2012/06/05

БОДРОЛ - 2012

ХҮН
Хүн төрөлхтөнийг эрх чөлөөтэй байх хүсэл тэмүүлэл дагуулж хөтлөж явдаг. Эрх чөлөөтэй байхад чамд хэн ч саад хийж чадахгүй. Хүний дээд зэргийн үнэт зүйл бол эрх чөлөө. Иймээс эрх чөлөөг хязгаарлах нь хамгийн хүчтэй шийтгэл. Хүн эрх чөлөөтэй байхын тулд тэмүүлэх нь өөрийгөө дээд зэргээр үнэлж байгаа хэрэг.Гол зүйл бол чөлөөт оюун санаа, бас сонголт хийх эрх чөлөө. Бид хичнээн их эрх чөлөөтэй байна, тэр хэмжээгээрээ хүн болж төлөвшиж байдаг. Хүн бүр өөрийн үнэлгээ, хэмжүүртэй. Үүнээс хамаарч бодол, хүсэл урган гардаг бололтой. Хүмүүсийн хүсэл зорилго янз бүр байдгийн учир энд байна. Хүний хүсэл, зорилго эрмэлзэл ариун цагаан байх учиртай. Хүн өөрийгөө хайрлаж, хүн өөрийгөө үнэлдэг. Өөрийн үнэлгээ хүнийг хөдөлгөдөг. Хүн бүр өөрийн ертөнцтэй. Бас өөр өөрсдийн хэмжээ далайцтай, энэ нь хүсэл эрмэлзлээр тодорхойлогдоно.
Хүн болж төрөөд шударга, зөв амьдарна гэдэг ухаантайн шинж. Бурхан бүхнийг харж шүүж байгаа. Харин бурханд итгэдэггүй шүтлэггүй хүн зөвхөн хүсэл тачаалдаа л хөтлөгдөнө. Ер нь шашингүйн үзэл бол өөрөө бас шашин юм даа.
Хүн ухаажих, насжих тусам юу ч мэддэггүй, ойлгодоггүй гэдгээ ухаардаг бололтой. Би хувьдаа олон зүйлсийг ойлгохгүй байна. Тэгээд ч логик сэтгэлгээ нь ойр зуурын зүйлд хэрэгтэй болохоос мөнхийн хорвоо ертөнцөд ач холбогдолгүй зүйл бололтой. Манай дэлхийд утгагүй мэт санагдах зүйл хорвоо ертөнцөд утгагүй гэсэн хэрэг биш. Иймд зарим зүйлд яг л хүүхэд мэт итгэмээр байдаг.
Хүн хөдөлмөрлөх учиртай. Хөдөлмөрлөх нь ганихарч суухаас, ядуу зүдүү амьдралаас, хорт муу зуршлаас сэргийлнэ. Зөвхөн баясан цэнгэхийг амьдралын учир утга мэт ойлгодог залуус байдаг нь харамсалтай. Яагаад гэвэл өөртөө хэт их мөнгө зарж зугаацан цэнгэж, ихийг идэж хэрэглэсэн хүн эцсийн дүндээ бие болоод сэтгэл санааны хувьд эвдэрхий балгас мэт болж үлдэж байна.
СОНГОЛТ
Хүн сонголт хийж байгаа цаг мөчдөө л эрх чөлөөг мэдэрдэг. Ухамсартай, мэдлэгтэй сонголт хийж чадаж байгаа бол ардчилал. Ухамсартай байхын тулд мэддэг байх хэрэгтэй. Мэдлэг байхгүй бол сонголт үгүй. Мэдлэггүй олон түмэн сонголт хийж чадахгүй. Сонгож чадахгүй бол ардчилал үгүй.
Өнөөдөр сонгуульд нэр дэвшээд байгаа хүмүүс хоорондоо ялгарахгүй байна. Магадгүй өчүүхэн, инээдэмтэй зүйлээр ялгарч байж болох юм.
Монголын баялагт хяналт тогтоох гэсэн гадаад дотоодын санхүүгийн бүлэглэлүүд төрийн эрх мэдлийн төлөө тэмцэж байна. Ашиг орлогоо нэмэгдүүлэх, олсон өмч хөрөнгөө хамгаалах хамгийн хялбар зам бол эрх мэдэлтэй байх явдал болжээ. Хэт ядуу, эсвэл хэт баян байх дэндүү ядаргаатай шүү дээ. Өнгөрсөн түүхээ сайн мэдэхгүй, одоо цагаа ойлгохгүй, ирээдүйгээ төсөөлөхгүй харанхуй хүмүүс болж байна даа бид.
Улс төрийн нам бол үзэл санаа, итгэл үнэмшлээрээ бус эдийн засгийн ашиг сонирхол, эрх ашгаараа нэгдсэн хүмүүсийн бүлэглэл нэгдэл болж гажуудлаа. Ийм бүлэглэлүүдийн өрсөлдөөн болж байна даа. Өнөөдөр намыг үзэл баримтлал бус харин албан тушаал, эрх ашиг нь бүрдүүлж, нэгтгэж байна.
ҮНЭН ГЭДЭГ БОЛ ШУДАРГА ЯВДАЛ
Толгодыг харъя гэвэл дөхөж ойрт
Уулсыг харъя гэвэл холдож алсад оч гэдэг ээ.
Хэрэв Монгол Орныг өндөр уул гэж үзвэл миний бие энэхүү уулын бэл, хормой, оргил орчимд олон жил нүүдэллэн бууж сууж амьдарлаа. Бас алс холоос харж сүүлийн хэдэн жил болов.
Улс орны хил хязгаарыг цэрэг зэвсэг хэрэглэн давахгүйгээр эзлэн авах арга орчин цагт бий болжээ. Энэ бол юуны өмнө мэдээллийн түрэмгийлэл. Мэдээллийн их бууны эсрэг танк юу ч хийж чадахгүй. Улс оронд нөлөөгөө нэмэгдүүлэхийн тулд эхлээд мэдээллийн орон зайг эзэлдэг бололтой. Өнөөдөр энд том тулалдаан өрнөж байна. Орчин цагийн цэргийн номлол өөрчлөгдсөн. Газар нутгийн төлөө бус олон түмний ухамсар, оюун санааг эзэмдэхийн төлөө дайтдаг болжээ.
Өнөөдрийн олон телевизийн суваг, сонин хэвлэл, төрийн бус байгууллага дээр нь улс төрийн нам эвслүүд 2,7 сая хүнтэй манай оронд дэндүү ахдаж байна. Эдгээр нь нийгмийн задралыг улам хурдасгаж байна. Бид юмны учрыг боддоггүй, ухаардаггүй, харин элдэв зөрчилтэй мэдээллээр өөрсдийгөө булж дүүргэсэн хүмүүс болоод байна уу даа.
Ухаанаараа тэнэглэж, сэтгэлээрээ догшрох нь муу үр дагавартай. Шинжлэх ухаан, Танин мэдэхүйн, соёл урлагийн мэдээлэл, анализ судалгааны шинжтэй зүйлс ховордох болов. Харыг цагаан мэт, цагааныг хар мэт харуулах оролдлого байнга ажиглагдаж байна. Асар их мэдээллийн урсгал хүмүүсийг сэтгэн бодох чадваргүй, тэнэг болгож байна.
Төр бол олон нийтийн оюун санаа, ухамсарыг зөв төлөвшүүлэх гол үүрэгтэй. Эдийн засаг бол үүний дэргэд хоёрдах ач холбогдолтой зүйл.
Дараагийн аюул бол эдийн засгийн түрэмгийлэл. Энэ бол өнөөдөр бүхний нүдэн дээр ил явагдаж буй тул энэ удаад зөвхөн нэрлэлээ. Дараа энэ сэдвээр бичнэ.
ХҮМҮҮС
Амьдралын утга учир бол зөв замаар явж, зөв үйл хэрэгт зүтгэж явсаны шагналыг хойд насандаа хүртэх явдал байх. Хүмүүс нөгөө ертөнцөд зөвхөн амьддаа хийсэн үйлийн үрээ л авч очдог гэнэ. Амьдралыг хамгийн дээд үнэт зүйл гэж чи хүлээн зөвшөөрөхгүй байвал, чамд амьдрал гэж байна уу?
Морь, үхэр хоёрыг нэг тэргэнд хөллөж хэрэггүй. Хурдан явж чадахгүй.
Хөдлөж ажиллаад алдахаас айж хэрэггүй. Харин юу ч хийхгүй, юу ч бодохгүй сууж цаг алдахаас болгоомжил. Хөдлөж эрэлхийлбэл шинэ боломж, шинэ хүмүүс зам дээр хүлээж байдаг. Бурхан зүтгэж ажиллаж буй хүнд тусладаг. Мөнгөний төлөө амьдарч болохгүй. Ингэвэл мөнгөөр худалдан авч болохгүй олон сайхан үнэт зүйлсийг үгүйсгэсэн явдал болдог.
Ухаантан өөрийгөө тэнэг гэж бодож байдаг. Харин тэнэг хүн бүхнийг мэднэ гэж боддог. Ухаантан, цэцэн мэргэн гэдэг бол асар их мэдлэгээс гадна туршлага, уламжлал, удам угсааны сэргэлэн цовоо байдал, сүнсний оюун хүч чадлыг багтааж байдаг мэт санагддаг.
Иргэд бол яг банкны хадгаламж эзэмшигчид, харилцагчид адил. Хадгаламж эзэмшигчид банкыг найдвартай гэж үзвэл хөрөнгө мөнгөө хадгалуулж үйлчлүүлнэ. Үүнтэй адил иргэд төр улсдаа итгэл өгч найдвар тавьж дэмжиж байдаг. Харин итгэл, найдвар алдагдмагц банкны харилцагчид хадгаламжаа татан авч зугтаахын адил иргэд төрөөс холдож авилга, хүнд суртлыг нь үзэн ядаж эхэлдэг.
Сүүг устай холиход цагаан болно. Аль аль нь ариун сайхан зүйл учраас тэгнэ. Гэтэл сайн муугийн нийлбэр нь муу л байдаг. Муу зүйл асар их хор хөнөөлтэй.
Иргэд дотроосоо сайн чадварлаг хүмүүсийг дэвшүүлэн гаргаж ирэх чадвараар улс орны эрүүл мэнд тодорхойлогддог.

Та нарт сайн сайхныг хүсье.

No comments:

Post a Comment