Өнгөрсөн амралтын өдрүүдэд Цонжин Болдог, Тэрэлж, Төв аймгийн Эрдэнэ сумы
нутаг дахь 13 дугаар зуун цогцолбор зэрэг газраар яваад ирлээ. Гадаадын эрдэмтэн ирсэн
тул түүнд Улаанбаатар орчмын газар нутгийг үзүүлсэн хэрэг. Тэр хүнд таалагдсан бололтой, сайхан сэтгэлтэй ирэв. Харин надад нэг зүйл нилээд хачирхалтай санагдав. Энэ нь Налайхын баруун урд оршдог Зуун мод хэмээх газрыг барилгын түүхий эд, элс бэлтгэдэг цэг болсноос тэр орчим ундуй сундуй нүх цооног болгож хаясан явдал юм. Тэнд өдөржин шөнөжин элс ачиж байна. Гэтэл энэ бол монголын түүхэнд бичигдсэн, хайрлан хамгаалах учиртай газар билээ.
Одоогоос 320 гаруй жилийн өмнө Монгол цэрэг болон Манж Чин Улсын харийн түрэмгийлэгчдийн хооронд сүүлчийн томоохон тэмцэл тулалдаан Зуун мод орчимд болсон гэдэг. Хүч тэнцвэргүй хатуу ширүүн дайн болсон байна. Манжийн Энх-Амгалан хаан 200 орчим мянган цэргээ өөрөө удирдан Халх монголд цөмрөн орж ирсэн бөгөөд түүний эсрэг Галдан бошигт хааны 50 гаруй мянган цэрэг тулан тэмцсэн гэдэг. Энэ тулалдаанд хааны хатан Ану эр нөхрөө аврахын тулд Бошигтын малгай, хуяг дуулгыг өмсөн цэрэг командлан тулалдаж баатарлагаар амь насаа алджээ. Шархтаж цэрэг удирдах аргагүй болсон Галдан хаан амьд үлдсэн цөөн тооны цэргийн хамт тулалдааны талбараас зугтсан байдаг. Ингэхлээр Зуун мод нэртэй энэ газар бол гарцаагүй л Монголын түүхт бүс нутаг, энд эх оронч олон эрс үүрд нойрсож буй. Гэтэл бид гадны голдуу гаралтай аж ахуйнуудад ухуулан сэндийчүүлж суудаг нь даанч харамсалтай.
1812 онд Москвагийн ойролцоо Бородино тосгоны дэргэд нэг талаас Оросын алдарт жанжин Кутузовын, нөгөө талаас Францын эзэн хаан Напалеоны цэрэг нүүр тулан тулалдсан
бөгөөд оросын цэрэг ухарч Москва хотыг француудад тавьж өгч эзлүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч Оросууд Бородины тал нутгийг хэрхэн хайрлаж, хөшөө дурсгал босгож, жил бүр 1812 оны дайныг харуулсан жүжигчилсэн тоглолт-тулаан хийж хүн ардаа, ялангуяа залуу үедээ хэрхэн эх оронч үзэл, хүмүүжил олгож байдгийг би нүдээр харж байсан.
Өчигдөр 2012 оны 9-р сарын 2-нд Бородины талбайд томоохон ёслол болж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон Оросын томчууд бүгд оролцов. Орос
орон 1812 оны тулалдааны 200 жилийн ойг нижгэр тэмдэглэж байгаа нь энэ ажгуу. Бусад улс орнууд түүхээ, түүхэн үйл явдлаа ингэж хүндэтгэж байна. Гэтэл монголчууд бид Чингэс гэдэг нэрээс өөр нэр, бусад үйл явдлыг бараг мэдэхгүй шахам, тэгээд ганц мэддэг нэрээ бүх зүйлд, гүйлгээнд оруулан архи, тамхиа хүртэл нэрлэж дэндүү хүндэтгэлгүй амьдарч байгаа нь харуусалтай.
Напелеон 1815 онд цэргээ удирдан Английн цэргүүдтэй Waterloo хэмээх газар тулалдан ялагдаж, өөрөө олзлогдон Ариун Еленагийн аралд цөлөгдсөн билээ. Гэтэл энэ тулаан болсон газрыг Европын нэгэн түүхт нутаг хэмээн хамгаалж, хөшөө дурсгал босгон хүндэтгэл үзүүлсээр л байна.
Иймд миний бие дараах санал дэвшүүлж байна. Эхний ээлжинд Зуун мод, Тэрэлжид элс олборлохоо зогсооё. Одоо аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйдад өөр элстэй газар зааж олгоё. Дараа нь тэр орчмыг тэгшлэн засаж хамгаалан тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдэд зориулсан хөшөө босгож, түүхэн дурсгалтай газар нутаг хэмээн зарлан хамгаалж авъя.
Эх орноо, түүхээ, газар нутгаа хайрлан хамгаалж явъяа, Монголчуудаа!
Бурхан гуйсан ч миний нутгийн газар шорооноос алга дарамыг ч бүү олго, сэтгэлдээ багтааж чадвал аливаа үйл хэрэгт том багын ялгаа үгүй хэмээн улс орноо хамгаалан
тэмцэж явсан эх орончидтой холбоотой дурсгалт газруудаа хамгаалж байх
нь газар нутаг, тусгаар тогтнолоо баталгаажуулах чадвар болой.
2012.09.03
No comments:
Post a Comment