2013/07/29

2013 оны зун

UCLA
Бага охин сургууль төгсөв. UCLA гэж нэртэй сургууль. Төгсөлтийн баярт очиж оролцов. Жилд 10 мянга орчим оюутан төгсдөг гэнэ. Золбоотой сайхан залуус дипломоо гардан авах баярыг нэг өдөр хийдэг юм байна. 6-р сарын 14-нд болсон. Төгсөгчид эцэг, эх, ах дүүсээ дагуулан ирдэг тул монголчуудын наадам болох мэт олон хүмүүс цугладаг байна. Надад таалагдсан зүйл бол төгсөгчид бүгд адил нэг жигд хувцастай. Нөмрөг, малгай, зүүлт. Ямар ч ялгаагүй, эр эмгүй бүгд жигд адил цэнхэр хувцастангууд. Энэ олон залуус амьдралын шинэ замд гарлаа.
New York
Төгсөлтийн баярын дараа New York очив. Энэ алдарт хотын талаар хүмүүс сайн мэдэх тул зарим зүйлийг товч бичье.
Times square гэх хамгийн том талбай, гудамжинд 17 мянган эмэгтэй амралтын өдрөөр цуглаж бясалгал хийж байгаатай тааралдав. Америкт сүүлийн жилүүдэд оюун санааны, сүнслэг амьдралыг эрэлхийлэх явдал хүчтэй хөгжиж байгаа мэт санагдана. Бясалгал, иог, зөв эрүүл амьдралыг сурталчлах олон сургууль, газрууд  ажилладаг юм байна.
Зөвхөн бодол, тархи, оюун ухаандаа бус бас зүрх сэтгэлээ нээж, сүнсээ баясгаж, илүү өндөр төвшинд гарах тухай олон хүн ярихыг сонсов. Христийн шашинд дахин төрөх буюу реинкарнацийн талаар ярьдаггүй. Гэтэл протестант урсгал давамгайлсан америк оронд маш олон хүн дахин төрөх тухай, сүнсний төвшнөө энэ насандаа амжиж ахиулах тухай ярьдаг сургадаг болсон байна лээ.
NEW York хотод Broadway гэж алдарт гудамж байдаг. Энэ гудамжинд, харьцангуй бага талбайд 40 орчим театр оршиж өдөр бүр шоу-тоглолт үзүүлж байдаг. Алдартай тоглолтууд. Цаг бага байсан тул амжиж 2 тоглолт үзсэн. Нэг нь Wicked гэдэг шулам эмэгтэйн тухай дуут жүжиг, нөгөө нь алдарт “Chicago”. Билет нь харьцангуй үнэтэй, дунджаар 1 хүний 200 ам.доллар. Эдгээр театрууд бол зөвхөн хүмүүсийг баясган цэнгүүлдэг газар бус мөнгө үйлдвэрлэх аварга машинууд бололтой. Зарим дуут жүжиг нэг долоо хоногт 1 сая доллар хийдэг гэнэ. Зөвхөн Broadway гудамжны тэр жижиг хавтгайд жилд 85 тэрбум доллар эргэлддэг гэсэн.
New York хотынхон гуалиг юмаа. Багахан талбайд 18 сая хүн чихэлдэн амьдарч байгаа тул автомашины бөөгнөрөл ихэсч, хөдөлгөөн удааширдаг тул хүмүүс нь голдуу алхалдаг. Газар доорхи метро байгаа хэдий ч алхдаг хүмүүс олон тул ганган, туранхай, гоолиг хүмүүс олон харагдана. Энэ бол америкийн бусад хотуудтай харьцуулбал өвөрмөц зүйл л дээ. Яагаад гэвэл Америкт тарган хүмүүс олон байдаг. Харин Лос Анжелост бол хүмүүс нь бараг бүгд машинтай тул тэд харагдахгүй, явган алхагсад нь нэг бол жуулчид, эсвэл машин авах санхүүгийн чадваргүй ядуу хүмүүс  байдаг юм. Гэтэл New York-t баян, ядуу, гадны, дотны жуулчин ялгаагүй бүгд гудамжаар хөлхөлдөнө.
             Увс
Манай эцэг 5 сард хүндхэн хагалгаанд орсоны дараа бие нь сайжирч эдгэрсэн тул энэ зун нутаг явна гэв. Ээж бас хамт явна гэв. Миний таван дүү бас эцэг эхээ дагаж явахаар болов. Зүгээр ч үгүй үр хүүхдүүдээ хамт авч явна гэв. Ингээд би ганцаар сугарч үлдэхгүй гэж бодож хамт явлаа. Сайхан аялал болсон. Төв, Өвөрхангай, Архангай, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар яваад ирлээ. Монгол орны байгаль, ус нуур, уул толгодын сүрлэг сайхныг харж бахархав. Ажилч хичээнгүй, баатарлаг Монголчуудын амьдрал ахуйг харж хүндэтгэн талархав. Мал сүрэг, байгалийн амьтад, ан гөрөөс харж баясав.
Тэмдэглүүштэй зүйл бол газар сайгүй зам барилгын ажил эрчтэй явагдаж байгаа явдал. Тухайлбал, элсэн тасархайгаас Хархорин хүртэлх замыг хуулж шинэчилж байв. Мөн Архангайн Цахираас Завханы Тосонцэнгэл рүү чиглээд Улаангомоос тавьж буй зам Хяргас нуур өнгөрөөд явж байв. Ховдоос Говь-Алтайн зүгт, Говь-Алтайгаас Баянхонгорын зүгт, Баянхонгороос Өвөрхангайн зүгт хатуу хучилттай зан тавигдаж байна. Харин замчид, барилгачид нь голдуу хятад хүмүүс бололтой харагдана.
Бүтээн байгуулалтын том ажлууд хийгдэж байна. Эдгээрт Монгол улсын Засгийн газраас олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон үнэт цаасны 1.5 тэрбум ам.доллар зарцуулагдаж байгаа гэсэн. Зөвхөн хүүнд нь өдөрт нь 300 сая төгрөг сард 6 сая доллар төлж байгаа энэ хөрөнгөөр тавигдаж буй зам чанартай, удаан настай байгаасай хэмээн ерөөх л үлдэж байна даа.
2017 онд 500 сая доллар, 2022 онд 1 тэрбум ам.доллар буцаан төлөх учиртай. Энэ зуны үлдэж буй хугацаанд Өвөрхангайн Бат-Өлзий суманд болох Зүүн болон төвийн бүсийн хоршоологчдын зөвлөгөөн зохион байгуулахаас гадна Дундговь, Өмнөговь  аймгийн хоршоодын холбоодын ажил амьдралтай танилцана.
Зуны аялал амралт тавтай байх болтугай.
2013 оны 7-р сарын 28

No comments:

Post a Comment