1992 онд Шинэ үндсэн хууль
батлагдсанаас хойш 5 удаа Улсын Их Хурлын сонгууль болжээ. Одоо 6 дахь нь болох
гэж байна. Өмнөх 5 сонгуульд намайг МАХН-аас нэр дэвшүүлэн оролцуулж байв.
Сонгуульд оролцоно гэдэг нүсэр ажил. Багаа бүрдүүлнэ. Мөнгө санхүүгээ босгоно.
Хөтөлбөр боловсруулна. Сонгогчидтой уулзана. Өдөр шөнөгүй ажиллана.
2012 онд миний бие
сонгуульд оролцохгүй харин холхон шиг явж амрая, шинэ газар нутаг үзье гэж
шийдсэн юм. Ингээд Олон улсын аялал жуулчлалын MSL компанид хүсэлт гарган
төлбөрөө хийснээр Европын улс орнуудаар аялах замдаа гарав. Тус компаний
менежер Philip Xie гэдэг Хятад залуу аян замд хөтөч болж дагалдан явав.
Эхлээд Австри улсад очив. Европын эртний
түүхтэй баян орон. Нийслэл Вена нь амьдралын хамгийн сайхан нөхцөлтэй дэлхийн
хотоор шалгарсан. Австри-Унгарын эзэнт гүрэн гэж олон зуун жил оршин тогтносон
улс байсан бөгөөд сүүлчийн хаант ширээг залгамжлагч нь 1914 онд Сараево хотод
буудан алагдсанаар дэлхийн I дайн эхэлсэн түүхтэй. 1945 онд дэлхийн II дайны
төгсгөлд Зөвлөлтийн Улаан арми Вена хот, Австрийг Германы эзлэлтээс чөлөөлсөн
бөгөөд Улаан армийн цэрэгт зориулсан хөшөө Вена хотод сүндэрлэн байдаг. Ер нь
Вена хот бол маш олон сайхан хөшөөтэй. Улсын нийт хүн ам 8 сая гаруй бөгөөд
үүний 1,8 сая орчим нь нийслэлдээ оршин амьдардаг. Надад сайхан санагдсан зүйл
бол Вена хотын захиргааны мэдэлд 220 мянган орон сууц байдаг бөгөөд тэдгээрт
хотын хүн амын дийлэнх хэсэг амьдардаг явдал. Байрны засвар, үйлчилгээ зэрэг
зүйлийг хотын захиргааны мэдлийн нэгжүүд хариуцдаг бөгөөд байрны түрээсийн төлбөрөөр
сар бүр орж ирэх олон арван сая еврогоор хотын дэд бүтцийг шинэчлэн, засварлан
шинэчилж байв.
Бас нэг олзуурхууштай зүйл
бол хотын 50 хувь нь ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн. Хотын дундуур Дунай
мөрөн урсан өнгөрдөг. Хотын хуучин хэсгээ Ring буюу Цагираг гэх бөгөөд бүхэлдээ
түүх дурсгалын барилга, байгууламж гэж үздэг. Тэнд зөвхөн тусгай
зөвшөөрөлтэйгөөр засвар өөрчлөлт хийж болно.
Австри-Унгарын эзэнт гүрнийг Хабсбургийн
удмынхан 400 гаруй жил захирсан бөгөөд тэдгээрийн амьдарч байсан ордон, мөргөж
залбирал хийдэг байсан сүм дуган үнэхээр сүрлэг гайхалтай сайхан.
Австрид байхдаа Альпийн
нуруунд орших Бизао хэмээх жижиг тосгонд очиж 3 хонов. Амар тайван амгалан
амьдрал гэж тэнд л байна даа. Тосгоны айлууд 3-4 давхар том байшинтай, гаднаа
1-2 га орчим газартай, байрны доод давхарт дунджаар 40-60 үнээ суурин
маллагаатай уяатай байна. Өвс тэжээл, ус байнга байдаг бололтой. Үхэр өдөрт 1
удаа байрнаасаа гарч гадна талын талбайдаа 1-2 цаг бэлчээд буцаж байрандаа орж
харагдана. Сүүний чиглэлийн үнээнүүд байх бөгөөд 1 үнээнээс өдөрт 40-60 л сүү
авна. Сүү саах, үхрийн байр цэвэрлэх, өвс тэжээл зөөх ажил хийдэг хоршоо байх
бөгөөд тэд айлуудаар ээлжлэн очиж ажлаа амжуулж байв. Сүүг ирж авах хоршоод
цааш нь борлуулна.
Дараа нь Данид очив. Анх
удаагаа очсон хэрэг. Энэ улс таалагдлаа. Эртний түүх соёлтой баян орон. Шекспир
цагтаа Данийн ханхүү Гамлетын тухай жүжиг бичсэнийг сурагч байхдаа уншиж байсан
юм. Өшөө хорсолын тухай, өшөөгөө дайснаасаа хэрхэн авах тухай сонгодог зохиол.
Сэтгэл зүрхэндээ хорсол өвөртлөн явах нь чамайг хэзээ ч олигтой зүйлд
хүргэхгүй, харин хорлон сөнөөж дуусгадаг. Хорсолыг тайлах ганц л арга байгаа.
Энэ бол хүмүүсийг уучлах явдал. Уучлал өршөөл бол бусдын төлөө хийж буй явдал
бус, харин өөрийгөө хайрлаж, сэтгэл зүрхээ хамгаалан авч үлдэж байгаа хэрэг юм.
Дани хэдийгээр Европын
холбооны гишүүн боловч өөрийн мөнгөн тэмдэгт кроноо хадгалан авч үлджээ. 100
америк доллар нь 530 орчим DKК болно. Эхлээд очиход Дани
нь хэтэрхий үнэтэй улс мэт санагдаж байв. Харин Швед, Норвеги ороод буцаж Данид
ирэхэд харин ч боломжийн үнэ ханштай улс мэт санагдсан. Данид хоршоолол хүчтэй
хөгжсөн байна. Ер нь улс орны хөгжлийн нэг түлхүүр хоршоо юм. Хоршоолол
хөгжүүлэхгүй хөгжлийн өндөрлөгт гарсан улс орныг олоход бэрх. Юутай ч миний
очиж байсан Австри, Америк, Герман, Дани, Норвеги, Финланд, Япон, Солонгос,
Энэтхэг зэрэг оронд хоршооллын хөдөлгөөн хүчтэй дэлгэрсэн байдаг. Хүн бүр л
ямар нэг хоршооны гишүүн. Данийн эдийн засагт аялал жуулчлал, үйлчилгээний
салбар, мал аж ахуй, тээвэр, далайн тээвэр, загас агнуур голлох үүрэгтэй.
Сүүлийн жилүүдэд эрчим хүчний нилээд хэсгийг нар, салхины тусламжтайгаар
үйлдвэрлэн хангадаг болсон байна. Хүмүүс нь сайхан зантай, найрсаг санагдсан.
Нийслэл Копенгаген хотод
үзэх зүйл асар их, музей хот юм даа. Эртний сайхан хөшөө дурсгал ихтэй. Саяхан
энэ хот байгуулагдсаны 1000 жилийн ой болсон гэнэ. Хүмүүс нь хаанаа, түүний гэр
бүлийг ихэд хүндэтгэдэг бололтой.
Даниас гараад Эстонид ирэв.
ЗХУ-ын бүрэлдэхүүнд 1940-1991 онд багтаж явсан улс бөгөөд одоо Европын холбооны
гишүүн орон. Нийт 1,4 сая хүнтэй бөгөөд үүнийг 400 орчим мянга нь нийслэл
Таллин хотод амьдарна. Маш цэвэрхэн, эвтэйхэн хот. Манай Улаанбаатар хот
1970-1980-аад онуудад иймэрхүү цэмцгэр, саруул байсан санагддаг.
Оросууд хүн амын 20 орчим
хувийг эзэлдэг бололтой. Эстониуд төрөлх хэлээрээ голдуу ярина, гэхдээ надтай
уулзсан хүмүүс Оросоор ярьж байв. Бидэнд үйлчилсэн жуулчны компанийхан 1991
оноос өмнөх амьдралаа дэндүү харлуулан ярьж байсан нь гайхмаар байв. Би ч бас
социалист гэгдэж байсан оронд амьдарч байсан, тэр үеийн ЗХУ-д эхлээд оюутан 4
жил, дараа нь Москвад 3 жил аспирантурт сурсан, Орос орон ямар байсныг бас
гадарланаа. Гэхдээ яах вэ, жуулчны компаний хүмүүсийг ойлгож болно. Бидэнтэй
хамт явсан гадаадын жуулчдад яриа тайлбар их сонирхолтой байгаа бололтой байв.
Хүмүүсийн дундаж цалин сард 1000 орчим евро, нийгэм-эдийн засгийн өөрчлөлтийн
бэрхшээл, зовлонг даван туулах гэж тэмцсэн ард олон байна даа. Том гүрний дэргэдэх
жижиг ард түмэн Эстоничууд, Монголчуудын хувь заяанд ижил төстэй зүйл олон
байна лээ.
Хоршооллын хувьд манайхтай
нилээд төстэй, урьд нь байсан Колхозоо тарааж, татан буулгасан, одоо шинэ
маягийн хоршоо байгуулж байгаагаа хэлж байв.
Миний очсон хотуудад нэг
чухал зүйл байна. Хотоо хуучин, шинэ гэж ангилдаг юм байна. Хотын хуучин хэсэгт
шинээр барилга барихгүйгээр түүх дурсгалт газар болгон хадгалдаг. Таллин хотын
хуучин төв хэсэгт шинээр барилга барихгүйгээр харин хотын бусад хэсэгт шинэ
хороолол олноор босгож байв. Орчин цагт 1 барилга барих гэж бус шинэ хороолол
босгох гэж газар хотын захиргаанаас хүсдэг байна. Гэтэл бид нийслэлдээ
сул чөлөөтэй харагдсан газар бүрт байшин босгосоор явган хүн алхах газаргүй
болж байна. Чойжин ламын сүмд тулган хэлбэр дүрс муутай шавар овоолго
хичнээнийг босгосон бэ?
Таллинд 2 хоноод Швед явав.
Стокгольм хотод бас 2 хоносон. Скандинавын орнуудад аялахад нэг сайхан зүйл бол
улсуудын хооронд зорчигч тээврийн том усан онгоц явдаг. Орой онгоцондоо сууж
хоол идээд унтана, өглөө босоход шинэ улсад ирсэн байна. Зарим хүмүүс машинаа
ачаад ирдэг юм байна лээ. Стокгольм бол маш цэвэрхэн, тансаг хот. 14 хэсэг
арлаас тогтоно. Арлууд хоорондоо гүүрээр холбогдсон. Хотын гудамжийг цэвэрхэн
чулуугаар засаж тавьсан, энэ нь цаанаа нэг чинээлэгдүү харагдуулна.
Манай Улаанбаатарын
гудамжийг хүнээ бодохгүйгээр, халуун усны өрөөний шалыг хийхэд ашигладаг
хавтангаар бүрсэн байдаг. Би өвөл энэ хавтангууд дээр алхаж бараг чаддаггүй.
Хальтарч унах гээд байдаг. Энэ муухай хавтангуудаа авч хаясан нь дээр. Парижын
зарим гудамжинд томхон ширхэгтэй цэвэрхэн хайрга чулуу асгасан байдаг. Бараг
энэ нь дээр дээ. Елисейн ордны урд хайрган зам талбай зассан байдаг.
Швед баялаг сайхан түүхтэй.
Шведээс гарсан загалмайтнууд Иерасулим хотыг чөлөөлөх гэж хэд хэдэн удаа аян
дайн хийж байсан. Бас Орос орон руу аян дайн хийж Александр Невскийтэй тулалдаж
байсан. Ерөнхийдөө ядуу, загас агнуур, мал аж ахуйн орон байснаа 19-р зуунаас
эхлэн аж үйлдвэржилт хүчтэй явагдан дэлхийн тэргүүлэх хөгжилтэй орнуудын тоонд
багтжээ. Машины үйлдвэрлэл сайтай. Volvo машиныг Та бүхэн мэднэ дээ. Европын
мөнгөн тэмдэгт еврог өөрийн Швед кроний хамт гүйлгээнд оруулсан. Гудамжиндаа
тюлпан цэцэг тарьж янз янзын өнгөөр алаглуулан ургуулсан нь сайхан харагдаж
байв.
Хаант засагтай улс. Хаад,
хатад болон тэдгээрийн ах дүү нарын орд, цайз гээд гайхамшигтай дурсгалтай
зүйлс олонтой.
Шведийн дараа Норвегит ирсэн бөгөөд жил
бүрийн 5-р сарын 17-нд Үндэсний баяр болж том парад болдог байна. Эзэн хааны
гэр бүл нь парад хүлээн авч өдөржин ордныхоо тагтан дээр зогсохыг харав. Баяр
болж буй тул хүмүүс үндэсний сайхан хувцасаа өмссөн байв. Яг манай наадам адил.
Нэг сонин зүйл бол муж бүр өөр өөрсдийн хувцасны өнгөтэй. Тухайлбал Осло хотын
эмэгтэйчүүд хөх өнгийн банзал, хантааз өмсөнө. Дээр нь мөнгөн бүс бүслэж, бас
манайханы хөөрөгний даалин шиг зүйл бүсэндээ хавчуулж явна. Бүр ясли,
цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл жагсана. Багачууд нь түрдэг тэргэндээ суугаад
сооскоо хөхөөд жагсаалд оролцоно доо.
Дани, Швед, Норвегийн ард
түмэн бол эртний Викинг хэмээх зоригт ард түмний удам. Тэд том биетэй,
хүчирхэг, зоригтой, улаан шаргал үстэй хүмүүс байсан гэдэг. Тэд жижиг завиар
Атлантын далайг туулдаг байсан гэдэг яриа сонссон. Скандинавын эмэгтэйчүүд том
биетэй, өндөр нуруутай, шаргал үстэй. Харин эрчүүд нь туранхай өндөр ганган
хүмүүс.
Норвеги сүүлийн жилүүдэд
эдийн засгаа эрс сайжруулсан нь мэдрэгдэж байв. Том бүтээн байгуулалтууд
явагдаж, шинэ хороолол баригдаж, зам, гудамж тавигдаж байна. Ослогийн оперийн
театр гэж гайхалтай барилга барьж 2010 онд ашиглалтанд оруулжээ. Дан цагаан
гантигаар босгосон байв. Дизайн, барилгын шийдлийн хувьд өвөрмөц.
Газрын тос олборлодог улс
бөгөөд үүнээс орж ирэх орлогоо Норвегийн хөгжлийн сан хэмээх байгууллагад
төвлөрүүлэн авч юунд хөрөнгөө зарцуулахаа нийтээр ярьж шийдэн том бүтээн
байгуулалт эхлүүлдэг байна. Эдгээр нь нийт хүн амд тустай, улсын нэр хүндийг
өргөхүйц зүйл байх учиртай.
Монголчууд бид бас уул
уурхайгаас орж ирэх хөрөнгөө зөв зүйтэй зарцуулж сурах, хүн амдаа тарааж, аманд
ч орохгүй, хамарт ч хүрэхгүй байдлаар цацах бус төвлөрүүлж хуримтлуулаад
боловсрол, эрүүл мэнд, соёлын чиглэлээр том бүтээн байгуулалт хийх нь хамгийн
зөв юм. Энэ талаар Норвегиос сурах зүйл их байна даа. Норвегит байхдаа хамт
яваа Филипт хүсэлт гарган түүнийг Норвегийн хөдөө аж ахуй, загас агнуурын
хоршоодын холбоо руу яриулан Монголын NAMAC-ын ерөнхийлөгч айлчлах, тэдний
ажилтай танилцах хүсэлтэй байгааг уламжлав. Тэд манай хүсэлтийг уриалгахан
хүлээн авсан бөгөөд тэргүүн нь надтай Польшийн Краков хотод уулзаж байсан хүн
байв. Хийдэг ажлаа танилцууллаа, зарим зүйлийг үзүүлж харуулав. Миний хийсэн
гол дүгнэлт бол Норвегийн хоршоодын холбоод бол цэвэр бизнесийн байгууллага.
Банк, бирж, үйлдвэрлэл, борлуулалт зэрэг олон салбар бүхий корпораци хэлбэрийн
бизнесийн бүтэц байна. Бид цаашдаа NAMAC бол ТББ, гишүүддээ үйлчилнэ, тэдний
эрх ашгийг хамгаална, илэрхийлнэ гээд суугаад байж болохгүй цаг ирэв. Бид
бүтцийн өөрчлөлт хийнэ, энэ талаар VII Их хурлаар ярилцах болно.
Ийм байдалтай Европын хэдэн
орноор яваад ирэв. Орос, Герман, Финлянд улсаар богино хугацаатай ороод гарсан
талаараа бичсэнгүй. За тэгээд, гол дүгнэлт бол сиймхий ч гэсэн гэр минь,
сэгсгэрч гэсэн ээж минь гэдэгчилэн Монголоос маань илүү сайхан газар байхгүй
дээ.
Сайн сайхныг хүсье.
2012 оны 06-р сарын 05-ны
өдөр
Some information about Nordic countries
|
Denmark
|
Finland
|
Norway
|
Sweden
|
|
|
Capital
|
||||
|
Population
|
5,6
million
|
5,4
million
|
5
million
|
9,4
million
|
|
GDP
|
$333.238 billion
|
$266.553
billion
|
$483.650
billion
|
$538.237
billion
|
|
Per
capita
|
$59,928
|
$49,349
|
$97,254
|
$56,956
|
|
Currency
|
(EUR)
|
|||
|
Drives
on the
|
Right
|
Right
|
Right
|
Right
|
|
Calling
code
|
45
|
358
|
47
|
46
|
|
Area
|
2,220,093 km2
|
338,424 km2
|
385,252 km2
|
449,964 km2
|
|
Consolidation
|
8th century
|
|||
|
Independence
|
||||
|
King
|
King
Harald V
|
|||
|
Establishment
|
- Dissolution of union with
Sweden 7 June 1905
|
No comments:
Post a Comment