хамаарна;
·        Төв банкны гол зорилго болсон инфляци тогтвортой байхад Засгийн газрын төсвийн бодлогын нөлөөг харгалзан үзэх шаардлагатай байдаг;
·        Үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлдэг валютын ханшийг тодорхойлж буй төлбөрийн тэнцэл өөрөө татварын бодлого, хөрөнгө оруулалт татах бодлого, эдийн засгаа төрөлжүүлэх бодлогоос шууд хамаатай.
Төв банкны мөнгөний бодлогоор зохицуулах аргагүй, эдийн засагт нийлүүлэлтийн талаас нь нөлөөлөх бодлогын өөрчлөлт, шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэхэд Та бүхний хүчин зүтгэл туйлын чухал байна. Ялангуяа, төлбөрийн тэнцлийг тодорхойлдог экспортыг дэмжих, импортыг орлох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажиллах хүчний бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийг олон тулгуурт, өрсөлдөх чадвартай болгох бодлогын бүтцийн реформууд үүнд хамаарах юм.
3.     Бодлого, реформуудаа нийгэмд үнэн зөв ойлгуулах
Аливаа реформ, шинэчлэлийг ажил хэрэг болгох, тууштай үргэлжлүүлэхэд нэгдсэн хүлээлт, ойлголт, байр суурь маш чухал нөлөөтэй. Бид ажил үйлээ нийгэмд үнэн зөвөөр ойлгуулж дэмжлэг авахгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй гэдэг нь өнгөрсөн жил гаруйн хугацаанд олон жишээгээр тод харагдлаа.
Өөрчлөлт шинэчлэлт, эдийн засгийн эмчилгээ өөрөө амаргүй зүйл. Үргэлж амттай сайхан байх ч албагүй бөгөөд, гашуун хэдий ч уух ёстой эм мэт байдаг. Энэ үед мэдээллийн дутмаг, хомс байдал нь нийгэмд буруу ойлголт төрүүлэх, зүй бус няцаалт шүүмжлэлүүд газар авах, улс төрийн болоод бусад зорилготой дайралтууд идэвхжих нөхцөлийг бүрдүүлдэг. Улмаар сайн бодлого хэрэгжихгүй байх, хэрэгжихэд саад учрах өндөр эрсдэлүүдийг бий болгож байна.
Иймд бид хийсэн ажлаа, хийж буй зүйлээ, тэдгээрийн үндэслэл шалтгаан, зорилгоо идэвхтэй түгээх, үнэн зөвөөр тайлбарлаж ойлгуулах шаардлага зүй ёсоор урган гарч ирж байгаа юм.
“Ямар ч сайн бодлого тайлбарлахгүй бол ойлгогдохгүй, ойлгогдохгүй бол дэмжигдэхгүй”гэдэг үгээр би яриагаа өндөрлөе.
Та бүхэнд баярлалаа! 
2018.01.19 Орхон аймаг, Сэлэнгэ амралт

2018/01/18

Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийн тулгуур нь санхүүгийн хэрэглэгч

Н.БАЯРТСАЙХАН: ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙН ТУЛГУУР НЬ САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧ

Сүүлийн үед дэлхийн улс орнууд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахыг чухалд үзэх боллоо. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхлээд, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийн ил тод байдлыг хангах, бизнесийн сайн арга барилыг мөрдүүлэх, маргааныг шийдвэрлэх зэрэг чиглэлээр хурдацтай дэвшлүүд бий болж байна. Энэ нь санхүүгийн хүртээмжийг дээшлүүлж, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн тулгуурыг бүрдүүлдэг байна. Монгол Улс ч олон улсын энэ чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахын тулд Төв банкин дээр ямар ямар ажил хийж байгаа талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцлаа.
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн баталгааг дээшлүүлэх нь Монголын санхүүгийн салбарт хийж буй нэг чухал шинэчлэл шүү дээ. Үүнийг яагаад хийх болсон бэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье.
- 2012 онд Дэлхийн банк манай улсад Санхүүгийн боловсрол, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж буй байдлын судалгааг хийгээд “Хангалтгүй байна, сайжруулах шаардлагатай” гэсэн дүгнэлтэд хүрээд хэд хэдэн зөвлөмж өгсөн байдаг. үнэхээр ч хууль эрх зүйн орчноос эхлээд, тэдгээрийг хэрэгжүүлэх институцийн оновчтой зохион байгуулалт, үүссэн асуудлуудад цэгцтэй анализ, дүгнэлт хийхэд туслах мэдээллийн нэгдсэн сан гээд Монгол Улсад дутуу зүйл олон. Иргэд, хэрэглэгчдийн хувьд ч эрх ашиг нь ямар тохиолдолд зөрчигдөж байгааг, зөрчигдсөн тохиолдолд хэнд хандаж яаж шийдвэрлүүлэх вэ гэдэг талаарх мэдлэг хангалтгүй. Монголбанкны зүгээс энэ байдлыг сайжруулах зорилгоор санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр улс орнуудын шилдэг туршлагыг судлах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, техник туслалцаа авах зэргээр нэлээд идэвхтэй ажиллаж байна. Сүүлийн жишээ гэхэд, бид Азийн Хөгжлийн Банктай хамтaрч ажиллан, үндэсний хэмжээний болон олон улсын хурлуудыг 2017 онд мэргэжлийн хүрээнийхний дунд зохион байгуулсан. Мөн өнгөрсөн 7 хоногт УИХ-аар батлагдсан Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар тодорхой заалт орсон нь томоохон дэвшил болсныг онцлох нь зүйтэй.
Ингэснээр Монголбанкинд санхүүгийн хэрэглэгч болон хадгаламж эзэмшигчийн эрхийг хамгаалахад суурилсан хяналт, шалгалтын эрх зүйн орчин бүрдэхэд нэг алхам ойртлоо гэж үзэж болно. Энэ сараас эхлээд Монголбанкнаас нийт иргэд, олон нийтэд хандсан “Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах” аяныг эхлүүлээд байна. Зөвхөн мэргэжилтнүүд төдийгүй, иргэд хэрэглэгчид өөрсдөө маш сайн ойлголттой байх нь чухал. Эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийн тулгуур нь өөрөө санхүүгийн хэрэглэгч юм.
Дэлхийн чиг хандлагыг харахад санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарал хандуулах болсны цаад ач холбогдол нь юу байж болох вэ?
- Санхүүгийн зах зээл маш олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон тэдгээрийн хэрэглэгчээс бүрддэг. Зохицуулагч байгууллагын зүгээс бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож буй санхүүгийн байгууллагуудыг хянах, үйл ажиллагааг нь найдвартай байлгах тогтолцоо, арга механизмыг нэлээд сайн хөгжүүлсэн. Тэгвэл сүүлийн үед эрэлт тал буюу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь эцсийн дүндээ эдийн засгийн тогтвортой байдал, хүртээмжтэй өсөлтийн нэг түлхүүр болдгийг судалгаа харуулж байна. Иймд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах сайн тогтолцоог бүрдүүлэхэд улс орон бүр зорих боллоо. Тухайлбал, энэ сэдвээр Дэлхийн банкнаас гаргасан сүүлийн тайлангаас харахад, тайланд бүртгэгдсэн 120 гаруй улс орны дийлэнх олонх нь аль нэг байдлаар анхаараад, холбогдох ажлуудыг хийж хэрэгжүүлээд эхэлжээ. 60 гаруй оронд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний стратеги хүртэл боловсруулаад хэрэгжүүлээд явж байна.
Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийн ил тод байдал, санхүүгийн байгууллагын бизнесийн арга барил, үүссэн маргааныг шийдвэрлэх 3 чиглэлээр түгээмэл хандаж байна. Эдгээр нь эдийн засгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Юуны өмнө, мэдээллийн ил тод байдлыг авч үзье. Технологийн дэвшил, санхүүгийн зах зээлийн хөгжилтэй зэрэгцээд өнөөдөр маш олон төрлийн бизнесийн модел, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болсон байна. Зөвхөн нэг банкны хувьд аваад үзэхэд зээл эсвэл хадгаламжийн бүтээгдэхүүн нь дотроо нэлээд олон төрөл зүйлтэй. дээр нь даатгал, хөрөнгийн зах зээл, банк бус санхүүгийн байгууллагууд, сүүлийн үед технологийн компаниуд хүртэл санхүүгийн үйлчилгээ санал болгоод эхэллээ. Ийм үед санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгож буй хэрэглэгч ямар бүтээгдэхүүнийг, ямар нөхцөлтэй авах гэж байгаагаа тодорхой мэдэх боломжтой байх нь чухал. Учир нь үнэн зөв мэдээлэл дээр суурилсан шийдвэр л илүү оновчтой, хариуцлагатай байдаг шүү дээ. Энэ нь эргээд эдийн засагтаа ч эерэг нөлөөтэй. Санхүүгийн зах зээлд оролцож буй хүмүүсийн мөнгөтэй холбоотой шийдвэрүүд оновчтой байх тусмаа л эдийн засаг тогтвортой байна гэсэн үг. Ингэснээр мөнгөний бодлого ч илүү үр дүнтэй хэрэгжихэд тустай. дараагийн нэг зүйл бол, хэрэв хэн нэгэн этгээд ямар нэгэн зүй бус, ёс зүйгүй эсвэл алдаатай буруу арга барилаар бизнес хийж байвал үүнийг таслан зогсоох нь зохицуулагчийн гол үүрэг.
Санхүүгийн систем маань өөрөө итгэл дээр тогтдог тул энэ нь маш чухал. Санхүүгийн ертөнц цахим хэлбэр лүү хурдтай шилжиж буй энэ үед мэдээллийн нууцлал, аюулгүй байдал ч чухал асуудлын нэг. Жишээ нь, хэрэглэгчийн утасны дугаараас эхлээд цалин орлого, өмч хөрөнгийн талаарх хувийн шинжтэй, зарим нь нууц байх учиртай мэдээллүүдийг банк хэр найдвартай хадгалж чадаж байна вэ гэдэг том асуулт юм. Мэдээж аливаа маргаан үүссэн тохиолдолд хэрхэн үр дүнтэй, хурдан шуурхай шийдвэрлэж байна вэ гэдэг зүйл яригдана. Энэ бүгдийг цогцоор нь агуулж буй санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо нь эцсийн дүндээ хэрэглэгчид тустай байхаас гадна санхүүгийн байгууллагад итгэх итгэлийг дээшлүүлэх, санхүүгийн үйлчилгээ тогтвортой байх, хүртээмжтэй байх нөхцөл болдог.
Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь санхүүгийн зах зээл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжтэй байдалд эерэг нөлөөтэй байх нь ээ. Энэ нь эдийн засгийн өсөлт илүү олон хүнд хүртээмжтэй байхад хувь нэмэр оруулах бололцоотой юу?
- Том зургаараа эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгох нэг хүчин зүйл гэж ойлгож болно. Сүүлийн үед дэлхий дахинд эдийн засагчид, бодлого тодорхойлогчдын толгойн өвчин болсон нэг асуудал бол нийгмийн тэгш бус байдал юм. даяарчлал хүчээ авч, олон улсын худалдаа асар ихээр тэлж, маш их хэмжээний баялаг, хөрөнгө бий болсон хэдий ч, баян, хоосны ялгаа нэмэгдлээ. Гэтэл үүн дээр нэмээд дэлхийг хамарсан томоохон эдийн засгийн хямрал тохиоход санхүүгийн хувьд хамгийн эмзэг бүлэг илүү хүчтэй өртөж, хямралын гол хохирогсод болсон. Баян, ядуугийн ялгаа ихэсч, тэгш бус байдал ийнхүү нэмэгдэх нь улс орны эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж, улмаар тогтвортой хөгжил, цаашлаад нийгмийн тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд тэгш бус байдлыг бууруулахын тулд “эдийн засгийн өсөлт өөрөө тогтвортой бөгөөд олон хүнд хүртээмжтэй байх ёстой” гэдэг зүйл аль ч улсад чухал болж байна. Өсөлт савлагаа багатай, нийгмийн олон давхаргад үр өгөөжтэй байсан цагт л ядуурал буурна, нийгмийн тэгш бус байдал багасна. Ийм өсөлтийг бий болгоход санхүүгийн үйлчилгээний хүртээмжтэй байдал маш чухал байдаг. Иргэдэд санхүүгийн эрсдэлээ илүү оновчтой удирдах боломжийг дээшлүүлдэг болохоор тэр. Тэгвэл санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах оновчтой тогтолцоог бүрдүүлснээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох боломж бий. Ингэснээр эмзэг давхаргад байгаа иргэд илүү хамгаалагдах, дундаж давхаргынхан ч эмзэг байдал руу унахгүй байх, цаашлаад бий болж буй өсөлтөд хувь нэмрээ оруулах, ашиг шимийг нь хүртэх боломжийг нэмэгдүүлдэг.
Таны ярианаас эдийн засгийн хүртээмжтэй өсөлт нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэр олон хүнд хүрч байгаагаас шалтгаалдаг гэж ойлголоо. Санхүүгийн хүртээмж дэлхийн улс орнуудад тэр дундаа Монголд ер нь хэр байна вэ?
- Монголын хувьд зарим тоон үзүүлэлтээр дэлхийн дунджаас хавьгүй өндөр байх нь бий. Тухайлбал, 15- аас дээш насны иргэдийн 90% гаруй нь данс эзэмшдэг гэсэн тоо нэлээд өндөр үзүүлэлт. Гэхдээ цаашид чанарын үзүүлэлтүүдийг сайжруулах, санхүүгийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зэрэг нь чухал юм. дэлхийд 2 тэрбум орчим хүн санхүүгийн ямар нэгэн үйлчилгээ авч чадахгүй нөхцөл байдалд байна. Эдгээрийн дийлэнх нь хөгжиж буй орнууд, ядуу буурай орны иргэд. Энэ нь мэдээж том эрсдэлийг бий болгох магадлалтай. Тухайлбал, өвчин дэлгэрэх, эсвэл гал түймэр, осол аваар гэх мэт эрүүл мэнд, эд хогшилд том эрсдэл учирсан үед даатгалгүйгээс болж санхүүгийн том дарамтанд унах, улмаар ядууралд гүнзгийрэн орох тохиолдол бий. Түүнчлэн орлого зарлагаа зөв хуваарилах, хуримтлал үүсгэх, эрсдэлээ оновчтой удирдах, шаардлагатай үедээ санхүүжилт авах г.м. санхүүгийн олон хэрэгсэл, үйлчилгээний гадуур үлдэх нь тухайн хүндээ ч, эдийн засагтаа ч хохиролтой. Тийм учраас санхүүгийн хүртээмж чухлыг яриад байгаа. Гэхдээ энэ байдал мэдээж сайжирч байна. Тухайлбал, 2011 онд дэлхийн хүн амын тэн хагас нь санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн статистик үзүүлэлт гарч байсан. Тэгвэл ердөө 3 жилийн дотор энэ үзүүлэлт 30% руу орж буурсан байдаг. үүнд нэг талаар интернет, ухаалаг төхөөрөмжүүд дэлгэрсэнтэй холбоотойгоор санхүүгийн хямд бүтээгдэхүүн, үйлчилгээний тархалт хүчтэй нөлөөлсөн. Мөн өмнө хэлсэнчлэн олонх улс орон, олон улсын байгууллагууд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад идэвхтэй ажиллаж байгаа нь ч томоохон түлхэц болсон гэж дүгнэж болно.
Төр хэдийгээр зохицуулагч ч гэлээ бүхнийг шийдвэрлэх боломжгүй шүү дээ. Иргэд, хэрэглэгчид тэгвэл өөрсдөө юунд анхаарах нь зүйтэй вэ?
- Тийм. Тухайн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулж хэрэгцээ шаардлагаа хангах гэж байгаа хүн бол хэрэглэгч өөрөө шүү дээ. Иймд иргэд санхүүгийн мэдлэг боловсролоо дээшлүүлж, өөрийн эрх ашиг, сонирхолд нийцсэн сонголтыг хийж чаддаг байх нь чухал. Мөнгө хөрөнгө, хүн хүч, мэдлэг туршлага гээд маш их нөөц чадалтай санхүүгийн байгууллагын үүдээр ороод, ширээний 2 талд сууж байгаад тэгш хэлцэл хийхийн тулд хэрэглэгчид санхүүгийн мэдлэг, боловсрол шаардлагатай. үүнд туслах зорилгоор төрөөс дэмжиж болно. Тухайлбал, манайд хэрэгжиж байгаа санхүүгийн боловсролын хөтөлбөрийн гол зорилго энэ шүү дээ. Зохицуулагчийн зүгээс мэдээж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажлынхаа хүрээнд санхүүгийн байгууллагуудад тодорхой стандарт, хэм хэмжээг мөрдүүлж ажиллуулна. дээр нь санхүүгийн салбарыг үр ашигтай, найдвартай байлгах дэд бүтцүүдийг нь хийж өгнө. Тухайлбал, зээлийн мэдээллийн санг хөгжүүлснээр хэрэглэгчийн талаар үнэн зөв мэдээлэл банкуудад хүрнэ. Ингэснээр сайн түүхтэй, эрсдэл багатай хүн бүр бага хүүгээр зээл авах боломж нээгдэнэ гэсэн үг.
Тэгэхээр санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр шинэчлэл өрнөж байна гэж ойлголоо. цаашид тогтолцоогоо боловсронгуй болгоход юу хийх ёстой вэ?
- Сайн тогтолцоо мэдээж институци, хууль эрх зүйн орчноос эхэлнэ. Өмнө хэлсэнчлэн, сая Төв банкны тухай хуулинд орсон өөрчлөлтөд энэ сэдэвтэй холбоотой зүйл заалт ч багтсан. цаашид Монголбанк 2018 онд багтаан санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэмжлэгтэйгээр УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх зорилготой ажиллаж байна. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг зохицуулах үүрэгтэй гол байгууллагууд ямар тохиолдолд юу хийж чадах вэ, юу хийх үүрэгтэй вэ гэсэн өөр өөрийн чиглэлээр эрх үүрэг нь тодорхой байснаар ажлын уялдаа, үр дүнтэй байдалд шууд нөлөөлнө. Санхүүгийн харилцагч иргэд ч эрхийнхээ хувьд илүү баталгаатай бас хамгаалалттай болно гэсэн үг. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд маань ил тод, үнэн зөв мэдээллээр хэрэглэгчдээ хангах, бизнесийн сайн туршлагыг нэвтрүүлж хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай. Аливаа санал гомдол, маргааныг хүндрэл багатай түргэн шуурхай шийдвэрлэх үйл явц, дотоод зохион байгуулалт ч үүнд хамаарна. Иймд боловсон хүчний мэргэжлийн ур чадвар, ёс зүйгээс эхлээд үйл ажиллагааны дүрэм журам чанартай байх хэрэгтэй. Тэгээд үүнийг нь дотооддоо хэрэгжүүлж, хөндлөнгөөс хянадаг сайн тогтолцоо бүрдүүлэх нь чухал юм. Хянана, зохицуулна гэдэг нь бизнесийн байгууллагуудад хүндрэл дарамт учруулах бус, харин тодорхой байдлыг бий болгох, эрсдэлээс сэргийлэх, өрсөлдөөн – инновацийг дэмжих зөв сэдлийг төрүүлэх дүрэм л гэсэн үг. Хэрэв санхүүгийн байгууллагын ажилтан хүн бизнесийн сайн арга барилаар, мэргэжлийн өндөр ёс зүйн хэм хэмжээнд ажлаа хийж гүйцэтгэж харилцагчдаа ч, өөртөө ч ашигтай бизнес хийж байвал зохицуулагчийн зүгээс заавал хатуу дүрэм тогтоогоод, хянаж шалгаад байх хэрэгцээ шаардлага бага шүү дээ.

Ярилцсанд баярлалаа.