Монгол улсын Ерөнхий сайдаа,
Хөдөөг хоршоолох аяныг нээж, Монголын хоршооллын
хөдөлгөөнд шинэ хуудас нээж байгаа Та бүгдийн амрыг эрж, мэндчилж байна.
Монгол орныхоо өнцөг булан бүрээс олон мянган
гишүүд, хамт олноо төлөөлөн Хөдөөг хоршоолох аяны нээлт, Хоршоологчдын үндэсний
III чуулганд оролцож байгаа хоршоологчид, Засгийн газрын гишүүд, аймаг сумдын
Засаг дарга Та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье.
2009 онд хуралдсан НҮБ-ын 64 дүгээр Ерөнхий ассамблейгаас Монгол
Улсын Засгийн Газрын санаачлагыг дэмжиж 2012 оныг “Хоршооллын олон улсын жил”
болгон зарласан билээ. Хоршооллын олон улсын жилийн ажил дэлхийн өнцөг булан
бүрт эрчимтэй өрнөж байна.
Өнгөрсөн оны 12-р сард Мексикийн Канкун хотод
Олон Улсын Хоршооллын холбооны Их хурал болж дэлхийн улс бүрээс ирсэн 2000
гаруй хоршоологчид хийх ажил, зорилтоо тодорхойллоо. Дэлхий даяараа хоршоо
хөгжүүлэх тухай ярьж байна. Өнөөдөр дэлхийн 7 тэрбум хүн амын 1 тэрбум нь ямар
нэг хоршоонд гишүүнчлэлтэй байна. 7 хүн тутмын 1 гэсэн үг. Үүнтэй зэрэгцэн
Монгол оронд хоршооллын хөдөлгөөний хөгжилд бодитой хувь нэмэр оруулах ажлууд
өрнөж эхэллээ.
Өнгөрсөн онд Монгол улсад хоршооллын хөдөлгөөн
үүсэж хөгжсний 90 жилийн ой тохиож энэ хүрээнд хоршооллын хөдөлгөөнийг дэмжсэн
олон сайхан ажлууд хийгдлээ. Мөн хөдөө аж ахуйн хоршоодын идэвхтэй
оролцоотойгоор хэрэгжих “Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн
хууль” УИХ-аар батлагдсан, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж
ахуйн хоршоодод анх удаа томоохон хэмжээний хөнгөлөлттэй зээл олгогдож
эхэлсэн зэрэг өргөн цар хүрээтэй ажлуудыг дурдахад таатай байна.
Засгийн газрын 95 тоот тогтоолоор Хоршооллын
олон улсын жилд Монгол Улсын Засгийн Газраас “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлж,
Хоршоологчдын үндэсний III чуулганыг зохион байгуулж байгааг ХАА-н салбарын
хоршоологчид Бид талархан хүлээн авч бүрэн дэмжиж байна.
Хоршоог хөгжүүлэх чиглэлээр төр засгаас
хэрэгжүүлж байгаа аливаа бодлого, үйл ажиллагаанд ХАА-н салбарын хоршоологчид
бид идэвхитэй оролцож хамтран ажиллахаа илэрхийлж байна.
Дэлхий нийтийн хөгжлийн түүхээс авч үзвэл
хоршооллыг хөгжүүлэхгүйгээр хөгжсөн улс орон байхгүй ээ. Ийм ч учраас дэлхий
нийтээрээ хоршооллыг хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж байна.
Өнөөдөр дэлхий даяар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл
тэр дундаа хүнсний бүтээгдхүүний үйлдвэрлэл онцгой ач холбогдолтой болж байна.
Дэлхийн хүн амын өсөлт эрчтэй явагдаж зарим улс оронд хүнсний хомсдол, өлсгөлөн
тохиолдож байгаа тул хүнсний үйлдвэрлэл маш чухал боллоо. Хүн
төрөлхтний өмнө тулгарч буй хүнсний хомсдлыг багасгах, хүнсний аюулгүй байдлыг
сайжруулах гол арга бол хоршоолох хөдөлгөөнийг өрнүүлэн хөгжүүлэх явдал юм.
Учир нь хүнсний бүтээгдхүүний ихэнхийг бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчид нь
хөдөө аж ахуйн болон хүнсний чиглэлийн хоршоо, түүний гишүүн фермерүүд
байна. Иймд хоршооны ирээдүй гэрэлтэй байна. Монголын хоршоологчид бид
ирээдүйгээ сайн сайхан гэрэл гэгээтэйгээр харж байна.
Хөрөнгө хөдөлмөрөөрөө хоршиж, хамтарч
үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нь бүтээмжийг өсгөх, илүү их баялаг бүтээх
бололцоо олгож, нийгмийн баялагийг иргэдэд тэгш хүртээж ажилгүйдэл,
ядуурлыг бууруулах, санхүүгийн хомсдолыг даван туулах, нийгэм эдийн
засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоршоог хөгжүүлэх нь манай орон шиг
хүн ам цөөтэй, зах зээлийн багтаамж багатай, өргөн уудам газар нутагтай хөгжиж
байгаа орны хувьд богино хугацаанд бага зардлаар ажлын байрыг бий болгох,
үйлдвэрлэлийг өргөжүүлж ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бидэнд олгох
болно.
Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний
Холбоо нь ХАА-н нэгдлийн холбооны дээд зөвлөлийн үргэлжлэл бөгөөд 1992 оны 1-р
сард хуралдсан ХАА-н Хоршоологчдын анхдугаар их хурлаар Монголын Хөдөө Аж Ахуйн
Хоршоологчдын Үндэсний Холбоо болгон шинэчлэн зохион байгуулсан.
Үндэсний холбоо нь хоршооллын хөдөлгөөнийг
эрчимжүүлж, хоршооллын байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар
тогтвортой хөгжлийн суурийг бий болгож улмаар улс орны нийгэм, эдийн засагт
тодорхой хувь нэмэр оруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бие даасан Төрийн
Бус Байгууллага юм.
Өнөөдөр манай холбоо 21 аймаг, нийслэлд Хөдөө аж
ахуйн хоршоологчдын салбар холбоо, ХАА-н хоршоологчдын ахмадын холбоо, үндэсний
хэмжээний 2 аж ахуйн нэгж, 8 дундын хоршоо, орон нутагт 400 орчим анхан шатны
гишүүн хоршоонд 110 мянга гаруй гишүүнтэйгээр улс орон даяар өргөн цар хүрээтэй
үйл ажиллагаа явуулж буй хоршооллын салбарын мэргэжлийн томоохон байгууллага
болж өргөжин тэлсээр байна.
Манай гишүүн хоршоодын дотор Говь-Алтай аймгийн
“Буян-Ундрал”, “Хужарт жавхлант”, Дорнод аймгийн “Дорнод галуут”, Ховд аймгийн
“Үр жимс”, Дархан-Уул аймгийн “Баянзөгий” зэрэг Улсын тэргүүний олон арван
хоршоод хоршооллын салбарын нүүр царай болон амжилттай ажиллаж байна. Мөн
бидний дунд Монгол улсын хөдөлмөрийн баатар Н.Намжиг, Б.Лувсан, У.Доржпалам,
Б.Доржсамбуу, гавьяат эдийн засагч Ү.Цэдэнбал, Н.Дэрийлаа, Ш.Тогоо, Н.Намжил,
Б.Авирмэд, Байгаль орчины гавьяат ажилтан Д.Цэндсүрэн нарын зэрэг хоршооллын
салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяат үйлстэнгүүд ажиллаж, амьдарч
байгаагаар бид бахархаж байдаг. Мөн Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын
үндэсний холбоо Олон улсын хоршооллын холбоонд Монгол орноо төлөөлөн ажиллаж
байна. Олон улсын хоршооллын холбооны гишүүн байгууллагын хувьд Монгол оронд
хоршооллын хөдөлгөөнийг жинхэнэ утгаар нь эрчимтэй хөгжүүлэх үүргээ нэр төртэй
биелүүлж ажиллах болно.
Манай холбооны Удирдах зөвлөлийн ээлжит III
хуралдаан 2012 оны 3 дугаар сарын 15-аас 17-ны өдрүүдэд хуралдаж, “2012
он-Хоршооллын олон улсын жил”-д олон чухал ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Тухайлбал баруун бүсийн хоршоологчдын зөвлөгөөн үзүүлэх сургуулийг 7 дугаар
сард Баян-Өлгий аймагт, зүүн бүсийн зөвлөгөөн, үзүүлэх сургуулийг Хэнтий
аймагт 8 дугаар сард, мөн 9 дүгээр сард Зүүн Азийн ХАА-н байгууллагуудын 22 дахь
удаагийн дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах болно.
Канадын Кьюбек хотод 10 дугаар сард болох Олон
улсын хоршооллын дээд хэмжээний уулзалт, 11 дүгээр сард Английн Манчестер хотод
болох Олон улсын хоршооллын холбооны онц их хурал, хоршооллын олон улсын
үзэсгэлэн яармаг, 12 дугаар сард зохион байгуулагдах “Хоршооллын олон улсын
жил”-ийн хаалтын ажиллагаанд оролцох болно. Дээрх арга хэмжээнүүдэд дэлхийн
хоршоологчидтой хамтдаа оролцохыг Та бүхнээс уриалж байна. Олон улсын
хоршооллын холбооны гишүүн байгууллагын хувьд Та нарын санаачлага, зүтгэлийг
бүх талаар дэмжиж хамтран ажиллахад бид бэлэн байна.
Үндэсний холбоо монголын хөдөөд хоршоог
хөгжүүлэх, улмаар хоршооллын байгууллага, хоршоологчиддоо тус дэм болохыг цаг
ямагт хичээн ажиллаж байна. Тухайлбал үндэсний үйлдвэрлэгч MGM групптэй
хамтран “Мэдээлэлжсэн хөдөө аж ахуй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хоршооллын
салбарт ажиллаж байгаа боловсон хүчнүүдийн мэдлэг боловсрол, ур чадварыг
дээшлүүлэх зорилгоор Хоршооны мэргэжил, сургалтын төвийг байгуулж “Хоршооны
дарга, менежер”-ийн сургалтыг өнгөрсөн оноос эхлэн сар тутам явуулж
байгаа нь бодит үр дүнгээ өгч байна. Бид www.namac.coop гэдэг вэб сайт хөтлөн
явуулж хоршоологчдодоо мэдээлэл өгч байгаа.
Өөрийн вэб сайтаар дамжуулан хоршооллын талаарх
мэдээллийг шуурхай хүргэх, аймгийн холбоо, хоршоодтой Он-лайн семинар, сургалт
зөвлөгөөн зохион байгуулах зэргээр энэ салбарт шинэлэг ажлуудыг санаачлан
хэрэгжүүлж байна. Манай байгууллага төр засгийнхаа энэ салбарыг хөгжүүлэх
талаар баримтлаж байгаа бодлого шийдвэрийг дэмжиж, түүнтэй үйл ажиллагаагаа
уялдуулан урьд урьдынхаас илүү нягт хамтарч ажиллах болно гэдгээ дахин
илэрхийлэхийг хүсэж байна.
“Хөдөөг хоршоолох аян”-ыг амжилттай
хэрэгжүүлэхэд хоршоологчид бидний үүрэг оролцоо, идэвх, санаачлага шийдвэрлэх
үүрэг гүйцэтгэх болно. Бидний үйл ажиллагаанд дэмжлэг болж, Засгийн газрын
зүгээс дараах хэдэн ажлыг хэрэгжүүлмээр байгаа юм. Үүнд:
1. Хоршооны мэргэжилтэй
боловсон хүчин бэлтгэхэд ач холбогдол өгч ХААИСургууль зэрэг томоохон их дээд
сургуулиудад хоршооны дарга, менежерийн мэргэшүүлэх дамжаа, цаашдаа мэргэжлийн
анги нээж хичээллүүлэх
2. Ерөнхий боловсролын дунд
сургуулиудын сургалтын хөтөлбөрт хоршооны тухай мэдлэг олгох хичээлийг оруулж,
хүүхэд багачуудад багаас нь хамтын аж ахуйн давуу тал, ашиг тусыг ойлгуулах
ажлыг зохион байгуулах
3. Хоршоолол хөгжсөн улс
орнуудын туршлагаар хоршооллын банк байгуулахад гарааны хөрөнгийн
тодорхой хэсгийг Засгийн газраас гаргаж, бодит ажил болгон хэрэгжүүлэх
зэрэг болно.
Бидний туулж ирсэн өнгөрсөн XX зуун бол ерөнхийдөө
компанийн засаглал давамгайлсан 100 жил байсан бол өнөөдөр дэлхийн хүн
төрөлхтөн XXI зууныг хоршооллын зуун хэмээн тодорхойлцгоож байна. XX зууны
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал Монголын хөдөөг
нэгдэлжүүлэн хоршоолох хөдөлгөөнийг хошуучлан удирдаж хэрэгжүүлсэн бөгөөд
тэрээр хожим дурсахдаа “Монгол оронд нэгдэлжих хөдөлгөөн ялсан нь 1921 оны
ардын хувьсгалтай эн тэнцэхүйц үйл явдал болсон” хэмээн тэмдэглэн үлдээсэн
байдаг.
ХАА-н нэгдэл нь Монгол орны хөдөө нутгийн нүүр
царайг бүхэлд нь өөрчлөн их бүтээн байгуулалтыг өрнүүлэн соёл, боловсрол, эрүүл
мэндийн салбар орон нутагт хүрч үйлчлэх үндсэн нөхцлийг бүрдүүлж, хүн амаа
эрүүлжүүлэх, бүх нийтийн боловсролтой болгоход чухал хувь нэмэр оруулсан
билээ. Хөдөө аж ахуйн нэгдлээс улс орны хөгжилд оруулсан үүрэг оролцоо их
боловч зарим талаар учир дутагдалтай зүйл байсныг бид бас хүлээн зөвшөөрдөг.
Та бид өнгөрсөн түүхийн алдаа, онооноосоо суралцаж, Монголын
Хөдөөг хоршоолох хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж төгс амжилтанд хүргэж
чадваас томоохон шинэчлэлт, өөрчлөлтийг Монголын хөдөөд авч ирнэ гэдэгт бүрэн
итгэлтэй байна. Монголын хөдөө хөгжвөл Монгол улс хөгжинө, дэвшинэ.
Монгол улсын өнөөгийн төр засгаас санаачлан
эхлүүлж буй “Хөдөөг хоршоолох аян” бол хоршоологч бидний хувьд сайхан боломж,
завшаан юм. Энэ боломжийг бид бүхэн хаа хаанаа оновчтой ашиглах хэрэгтэй.
Бүгдээрээ хамтдаа хүчээ нэгтгэн нэгэн санаа зорилго, хүсэл тэмүүлэлтэйгээр
Монгол оронд хоршооллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө зүтгэцгээе гэж
уриалж байна.
Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан Монголын
нийт хоршоологчид, олон түмэндээ Баясгалан хэмээх Усан луу жилдээ эрүүл энх
байж, “Хөдөөг хоршоолох аян”-ыг хэрэгжүүлэх ажил үйлсдээ өндөр амжилт
гаргахыг хүсэн ерөөж байна.
Монголын хөдөө хоршооллоор цэцэглэн хөгжих болтугай.