Үндсэн хуулийн хүрээнд малчин түмэн маань мал сүргээ хувьчлан авч, эв эеийг эрхэмлэн ахмад үеийнхний бүтээн байгуулалт дээр суурилсан аж ахуйгаа эмхлэн хөрөнгө хүчээ нэгтгэн хамтын хүчин чармайлт гарган, зах зээлийн үеийн шинэ маягийн хоршооны тулгын чулууг тавьснаас хойш тус хоршоо 20 жилийг ардаа орхижээ. Эх орныхоо нэн шинэ түүхийг бүтээлцэж бусаддаа үлгэр дууриал болохуйц гэгээн мөр үлдээж өвөг дээдсийнхээ ач буяныг арвижуулж өөрийн гэсэн өнгө төрхтэй гэгээн алсад хүрэх тэмүүлэлтэй яваа тус хоршооны хамт олон сэтгэл хангалуун итгэл дүүрэн 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.
Буян-Ундрал хоршооны түүхт 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх баяр наадмын арга хэмжээ 2013 оны 7 дугаар сарын 18-20-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Тус ойн арга хэмжээ нь Говь-Алтай аймгийн зуны бүсийн “Дарив хээрийн хурд-2013”хурдан морины уралдаантай хамтатган зохион байгуулсан бөгөөд энэхүү баяр наадмыг сумын зохион байгуулах хороо, Буян-Ундрал хоршоо, аймгийн МСУХ хамтран зохион байгууллаа. Баяр наадамд нийтдээ Говь-Алтай, Ховд аймгийн 10 гаруй сумын 6 насны 800 шахам хурдан хүлгүүд тоосоо өргөж, 128 бөх хүч бяраа үзэн барилдснаас Монгол улсын начин тус аймгийн Цээл сумын харъяат Гантулга түрүүлж, Ховд аймгийн Дарив сумын харъяат аймгийн начин Тайван үзүүрлэв. Ойн үеэр олон арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд хоршооны хамт олон санаачилан босгосон домогт хурдан хүлэг “Дарив хээр”-ийн хөшөөний нээлтийн ёслол,баярын хурал болж аймгийн ардын дуу бүжгийн Алтай чуулга, сумын ардын авъяастнуудын хамтарсан концерт тоглолоо. Хоршооны дарга Б.Авирмэд “Буяны-Ундрал” нэртэй хоршооныхоо дууны үгийг бичиж уг концертэн дээр дуулуулсан нь олны талархалыг ихээхэн хүлээж байлаа. Тэрээр ярихдаа энэ дуу зөвхөн манай хоршооны дуу биш цаашдаа нийт хоршоологчдын дуу болно гэж байлаа.
Ойн үеэр хоршооны гишүүд, ахмад хоршоологчид олон арван хүн төрийн болон ТББ, ХАА-н хоршоологчдын үндэсний холбооны шагнал Хоршооллын одон, Тэргүүний хоршоологч цол тэмдэг болон өөрийн хоршооны шагнал, дурсгалын зүйлээр шагнагдав.
Ойн арга хэмжээнд олон хүндэт зочид уригдан оролцсны дотор Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Говь-Алтай аймгийн засаг дарга Ш.Амгаланбаяр, ХХААЖДҮ-н газрын дарга Ш. Мөнхбаатар, Аймгийн МСУХ-ны дарга, ХАА-н хоршоологчдын холбооны тэргүүлэгч Д.Гомбожав, ХАА-н хоршоологчдын холбооны дарга Ч.Дашдэлэг нар оролцлоо.
Ойн арга хэмжээ, баяр наадмын ажиллагаа бэлтгэл, зохион байгуулалт сайтай бусдад санаа авууштай арга туршлагыг бай болгосноороо наадамчин олон зочид төлөөлөгчдийн талархал, хүндэтгэлийг хүлээж байлаа. Ой тэмдэглэх, баяр наадмын арга хэмжээний нийт зардлын ихэнхийг хоршооны гишүүд ивээн тэтгэсэн нь хоршооныхоо төлөө гэсэн хамтын сэтгэл, зүтгэлийн нэг илэрхийлэлийг харуулав.
No comments:
Post a Comment