2013/08/14

Iceland



1990 онд Москвад аспирантурт сурч байхад манай өрөөнд нүүр дүүрэн инээсэн, гялалзсан шар хүн орж ирсэн нь Даваагийн Лхаашид гэдэг эрхэм байв. Манай сургуулийн дэргэдэх Улс ардын аж ахуйн академид эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахаар ирсэн докторант гэнэ. Надаас хорь гаруй насаар ах тавь орчим насны эр. Бидний амьдрах оюутны байр ойрхон зэргэлдээ байсан тул бие биенийхээрээ орж гарч, ойртон танилцсан юм. Энэ хүн мундаг эр байсан. Дэлхийн олон орноор явж юм үзсэн, ном их уншсан, түүх шастир сайн мэднэ. Надад олон зүйл ярьж өгч билээ. Эх оронч үзэлтэй, Монгол улсдаа хайртай хүн байсан бөгөөд Орос-Монгол, Хятад-Монголын харилцаа, түүхийн олон зүйлс ярьж сургамжлана. Эрчим хүчний “төмөр чөдөр”-ийн бодлого том гүрнүүд хэрхэн явуулдаг, эрчим хүчний хараат байдал, улмаар санхүү, эдийн засгийн хараат байдалд оруулах арга, бодлогын талаар нилээд ярьдаг байв. Үндсэн мэргэжил нь цахилгааны инженер байсан санагдана. Орос, англиар тэгш сайхан ярина, бичнэ. Надаар аар саар зүйл хийлгээд “Thank you very much гэхэд нь орос багш нараар заалгаснаараа “Don’t mention it” гэвэл тэгж хэлдэггүй юм. Наадах чинь за яахав, зүгээр, зүгээр гэсэн хатуу, хүтүү хариулт. “ You are welcome” гэвэл аятайхан сонсогдоно гэх мэтээр жижиг гэлтгүй зүйлс зөвлөдөг байж билээ. Англи хэл сайн сурах гэж байгаа бол библи уншвал зүгээр гэж зөвлөнө. Үг хэллэг нь хялбар, баялаг сайхан хэлтэй гэж үздэг байснаас энэ ариун судар уншихыг зөвлөж байв. Бас хүн төрөлхтөний соёлын агуу өв, үнэт зүйл, иймд соёлтой орчин цагийн сэхээтэн гэж тооцдог бол уншаарай гэнэ. Хүн төрөлхтөний бараг 40 хувь нь энэ судрыг дээдэлж байна гэдэг байв.
Д.Лхаашид доктор залуугаараа 2000 оны эхээр нас барсан юм. Энэ хүний талаар гэнэт дурсах болсон учир нь тэрээр анх надад Исландад очсон талаараа бүр 1990 онд ярьж Монгол шиг бага хүн амтай орон, гэхдээ өндөр хөгжсөн, бид хөгжлийн загвар туршлагыг сайн судлан мэдэж авах хэрэгтэй гэдэг байв. Тэр үед би Исландын талаар бараг юу ч мэдэхгүй, нийслэл Рейкьявик хотод  Ройнальд Реаган, Горбачев М.С хоёр уулзсан гэхээс өөр зүйл сонсоогүй байсан цаг. Горбачев ЗХУ-ын тэргүүн болсны дараа АНУ-ын ерөнхийлөгчтэй хийх анхны уулзалт хаана товлох талаар удаан зөвлөсний эцэст Исландын нийслэл хотыг сонгож авсан юм.
Лхаашид гуайн яриа сонсож суухдаа Исландад очиж үзэх хүсэл төрсөн боловч өдий хүртэл амжихгүй байсаар ирэв. Одоо эртний хүслээ биелүүлж Исланд явахаар шийдэв. Одоохондоо надад Исландын талаар сүрхий их мэдэж буй зүйл хомс. Бүгд Найрамдах Исланд улс гэдэг албан ёсны нэртэй. Атлантын далай, Хойд мөсөн далайн уулзварт оршдог. 320 мянган хүн амтай, 103 мянган кв.км нутагтай. Хүн амын 2/3 нь нийслэл Рейкьявик хотод амьдардаг. 1262-1918 онд Норвег, Дани улсын харьяанд байгаад 1918 онд тусгаар улс болсон. 1944 онд Бүгд Найрамдах Улс гэдгээ зарласан. 2013 онд НҮБ-аас дэлхийн өндөр хөгжилтэй 13 дахь улс гэж зарлажээ. ДНБ-ний хэмжээ 12,8 тэрбум ам.доллар, нэг хүнд 54,8 мянган ам.доллар ногдоно. Манайхтай адил төрийн зохион байгуулалттай, парламентын бүгд найрамдах улс. Парламент 63 гишүүнтэй. Ерөнхийлөгч нь нийт ард түмнээс сонгогдоно. Дэлхий дээрхи байнгын армигүй цорын ганц улс. 9 сард Исланд явна.

No comments:

Post a Comment