Гадаад улс орны Их, Дээд
сургуулиудад Монгол судлалаар мэргэшсэн цөөн тооны эрдэмтэд ажилладаг. Миний
бие Орос, Хятад, Франц, Америк, Польш, Герман, Монгол судлалын эрдэмтэдтэй янз
бүрийн цаг хугацаанд уулзаж байсан. Тэд үнэхээр Монголд хайртай, сайхан
сэтгэлтэй хүмүүс байдаг. Манай орны талаар судалгаа хийж сурч мэдсэнээ оюутнууд
болон тухайн орны олон нийтэд хүргэхийг эрмэлзэж байдаг. Бас биднийг
анхааралтай ажиглаж Монголын ололт амжилт бүрт баярлан хөөрч, алдаа бүтэлгүйтэл
бүхэнд маань харамсан гашуудаж байдаг юм билээ.
Саяхан би Польш улсад очиж
тэнд Монголыг гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзав. Тэд уул уурхайн баялагаа
зөв зохистой ашиглаарай, улс орондоо, хүн арддаа зориулаарай, Монгол улс
удахгүй Арабын Катар болох уу? эсвэл Африкийн Нигер улс шиг болох уу? Сайн
бодоцгоо, ухаантай байцгаа, эв эеэ хичээцгээ хэмээн намайг үдэж явуулсан билээ.
Манай улс, Монголчууд бид нэг
үеэ бодвол хөрөнгө санхүүгийн хувьд өөдлөж, сайжирч байна. Одоо гадны Монголч
эрдэмтэдээ дэмжих, тэдний судалгааг санхүүжүүлэх зорилгоор шагнал, грант
олгодог болох цаг болсон. Тэдэнд дэмжлэг илүүдэхгүй. Саяхан гадны 2 эрдэмтэнд
миний бие Монголд үйлдвэрлэв гэсэн бичигтэй “MGM” компаний 2 Lap-Top бэлэглэхэд
сэтгэлээсээ баярлаж л харагдсан. Монголч эрдэмтэд, судлаачдад зориулсан тусгай
хөтөлбөр, хөрөнгө гарган дэмжих явдал чухал болжээ, Монголчуудаа.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
2012 оны 08 дугаар сарын
31-ний өдөр
No comments:
Post a Comment