2013 оны зун болсон Хоршоологчдын зөвлөгөөнд
Н.Баяртсайханы хэлсэн үг
“БИД ХАМТДАА ТӨГС ДЭЛХИЙГ БҮТЭЭНЭ”
Хоршооллын хөдөлгөөн бол даян дэлхийд түгэн тархаж, өдрөөс өдөрт өргөжин тэлж буй хүчирхэг гол мөрөн. Энэ дэлхийн 7 тэрбум хүн амын 1 тэрбум нь буюу 7 хүн тутмын нэг нь хоршоологч.
Эрдэмтэдийн нотолсноор хоршоолол хүчтэй хөгжсөн улс орнууд хөгжлийн өндөр хурдтай байдаг. Анх хоршоо үүссэн Их британи болон Герман, Бельги, Япон, Солонгос, Энэтхэг, Мексик, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс зэрэг орны хөгжил дэвшилд хоршоолол чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр орнуудад би очиж туршлага, хөгжлийн загвартай нь танилцаж нүдээр харсан билээ.
Хүчирхэг хоршооллын хөдөлгөөн бол аль ч улс орны хөгжлийн том хүчин зүйл, тулгуур багана мөн. Яагаад гэвэл хоршоо нь хүмүүсийн идэвхийг өрнүүлж, хамтын хүч чадлын нуугдмал эрчийг нээж өгдөг.
Нэгдсэн Үндэстэний байгууллагаас 2012 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих Олон улсын жил“ болгон зарлаж “Бид хамтдаа төгс дэлхийг бүтээнэ“ уриан дор тэмдэглэн дэлхий даяар хоршооллын хөгжлийн шинэ аян, шинэ давалгааг эхлүүлэв.
Эгнээндээ хэдэн зуун сая хоршоологчдыг нэгтгэсэн Олон Улсын хоршооллын Холбооноос 2013-2022 оныг дэлхий даяар хоршоог хүчирхэгжүүлэх 10 жил хэмээн тунхаглав.
Өнөөдөр хоршоогоор манай дэлхий амьсгалж байна. Олон орны төр, засгийн газраас тус тусын орондоо хоршоог хөгжүүлэх, дэмжих том, далайцтай ажил явуулах болов.
Тэгвэл юуны учир хоршоог дэмжье хэмээн дэлхий даяар нижигнэн дуугарна вэ?, яагаад компанийг дэмжье, эсвэл хувиараа эрхлэх аж ахуйг дэмжье гэхгүй байна вэ гэдэг асуулт гарна.
Энд олон учирлал гаргаж болох хэдий ч миний бие дараахи гурван үндэслэл дээр тогтож авч үзье.
Нэгд. Хоршоо бол ажилгүйдэл, ядууралыг бууруулах шилдэг арга хэрэгсэл гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн юм. Хоршоонд гишүүнээр элсэж буй хүмүүс бол голдуу баян чинээлэг хэсэгт хамаарахгүй иргэд байдаг. Чинээлэг, хөрөнгөтэй хүн байсан бол ганцаараа компани байгуулаад, эсвэл хэн нэгэнтэй нэгдэж нөхөрлөл үүсгээд ажиллаж болно. Тэгвэл хоршоог үүсгэн байгуулсанаар хөрөнгө, хөдөлмөрөө нэгтгэн, хамтарсан аж ахуй байгуулж амьдрал ахуйгаа хөнгөвчлөх, хөгжүүлэх, санаа, сэтгэл нийлсэн, жаргал, зовлонгоо хуваалцах, хамт олон, найз нөхөдтэй болох, шинэ санаа, төсөл гарган хамтдаа хэрэгжүүлэх, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх боломж авч ирдэг. Ийм ч учраас монголчууд “Ганц мод гал болдоггүй,ганц хүн айл болдоггүй“,“ Хүн дэм дэмэндээ, дээс эрчиндээ“,“Айл хүмүүсийн амь нэг, саахалт хүмүүсийн санаа нэг“,“Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр“ гэх мэтээр ярьж ирсэн байдаг.
Амьдрал хэцүү байна хэмээн хувь заяандаа, эсвэл төр засагт гомдож явах, ажил олдохгүй байна хэмээн гоншигнож суухын оронд аль нэг хоршоонд элсээд хамтын хүчний давуу талыг ашиглан амьдрах хэрэгтэй.
Хоёр. Хоршоо бол аж ахуйг эрхлэн хөтлөх хамгийн ардчилалтай хэлбэр юм. Хоршооны гишүүд бүгд тэгш эрхтэй, бүгд адил 1 саналын эрхтэй. Тэгвэл компанид үүсгэн байгуулагч, том хувьцаа эзэмшигчийн гарт бүх эрх мэдэл хадгалагддаг. Өнөөдрийн монголын хувийн компанид ажиллагсад нь эзэн, эсвэл гүйцэтгэх захирлын нүдний харцаар л хөдөлж байгаа нь харагддаг.
Ашиг хуваах цаг ирэхэд компанид зөвхөн том хувьцаа эзэмшигчид л эрхээ эдэлдэг бол хоршооны гишүүн бүр адил хувь ногдолоо хүртдэг. Ийм учир компани бол эзэдийн төлөө, хоршоо бол гишүүдийн төлөө гэж хэлж болно.
Нийгэмд ардчиллыг бэхжүүлэхийг зорьж байгаа бол хоршоог дэмжин хөгжүүлэх шаардлагатай.
Манай Үндэсний холбооны гишүүн, Говь-Алтай аймгийн Дарви сумын “Буян-Ундрал“, Дархан-Уул аймгийн “Дархан ноос“, Увс аймгийн “Уран зурвас“, “Шинэ зам-Увс“ Говьсүмбэрийн “ Тэвшийн хажуу ус “ Ховд аймгийн “ Үр жимс“,
“ Алтайн цэнхэр уулс “,Завхан аймгийн “ Алтан Алдар“, Архангай аймгийн “ Од КР “ Сэлэнгэ аймгийн “Мөнгөн саам“ зэрэг хоршоодын хамт олноор бид бахархадаг.
Гурав. 2008-2013 онд дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал нүүрлэсэн бөгөөд олон зуун мянган аж ахуйд дампуурч үүд хаалгаа барив. Харин хоршоо бол хамгийн амьдрах чадвартай аж ахуй гэдгээ харуулсан нь гайхширал төрүүлсэн билээ. Хүнд хэцүү цаг ирэхэд хоршоологчид улам нэгдэн нягтардаг аж. Хоршоо хүний зөвхөн аж ахуй, амь зуулгын биш, бас нийгэм, соёл, сэтгэлзүйн хэрэгцээг хангаж байдаг. Тэд эх дэлхийгээ хамгаалах, байгаль орчны бохирдолтой тэмцэх, өлсгөлөн, ядуурлын эсрэг, энх тайвны төлөө хөдөлгөөнд нэгдэн хүчтэй дуу хоолойгоо ямагт цуурайтуулж ирсэн билээ.
Хоршоологчид бид бол дэлхийн хүчирхэг хөдөлгөөний нэгэн эгнээнд алхагсад, найрсаг эвсэг, том гэр бүлийн гишүүд билээ.
Сайн, сайхан үйлс дэлгэрэн цэцэглэх болтугай.
Надмидын БАЯРТСАЙХАН
No comments:
Post a Comment