Зүүн болон төвийн бүсийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын уулзалт, зөвлөгөөн боллоо
Үндэсний холбооны уламжлал болсон ажлын нэг болох Зүүн болон төвийн бүсийн хөдөө аж ахуйн хоршоологчдын уулзалт зөвлөгөөнийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 2013 оны 8-р сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Өвөрхангай аймгийн 17 сум, Дорноговь, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Говь сүмбэр, Дархан, Булган, Увс, Төв зэрэг аймгуудын хөдөө аж ахуйн хоршоологчдоо төлөөлж хоршооны удирдлага, гишүүд, малчид тариаланчид, төрийн байгууллагынхан зэрэг нийт 260 гаруй хүн оролцлоо.
Зөвлөгөөнийг нээж МХААХҮХолбооны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Бат-Өлзий сумын Засаг дарга Н.Баттулга нар үг хэлсэнээс гадна МХААХХолбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, аймгийн ХХААЖДҮГазрын дарга С.Цэдэнбалжир, ХААХХолбооны дарга Ю.Эрдэнэбилэг, Дархан-Уул аймгийн ХААХХолбооны дарга Н.Дэлгэр, МХААХХолбооны сургалтын төвийн захирал Ө.Ганбаатар нар тус тус илтгэл тавьж мэдээлэл өглөө.
Мөн Бат-Өлзий сумын “Малчдын хамтын хүч” хоршоон дээр үзүүлэх сургалтыг зохион явуулсан бөгөөд тус хоршоо хуучин ашиглахгүй байсан байрыг худалдан авч засварлан шинэ өргөөндөө орсонд зөвлөгөөнд оролцогчид баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Тус хоршоо нь өөрийн байрандаа оёдол, талх, нарийн боовны цех, цайны газар, дэлгүүр мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан борлуулах зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагаа танилцуулсанаас гадна CD бичлэгээр хоршоогоо сурталчиллаа.
Бат-Өлзий сумын Орхоны хүрхээнд ХАА-н хоршоодын бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж шилдгийг шалгаруулав. Үүнд: 1-р байранд Бат-Өлзий сумын Малчдын хамтын хүч хоршооны гишүүн Мөнхбатын “Ур урлал”, Төгрөг сумын Мазар дэвшил хоршооны гишүүн Дашдоржийн угалзтай зүү ороож урласан “Монгол гутал”, 2-р байранд Дархан-Уул аймгийн Дархан ноос хоршооны “Силкэн хантааз”, Бат-Өлзий сумын “Малчдын хамтын хүч” хоршооны Буян-Арвижих малчны бүлгийн “Сийлбэртэй монгол гэр”, 3-р байранд Төв аймгийн Борнуур бор толгой хоршооны хар хурганы ноосоор хийсэн “Тоохуу гутал”, Говь сүмбэр аймгийн Тэвшийн хажуу ус хоршооны “Малчны ажлын хувцас”, тусгай байранд Булган аймгийн Орхон эсгий хоршооны “Ширмэл ширдэг”, Дорноговь аймгийн Цагаан лиш хоршооны төрөл бүрийн “Эсгий малгай”, Баянхонгор аймгийн Хот мандал ундрага хоршооны “Галуутын цагаан бурам” тус тус шалгарч МХААХҮХолбоо, аймгийн ХААХХолбоо ивээн тэтгэж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
Бүсийн зөвлөгөөнд оролцогчид Монголын хоршооллын хөдөлгөөний хөгжилд тодорхой хэмжээгээр бэрхшээл учруулж буй, гэхдээ хялбархан шийдвэрлэж болох олон асуудал байгааг төр засагтаа хандаж сонордуулах шаардлага тулгарсаныг санал нэгтэй илэрхийлж , төр засгийн зүгээс хоршооллын талаар баримталж буй бодлого тогтвортой бус, залгамж чанар алдагдсан, өмнөх Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн зарим ажлууд саарч, зогсонги байдалд ордог зэргээс Монголын хоршооллын хөдөлгөөнд саад бэрхшээл учирч байгааг үндэс болгон тус хоршоологчдын бүсийн зөвлөгөөнд оролцогчид Монгол Улсын Их хурал, Засгийн газар, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нарт сонордуулга гаргахаар санал нэгтэй шийдвэрлэсэн.
Зөвлөгөөнд зориулж Өвөрхангай аймгийн “Таны илч” сонинд тусгай дугаар гаргаж хоршоологчдод тарааж өгсөн бөгөөд тус сонинг аймгийн ХААХХолбоо, Таны илч сонин, мөн зөвлөгөөний арга хэмжээг аймгийн Засаг дарга, МХААХҮХолбоо, аймгийн ХААХХолбоо, ХХААЖДҮГазар, гишүүн хоршоологчид ивээн тэтгэсэн, Бат-Өлзий сумын сургуулийн хүүхдүүдийн “Цагаан сарнай “ бүжгийн хамтлаг олны сэтгэлийг татсан зэрэг арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсан.
Зөвөлгөөнийн үеэр монгол оронд хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлэхэд хувь нэмэр оруулсан 17 хоршоологчыг Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгчийн шийдвэрээр “Хоршооллын одон”, “ХАА-н тэргүүний хоршоологч” цол тэмдгээр шагнаж үнэмлэх олгов.
Зөвлөгөөнд оролцогчдод Өвөрхангай аймгийн төрийн байгууллага нь хоршоологчид, ТББайгууллагаа яаж дэмжиж, хамтарч ажилладгийг харуулсан нь энэ зөвлөгөөний гол онцлог боллоо.
No comments:
Post a Comment