2012/04/16

Манай орны нийгэм эдийн засгийн байдал

Одоогийн нөхцөл байдлын талаар ярихын өмнө өнгөрсөн түүх, үе рүү эргэж нэг харах нь зөв. Би түүхч, судлаач биш. Гэхдээ түүхээ харахад 3-4 өнгө тодорч надад харагддаг.
  • Хөх монгол
  • Саарал монгол
  • Шар монгол
  • Улаан монгол
    Хөх Монгол гэдэгт Их Монгол улс байгуулагдан дэлхийд шинэ журам, дэглэм тогтоох гэж явсан түүхийг би ойлгодог. Энэ үе 1368 онд Тогоон Төмөр хаан Юань гүрнээ орхин хөөгдөж ирэх хүртэл үргэлжлэв.

Үүний дараа Монгол улсын хувьд хүнд хэцүү үе эхэлсэн юм. Манжийн хааны цэргийн хэд хэдэн цуваа орж ирж байв. Нийслэл Хархориныг газартай тэгшлэн шатааж устгаж байв. Монголчууд олноороо хядагдан цөөрч байв. Ялангуяа тэмцэж боссон ард олныг онц хэрцгийгээр дарж байжээ. Гадны аюулаас гадна дотоодын тэмцэл зөрчил дээд цэгтээ хүрч байв. Хаан ширээ, эрх мэдэл, газар нутгийн төлөө хийж байсан тулаан, тэмцлийг тоолж барахгүй. Олон мянган хүний амь нас золиослогдсон. Маш их үймээн самуунтай он жилүүд байсан тул надад саарал өнгөтэй харагддаг.

1644 онд Өвөр монголын 44 хошууны ноёд цуглан хуралдаж Манж чин улсад дагаар орох талаар тохирсон байна. Энэ үйл явдал үргэлжилсээр 1790 оны орчимд Манж Чин улсын мэдэлд Өвөр Монгол, Халх монгол, Баруун монгол бүхэлдээ орж эзлэгдсэн байлаа. XVIII, XIX зуунд Монгол оронд шарын шашин маш хүчтэй дэлгэрсэн юм. Монголчууд бурханыг хайж, түүнд биширч, итгэл найдвараа илгээж байв. Иймээс шар монгол гэж болмоор санагдав.
XX зууны эхэн үеийн манай орны нийгэм, улс төр, эдийн засгийн байдлыг Хаант орос улсаас Хүрээнд консулаар сууж байсан Кростовец хэмээх дипломатын “Монголд өнгөрөөсөн 9 сар” номонд сонирхолтой бичжээ. Та нар уншаарай.

1909 онд Манжийн эзэн хаан нас барж, түүний хүү 3 настай Пү-И хаан ширээнд суусан байна. Энэ боломжийг ашиглан Хятад улсад олон жил оршин тогтносон Чин гүрнийг халж Бүгд Найрамдах засаглалтай улс 1911 онд байгуулагдсан. Ийнхүү төр эргэж, үймээн самуурсан үеийг Монголын ноёд овжин ашиглан 1911 оны 12 сард Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан билээ.

1921 оны Ардын хувьсгалаас эхлэлтэй түүх, улаан тугаа мандуулсан улс орны хөгжил, замналыг бид сайн мэднэ. Олонхи нь өөрсдөө энэ түүхээр замнаж бүтээлцэж ирсэн. Энэ бол үндэстний хувьд сэхэн сэргэсэн, хөгжиж дэвшсэн, хүн амын тоо өсөж, боловсрол, эрүүл мэнд хувьд ахиж өөдөлсөн түүх юм. 

Хөгжлийн одоо цаг үеийг би ямар өнгөөр будаж, нэрлэхээ сайн тогтоогүй байгаа. Та нар туслаарай. Цагаан түүх, Цагаан үе байгаасай гэж хүсэх юм.
Манай нийгэмд олон өөрчлөлт дэвшил гарав.
1.     Монгол эрх чөлөөтэй, тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь тогтоосон улс болов.
2.     Монголчууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өмч хөрөнгөтэй болох, дэлхий ертөнцөөр аялах, хаана ч сурч мэргэжил эзэмших эрхтэй болов.
3.     Эдийн засгийн, аж ахуй эрхлэх олон хэлбэр хөгжиж, гадаад харилцаа өргөжиж, олон улс орны анхаарал Монголд төвлөрч байна. Байгалийн баялагаа аж ахуйн эргэлтэнд оруулж эхэллээ.
Гэхдээ олон сорилт бидний өмнө зогсож буйг сайн харах хэрэгтэй болов.
1.     Хүн амын ядуурал өндөр хувь хэмжээтэй байна - 40%
2.     Архидалт – Үндэсний аюултай үзэгдэл болов. 1 хүн жилд 43 л архины хэрэглээтэй.
3.     Авилга, албан тушаалаа урвуулан ашиглах нь нийгэмд шударга ёсны ойлголтыг устгадаг тул томоохон зөрчил, тэмцлийн суурийг тавьдаг.
4.     Аборт – 1990 оноос хойш 1 сая хүүхэд эхийн хэвлийд устгагдсан байна.
5.     Эрдэс баялагаа зүй зохистой ашиглаж чадахгүй, байгаль орчноо эвдэж, сүйтгэх явдал гарч байгаа нь хүмүүсийн амьдралд бэрхшээл үүсгэв.
6.     Ажилгүйдэл ихсэж, нийгмийн хэт хавтгайрсан халамж нэмэгдэж байгаа нь олон түмний амьдрах чадварыг султгаж, амьдрах, ажиллах, хөдөлмөрлөх идэвхийг бууруулж байна.
Цаашид яах вэ? Ямар гарц байна вэ гэдэг дээр саналаа хэлье.

Энэ талаарх өөрийн байр сууриа “Эдийн засгийн өсөлт ба түүний хүртээмж” нийтлэлдээ би илэрхийлсэн. Та нар үзээрэй. Тэнд байгаа санаагаа давхардуулахгүйгээр ерөнхий хэдэн зүйл яръя.
1.     Манай орны түүхийг харахад “эв нэгдэл бүхнээс чухал” гэдэг нь хүн ардын цусаар бичигдсэн зарчим юм. Эвсэж нэгдсэн цагтаа хүчтэй, салж бутарсан цагтаа бусдын идэш болж байжээ. Аливаа улс орон өөдлөхөд нийгмийн элит хэсгийн ойлголцол, эв нэгдэл чухал үүрэгтэй байдаг. Үүнийг монголчууд “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэжээ.
2.     Хуулийн мөрдөлт, биелэлтийг чангатгахгүй бол дураараа дургисан “чадаж буй юманд арга байхгүй” гэсэн танхай улс болох нь ээ. “Монголын хууль 3 хоног” хэмээн ярьдаг байсан нь гарсан хуулийг 3 хоног мөрдөөд зогсоно гэсэн утгаар бус харин аль ч хууль, хааны зарлиг монголын эзэнт гүрний аль ч өнцөг, алслагдсан нутагт 3 хоногийн дотор очиж байсан тул гарсан хэллэг юм.
3.     “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх үгийг буруу ойлгох, тайлбарлах явдал нь хортой үр дагавартай байна. Үүнээс болж жаахан хөрөнгөтэй болмогц хүмүүс төрд шургах гэж зүтгэх болов. Гэтэл энэ хэллэг бол шашнаас гаралтай бөгөөд сэтгэлийн заслын чиг зүгийг заасан утгатай байх нь ээ. Өөрийн сэтгэлээ засаж, бусдын төлөө зүтгэх, хариуцлага хүлээх чадвартай болоод гэр орноо үүсгэ, эргэн тойрны хүмүүс аав, ээж, ах дүү нар, ойр садныхандаа үлгэр жишээ болоо, тэднийг гэм хор, нисваанисаас салахад тус бол гэсэн утгатай юм. Ингэж чадвал олон түмний төлөө зүтгэж, буян үйлд, эх болсон зургаан зүйл, хамаг амьтны төлөө амьдралаа зориул хэмээн сургажээ. Ийм агуу сургаалыг бид өөрсдийн ахар ухаан, богино бодлоороо буруу ойлгож, хэтэрхий материаллаг, эд баялагийн агуулга оруулсан нь буруу үр дагавар чирч ирэн төр олигархуудаар дүүрэх нөхцөл байдал үүсгэж байна.
4.     Олон түмэнд аль болох хөдөлмөрлөх, ажиллах нөхцөл бүрдүүлж байх нь юу юунаас үнэтэй. Тэжээврийн сэтгэлгээнд дасгаж хэрэггүй. Хоршоо хөгжүүлэх нь хамтарч хөдөлмөрлөх, амьдралаа өөд татах, ядуурлаас гарах том сургууль. Тэр тусмаа Монголчуудад. Бид бол мал маллан, уул уулын аманд амьдарч, харьцангуй бие даан “Бор гэртээ Богд, хар гэртээ Хаан” болж ирсэн ард түмний удам угсаа. Бид хамтран нэгдэж, хоршиж, хөдөлмөрлөн амьдарч байж л улс орноо дэгжүүлнэ. 


Та нарт амжилт хүсье. Амгалан тайван, сайн сайхан амьдраарай.


No comments:

Post a Comment