2012/08/08

Португал

Төр улсын буян, хайр хишгээр дэлхийн 60 гаруй оронд очиж үзсэн байна. Гэхдээ Португалд очих хүсэл мөрөөдөл байсан хэдий ч амжихгүй явсаар байсан юм. Сая очоод ирлээ. Энэ тухай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцъя.
Цаашид явсан орон, уулзсан ард олны талаар бичиж байх нь зөв санагдав. Энэ талаараа Олимпийн хорооны гишүүн Магван гуай үнэхээр гайхалтай. 1966 оноос эхлэн ОУОХ-ны гишүүнээр ажиллахдаа олон газар очиж, олон хүнтэй уулзахдаа өдөр бүр тэмдэглэл хөтөлж явсан байдаг. Над шиг явж ирээд бичих бус, өдөр бүр төрсөн сэтгэл, болсон үйл явдлыг бичиж үлдээж байжээ.
Португал, Испанид очих хүсэл сэтгэл хүүхэд насанд минь төрсөн юм. Намайг 6-7 ангид сурч байхад Улсын Багшийн Дээд Сургуульд ажиллаж байгаад албан тушаал бууж дунд сургуулийн багшаар 2 жил ажиллахаар ирсэн Жанчив гэж багш бидэнд газар зүйн хичээл заах болов. Хожим сонсвол архи ууж дээд сургуулийн оюутнуудад заах хичээлээ хойшлуулсан тул сахилгын шийтгэл хүлээсэн бололтой. Тэр багш бидэнд дэлхий ертөнцийн талаар гайхалтай сайхан зүйл ярьж бидний оюун санааг тэлсэн юм. Дэлхийг тойрсон Магелланы аялал, Энэтхэгийг нээсэн Васко Де Гамо, Англи, Франц, Испани, Португал, Итали орнуудын талаар сайхан ярина. Италийн Коллозейн талаар анх тэр хүнээс сонсож байв. Газар дундын тэнгисийг хүрээлсэн хүчирхэг соёл иргэншил үлгэр мэт сонсогдож байсан.
Португал Перинейн хойгт оршдог. Нэг талдаа Атлантын тэнгис, нөгөө талаараа Испанитай хиллэдэг. 88500км2нутагтай, 10.6 сая хүн амтай, Нийслэл нь Лиссабон. Түүх сударыг нь авч үзвэл манай эриний өмнөх он жилүүдэд Римийн эзэнт гүрний нэг муж, зах хязгаар байсан бололтой.
Манай эриний эхний зуун жилүүдэд мавр буюу Африк гаралтай омгууд ирж суурьшиж байсан. Тэдгээрийг европ гаралтай загалмайтнууд, цэргүүд ирж хөөж явуулснаар 1139 онд Португал улс байгуулагдсан гэж үздэг байна. Хожим 14-15 дугаар зуунд далайн хүчирхэг улс болсон хэдий ч 1580-1640 онд Испанид, 1807-1810 онд Францад эзлэгдэж байжээ. Эдгээрээс чөлөөлөгдөж тусгаар улс болоход Их Британи улс тусалж байсан. Ер нь Английн нөлөө Португалд маш их ажиглагдаж байв. Ялангуяа Порто хот бол англи хот мэт надад сэтгэл үлдээсэн.
1910 онд хаант засаглалаа халж Бүгд найрамдах улс болсноо зарласан. 1932 онд Сангийн сайд байсан А.Салазар төрийн эргэлт хийж, хатуу диктатур бүхий төр улс байгуулсан бөгөөд энэ нь 1974 он хүртэл тогтножээ. 1974 онд цэргийн эргэлт гарсанаар диктатурыг халж, иргэний нийгэм байгуулж эхэлсэн гэв. 1986 онд Европын холбоонд элссэн, одоо улсын ерөнхийлөгчөөр Анибал Силба ажиллаж байна.
Лиссабон бол түүх дурсгалтай олон газар, сүрлэг хөшөө ихтэй сайхан хот. Цагаан хот гэж нэрлэж болно. Учир нь гудамжны замаа жижиг цагаан чулуугаар чигжиж тавьсан тул өдөр, шөнө ялгалгүй гэрэлтэж байдаг. Эртний хот буюу old city гэсэн хэсгээр явган алхаж явахад зугаатай. Хоол нь голдуу далайн гаралтай, хямд. Бас португал вино бол сайн чанартай бөгөөд хямд үнэтэй. Португалд ургадаг модоор дарсны бөглөө хийдэг бөгөөд үүнийг дарс үйлдвэрлэгч бараг бүх улсад экспортолдог ашигтай бизнес тул “ногоон тос” хэмээн нэрлэдэг. Эдийн засгийн гол салбар нь үйлчилгээ, аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалан, жимс жимсгэний аж ахуй, загас агнуур, дарс үйлдвэрлэл, аж үйлдвэрлэл юм.
Надтай уулзсан, ярьсан хүмүүс Европын эдийн засгийн хямралд их санаа зовж байв. Одоохондоо Португалд хямрал сүрхий мэдрэгдэхгүй байна, гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал боллоо гэж байв. Учир нь эдийн засгийн гадаад харилцааны 80 хувь нь Испани улстай хийгддэг бөгөөд тэнд байдал хүндэрч эхэлсэн тул тун удахгүй бидний амьдралд тусна хэмээн тэд үзэж байна. Хямрал хүн ардын амьдралд тун хүндээр тусдаг. Үйлдвэрлэл, үйлчилгээ хумигдан хэрэгцээ буурсны улмаас аж ахуй, компаниуд үүдээ барьж, үйл ажиллагаагаа зогсоосноос улбаалан ажлын байр хаагдаж ажилгүй хүмүүс олноор бий болдог. Ажилгүй бол орлогогүй, орлогогүй бол зээлээр авсан байр, машин, хүүхдийн сургалтын төлбөрөө төлж чадахгүй болно. Ингээд л нэг өдөр машингүй, нөгөө өдөр толгой хоргодох байргүй болж эхэлдэг байна. Зүрх өвдмөөр дүр зураг даа. Өнөөдөр Испанид гэхэд л хөдөлмөрийн чадвартай хүн амын 21 хувь нь ажилгүй байна.
Лиссабоны эргэн тойрны жижиг хотууд, цайз, дурсгалт газраар явж үзэв. Та нар миний авсан зарим зургийг веб сайтад байгааг хараарай. Үлгэрийн мэт санагдах газар очиж үзэв.
Лиссабоны дараа Порто гэдэг хотод очив. Портвейн хэмээх дарс монголд худалдаалагддаг байсан нь энэ хотоос гаралтай аж. Portowine гэсэн үг. Сонин чамин хот юм. Англичууд энэ хотыг байгуулахад ихээхэн нөлөөтэй байсан нь газар сайгүй харагдана. 300 орчим мянган хүн амтай, олон улсын нисэх онгоцны том буудалтай хот. Цаг агаар нь их тааламжтай юм билээ. Лиссабонд өдрийн цагаар 34-36 цельсийн градус хүрч халан гарч явахад амаргүй байсан бол Портод өглөөгүүр сэрүүн манантай, үд орчимд 25-27 градус, оройн цагаар сэвэлзүүр салхитай, халуун биш, бас хүйтэн ч биш тааламжтай.
Португалд казино олноор харагдсан. Цагтаа Африк, Бразил, Макао, Филиппин, Энэтхэгийн Гоа зэрэгт ноёрхож нөлөө тогтоож байсан. Эдгээр улс орны иргэд олноор Португалд ирж суурьшсан нь харагддаг, интернационал ард түмэн. Гадны хүмүүст хамгийн найрсаг орноор Португал олон жил тооцогдож байгаа гэсэн.
 Ийм газар яваад ирснээ товч бичив. Ур дүй муутайхан бичсэнийг өршөөж үзээрэй.
Та бүгдэд сайн сайхныг хүсье.

2012 оны 8-р сарын 8

No comments:

Post a Comment